Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2018/00082

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2018/00082 Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1971 онд төрсөн,*******,*******,******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1*******,*******,*******,******* холбогдох байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5 040 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч ,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* миний бие нөхөр бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг.Би 2002 оноос эхлэн үсчин гоо сайхны салоныг байгуулан 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.Би эгч Золзаяатай 2005 оноос хамт ажиллаж эхэлсэн бөгөөд тухай үед эгч хамтарч ажиллая гээд 3 сая төгрөг өгснийг үйлчилгээний байрыг тохижуулахад зарцуулсан. Эгч Золзаяа надтай хамтран ажиллах энэ хугацаанд үсчингийн түрээсийн төлбөр болон бусад гоо сайхны үйлчилгээ, болон худалдааны ашиг орлогыг би эгчдээ өгч эгч 3,0 сая төгрөгөө 11 жилийн хугацаанд 60-70 сая төгрөгний ашиг орлого олж ажилласан.Би банкнаас зээл аваад хүүхэд төрүүлж амаржсан. Энэ хугацаанд бизнес маань түрхэн доголдож зээлээ төлж чадахгүй байсан тул хугацаа хэтрүүлсэн зээлтэй гэж аль ч банкнаас зээл авч чадахгүй болсон.Тэгээд эгч Золзаяатай ярилцсаны дагуу түүний нэр дээр итгэмжлэл хийж өгөн 2016 оны 1 сард 10,0 сая төгрөгний зээл авч өөрөө сар бүрд нь төлж явсан.Би зээлийн төлбөр болон бусад зардлаа төлөхөд үнэхээр хүндрэлтэй байсан тул эгчдээ энэ бүх байдлаа хэлж эгчийгээ 2 үсчингийн түрээсийн төлбөрийг авахгүй байхыг гуйж ойлгуулахыг хүссэн.Би зөвхөн гоо сайхны салондоо ажиллач гэж хэлсэн боловч тэрээр зөвшөөрөөгүй тул арга буюу эгчийнхээ нэр пдээр авсан зээлээ хүнээс мөнгө зээлж 2016 оны 12 сарын 02-ны өдөр хугацаанаас нь өмнө 7598,0 /долоон сая таван зуун ерэн найман мянга/ төгрөг төлсөнөөр 2016 оны 01 сарын 16-ний өдөр хийсэн итгэмжлэл дуусгавар болсон.Би эгчдээ учир байдлаа хэлсээр байтал сүүлдээ 2 үсчинтэй маань хуйвалдан миний эсрэг янз бүрийн худал юм ярьж түрээслэгч нарын хооронд үл ойлголцол үүсгэн, сүүлийн үед Би чамайг ална шүү алж байгаад түрээс авна, үснээс чинь чирж байгаад авна гэх мэтээр дарамталж сүүлдээ чи надад 30 сая төгрөг өгчих нэгвэл би бүр мөсөн явлаа, аль эсвэл чи миний нэрийг ордер дээрээ бичүүлээд өгчих гэх мэтээр хашгирч орилон ажлын байрны дарамт үзүүлж сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд дарамт үзүүлж байгаад их гомдолтой байна.Би эгчийнхээ 3 сая төгрөгийг 60-70 сая болтол нь өсгөж өгчихөөд бас бизнесийнхээ ашгийн 50 хувийг эгчдээ 11 жил өгч сүүлдээ банкны өр төлбөрт орж өөрийн орон сууцаа банкинд шилжүүлэн өгч одоо үйлчилгээ явуулж байгаа байрныхаа 2 өрөөнд бага насны 3 хүүхэд нөхрийн хамт 5-улаа амьдарч байгаа бөгөөд эгчийн маань энэ орилж хашгирч, дарамталж түрээс авч байгаа нь гэр бүл, үр хүүхэд түрээслэгч нарт үнэхээр дарамттай, амар тайван, аюулгүй ажиллах нөхцөлгүй болгож цаашид өөрийн бизнесээ, үсчин гоо сайхны үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учруулж байна.Эгч Золзаяа нь 2 үсчингийн түрээс /нэг үсчингээс сард 210,000 төгрөг авдаг 2 үсчингийн түрээсийн төлбөр сард 210,000*2=420,000 төгрөг болдог. Иймд Золзаяаг үйлчилгээний газрын хүмүүсийн амар тайван ажиллах нөхцлийг алдагдуулэж орилж хашгирч надад болон миний гэр бүлд сэтгэл санааны дарамт үзүүлж цаашид үйлчилгээ явуулж ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул албадан гаргаж өгнө үү. Мөн 2016 оны 1-12 сарын 2 үсчингийн түрээсийн төлбөр 5 040 000 /таван сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч *******гийн тайлбартай танилцлаа. Миний төрсөн дүү ******* нь 2003 оны 02 сард намайг бараадаж ирж амьдрахаар Улаанбаатар хотоос анх нөхөр 1 хүүхдийн хамт ирж байсан. Энэ үед түүний хүү Ч.Баясгалан нь 2 сартай бага байсан. Орох орон ч байхгүй анх ирж манайд 6-7 сар болсон. Ингэж байгаад Алтанзаяагийн хадам ах Мэнбаяр нь Чулуунсайхан болон Алтанзаяа нарт гэр бүл болсон гэж Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1 байранд байр авч өгч анх өрх тусгаарлан гарч байсан. Ингээд дүү ******* нь 5-8 р байранд гоо сайхны газар түрээслэн ажиллуулж байгаад 5-5 р байранд жижиг өрөө түрээслэн гоо сайхны үйлчилгээг эрхэлж байсан. Ингээд байж баайхдаа надад өөрийн гэсэн ажлын байртай болмоор байна, түрээслэхэд их ашиг олдог, дүүгээ дэмжээд өгөөч гэдэг байсан. Хэчнээн гоо сайхны үйлчилгээ явуулаад зах зээл муу учраас өөрийн ажлын байр түрээслэвэл илүү ашигтай байна. Батаа ах Солонгост ажиллаж байгаа юм чинь дэмжлэг хүсээд өгөөч хоёулаа өөрийн гэсэн ажлын байртай больё та үсчингийн ажил хий үсчин болох амархан орлоготой ажил, үгүйдээ өөрийн байрыг үсчин гоо сайхны байр болгож түрээслүүлэхэд ашигтай байдаг гэх зэрэг асуудлыг хэлдэг байсан. Энэ талаар эхэндээ би юм хэлдэггүй байсан.Ингэж байгаад төрсөн дүүгээ болон өөрийн амьдралаа дээшлүүлэхэд ач холбогдолтой байж магадгүй түүний ярьж байсан зүйл үндэслэлтэй байж магадгүй гэж бодож байгаад нөхөр Баттогтохтой энэ талаар Солонгосруу холбогдож ярьсан. Гэтэл нөхөр маань дэмжиж төсвийн цалин харж байхаар өөрийн гэсэн хөрөнгөтэй өөрийн гэсэн бизнестэй байх нь зөв байх шүү гэж хэлсэн. Ингээд нөхрийн зөвлөсний дагуу үсчин гоо сайхны байр түрээслэх ашигтай байж магадгүй гээд дүү *******тай зөвшилцсөн. ******* өөрийн байртай болоход мөнгө хэрэгтэй надад огт мөнгө байхгүй та мэдэж байгаа. Гэхдээ байрны тодорхой урьдчилгааг хийвэл уг байраа барьцаалаад зээл авч болдог, нэгэнт өөрийн байртай больё гэвэл нэг өрөө багадна ядаж хоёр юмуу гурван өрөө байх хэрэгтэй түрээслэх ашигаа бодох хэрэгтэй танайх байр авах гээд мөнгө бүрдүүлж байгаа гээ биз дээ ах Баттогтоход хэлээд өгөөч гэсэн. Ингээд нөхөртэйгээ ярилцтал дэмжээд байр сураглаж бай гэсэн. Байр сураглаж эхлээд удаагүй байхад гэрт ойрхон Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 байр зарах гэж байгаа зартай танилцаад Алтанзаяа бид хоёр цуг очсон. Ингээд уг байр сэтгэлд нийцэж байрыг авахаар болтол 8500000 төгрөгөнд өгнө гэж байрны эзэн настай******* хэлээд миний хүүгийн нэр дээр уг байр байгаа гэж танилцуулсан. Нөхөр лүүгээ ярихад нөхөр маань Солонгос Монголын хооронд наймаа эрхэлдэг хүнээр мөнгө явуулья надад 4000 орчим доллар байна гэсэн. Уг мөнгө ирж түүнийгээ монгол мөнгө болгож "3500000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл мөнгийг ******* төлөхөөр шийдэж "зээл хөөцөлдөх болсон. Зээлийг нэг хүний нэр дээр байлгаж хөөцөлдвөл дээр гэж үзэж *******гийн нэр дээр байрны ордерыг гаргуулсан. *******гийн нэр дээр 5000.000 төгрөгний зээл гарч, бид хоёр өөрийн гэсэн өмчлөлийн байртай болсон. Ингээд би ажлаасаа гарч үсчины дамжаанд сууж, үсчны мэргэжилтэй болж өөрийн байрандаа үсчингүүдийг түрээсээр ажиллуулж, ажиллуулсны орлогоор амьдрах болсеч. Ингэж бид хоёр хамтарсан өмч хөрөнгөө нийлүүлсэн өөрийн өмчийн байртай болж түүнийгээ ажлын байр болгосон. Ингээд өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, 41% иар байрны талбайг хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ тохируулан нэг жижиг өрөө болон гал тогооны өрөөг эзэмших болж дүү ******* маань том өрөө болон унтлагын өрөөг эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Энэ хугацаанд байрны маргаантай асуудал анх 2014 он 2 сард үүсч бид хоёр өөрсдийн нөхрүүдийг байлцуулан байрны хамтран өмчлөлийн асуудлаар албан ёсоор талууд байлцаж хуралдаж эв зүйгээ олж байрны зээл дуусахаар миний нэрийг өмчлөгчөөр тогтоохоор болж эвлэрч дуусч байсан. Ингээд зээл нь дуусахыг өнөөдрийг хүртэл хүлээсэн. Гэтэл байрны өмчлөгчөөр тогтоогоогүйгээр барахгүй ******* нь би их хэмжээний өрөнд орлоо. өөрийн байраа хүртэл зарлаа, амьдрах байргүй болсон .Энэ байранд амьдармаар байна гэсэн Дүүгээ гудамжинд гаргалтай биш гээд 2015 оны 4 сард гэр бүлийн хамт байрны том өрөө болон гал тогоог эзэмшүүлэн амьдруулах болсон. Амьдраад хэсэг хугацаа өнгөрсний дараагаас эхлээд надруу ажлын байр нэг байх хэцүү байна, боломжтой болох үедээ би таны өмч хөрөнгийг тасдаж өгье, та тусдаа гарчих би энэ байраа авмаар байна Угаасаа ч миний нэр дээр байгаа эвээр ярья эвээр ярихгүй бол хөөгөөд гаргасан ч эрх надад би гэх болсон. Анхандаа бол тоглож байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй байсан. Гэтэл сүүлдээ уурлаж бухимдаж миний 2 үсчинг хөөж та нар зайл би энэ байрны эзэн та нар хар би эзэн байгаа биздээ гэж гэрчилгээний хуулбарыг барьж үзүүлж үсчингүүдийг элдэвлэх болсон. Энэ үеэс эхэлж надруу уурлаж загнаж төрсөн дүүгээ дэмждэггүй. гэтэл би өдий болтол нойр хоолгүй зүтгэсэн би энэ байрыг өөрийн болгоход буруудах зүйл байхгүй та миний хүчинд ингэж амьдарч яваа өдийд төсвийн цалин хараад сууж байсан бол танай гэр бүл өдөр хоногоо яая гэж амьдрах байсан би танай гэрт дэмжлэг болсон. Тиймээс энэ байрыг би авна та энэ байрны өмчлөгч байлаа гээд яадгийн хэн нотлох юм гэх зэргээ аашлах болсон. Ингээд бидний дунд маргаан хэд хэдэн удаа үүссэн. Эв зүйгээ олох байх гэтэл сүүлдээ энэ бүхэнд нөхрөө хүртэл оролцуулж та нар биднийг дийлэхгүй шүүхээр яваад үзье та нарын дэмжлэгтэй хөрөнгөтэй болсныг хэн гэрчлэхюм. гэрчлэх нохой байвал дагуулаад ир та нарыг гөлөг болгоно хараарай итгэж явсан чинь хохино гэх болсон. Ийм байдлаар төрсөн дүү маань өмч хөрөнгийг маань авах гэсэн санаагаа анх хэлж илэрхийлж эхэлсэн. Ингээд намайг байрнаас маань гаргах гэж янз бүрийн арга хэрэглэсэн. Бид хоёрын эрхэлж байсан бизнес үйл ажиллагаа тус тусдаа байсан ба ******* 2 үсчины түрээс авч, өөрийн HERBALIFE гэх бизнес, гоо сайхны үйлчилгээг эрхэлж байсан. Миний бие 2 үсчингийн сандал түрээслүүлж, Франц гоо сайхны бүтээгдэхүүн худалдаалж, массажны үйл ажиллагаа эрхэлж байсан. Энэ үйл ажиллагаа бүхэн тус тусдаа байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй Би өөрийн өмчийн байрандаа өөрийн бизнесийг эрхэлсээр өнөөдрийг хүрч байгаа билээ. Би хамтарсан бизнес эрхэлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч төрсөн дүү А.Атганзаяа нь 2003 оны 02 сард намайг бараадаж ирж амьдрахаар Улаанбаатар хотоос анх нөхөр 1 хүүхдийн хамт ирж байсан. ******* нь 5-8 р байранд гоо сайхны газар түрээслэн ажиллуулж байгаад 5-5 р байранд жижиг өрөө түрээслэн гоо сайхны үйлчилгээг эрхэлж байсан. Батаа ах Солонгост ажиллаж байгаа юм чинь дэмжлэг хүсээд өгөөч хоёулаа өөрийн гэсэн ажлын байртай больё та үсчингийн ажил хий үсчин болох амархан орлоготой ажил, үгүйдээ өөрийн байрыг үсчин гоо сайхны байр болгож түрээслүүлэхэд ашигтай байдаг гэх зэрэг асуудлыг хэлдэг байсан. Энэ талаар эхэндээ би юм хэлдэггүй байсан. Энэ талаар нөхөр Баттогтохтой Солонгосруу холбогдож ярьсан .Байр сураглаж эхлээд удаагүй байхад гэрт ойрхон Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 байр зарах гэж байгаа зартай танилцаад Алтанзаяа бид хоёр цуг очсон. Ингээд уг байр сэтгэлд нийцэж байрыг авахаар болтол 8.500.000 төгрөгөнд өгнө гэж байрны эзэн настай******* хэлээд миний хүүгийн нэр дээр уг байр байгаа гэж танилцуулсан. Нөхөр лүүгээ ярихад нөхөр маань Солонгос Монголын хооронд наймаа эрхэлдэг хүнээр мөнгө явуулья надад 4000 орчим доллар байна гэсэн. Уг мөнгө ирж түүнийгээ монгол мөнгө болгож 3.500.000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл мөнгийг А. Атганзаяа төлөхөөр шийдэж зээл хөөцөлдөх болсон. Зээлийг нэг хүний нэр дээр байлгаж хөөцөлдвөл дээр гэж үзэж *******гийн нэр дээр байрны ордерыг гаргуулсан. *******гийн нэр дээр 5000.000 төгрөгний зээл гарч, бид хоёр өөрийн гэсэн өмчлөлийн байртай болсон.Уг зээлийг дуусахаар миний нэрийг байранд хамтран өмчлөгчөөр оролцуулна гэж байсан боловч үргэжлүүлэн зээл авч байсан учир байрны өмчлөлд миний нэрийг оруулах боломжгүй өдий хүргэсэн. Энэ талаар 2014 онд анх маргаан үүсч эхлэхэд үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулж хамтран өмчлөгчөөр орох асуудлаа шийдвэрлэж нотариатаар орох гэтэл гэрчилгээ зээлийн барьцаанд тавигдсан учир нотариатаар батлуулах боломжгүй болж талууд ярилцаж байгаад хурал хийж уг хурлын тэмдэглэлийг 2 хувь үйлдэж талуудад өгч маргаандаа эвлэрч, зээл дуусахаар миний нэрийг хамтран өмчлөгчөөр оруулахаар шийдвэрлэж байсан билээ. Өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, -41% иар байрны талбайг 2004 оны оноос хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ тохируулан нэг жижиг өрөө болон гал тогооны өрөөг эзэмших болж дүү ******* маань том өрөө болон унтлагын өрөөг эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Гэтэл байрны өмчлөгчөөр тогтоогоогүйгээр барахгүй ******* нь би их хэмжээний өрөнд орлоо, өөрийн байраа хүртэл зарлаа, амьдрах байргүй болсон. Дүүгээ гудамжинд гаргалтай биш гээд 2015 оны 4 сард гэр бүлийн хамт байрны том өрөө болон гал тогоог эзэмшүүлэн амьдруулах болсон. Амьдраад хэсэг хугацаа өнгөрсний дараагаас эхлээд надруу ажлын байр нэг байх хэцүү байна ,боломжтой болох үедээ би таны өмч хөрөнгийг тасдаж өгье, та тусдаа гарчих би энэ байраа авмаар байна Угаасаа ч миний нэр дээр байгаа эвээр ярья эвээр ярихгүй бол хөөгөөд гаргасан ч эрх надад би гэх болсон. Анхандаа бол тоглож байгаа байх гэж бодоод юм хэлдэггүй байсан. Гэтэл сүүлдээ уурлаж бухимдаж миний 2 үсчинг хөөж та нар зайл би энэ байрны эзэн та нар хар би эзэн байгаа биздээ гэж гэрчилгээний хуулбарыг барьж үзүүлж үсчингүүдийг элдэвлэх болсон. Би энэ байрыг өөрийн болгоход буруудах зүйл байхгүй та миний хүчинд ингэж амьдарч яваа өдийд төсвийн цалин хараад сууж байсан бол танай гэр бүл өдөр хоногоо яая гэж амьдрах байсан би танай гэрт дэмжлэг болсон. Тиймээс энэ байрыг би авна та энэ байрны өмчлөгч байлаа гээд яадгийн хэн нотлох юм гэх зэргээ аашлах болсои. Эв зүйгээ олох байх гэтэл сүүлдээ энэ бүхэнд нөхрөө хүртэл оролцуулж та нар биднийг дийлэхгүй шүүхээр яваад үзье та нарын дэмжлэгтэй хөрөнгөтэй болсныг хэн гэрчлэх юм, гэрчлэх нохой байвал дагуулаад ир та нарыг гөлөг болгоно хараарай итгэж явсан чинь хохино гэх болсон.Намайг байрнаас маань гаргах гэж янз бүрийн арга хэрэглэсэн. Би өөрийн өмчийн байрандаа өөрийн бизнесийг эрхэлсээр өнөөдрийг хүрч байгаа билээ.Би хамтарсан бизнес эрхэлж байгаагүй. Иймд намайг Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот байрны 41%-д хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2000 оноос Улаанбаатар хотод 3.4 хорооллын Магда салонд гоо засалчаар ажиллаж байгаад 2002 онд Эрдэнэт хотод ирж гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 5 микрийн 5 р байранд өрөө түрээслэн ажиллаж эхэлсэн. Ингээд 2-3 жил түрээсийн байранд ажиллаж байгаад 5.1.16 тоот 3 өрөө байрыг өөрийн ажиллаж цуглуулсан мөнгө болон банкны зээлээр худалдаж авсан. 2005 онд орон сууж худалдаж авах 5 сая төгрөгийн зээл авч 2008 онд зээл, зээлийн хүүгийн хамт төлж дуусгасан. Хэрвээ анхнаасаа байр худалдаж авахад эгч, түүний нөхөр 3,0 сая төгрөг оруулсан бол байрны эзэмшигчээр ганц миний нэрийг тогтоолгохгүй тэгэх ч хүмүүс биш. 5-1-16 тоот 3 өрөө байрыг худалдаж авахад эгч Золзаяа 3, 0 сая төгрөг оруулааагүй, харин тухайн үед 2004 онд эгч цэцэрлэгт ажиллаж байсан бөгөөд би өөр хүн ажиллуулж мөнгө өгч байснаас та хувиараа гоо сайханч хийвэл таны амьдралд хэрэгтэй гэж хэлсэн учир эгч нөхрөөсөө 3,0 төгрөг авч гоо сайхны бараа бүтээгдэхүүн , үйлчилгээнд хэрэглэгдэх материалууд (массаж тос, маскууд ) худалдаж авсан. Ингээд эгчдээ өөрөө гоо сайхны иллэг массаж хийж сурчаад гоо сайханч болгосон. Ингээд эгч маань үйлчилгээ хийсний ашигаа авч эхэлсэн. Дараа нь би эгчдээ 2006 онд Ив роше францын гоо сайхны бүтээгдэхүүний гэрээт борлуулагчийн эрхээ өгч одоог хүртэл энэ бүтээгдэхүүнийг зардаг гэрээт борлуулагч болсон. Ингээд эгч маань худалдааны ашгаасаа авч эхэлсэн. Дараа нь би эгчдээ 1 үсчингийнхээ түрээсийг өгч эхэлсэн. Ингээд 2008 онд орон сууцны зээлээ төлж дуусгаад 3 өрөө байраа орцоороо ордог байсныг болиулж төв талаасаа нь ордог урагш сунгаж өргөтгөл хийн дахин 2 үсчингийн ажлын байр болгосон. Тухайн үед өргөтгөлөө хийхэд би эгчээсээ огт мөнгө төгрөг аваагүй орон сууцны зээлээ төлж дууссан байсан учир дахин банкны зээл авч өргөтгөлөө хийсэн. Ингээд 4 үсчинтэй болж 2 үсчингийн түрээсийг эгчдээ өгч эхэлсэн. Өөрийн бүх сурсан эрдэмээ эгчдээ зааж сургаж хамтран ажиллахдаа эгч маань худалдаа үйлчилгээ түрээсийн ашгаа 100% авч 3.0 сая төгрөгөө 11 жилийн хугацаанд 80-90 сая болгон хэдэн зуу дахин өсгөж ажилсан. Надтай хамтран ажилсандаа эгч огт буруудаагүй. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл энэ бизнесээ орхиогүй байгаа. Эгч Золзаяагийн хэлснээр банкнаас авсан зээлээ төлж дуусгасны дараа түүний нэрийг гэрчилгээнд оруулж хамтран эзэмшигчээр тогтоолгохоор тохиролцож байсан гэдэг огт худал. Би эгчтэйгээ хамтран ажиллахын тулд түүний нэр дээр итгэмжлэхийг 2016 оны 1 сарын 11 нд ноториатаар батлуулж түүний нэр дээр зээл авч би зээлийн төлбөрийг сар бүр төлж байсан ба 2016 оны 12 сард төлж дуусгасан. Хэрэв эгчийн хэлдэг үнэн бол тэр үед эгчийг байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлээд түүний нэр дээр зээл авах байсан. Тэгээд ч би өөрийн чадлаараа энэ бүх хөрөнгийг бий болгож гоо сайхны чиглэлээр 16 жил ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эгч Золзаяа байрны хамтран эзэмшигч биш. Хэрэв түүний хэлснээр 41. 59 хувиар эзэмшиж байсан бол тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар мөн худалдаа үйлчилгээ түрээсийн хувь хүний албан татвар байр, ус, дулаан, цахилгааны мөнгийг тэнцүү хувааж төлдөг байх ёстой. Гэтэл би цахилгааны мөнгө зэргийг үсчингүүдтэй хуваалцуулан мөнгөө тооцож авдаг байсан. Миний бүх төлж байсан татварын баримт болон бусад төлж байсан баримтуудыг эгч маань миний шүүгээнээс аваад явсан байсан. Эгч нь хамтран өмчлөлөөр тогтоолгохоор хурал хийсэн гэдэг нь огт худлаа ямарч хурал хийгээгүй. Өөрсдөө нэг бичиг үйлдээд ирсэн байсан. Тэр үед эгчийн нөхөр солонгосоос ирсэн байсан. Ингээд манай нөхөр үсчингийн түрээсийн мөнгийг эгч тэйгээ хувааж авдагаа боль та нарын мөнгөний ашиг нь хэрээс хэтэрлээ зүгээр юмаа зараад үйлчилгээгээ хий. Гэснээс болж манай нөхөр эгчийн нөхөртэй муудалцаж цагдаа сэргийлэхдээ тулсан. Энэ үед би нөхрөө буруутгаж , харин эгчийнхээ талд орж өмөөрөн хэрүүл уруулгүй амар тайван , эв найртай хамтран ажиллая гээд өөрсдийнх нь бичиж ирсэн уг нь үл гаргагдах цаасан дээр гарын үсэг зурсан. Манай нөхөр зураагүйгээр барахгүй бас л муудалцсан. Энэ байдлаас болж би нөхөртэйгээ байнга муудалцаж сэтгэлийн дарамттай явах болсон. Гэтэл тэр бичгийг эгч өөр байдлаар хэлж нотлох баримт болгож байгаад гомдолтой байна. Энэ болгоныг манай эгчийн цаана нөхөр нь байнга янз бүрийн юм ярьж хийж явдаг. Хэрэв би тэр үед эгч нөхөр хоёроо адилхан бодоогүй бол манай нөхөр захиргааны арга хэмжээ авагдаж эгч энэ байрнаас гарах байсан үүнийг эгч өөрөө сайн байгаа. Би сая 2017 оны 1 сард үсчингийнхээ байранд засвар хийж үсчингүүдээ шинэчлэн ажиллаж байна. 2004 онд намайг байр авахад эгч маань цэцэрлэгтээ ажиллаж байсан бөгөөд үүнийг гэрчилнэ. Иймд нь хамтран өмчлөгч биш хамтран ажиллаж ашгаа авсан нь үнэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5 040 000 төгрөг гаргуулах, хариуцагч нь Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ... эгч маань 2016 оны 10 дугаар сараас байрнаас нүүж явсан. Тиймээс байрнаас албадан гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэж г Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, түрээсийн төлбөр 5 040 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж оролцсон.

Нэхэмжлэгч ...Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг би 2004 онд 8 500 000 төгрөгөөр худалдан авч үсчин, гоо сайханы салон ажиллуулж, үсчингүүдэд түрээслэн ажиллуулж ирсэн.Эгч 2006 онд хамтран ажиллая гээд 3 000 000 төгрөгтэй ирсэн.Би зөвшөөрч 3 000 000 төгрөгийг байрны засвар, гоо сайханы бүтээгдэхүүн авахад зарцуулсан.Ингээд одоог болтол хамтран ажиллаж 2 үсчингийн түрээсийн төлбөрийг эгч маань авч, хөрөнгө гэж оруулсан 3 000 000 төгрөгөө 11 жилийн хугацаанд хангалттай өсгөж авсан.Би их хэмжээний зээлтэй өртэй учраас одоо Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрндаа гэр бүлийн хамт амьдарч байгаа.Мөн эгч маань нийлүүлсэн хөрөнгөө хангалттай авсан учраас одоо үсчингүүдээс түрээс авах эрхгүй гэж үзэж байгаа.Иймд 2016 оны 01 сараас 12 дугаар сарын хооронд 2 үсчингээс авсан түрээсийн орлого 5 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн,

Хариуцагч ...дүү ******* бид 2 хамтран ажиллахаар ярилцаж тохиролцоод 2004 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг 2004 онд 8 500 000 төгрөгөөр худалдан авсан.Би анх 3 500 000 төгрөгийг гаргасан.Дүү маань байрны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж байраа барьцаалан 5 000 000 төгрөгийн зээл авч нийт 8 500 000 төгрөгийг байрны эзэнд өгч байсан.Би бол энэ байрны хамтран өмчлөгч.Тухайн үед дүү маань нэг хүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ байвал банкнаас зээл авахад амар байдаг гэхээр нь дүүдээ итгээд түүний нэр дээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан.Иймд намайг Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн тайлбарыг тус тус гаргаж байгаа.

Зохигчид гоо сайхан, үсчин ажиллуулж, хамтран ажиллахаар ярилцаж тохиролцон ******* Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг 2004 онд Г.Батболдоос худалдан авч ажлын байр бий болгосон, 3 000 000 төгрөгийн хураамж төлсөн, тэд 2004-2016 оны хооронд Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байранд өрөө тус бүрээр хувиарлан авч үйл ажиллагаа явуулж, үсчингийн суудал түрээслэн тус бүр 2 үсчингээс түрээс авч байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрч , нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа.

Дээрхи үйл баримтаас зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж гэж дүгнэлээ. Зохигчид ч 2004-2016 оны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байранд хамтран ажиллаж байсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн ...гаас 2016 оны 01 сараас 12 дугаар сарын хооронд 2 үсчингээс авсан түрээсийн орлого 5 040 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь хэдийгээр ******* нь Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрны өмчлөгч мөн боловч ч хамтран ажиллахаар тохирч 3 000 000 төгрөгийн хувь оруулсан.Тиймээс оруулсан хувь хэмжээгээр ашгаа авах эрхтэй.

Түүнчлэн нь , нарт өөрийн өрөөг түрээслэн сар бүр тэднээс түрээсийн төлбөр авч байсан нь зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа.******* үсчин , нартай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, хамтран ажиллах гэрээнээс гараагүй байсан учраас тэдний хамтын үйл ажиллагаа дуусаагүй байсан байна. Иймд ******* нь гаас үсчингийн түрээсийн төлбөрийг шаардах эрхгүй гэж үзлээ.

2-рт хариуцагч гийн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үндэслэл нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч ...2004 онд дүү ******* бид 2 хамтран ажиллахаар ярилцаж тохиролцоод 2004 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг 2004 онд 8 500 000 төгрөгөөр худалдан авсан. Би анх 3 500 000 төгрөгийг гаргасан гэсэн тайлбар гаргаж тайлбараа нотлох баримт болгож хх 31 дүгээр талд авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг 8 500 000 төгрөгөөр авсан бөгөөд ******* 5 000 000 төгрөг 59%, 3 500 000 төгрөг 41% төлбөр хийв гэсэн, хх32 дугаар талд авагдсан ..., ******* тэдгээрийн гэр бүлийнхэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрны хамтран эзэмшигчид мөн болохыг баталсугай гэсэн Баясгалант үсчин, гоо сайханы салоны хурлын протокол зэрэг нотлох баримтыг ирүүлсэн.

Хавтаст хэргийн 31 дүгээр талд авагдсан Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг 8 500 000 төгрөгөөр авсан бөгөөд ******* 5 000 000 төгрөг 59%, 3 500 000 төгрөг 41% төлбөр хийв гэсэн баримтанд зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч *******гийн гарын үсэг мөн болох нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 196 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч дээрхи баримтуудыг үндэслэн хариуцагч г Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрны хамтран өмчлөгч гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч нь 2004 онд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5 дугаар хороолол 1 дүгээр байрны 16 тоот байрыг худалдан авсанаас хойш 13 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Улсын бүртгэлд хүсэлт гаргаж байгаагүй байна.

Тэрээр ...байрыг худалдан авсан хугацаанаас хойш одоо ч энэ байр зээлийн барьцаанд байгаа учраас би хамтран өмчлөгчөөр бүртгүүлж чадаагүй гэсэн тайлбар гаргаж байгаа ч орон сууц зээлийн барьцаанд байгаа нь гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Улсын бүртгэлд хүсэлт гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч болон хариуцагчийн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 800 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч д холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 5 040 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байрнаас албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.

2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан хариуцагч гийн нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 800 төгрөг, хариуцагч гийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА