Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 332

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.З даргалж, шүүгч Г.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02808 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ч х б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “И к” ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 232 286 393.58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөнүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан “Ч х б” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, Л.Ш

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Ө

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч х б” ХХК нь “И к” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 180 сая төгрөгийн зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар 6 сарын хугацаатай олгосон. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний нэмэлт гэрээгээр нэмж 30 сая төгрөг олгосон. Нийтдээ 210 сая төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалсан. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, улсын бүртгэлийн 2205048704 дугаартай Богд ар хороолол, 24а байрны 38 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө нэг ширхэг, мөн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 2204052443 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан. Мөн хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу Гүрж улсаас Монгол улсад импортоор ачигдаж орж ирэх ёстой 15 мянган ширхэг сайн чанарын дарсыг барьцаалсан. Зээлдэгч зээлийн гэрээний хуваарийн дагуу 5 958 811 төгрөгийн хүүг төлсөн. 174 082 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлсөн. Нийтдээ 6 100 000 төгрөгийн төлөлт хийсэн. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 210 000 000 төгрөгийн үндсэн зээлийн өртэй, 21 544 201 төгрөгийн хүүгийн төлбөртэй, 174 082 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөртэй, нийт 232 282 393 төгрөгийн төлбөртэй байгаа. Зээлдэгчтэй тодорхой хэмжээний шүүхийн бус журмаар уулзаж, зээл төлүүлэх арга хэмжээ авсан боловч зээл төлөгдөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч “И к” ХХК-аас 232 286 393 төгрөгийг шүүхэд өгсөн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулахыг шийдвэр гүйцэтгэх газарт даалгуулах гэсэн тусгайлан 2 шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “И к” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийтдээ 232 286 393.58 төгрөгийг гаргуулж “Ч х б” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлийн 175.1, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Ү-2205048704 улсын бүртгэлийн дугаартай, 000250827 тоот гэрчилгээний дугаартай, иргэн М.Золжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, /16051/, Замчдын гудамж, 24 А дугаар байрны 38 тоот 53.56 м.кв 3 өрөө орон сууц, Ү-2204052143 улсын бүртгэлийн дугаартай, иргэн Б.Н-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, /13311/ Хүннү гудамж, 603 дугаар байрны 6 тоот байрлалтай 68.37 м.кв талбай бүхий орон сууцыг, мөн 2017 оны 11 дүгээр сард Гүрж Улсаас Монгол Улс руу ачигдах 15 000 шил сайн чанарын дарсаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 389 585 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 389 585 төгрөг гаргуулж “Ч х б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үл зөвшөөрч хүчингүй болгуулах.

Нэхэмжлэлийн утга: “И к” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Ч х б” ХХК-тай №ББГ-2017/ЗГ119 тоот Зээлийн гэрээг байгуулж 180 000 000 төгрөгийг 6 сарын хугацаагаар нэг жилийн 18 хувийн хүүтэй, бизнесийн зориулалттай зээлсэн болно. Мөн №ББГ-2017/БГ/119/01 тоот Барьцааны гэрээ байгуулж тус гэрээнд дурдсан 2 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Гүрж Улсаас Монгол Улс руу ачигдах сайн чанарын 15 000 ширхэг дарсны хамт тус тус барьцаалуулсан. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр №НББГ-2017/ЗГ119/01 тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний ерөнхий хугацааг 3 сараар сунгаж, нэмж 30 000 000 төгрөгийг үндсэн зээл дээр нэмж зээлсэн. Үндсэн гэрээ болон нэмэлт гэрээний нийт зээлийн хэмжээ нь 210 000 000 төгрөг бөгөөд зээлийн хугацаа 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон. Манай компанийн хувьд зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох нийт зээлийн төлбөр, түүний хүү нийтдээ 232 286 393 төгрөгийг төлөх тал дээр маргаагүй ба барьцааны гэрээний зүйл болох 2 ширхэг орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 15 000 ширхэг Гүрж улсын сайн чанарын дарсны нийт үнэлгээ нь анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрхий өндөр үнэлгээтэй буюу “И к” ХХК-ийн талд хохиролтой байгуулсан байгаа. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай компанийн төлөөллийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь процессын алдаатай шийдвэр байсан гэж үзэж байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт заасан “...мөн 2017 оны 11 дүгээр сард Гүрж Улсаас Монгол Улс руу ачигдах 15 000 шил сайн чанарын дарсаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэсэн хэсгийг хянан магадлаж, хүчингүй болгож, өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Ч х б” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 232 286 393.58 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцаа хөрөнгөнүүд нь үүргийн гүйцэтгэлийг хангахад хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс гаргуулан “Ч х б” ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг “И к” ХХК-д холбогдуулан нэхэмжилсэнийг шүүх хүлээн авч, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарган, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлжээ. /хэргийн 47, 72 дугаар тал/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-д заасан тохиолдолд шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлож, мөн хуулийн 76.1.2-т заасны дагуу хэргийн оролцогчид мэдэгдэх үүрэгтэй юм. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн оролцогч хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй болно. Хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй тохиолдолд хэргийн оролцогч уг эрхээ хэрэгжүүлэн, мөн хуулийн 4, 6 дугаар зүйлд зааснаар эрх тэгш байдлын үндсэн дээр мэтгэлцэх зарчмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан гэж үзэхгүй.

 

Гэтэл шүүх хариуцагч байгууллагын 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааны товыг шүүхийн мэдэгдэх хуудсаар 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-д хүргүүлсэн байх боловч хүлээж авсан Э гэсэн байх ба гарын үсэг зурагдаагүй байна. Э нь хариуцагч байгууллагын ажилтан болох нь тодорхойгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д-д шүүх хуралдааны тов мэдэгдээгүй байна.

 

Хэдийгээр хэргийн оролцогч нь хэргийн материалтай танилцах эрхээ эдлэх эсэх нь өөрөөс нь хамаарах боловч шүүх хэргийн материалтай танилцах боломжоор хэрхэн хангасан талаарх баримт хэрэгт байхгүй байна.

 

Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг эдлүүлэлгүй, хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн зөрчлийг гаргажээ. /хэргийн 75, 82, 84-85, 89-90 дүгээр тал/

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах үүднээс 9 095 шил гүрж дарсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авахуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 183/ШЗ2018/10743 дугаар шүүгчийн захирамжаар 9 095 шил гүрж дарсыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж, шүүхийн шийдвэр гарах хүртэл уг дарсыг худалдан борлуулахыг хориглож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна./хэргийн 35-36, 48 дугаар тал/ Улмаар уг шүүгчийн захирамжид хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Б.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргажээ./хэргийн 55-56 дугаар тал/ Шүүхээс уг гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Д, илтгэгч шүүгч Б.М, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Э нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. /хэргийн 55-56, 59 дүгээр тал/ Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн гомдол хянан хэлэлцэх шүүх хуралдааны тэмдэглэлд Ерөнхий шүүгч Д.Д, шүүгч Д.Х, Б.М нарын бүрэлдэхүүнтэй хийсэн талаар тэмдэглэжээ. Иймд гомдлыг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэсэн гэж үзэхэд эргэлзээтэй юм.

 

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс арилгаж хэргийн үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй тул шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 389 585 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.З

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Г.Д

 

                                                                                               С.Э