Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/02602

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 17 өдөр

  Дугаар 181/ШШ2017/

                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:

            Хариуцагч:

             Цалин, онгоцны тизийн зардал нийт 22083 ам.доллар буюу 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 1 ам.долларын Монгол банкны ханшаар тооцож 53 051 095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүлэн, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

            Мексик Улсын иргэн, ахмад Жэ Монгол Улсын “” компанид нисгэгчээр 2012 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан. 2014 оны 08 сарын 25-ны өдөр компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаж ахмад Жэд 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх цалин болон эх орон руу нь буцах онгоцны тийзийн зардал болох нийт 22083 ам.долларыг 2014 оны 08 сарын 22-ны өдрөөс өмнө графикийн дагуу төлж барагдуулахаар гэрээ байгуулсан. Өнөөдрийг хүртэл “” Компани нисэгч Жэд нэг төгрөг ч төлөөгүй бөгөөд иргэмжпэгдсэн төлөөлөгч миний бие дээрх мөнгийг нэхэмжилж өөрийн биеэр компанийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзсан боловч эцэст нь төлөхгүй гэдгээ мэдэгдсэн болно. Иймд нисэгч Жийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие зөрчигдсөн эрхийг нь сэргээлгэхээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Гэрээнд заасан 22083 ам.доллар буюу 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 1 ам.долларын Монгол банкны ханшаар буюу 2402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53.051.095 төгрөгийг “” Компаниас гаргуулж өгнө

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Мексик Улсын иргэн Жуан Жоус Перез Сиэт Диаз нь 2012 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн манай компанид хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр агаарын хөлгийн нисгэгчээр ажиллаж байсан. Улмаар 2014 оны 08 сарын 11-ний өдөр түүний Монгол Улсад оршин суух хугацаа дууссан бөгөөд 2014 оны 08 сарын 25-ны өдөр ажилтан, ажил олгогч нар харилцан тохиролцож Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болно. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь “эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” хэмээн тусгай хөөн хэлэлцэх хугацааг заасан байдаг. Нэхэмжлэгч нь 2014 оны 08 сарын 25-ны өдөр хөдөлмөрийн гэрээг харилцан тохиролцож дуусгавар болгох тухай хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсанаас хойш хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаанд өөрийн цалин хөлсийн тухай шаардлага гаргаж байгаагүй, 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул манай компани нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Мексик улсын иргэн Ж болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нь хариуцагч “” ХХК-д холбогдуулан цалин, онгоцны тизийн зардал нийт 22083 ам.доллар буюу 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 1 ам.долларыг Монгол банкны ханшаар 2402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53 051 095 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хэрэг цагларсан бичгийн баримтаас үзвэл Мексик улсын иргэн ахмад Ж нь Монгол Улсын “” ХХК-д нисгэгчээр 2012 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдөр компанийн зүгээс санхүүгийн хүндрэлтэй байдлын улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох санал гаргаж, түүнд 7, 8-р сарууд болон 9 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин, эх орон руу нь буцах онгоцны тизийн зардал нийт 22083 ам.долларыг 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө цалингийн зарчмын дагуу төлж барагдуулахаар хариуцагч компанийн захирал Б.Баяр, санхүүгийн хэлтсийн дарга Т.Наранцацрал, ахмад А319 Ж нар гарын үсэг зурж, 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Т-14/190 тоот албан бичгээр харилцан тохиролцжээ.

            Дээрх албан бичгээр нэхэмжлэгч Жийн 2014 оны 07 дугаар сарын цалин 8,000 ам.доллар, 08 дугаар сарын цалин 8.000 ам.доллар, 09 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны цалин 2.933 ам.доллар, Мексик руу явах онгоцны тийз 3,150 ам.доллар нийт 22083 ам.долларыг хариуцагч “” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 22-ноос өмнө цалингийн зарчмын дагуу төлөх”-өөр тохиролцсон талаар зохигч талууд маргадаггүй.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус шүүхэд гаргасан байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу гомдол гаргаагүй, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргадаг.

            Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг зохицуулжээ.

            Хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацааны талаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлд зохицуулсан байдаг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан гэж үзнэ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар заасан ба бусад хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн ганцаарчилсан маргааны талаархи гомдлоо дээр дурдснаар гурван сарын дотор харъяаллын дагуу маргаан таслах комисс эсхүл шүүхэд гаргах учиртай юм.

            Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно”, 76.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.

            Жийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсноор 3 сарын хугацааны цалин олговроо гаргуулах шаардах эрх хариуцагч “” ХХК нь 2014 оны 08 дугаар сарын 22-ноос өмнө цалингийн зарчмын дагуу төлөх”-өөр тохиролцсон хугацаа буюу нэхэмжлэгчээс хэрэгт бичгийн баримтаар гаргаж өгсөн “” ХХК-ийн нягтлан бодогч Наранцацралтай харилцсан электрон шуудангийн баримтаар тооцоход 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш тэрээр гурван сарын дотор нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэх үндэслэл болж байна.

            Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

            Иймд, дээр дурдсан үндэслэлээр “” ХХК-д холбогдох цалин, онгоцны тизийн зардал нийт 22083 ам.доллар буюу 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 1 ам.долларыг Монгол банкны ханшаар 2402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53 051 095 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

            ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар “” ХХК-д холбогдуулан гаргасан цалин, онгоцны тизийн зардал нийт 22083 ам.доллар буюу 2017 оны 05 сарын 30-ны өдрийн 1 ам.долларыг Монгол банкны ханшаар 2402.35 төгрөгөөр хөрвүүлснээр 53 051 095 төгрөг гаргуулахыг хүссэн Жийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423205 төгрөгийг улсын төсвийн орлого болгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ТҮМЭНЦЭЦЭГ