Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00882

 

 

 

 

 

 

 

 

 

2020 04 06 181/ШШ2020/00882

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Чын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б-д холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 сард иргэн Л.Бс Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир Их зам хороолол. 5 гудамж, 515 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газар 96 мкв талбай бүхий Хувийн сууц, гражийн хамт өмчлөлийн гэрчилгээгүй үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, үнийг тодорхой хугацаанд боломжоороо хэсэгчилж төлөхөөр тохиролцон, амьдарч эхэлсэн. Ингээд амьдарч эхэлснээсээ хойш 2017 оны 12 сарын 26- ны өдөр 1 500 000 төгрөг 2018 оны 05 сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг Л.Б дансруу шилжүүлж, газрын өмчлөлийн гэрчилгээг би өөрийн нэр дээр төрөөс үнэгүй хувьчилан газар өмчлөх эрхээ хэрэгжүүлж гаргуулж авсан. Хувийн сууц, гаражны гэрчилгээг 2018 оны 02 сарын 09-ний өдөр мөн өөрийн нэр дээр бүртгүүлж, гаргуулж авсан. Ингээд үл хөдлөх хөрөнгүүдэд өмчлөлийн гэрчилгээг хууль ёсоор гаргуулж авчихаад 2 удаагийн төлөлтөөр нийт 7 500 000 төгрөг төлсний дараа 2018 оны 07 дугаар сараас хойш Л.Б нь мөнгөө яаралтай гүйцээж өг, өгөхгүй бол газар, байшингаа буцааж авья гэж шаарддаг болсон. Би мөнгийг нь гүйцээж өгөх боломжгүй байсан тул та хэрвээ газар, хашаагаа буцааж авбал миний таньд төлсөн 7 500 000 төгрөгийг буцааж өгөөд, хөрөнгөө буцааж ав гэхэд Л.Б тэгвэл хоёулаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, чи надад хөрөнгийг маань миний нэр дээр шилжүүлж, би чиний 7 500 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгье гээд бид 2018 оны 09 сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нотариатаар гэрээ хийсэн. Гэрээнд гарын үсэг зурмагцаа Л.Б надад ууттай бэлэн мөнгө өгснийг тоолж үзэхэд 5 000 000 төгрөг байсан. Энэ мөнгө 5 000 000 төгрөг байна дутуу байна шдээ гэхэд за яах вээ наад мөнгөө авч бай, би 2 500 000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлсэн. Ингээд 2018 оны 09 сарын 28-ны өдөр бид үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөлийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Л.Б нэр лүү шилжүүлсэн боловч мөнгийг маань дутуу өгч би тэр газар, байшингаас гэр бүлээ авч нүүсэн. Гэтэл Л.Б нь дутуу өгсөн 2 500 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гомдолтой байна.

Иймд түүнтэй байгуулсан 2018 оны 09 сарын 28-ны өдрийн худалдах худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Л.Бид холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр суманд хашаа байшин авсан нь үнэн. Тухайн хашаа байшинг барихад нэхэмжлэгч нь хашаанд гэр барьж амьдарч байгаад байшинг шинээр нь 22 000 000 төгрөгөөр авахаар тохирч гэрт маань амьдарч эхэлсэн. Гэтэл бүтэн жил гаран болоход 8 хувийн зээлээр авна гэсэн боловч зээл бүтэхгүй байна гэж байшинг аваагүй. Одоо байраа зарах гэхээр завсар дахин хийхээр болж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Д.Ч нь миний барьсан байшинг худалдаж аваад 2017 оны 08 дугаар сард нүүж орсон. Төлбөрийг 2017 оны 09 дүгээр сард төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлөөгүй тул 2018 оны 9 сард газар, хувийн сууцаа буцаан авч, 5 000 000 төгрөг буцааж өгсөн. Би үлдэгдэл 2 500 000 төгрөгийг байшинд засвар хийгээд аваарай гэсэн боловч завсар хийж өгөөгүй. Байшинд 1 жил 3 сар амьдрахдаа хуучин мэт маш муухай болгосон байсан учраас Д.Чаас байшингийн засварын төлбөрт 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг бага гаргасан тул зөвшөөрөхгүй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөг нь ямар элэгдэл хорогдол, доголдлын улмаас шаардаж байгаа, уг мөнгөн дүнг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийг тухайн байшинд амьдрахаа больсноос хойш 1 жил хагас болж байгаа бөгөөд дахин хүн амьдарсан гэж сонсогдсон. Тэр хүмүүсийн амьдарч байсан элэгдэл хорогдлын асуудлыг давхар яриад байгаа. Хохирол гэж зүйл бодит байх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөг нь бодит баримтаар тогтоогдож гаргасан үнийн дүн биш байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна. Харин шинжээчийн дүгнэлтээр гарсан 1 040 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Л.Л.Бид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулахаар үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Л.Л.Б нь гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Д.Ч нь 2017 оны 8 сард Л.Л.Боос Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир их зам хороолол, 5 гудамжны 515 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600 м.кв талбай бүхий газар, 96 мкв талбай бүхий, хувийн сууц, гражийг 22 000 000 төгрөгөөр худалдан авч, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. /хх-6-14х/

Нэхэмжлэгч Д.Ч нь 22 000 000 төгрөгийг төлөхөөс 7 500 000 төгрөгийг төлж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Л.Л.Б нь гэрээнээс татгалзаж, 2018 оны 09 сарын 28-ны өдөр Д.Ч нь Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир их зам хороолол, 5 гудамжны 515 тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600 м.кв талбай бүхий газар, 96 мкв талбай бүхий, хувийн сууц, гражийг Л.Б өмчлөлд шилжүүлэн хүлээлгэн өгч, Л.Л.Б нь Д.Чын төлсөн 7 500 000 төгрөгнөөс 5 000 000 төгрөгийг буцааж өгсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д ...гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, ...харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ч нь Л.Л.Боос 2 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Л.Л.Б нь 2 500 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байгаа үндэслэлээ Д.Ч нь байшинд 1 жил 3 сар амьдрахдаа ханын обой, таазны шохойг хуулж, халтартуулсан, хаалганы босгыг эвдэлж хохирол учруулсан гэж засварын зардал 5 000 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

 

Л.Л.Б нь Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир их зам хороолол, 5 гудамжны 515 тоотод байрлах, 96 мкв талбай бүхий, шинээр барьсан хувийн сууцыг Д.Чд хүлээлгэж өгсөн талаар зохигч маргаагүй бөгөөд уг хувийн сууцны ханын обой хөндийрэн хуурсан, таазны эмульс шарлаж зарим хэсгээрээ ховхорч хонхойсон, жижиг өрөөний хаалганы босго эвдэрсэн болох нь шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хувийн сууцанд үүссэн эдгээр гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүссэн буюу Д.Чын гэр бүл 1 жил гаруй хугацаанд амьдарснаас учирсан тул эд хөрөнгийн ердийн элэгдэл хорогдол гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Ч нь хувийн сууцыг буцааж өгөхөд дээрхи гэмтэл байгаагүй, тухайн хувийн сууцанд дахин өөр хүмүүс амьдарсан гэдгийг баримтаар нотлоогүй тул дээрхи гэмтэл түүнийг амьдарч байх явцад үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу худалдах худалдан авах гэрээний дагуу хувийн сууцыг хүлээлгэж өгөхөд байгаагүй, гэрээнээс татгалзан буцааж авахад учирсан байгаа дээрхи гэмтлүүдийг хохиролд тооцогдох эд хөрөнгийн гэмтэл-д хамаарна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хувийн сууцны гэмтлийг засварлахад нийт 1 040 000 төгрөгийн зардал гаргах болох нь шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Л.Л.Б нь шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч, эд хөрөнгийн гэмтлийг засварлахад 5 000 000 төгрөгийн зардал гарна гэх байдлаа баримтаар нотлоогүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Д.Чаас хувийн сууцанд учирсан хохирол 1 040 000 төгрөгийг хариуцагч Л.Л.Б шаардах эрхтэй байна.

 

Дээрхи үндэслэлээр Д.Чын нэхэмжилсэн 2 500 000 төгрөгнөөс хувийн сууцанд учирсан хохирол 1 040 000 төгрөгийг хасч, хариуцагч Л.Л.Боос 1 460 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Чд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шинжээчийн ажлын зардлын тухайд,

 

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 12 322 дугаар захирамжаар шинжээчээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгал нь шинжээчийн зардлыг нэхэмжлэгч Д.Чаас гаргуулахаар шаардаж байх бөгөөд шинжээчийн зардалд 220 000 төгрөгийг төлсөн болох нь Л.Б Хаан банкны дансны хуулга, шинжээчийн тайлбар, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгалын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ: 53.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж тус тус заасан.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор шинжээчийг томилсон бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөгийн 1 040 000 төгрөгийг хангасан буюу 5/1 хувийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 220 000 төгрөгийн 5/1 хувийг буюу 44 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Чд хариуцуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Л.Боос 1 460 000 /нэг сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ч-д олгож, Д.Чын нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч Л.Б сөрөг нэхэмжлэлээс 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан Д.Чаас 44 000 /дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Л.Л.Бид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Чын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг, Л.Б сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Л.Боос 38 310 /гучин найман мянга гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж Д.Чд олгож, Д.Чаас 29 510 /хорин есөн мянга таван зуун арван/ төгрөгийг гаргуулж Л.Л.Бид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА