Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

И.Х-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч Д.Д-, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03677 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И.Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Д-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Х- нь иргэн Д.Д--оос Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар 400 м кв талбайтай Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 10 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Худалдан авсан, үйлдвэр үйлчилгээний байранд үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэтэл Д.Д-д худалдсан Л.Д-гэгч бусдад түрээслүүлэн ажиллуулж байгааг мэдээд энэ талаар Д.Д-упамцоод хэлтэл би одоо өмчлөгч биш, хэлээд гарахгүй байгаа юм, чи хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлж албадан гаргуулахгүй бол гарахгүй байгаа юм гэж хэлсэн. Одоог хүртэл Л.Д-нь дээрх дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж И.Х-гийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Энэ асуудлаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сард Л.Д-г хариуцагчаар татаж нэхэмжпэл гаргасан боловч Л.Д-нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Д-д 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасны улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 101/Ш32016/28712 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01022 дугаартай шийдвэрээр Л.Д-ийн Д.Д-д холбогдуулан гаргасан 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. И.Х-гийн өөрийн өмч болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Л.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, И.Х-гийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Д-шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- гэдэг хүнд өгсөн итгэмжлэлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. Би И.Х- гэдэг хүнд шилжсэн талаар ерөөсөө мэдээгүй. Надад энэ тухайгаа хэлээгүй. Банкны барьцааны тухай яригдаж байсан болохоос биш энэ И.Х- гэдэг хүн 10 сая төгрөгөөс худалдаж авсан талаар надад нэхэмжлэл ирэхэд нь мэдсэн. Д.Д- гэдэг хүн надаас байнга зугтаадаг. Надтай ерөөсөө уулздаггүй. Д.Д-д итгэмжлэл хийж өгөхөд хажууд нь байсан нарийн бичиг охин мэдэж байгаа. Анх энэ итгэмжлэлийг хийхэд энэ хүн нотариатынхаа давуу эрхийг ашигласан. Намайг гарын үсгээ зурж өгөөд явчих гэхээр нь би хоёр гурван цаасан дээр гарын үсгээ зурчхаад явсан. Тэгээд И.Х- гэдэг хүн нь шилжүүлж авчхаад би хууль ёсны эзэмшигч нь байна гээд байгааг би шударга бус гэж үзэж байна. Энэ бол боломжгүй зүйл гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Д- гэдэг хүн нь нотариатч хийдэг. Төрийн банкнаас зээл авах шаардлагатай байна зээлийн барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэж хэлсэн байдаг. И.Х гэдэг хүнийг Л.Д-танихгүй И.Х- гэдэг хүн нь Д.Д-гийн хамаатан садан хүн 10 сая төгрөгөөр зарсан гэдэг боловч ингэж зарсан талаар хариуцагч мэддэггүй. Итгэмжлэлийн асуудал яригдаж байгаа. Итгэмжлэл дээр банкны барьцаанд тавих асуудлаар л итгэмжлэл хийж өгсөн байдаг. Хууль журмын дагуу цаашид дамжуулах асуудал дээр итгэмжлэл өгсөн хүндээ мэдэгдэлгүйгээр зарсан асуудал нь өөрөө хууль бус байна, хуулийн дагуу явагдаагүй байна. Тийм учраас И.Х-ийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Яагаад гэхээр эх сурвалж нь хууль журмын дагуу явагдаагүй итгэмжлэлийн үндсэн дээр хийгдсэн учраас нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.Д-ээс Д.Д-д олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хуулийн дагуу ажиллагаанууд хийгдэж маргаан бүхий зүйлийн шударга эзэмшигчээр И.Х- болсон байдаг. Итгэмжлэлийг хууль бусаар хийсэн гэдэг тайлбар хийж байна. Итгэмжлэл нь хууль бус байсан эсэх талаар өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад, итгэмжлэл хүчин төгөлдөр байжээ гээд Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тийм учраас итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн. Хууль ёсны дагуу хийгдсэн итгэмжлэлийн үндсэн дээр дараа дараагийн процессууд хийгдээд хуулийн дагуу өмчлөх эрх Д.Д-гоос И.Х- руу шилжсэн. Л.Д-ийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хэлбэр дүр үзүүлээд яваад байгаа. Түүнээс биш яг газар миний эзэмшил, үүнийг би буцааж авах зорилготой байсан гэдэг санаа зорилгыг маргаан гарснаас хойшхи хугацаанд ямар ч ийм хүсэл зоригийг илэрхийлдэггүй. Одоо шүүх хуралдаан дээр ийм зүйл ярьж байна. Энэ маргааныг шийдвэрлэснээр гуравдагч этгээд Д.Д-гийн эрх ашиг нь зөрчигдөхөөр зүйл байхгүй. Харин ч үүнийг шударгаар шийдвэрлэж өгөх нь гуравдагч этгээд Д.Д-д ашигтай байгаа. Л.Д-тэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр. Тухайн үед Л.Д-нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд төлбөр мөнгө нь төлөгдөөд энэ гэрээ хийгдсэн Тийм учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаад гуравдагч этгээдийн зүгээс гайхаж байна. Нэгэнт И.Х- нь худалдах худалдан авах гэрээгээр уг хөрөнгийг худалдан авсан. Мөн газар эзэмших эрхийг нь тухайн үед сунгуулаад явж байсан. Төлбөрийг нь төлж байсан учраас шударга эзэмшигч байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө тухайн үед хэнд яаж зарах нь хуулиар олгогдсон эрх байгаа. Үүнийхээ дагуу И.Х-д зарсан байгаа. Ийм учраас нэхэмжлэгч И.Х-гийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Л.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104 800 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас буцаан гаргуулж, хариуцагч Л.Д-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Х-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч Л.Д-миний бие гуравдагч этгээд Д.Д-той тохиролцож 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1018 м.кв талбайтай гарын өмчлөх эрхийг захиран зарцуулах эрх бүхий итгэмжлэл хийхдээ зөвхөн банкнаас хамтран зээл авч хуваан авах тухай тохирсон байдаг. Гэвч Д.Д- нь өөрөө нотариатч байсан давуу талаа ашиглан Д-ээр зөвхөн гарын үсэг зуруулж өөрт ашигтай гэрээг байгуулсан байна. Улмаар 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хамаатны хүн болох И.Х-д 10 000 000 төгрөгөөр зарсан нь анхнаасаа хууран мэхэлж хийсэн хэлцэл болох нь тодорхой баримттай харагддаг. Учир нь маргаж буй объект газар болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хад /13280/ Да хүрээ гудамж, 48 А тоот хаягт байршилтай 400 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь БЗД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн тогтоолоор томилогдсон хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ийн дүгнэлтээр 511 632 төгрөгөөр  /2015 оны 01 дүгээр сарын 23-ны байдлаар/ үнэлэгдсэн байдаг. Гэтэл хүнсний үйлчилгээний зориулалттай ийм үнэтэй объектыг 10 000 000 төгрөгөөр зарж өөрийн болгосон нь хариуцагчийг маш ихээр хохироож байгаа залилан мэхлэх үйлдэл болж байна. Шүүх анхны өмчлөгчийн эрхийг үл харгалзан шударга бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа Д.Д-, И.Х- нарын талд шийдвэр гаргаж байгаа нь шударга ёсны зарчим алдагдахад хүрч байна. Бидний зүгээс үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин хийлгүүлэх, улмаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч эрхийг маань хангаагүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

 

Нэхэмжлэгч И.Х- нь хариуцагч Л.Д-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хад /13280/ Да хүрээ гудамж, 48 А тоот хаягт байршилтай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Л.Д-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хэргийн 1-2, 25 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг 13 цаг 40 минутад эхэлж, 12 цагт дууссан гэж, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан эхэлсэн цаггүй, 09 цаг 20 минутад дууссан гэж тус тус тэмдэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна./1хх-56, 73 дугаар тал/

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хүсэлтээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хойшлуулж, талуудад хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэл 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр, шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэж хэргийг шийдвэрлэсэн он зөрүүтэй бичигджээ. Хэргийн оролцогч нарт гардуулсан шийдвэрүүд нь мөн 2017 оноор огноологдсон байгаа талаар давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талууд тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн удиртгал хэсэгт хэзээ гарсан болохыг тусгах зохицуулалтыг зөрчжээ./хэргийн 1хх-224-226, 2хх-5-9 дүгээр тал/

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулж, маргааны үйл баримт, давж заалдах гомдлын үндэслэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03677 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад хариуцагч Л.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.И

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Д.Д

 

                                                                                                С.Э