Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1138

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ч ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ч ын хариуцагч Д.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сард иргэн Л.Б оос Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир Их зам хороолол, 5 дугаар гудамж,   тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв талбай бүхий газар 96 м.кв талбай бүхий хувийн сууц, гарашийн хамт өмчлөлийн гэрчилгээгүй үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар болж, үнийг тодорхой хугацаанд боломжоороо хэсэгчилж төлөхөөр тохиролцон, амьдарч эхэлсэн. Ингээд амьдарч эхэлснээсээ хойш 2017 оны 12 сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг  Л.Б ийн дансруу шилжүүлж, газар болон хувийн сууц, гараашийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан. Ингээд үл хөдлөх хөрөнгүүдэд өмчлөлийн гэрчилгээг хууль ёсоор гаргуулж авчихаад 2 удаагийн төлөлтөөр нийт 7 500 000 төгрөг төлсний дараа 2018 оны 07 дугаар сараас хойш  Л.Б нь мөнгөө яаралтай гүйцээж өг, өгөхгүй бол газар, байшингаа буцааж авья гэж шаарддаг болсон. Би мөнгийг нь гүйцээж өгөх боломжгүй байсан тул та хэрвээ газар, хашаагаа буцааж авбал миний танд төлсөн 7 500 000 төгрөгийг буцааж өгөөд, хөрөнгөө буцааж ав гэхэд  Л.Б тэгвэл хоёулаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, чи надад хөрөнгийг маань миний нэр дээр шилжүүлж, би чиний 7 500 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгье гээд бид 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын нотариатаар гэрээ хийсэн. Гэрээнд гарын үсэг зурмагцаа  Л.Б надад ууттай бэлэн мөнгө өгснийг тоолж үзэхэд 5 000 000 төгрөг байсан. Энэ мөнгө 5 000 000 төгрөг байна, дутуу байна гэхэд 2 500 000 төгрөгийг удаахгүй өгнө гэж хэлсэн боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаад гомдолтой байна. Иймд түүнтэй байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт дутуу төлсөн 2 500 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 5 000 000 төгрөг нь ямар элэгдэл хорогдол, доголдлын улмаас шаардаж байгаа, уг мөнгөн дүнг хэрхэн гаргасан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийг тухайн байшинд амьдрахаа больсноос хойш 1 жил хагас болж байгаа бөгөөд дахин хүн амьдарсан гэж сонсогдсон. Тэр хүмүүсийн амьдарч байсан элэгдэл хорогдлын асуудлыг давхар яриад байгаа. Хохирол гэж зүйл бодит байх ёстой байтал нэхэмжлэлийн шаардлага 5 000 000 төгрөг нь бодит баримтаар тогтоогдож гаргасан үнийн дүн биш байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Харин шинжээчийн дүгнэлтээр гарсан 1 040 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөх боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б д холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 08 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр суманд хашаа байшин авсан нь үнэн. Тухайн хашаа байшинг барихад нэхэмжлэгч нь хашаанд гэр барьж амьдарч байгаад байшинг шинээр нь 22 000 000 төгрөгөөр авахаар тохирч гэрт маань амьдарч эхэлсэн. Гэтэл бүтэн жил гаран болоход 8 хувийн зээлээр авна гэсэн боловч зээл бүтэхгүй байна гэж байшинг аваагүй. Одоо байраа зарах гэхээр завсар дахин хийхээр болж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Д.Ч нь миний барьсан байшинг худалдаж аваад 2017 оны 08 дугаар сард нүүж орсон. Төлбөрийг 2017 оны 09 дүгээр сард төлж барагдуулахаар тохиролцсон боловч төлөөгүй тул 2018 оны 09 дүгээр сард газар, хувийн сууцаа буцаан авч, 5 000 000 төгрөг буцааж өгсөн. Би үлдэгдэл 2 500 000 төгрөгийг байшинд засвар хийгээд аваарай гэсэн боловч завсар хийж өгөөгүй. Байшинд 1 жил 3 сар амьдрахдаа хуучин мэт маш муухай болгосон байсан учраас Д.Ч аас байшингийн засварын төлбөрт 5 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг бага гаргасан тул зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Б оос 1 460 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ч д олгож, Д.Ч ын нэхэмжлэлээс 1 040 000 төгрөгийн нэхэмжлэлийг, хариуцагч  Л.Б ийн сөрөг нэхэмжлэлээс 3 960 000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан Д.Ч аас 44 000 төгрөгийг гаргуулж Д.Б д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ч ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг,  Л.Б ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Б оос 38 310 төгрөгийг гаргуулж Д.Чимэддуламд олгож, Д.Ч аас 29 510 төгрөгийг гаргуулж Д.Б д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.Ч ын нэхэмжлэлтэй Д.Б д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүх дараах үндэслэлээр хуулийг буруу хэрэглэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэсэн байх тул шүүхийн зардал 110 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Ч аас гаргуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь хариуцагч Д.Б д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Д.Ч нь Архангай аймгийн Цэнхэр сумын 6 дугаар баг, Тамир их зам хороолол, 5 дугаар гудамжны   тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 600 м.кв талбай бүхий газрыг Л.Б оос 3 000 000 төгрөгөөр худалдан авч үнийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-25/

 

Үүний дараа талууд 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Д.Ч нь  Л.Б ийн  Архангай аймгийн Цэнхэр сумын 6 дугаар баг, Тамир их зам хороолол, 5 дугаар гудамжны   тоот хаягт байрлах 96 м.кв нэг давхар, 2 өрөө хувийн сууцыг 19 000 000 төгрөгөөр худалдан авч үнийг 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төлж дуусгахаар тохиролцсон болох нь хэргийн 26 дугаар тал дахь гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Хэргийн 4, 7 дугаар тал дах баримтаар нэхэмжлэгч Д.Ч нь дээрх 2 гэрээний дагуу 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1 500 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөг нийт 7 500 000 төгрөг хариуцагчид төлсөн, Архангай аймгийн Цэнхэр сумын 6-р баг, Тамир Их зам хороолол 5 гудамжны   тоот 96 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж  зориулалттай үл хөдлөх хөрөнгийн, мөн 600 м.кв талбай бүхий гэр бүлийн зориулалттай газрын өмчлөгчөөр тус тус бүртгүүлсэн, уг үл хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буцаан хариуцагч Д.Б д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Д.Ч нь гэрээний үүрэг зөрчиж үлдэгдэл мөнгийг хугацаандаа төлөөгүйгээс талууд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж өгсөн, авсан зүйлээ буцаан авахаар тохиролцож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу буцаасан байх боловч хариуцагч нь 7 500 000 төгрөгийн 5 000 000 төгрөгийг бэлнээр өгч үлдэх 2 500 000 төгрөгийг өгөөгүйгээс маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал нь гэрээнээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварт шилжүүлэн өгсөн мөнгөнөөс буцаан аваагүй үлдэгдлээ шаардсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасантай нийцнэ. Ийнхүү гэрээ цуцалснаас үүсэх үр дагаварт буюу шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид хариуцагчаас гаргуулан олгосон анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан маргааны зүйл болох хувийн сууцанд 2017 оны 08 дугаар сараас 2018 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд амьдрахдаа муухай болгосон тул хувийн сууцны засварын төлбөрт 5 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас зарим хэсгийг нэхэмжлэгч Д.Ч зөвшөөрч хувийн сууцны засварын зардлыг шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан байна.

 

Хэргийн 61 дүгээр талд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 084 дугаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээгээр Архангай аймгийн Цэнхэр сумын 6 дугаар баг, Их зам хороолол, 5 дугаар гудамж,   тоот хаягтай байрлалтай амины орон сууцны засварын ажлын зах зээлийн үнэ, цэнэ 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1 040 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тогтоожээ.

 

Хариуцагч нь хувийн сууцыг засварлахад гарах зардал 5 000 000 төгрөг гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт болон нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 1 040 000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр шинжээчийн зардлыг талуудад хуваарилж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заалтыг давхар баримтлах шаардлагагүй байгааг хасч өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00882 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “53 дугаар зүйлийн 53.1.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ОТГОНЦЭЦЭГ                                                                              

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ