Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 35

 

хариуцагч А.Зд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Зд холбогдох,

Байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Згийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, хариуцагч А.З, хариуцагчийн өмгөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2002 оноос эхлэн үсчин гоо сайхны салоныг байгуулан 14 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Би эгч Зтай 2005 оноос хамт ажиллаж эхэлсэн бөгөөд тухай үед эгч хамтарч ажиллая гээд 3 сая төгрөг өгснийг үйлчилгээний байрыг тохижуулахад зарцуулсан. Би банкнаас зээл аваад хүүхэд төрүүлж амаржсан. Энэ хугацаанд бизнес маань түрхэн доголдож зээлээ төлж чадахгүй байсан тул хугацаа хэтрүүлсэн зээлтэй гэж аль ч банкнаас зээл авч чадахгүй болсон. Тэгээд эгч Зтай ярилцсаны дагуу түүний нэр дээр итгэмжлэл хийж өгөн 2016 оны 1 сард 10,0 сая төгрөгний зээл авч өөрөө сар бүрд нь төлж явсан. Би зээлийн төлбөр болон бусад зардлаа төлөхөд үнэхээр хүндрэлтэй байсан тул эгчдээ энэ бүх байдлаа хэлж эгчийгээ 2 үсчингийн түрээсийн төлбөрийг авахгүй байхыг гуйж ойлгуулахыг хүссэн. Би зөвхөн гоо сайхны салондоо ажиллая гэж хэлсэн боловч тэрээр зөвшөөрөөгүй тул арга буюу эгчийнхээ нэр дээр авсан зээлээ хүнээс мөнгө зээлж 2016 оны 12 сарын 02-ны өдөр хугацаанаас нь өмнө 7.598.000 төгрөг төлсөнөөр 2016 оны 01 сарын 16-ний өдөр хийсэн итгэмжлэл дуусгавар болсон. Би эгчдээ учир байдлаа хэлсээр байтал сүүлдээ 2 үсчинтэй маань хуйвалдан миний эсрэг янз бүрийн худал юм ярьж түрээслэгч нарын хооронд үл ойлголцол үүсгэн, чи надад 30 сая төгрөг өгчих нэгвэл би бүр мөсөн явлаа, аль эсвэл чи миний нэрийг ордер дээрээ бичүүлээд өгчих гэх мэтээр хашгирч орилон ажлын байрны дарамт үзүүлж сэтгэл санаа болон эдийн засгийн хувьд дарамт үзүүлж байгаад их гомдолтой байна. Эгч З нь 2 үсчингийн түрээс /нэг үсчингээс сард 210.000 төгрөг авдаг 2 үсчингийн түрээсийн төлбөр сард 210.000*2=420.000 төгрөг болдог. Иймд Зг үйлчилгээний газрын хүмүүсийн амар тайван ажиллах нөхцлийг алдагдуулэж орилж хашгирч надад болон миний гэр бүлд сэтгэл санааны дарамт үзүүлж цаашид үйлчилгээ явуулж ажил хийхэд хүндрэлтэй байгаа тул албадан гаргаж өгнө үү. Мөн 2016 оны 1-12 сарын 2 үсчингийн түрээсийн төлбөр 5.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.З шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний төрсөн дүү А.А нь 2003 оны 02 сард намайг бараадаж ирж амьдрахаар Улаанбаатар хотоос анх нөхөр 1 хүүхдийн хамт ирж байсан. Энэ үед түүний хүү Ч.Баясгалан нь 2 сартай бага байсан. Орох орон ч байхгүй анх ирж манайд 6-7 сар болсон. Ингэж байгаад Агийн хадам ах Мэнбаяр нь Чулуунсайхан болон А нарт гэр бүл болсон гэж Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1 байранд байр авч өгч анх өрх тусгаарлан гарч байсан. Ингээд дүү А.А нь 5-8-р байранд гоо сайхны газар түрээслэн ажиллуулж байгаад 5-5-р байранд жижиг өрөө түрээслэн гоо сайхны үйлчилгээг эрхэлж байсан. Ингээд байж байхдаа надад өөрийн гэсэн ажлын байртай болмоор байна, түрээслэхэд их ашиг олдог, дүүгээ дэмжээд өгөөч гэдэг байсан. Би Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 байр зарах гэж байгаа зартай танилцаад А бид хоёр цуг очсон. Ингээд уг байр сэтгэлд нийцэж байрыг авахаар болтол 8500000 төгрөгөнд өгнө гэж байрны эзэн настай эмэгтэй хэлээд миний хүүгийн нэр дээр уг байр байгаа гэж танилцуулсан. Нөхөр лүүгээ ярихад нөхөр маань Солонгос Монголын хооронд наймаа эрхэлдэг хүнээр мөнгө явуулья надад 4000 орчим доллар байна гэсэн. Уг мөнгө ирж түүнийгээ монгол мөнгө болгож 3.500.000 төгрөгийг урьдчилан төлж, үлдэгдэл мөнгийг А.А төлөхөөр шийдэж зээл хөөцөлдөх болсон. Зээлийг нэг хүний нэр дээр байлгаж хөөцөлдвөл дээр гэж үзэж А.Агийн нэр дээр байрны ордерыг гаргуулсан. А.Агийн нэр дээр 5.000.000 төгрөгний зээл гарч, бид хоёр өөрийн гэсэн өмчлөлийн байртай болсон. Ингээд би ажлаасаа гарч үсчний дамжаанд сууж, үсчний мэргэжилтэй болж өөрийн байрандаа үсчингүүдийг түрээсээр ажиллуулж, ажиллуулсны орлогоор амьдрах болсон.

Ингэж бид хоёр хамтарсан өмч хөрөнгөө нийлүүлсэн өөрийн өмчийн байртай болж түүнийгээ ажлын байр болгосон. Ингээд өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, 41% иар байрны талбайг хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ тохируулан нэг жижиг өрөө болон гал тогооны өрөөг эзэмших болж дүү А.А маань том өрөө болон унтлагын өрөөг эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй Би өөрийн өмчийн байрандаа өөрийн бизнесийг эрхэлсээр өнөөдрийг хүрч байгаа билээ. Би хамтарсан бизнес эрхэлж байгаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.З шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Өөрийн мөнгөөр авсан байраа оруулсан мөнгөний хэмжээгээр тооцож 59%, -41% иар байрны талбайг 2004 оны оноос хуваарилан эзэмшиж эхэлсэн. Би өөрийн 41 % буюу өмчийн хувь хэмжээндээ тохируулан нэг жижиг өрөө болон гал тогооны өрөөг эзэмших болж дүү А.А маань том өрөө болон унтлагын өрөөг эзэмшиж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тус тусдаа явуулж ирсэн. Би хамтарсан бизнес эрхэлж байгаагүй. Иймд намайг Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5-1-16 тоот байрны 41%-д хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч А.А сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Би 2000 оноос Улаанбаатар хотод 3, 4 хорооллын Магда салонд гоо засалчаар ажиллаж байгаад 2002 онд Эрдэнэт хотод ирж гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн 5 микрийн 5 р байранд өрөө түрээслэн ажиллаж эхэлсэн. Ингээд 2-3 жил түрээсийн байранд ажиллаж байгаад 5.1.16 тоот 3 өрөө байрыг өөрийн ажиллаж цуглуулсан мөнгө болон банкны зээлээр худалдаж авсан. 2005 онд орон сууж худалдаж авах 5 сая төгрөгийн зээл авч 2008 онд зээл, зээлийн хүүгийн хамт төлж дуусгасан. Хэрвээ анхнаасаа байр худалдаж авахад эгч, түүний нөхөр 3.0 сая төгрөг оруулсан бол байрны эзэмшигчээр ганц миний нэрийг тогтоолгохгүй тэгэх ч хүмүүс биш. 5-1-16 тоот 3 өрөө байрыг худалдаж авахад эгч З 3.0 сая төгрөг оруулааагүй, харин тухайн үед 2004 онд эгч цэцэрлэгт ажиллаж байсан бөгөөд би өөр хүн ажиллуулж мөнгө өгч байснаас та хувиараа гоо сайханч хийвэл таны амьдралд хэрэгтэй гэж хэлсэн учир эгч нөхрөөсөө 3.0 төгрөг авч гоо сайхны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд хэрэглэгдэх материалууд (массаж тос, маскууд ) худалдаж авсан. Ингээд эгчдээ өөрөө гоо сайхны иллэг массаж хийж сурчаад гоо сайханч болгосон. Ингээд эгч маань үйлчилгээ хийсний ашигаа авч эхэлсэн. Дараа нь би эгчдээ 2006 онд Ив роше францын гоо сайхны бүтээгдэхүүний гэрээт борлуулагчийн эрхээ өгч одоог хүртэл энэ бүтээгдэхүүнийг зардаг гэрээт борлуулагч болсон. Ингээд эгч маань худалдааны ашгаасаа авч эхэлсэн. Дараа нь би эгчдээ 1 үсчингийнхээ түрээсийг өгч эхэлсэн. Ингээд 2008 онд орон сууцны зээлээ төлж дуусгаад 3 өрөө байраа орцоороо ордог байсныг болиулж төв талаасаа нь ордог урагш сунгаж өргөтгөл хийн дахин 2 үсчингийн ажлын байр болгосон. Тухайн үед өргөтгөлөө хийхэд би эгчээсээ огт мөнгө төгрөг аваагүй орон сууцны зээлээ төлж дууссан байсан учир дахин банкны зээл авч өргөтгөлөө хийсэн. Ингээд 4 үсчинтэй болж 2 үсчингийн түрээсийг эгчдээ өгч эхэлсэн. Өөрийн бүх сурсан эрдэмээ эгчдээ зааж сургаж хамтран ажиллахдаа эгч маань худалдаа үйлчилгээ түрээсийн ашгаа 100% авч 3.0 сая төгрөгөө 11 жилийн хугацаанд 80-90 сая болгон хэдэн зуу дахин өсгөж ажилсан. Би эгчтэйгээ хамтран ажиллахын тулд түүний нэр дээр итгэмжлэхийг 2016 оны 1 сарын 11-нд ноториатаар батлуулж түүний нэр дээр зээл авч би зээлийн төлбөрийг сар бүр төлж байсан ба 2016 оны 12 сард төлж дуусгасан. Хэрэв эгчийн хэлдэг үнэн бол тэр үед эгчийг байрны хамтран эзэмшигчээр бүртгүүлээд түүний нэр дээр зээл авах байсан. Тэгээд ч би өөрийн чадлаараа энэ бүх хөрөнгийг бий болгож гоо сайхны чиглэлээр 16 жил ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эгч З байрны хамтран эзэмшигч биш. Хэрэв түүний хэлснээр 41, 59 хувиар эзэмшиж байсан бол тэр хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийн албан татвар мөн худалдаа үйлчилгээ түрээсийн хувь хүний албан татвар байр, ус, дулаан, цахилгааны мөнгийг тэнцүү хувааж төлдөг байх ёстой. Гэтэл би цахилгааны мөнгө зэргийг үсчингүүдтэй хуваалцуулан мөнгөө тооцож авдаг байсан. Би сая 2017 оны 1 сард үсчингийнхээ байранд засвар хийж үсчингүүдээ шинэчлэн ажиллаж байна. 2004 онд намайг байр авахад эгч маань цэцэрлэгтээ ажиллаж байсан бөгөөд үүнийг гэрчилнэ. Иймд А.З нь хамтран өмчлөгч биш хамтран ажиллаж ашгаа авсан нь үнэн болно гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Агийн хариуцагч А.Зд холбогдуулан гаргасан түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч байрнаас албадан гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурьдаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан хариуцагч А.Згийн нэхэмжлэгч А.Ад холбогдуулан гаргасан 5-1-16 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.800 төгрөг, хариуцагч А.Згийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус төрийн санд үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч А.З давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх үсчин гоо сайхны үйлчилгээг хамтран ажилуулахаар ярилцаж тохиролцож А.А Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5 хороолол 1 р байрны 16 тоот байрыг худалдан авсан тухай дүгнэсэн. Уг байрыг А.А худалдан авсан гэх байдлыг нотлоогүй байхад уг дүгнэлт хийснийг буруу гэж үзэж байна. А.А нь уг байрны урьдчилгаа төлбөрийг өөрөөсөө гаргасан гэж шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн боловч энэ талаар нотлоогүй харин 3.000.000 төгрөг авснаа хэлсэн ба уг мөнгөө өөр зорилгоор надаас авсан гэх нотлоогүй тайлбарыг шүүх хүлээн авч намайг хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулалт өгсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 р зүйлийн 40.1, 40.2 заалтыг анхаарч хэргийн бодит байдал талуудын мэтгэлцэх байдал, нотлох баримтын нотолсон, няцаасан баримтыг бодит байдалд үнэлсэнгүй гэж үзэж байна.

А.А байрыг өөрийн мөнгөөр худалдан авсан гэх байдлаа нотлоогүй байхад түүний өмчлөгч гэж үзсэн нь үндэслэлгүй. Гэрч О.Өлзийбаяр, Д.Октябрийнтуяа нарын мэдүүлэгт үсчний түрээсийн орлогыг А.З надад өгч байсан талаар мэдүүлсэн ба А.А бид нар хамтран бизнес эрхэлж байгаагүйг нотолж байхад анхаарч үзээгүй. А.А ч бидний үйл ажиллагаа ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж болохоос олсон ашиг орлогоо хуваалцаж хамтран ажиллаж байгаагүйг хүлээн зөвшөөрч байхад шүүх биднийг хамтран ажиллаж байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Дүү А бид хоёр ижил төрлийн үсчин гоо сайхны үйлчилгээг явуулах зорилгоор ажлын байртай буюу хамтран өмчлөх ажлын байртай болсон нь үнэн. Үүний дагуу тухайн орон сууцыг худалдан авсан мөнгөний оруулсан хэмжээгээр буюу 59%,41% иар тооцон ажлын байр болгох зорилгоор Орхон аймгийн Баян өндөр сумын Уртбулаг багийн 5 хороолол 1 р байрны 16 тоот байрны өрөөнүүдийг хуваан авч тус, тусын өрөөндөө өөр өөрийн үйл ажиллагаагаа явуулж байсан байдалд шүүх буруу дүгнэлт хийсэн. 2005 оноос хойш өөр өөрсдийн эзэмшсэн өрөөндөө өөр өөрсдийн үйл ажиллагаагаа явуулж байгаад 2014 онд байрны өмчлөгчийн маргаан анх үүссэн ба түүнээс өмнө А.А бид хоёр байрны хамтран өмчлөлийн талаар маргаж байгаагүй./ миний нэрийг байрны өмчлөлд зээл дуусахаар бүртгүүлнэ гэдэг байсан./ 2014 онд манай нөхөр Д.Баттогтох Солонгосоос ирсний дараа өөрийн өмчлөлийн байранд нэр байхгүй байгаа, зээлд байнга тавигдаж байгаа байдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хамтран өмчлөгчөөр оруулах асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэх үед А.Агийн нөхөр Д.Чулуунсайхан маргаан үүсгэсэн ба энэ талаар 2014 оны 2 сарын 28-ны өдөр А.А бид хоёр нөхөр Д.Баттогтох, Д.Чулуунсайхан нарын хамт хурал хийж, намайг хамтран өмчлөгч болохыг хүлээн зөвшөөрч, зээл чөлөөлөгдөхөөр нэрийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр /32хх/ болсон. Энэ тухай бид тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурсан. Уг баримтыг А.А гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй бөгөөд уг баримтад шүүх судалж дүгнэхдээ хамтран өмчлөгч гэж үзэх баримт биш гэж дүгнэсэн.Гэтэл энэхүү баримт нь Талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурсан нотлох баримт болохыг анхаарч үзсэнгүй. Эдгээр баримтаас хамтран өмчлөгч биш гэдгийг няцаах баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөөгүй байхад уг баримтыг үндэслэлгүйгээр хамтран өмчлөгч гэж үзэх баримт биш гэж дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлж үзэхдээ бодит байдалд анхаарсангүй гэж үзэж байна.

Уг байр 2016.12.02 нд зээлээс чөлөөлөгдөх үед өмчлөгчийг бүртгүүлэх асуудлаар маргаж бүртгэхгүй, танаас авсан 3.000.000 төгрөгийг хангалттай өсгөж өгсөн, би байрыг өөрөө авна, таны нэр байхгүй учир би байрыг авах эрхтэй гээд А.А шүүхэд маргааныг үүсгэсэн. Гэтэл шүүх намайг Улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаагүй байна гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй . Тухайн байрны хамтран өмчлөгч болохыг 2005 оноос 2016 он хүртэл дүү маань хүлээн зөвшөрч байсан байдлыг нотолсон баримтыг шүүх судлан үзсэн атлаа уг баримт хамтран өмчлөгч болохыг нотлох баримт гэж үзэхгүй байгаа үндэслэлээ Улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх үндэслэлтэй холбон тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэлд хүсэлт гаргаснаар хамтран өмчлөгч болох үндэслэлгүй гэж үзэж байна. Харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болох ойлголтыг Улсын бүртгэлийн хуулиар зохицуулсан Улсын бүртгэлд бүртгүүлээгүй шалтгаан нөхцлийг А.А үгүйсгээгүй байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Зг Баян-Өндөр сум, Урт булаг баг, 5 дугаар хороолол, 1 дүгээр байр 16 тоот байрнаас албадан гаргуулах, түрээсийн төлбөр 5.040.000 төгрөг гаргуулах тухай, хариуцагч А.З нь 5-1-16 тоот 3 өрөө байрын хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч А.А нь 5-1-16 тоот байрыг 2004 онд 8.500.000 төгрөгөөр худалдан авсан. Уг байранд үсчин гоо сайхны салон ажиллуулж эгч А.Зтай хамтран ажиллаж түрээсийн мөнгийг хуваан авч ажиллаж байсан, энэ байрыг анх авахад А.З 3.500.000 төгрөг өгөөгүй, 2006 онд хамтран ажиллахаар тохирч 3.500.000 төгрөг өгснийг байрны засвар, гоо сайхны бүтээгдэхүүн авахад зарцуулсан гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн, хариуцагч А.З нь бид 2 хамтран ажиллахаар тохиролцож 2004 онд 5-1-16 тоот байрыг 8.500.000 төгрөгөөр худалдан авч би 3.500.000 төгрөгийг гаргасан тухайн үед дүүдээ итгээд өмчлөх эрхийн гэрчилгээг түүний нэр дээр авсан гэж тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй маргаж мэтгэлцсэн байна.

Нэхэмжлэгч А.А нь Баян Өндөр сум, 5-1-16 тоот 3 өрөө байрыг 2004 оны 12 дугаар сард 8.500.000 төгрөгөөр худалдан авсан, уг байраа үсчин гоо сайхны үйл ажиллагаа явуулах ажлын байр болгосон зохигчид үсчин гоо сайхан ажиллуулахаар ярилцан тохиролцож ажлын байрны өрөө, явуулах үйл ажиллагаа, ашиг орлогоо хуваарилан ажиллаж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Шүүх зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, 2004-2016 оны хооронд 5-1-16 тоот байранд хамтран ажиллаж байсан нэхэмжлэгч А.А нь тухайн байрны өмчлөгч, хариуцагч А.З нь хамтран ажиллахаар тохирч 3.500.000 төгрөгийн хувь оруулсан тул хөрөнгийн хэмжээгээр ашиг авах эрхтэй, хариуцагч А.З нь өөрийн өрөөг 2 үсчинд түрээслэн төлбөр авч байсан, хамтран ажиллах гэрээнээс гараагүй учраас тэдний хамтын үйл ажиллагаа дуусгавар болоогүй тул нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Згаас түрээсийн төлбөр шаардах эрхгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч буй этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. А.З нь 2004-2016 оны хооронд 13 жилийн хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж байгаагүй гэсэн үндэслэлүүдээр дүгнэлт хийж нэхэмжлэгчийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 109, 476 дугаар зүйлийн зохицуулалтанд нийцсэн байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч А.З нь 5-1-16 тоот 3 өрөө байрыг анх худалдан авахаар 3.500.000 төгрөг гаргасан гэсэн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагуудын талаархи татгалзлалаа нотлох баримтаар нотолж чадаагүй, нөгөө талаар Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандаж байгаагүй хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Згийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 142/ШШ2018/00082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Згийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч А.Згийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ