Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/00348

 

И.Хандмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1791 дүгээр магадлалтай, 

И.Хандмаагийн нэхэмжлэлтэй,

Л.Долгорсүрэнд холбогдох

Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс Л.Долгорсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл,

2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн XVII хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяа, Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батбаяр, Ш.Мягмарцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Дуламцоогоос Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 11 сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авсан, үйлдвэр үйлчилгээний байранд үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулах гэтэл Д.Дуламцоод худалдсан Л.Долгорсүрэн гэгч бусдад түрээслүүлэн ажиллуулж байгааг мэдээд энэ талаар хэлтэл би одоо өмчлөгч биш, чи хууль хяналтын байгууллагаар асуудлыг шийдүүлж албадан гаргуулахгүй бол гарахгүй байгаа юм гэж хэлсэн. Одоог хүртэл Л.Долгорсүрэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж И.Хандмаагийн өмчлөх эрхийг зөрчиж байна. Энэ асуудлаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 сард Л.Долгорсүрэнг хариуцагчаар татаж нэхэмжлэл гаргасан боловч Л.Долгорсүрэн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Дуламцоод 2013 оны 07 сарын 30-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргасны улмаас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 101/Ш32016/28712 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 сарын 11-ний өдрийн 101/ШШ2017/01022 дугаар шийдвэрээр Л.Долгорсүрэнгийн Д.Дуламцоод холбогдуулан гаргасан 2013 оны 07 сарын 30-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. И.Хандмаа миний өмч болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ, үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай, Ү-2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Л.Долгорсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, И.Хандмаагийн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Дуламцоо гэдэг хүнд өгсөн итгэмжлэлийн дагуу өмчлөх эрх шилжсэн. И.Хандмаа гэдэг хүнд шилжсэн талаар мэдээгүй, энэ тухайгаа хэлээгүй. Банкны барьцааны тухай яригдаж байсан болохоос биш И.Хандмаа гэдэг хүн 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан талаар надад нэхэмжлэл ирэхэд нь мэдсэн. Д.Дуламцоо гэдэг хүн надаас байнга зугтаж уулздаггүй. Д.Дуламцоод итгэмжлэл хийж өгөхөд хажууд нь байсан нарийн бичиг охин мэдэж байгаа. Анх энэ итгэмжлэлийг хийхэд энэ хүн нотариатынхаа давуу эрхийг ашигласан. Намайг гарын үсгээ зурж өгөөд явчих гэхээр нь би хоёр гурван цаасан дээр гарын үсгээ зурчхаад явсан. Тэгээд И.Хандмаа гэдэг хүн шилжүүлж авчихаад хууль ёсны эзэмшигч нь байна гээд байгааг шударга бус гэж үзэж байна. Энэ бол боломжгүй зүйл гэжээ.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд: Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох миний эзэмшил өмчлөлд байсан Баянзүрх дүүргийн XVII хороо Шархад /13280/ Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах Үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв талбайтай ,Ү- 2204024101 улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй ,Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000358050 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг 2014 оны 11 сарын 18-ны өдөр миний өгсөн итгэмжлэлийн дагуу Д.Дуламцоогоос И.Хандмаа нь 10,000,000 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү хэлцэл нь төлөөлүүлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон хэлцэл болсон тул миний зүгээс уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Миний бие 2013 оны 07 сарын 30-ны өдөр Д.Дуламцоод Баянзүрх дүүрэг, 17- р хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м.кв газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон. Д.Дуламцоо нь миний үл хөдлөх хөрөнгийг Капитрон банканд 54,000,000 төгрөгийн барьцаанд байсныг суллаад өөрийн зээл авах төрийн банкны барьцаанд тавьсан. Би Д.Дуламцоотой холбогдох гэж оролдоход олдохгүй байсан. Удалгүй Төрийн банкнаас ярьж таны барьцаанд байгаа зүйлийг зарж борлуулна гэж хэлсэн. Ингээд өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж авья гэхэд Д.Дуламцоо нь өөрийн хамаатан И.Хандмаа гэх хүнд 10,000,000 төгрөгөөр зарсан байсан. Яагаад ийм хямдхан зарж байгаа юм бэ гэхэд чи тэгвэл 54,000,000 төгрөгөө өгчих, тэгвэл би буцаагаад өөрийн чинь нэр дээр шилжүүлье гэж хэлж байсан. Д.Дуламцоо бид хоёрын анхны тохиролцоогоор Төрийн банкнаас 1 тэрбум төгрөг авсан тохиолдолд 300,000,000 төгрөгийг надад өгөх, зарсан тохиолдолд зах зээлийн ханш буюу 500,000,000 төгрөгөөр зарна гэдгийг ойлголцсон байсан. Иймд зах зээлийн ханшнаас хэт доогуур, миний хүсэл зорилгыг буруу илэрхийлж хамаатан болох И.Хандмаад 10,000,000 төгрөгөөр зарсан нь надад илт хохиролтой хэлцэл хийсэн гэж үзэж байна. Энэ нь иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл, миний үл хөдлөх эд хөрөнгийг зэх зээлийн ханшнаас хэт доогуур буюу миний хүсэл зорилгыг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр уг хэлцлийг хийсэн нь төлөөлүүлэгчийн эрхийг зөрчиж байгаа асуудал юм. Хэрэв шүүхээс өмчлөх эрхийг сэргээлгэсэн тохиолдолд миний бие капитрон банкны барьцаанаас чөлөөлөхөд зарцуулсан 54,000,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэгт заасан хэлцэл хийгч этгээд, хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, төлөөлөгч буюу зуучлагч нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл зорилгыг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцэл гэх үндэслэлээр И.Хандмаатай байгуулсан 2014 оны 11 сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийгдсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож, Л.Долгорсүрэн миний биеийг нийслэлийн Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 133023/0004 нэгж талбарын дугаартай 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: Хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэг, мөн хуулийн 70 дугаар зүйлд зааснаар нэхэмжилсэн нь буруу байна. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т зааснаар төлөөлөгч нь үйлчлүүлэгчийнхээ хүсэл зоригийг буруу ташаа мэдээлсний үндсэн дээр хийсэн хэлцэл, эсвэл мөн хуулийн 70 дахь хэсэгт зааснаар өөртэйгөө хийсэн хэлцэл гэж үзэж байгаа нь дараах нотлох баримтуудаар нотлогдохгүй байгаа болно. И.Хандмаа, Д.Дуламцоо нарын хооронд 2014 оны 11 сарын 14-ний өдөр БЗД, 17 дугаар хороо, Шархад Да хүрээ гудамж, 48 тоотод байрлах үйлчилгээ үйлдвэрлэлийн зориулалттай 400 м.кв үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байна. Гэтэл хариуцагч Л.Долгорсүрэн, Д.Дуламцоо нарын хооронд 2013 оны 07 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, 1018 м.кв газрыг банкны зээлийн барьцаанд тавих, худалдах эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл хийгдсэн байх бөгөөд энэхүү итгэмжлэлээр үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байж таарахгүй юм. Л.Долгорсүрэн, Д.Дуламцоо нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ 2013 оны 07 сарын 30-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд мөн өдрөө газрыг худалдах итгэмжлэл хийж өгсөн байх нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Дуламцоогийн газрыг шилжүүлэх процессын ажиллагаа нь НЗД-аас 3 сард 1 удаа явагддаг тул хурдавчлах үүднээс итгэмжлэл хийгдсэн гэх тайлбар нь үндэслэлтэй байна. Мөн хариуцагч Л.Долгорсүрэн, И.Хандмаа надад гаргасан сөрөг нэхэмжлэлдээ хариуцагчид огт хамааралгүй Д.Дуламцоо бид хоёрын хооронд байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй юм. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбарт: 2013 оны 07 сарын 29-ний өдөр Л.Долгорсүрэнгээс Д.Дуламцоод олгосон итгэмжлэлийн үндсэн дээр хуулийн дагуу ажиллагаанууд хийгдэж маргаан бүхий зүйлийн шударга эзэмшигчээр И.Хандмаа болсон байдаг. Итгэмжлэлийг хууль бусаар хийсэн гэдэг тайлбар хийж байна. Итгэмжлэл нь хууль бус байсан эсэх талаар өөрсдөө шүүхэд нэхэмжлэл гаргаад, итгэмжлэл хүчин төгөлдөр байжээ гээд Баянгол дүүргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. Тийм учраас итгэмжлэл хуулийн дагуу хийгдсэн. Хууль ёсны дагуу хийгдсэн итгэмжлэлийн үндсэн дээр дараа дараагийн процессууд хийгдээд хуулийн дагуу өмчлөх эрх Д.Дуламцоогоос И.Хандмаа руу шилжсэн. Л.Долгорсүрэнгийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн хэлбэр дүр үзүүлээд яваад байгаа. Түүнээс биш яг газар миний эзэмшил, үүнийг би буцааж авах зорилготой байсан гэдэг санаа зорилгыг маргаан гарснаас хойших хугацаанд ямар ч ийм хүсэл зоригийг илэрхийлдэггүй. Одоо шүүх хуралдаан дээр ийм зүйл ярьж байна. Энэ маргааныг шийдвэрлэснээр гуравдагч этгээд Д.Дуламцоогийн эрх ашиг нь зөрчигдөхөөр зүйл байхгүй. Харин ч үүнийг шударгаар шийдвэрлэж өгөх нь гуравдагч этгээд Д.Дуламцоод ашигтай байгаа. Л.Долгорсүрэнтэй хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр. Тухайн үед Л.Долгорсүрэн нь өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд төлбөр мөнгө нь төлөгдөөд энэ гэрээ хийгдсэн. Тийм учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаад гуравдагч этгээдийн зүгээс гайхаж байна. Нэгэнт И.Хандмаа нь худалдах-худалдан авах гэрээгээр уг хөрөнгийг худалдан авсан. Мөн газар эзэмших эрхийг нь тухайн үед сунгуулаад явж байсан. Төлбөрийг нь төлж байсан учраас шударга эзэмшигч байсан. Энэ үл хөдлөх хөрөнгөө тухайн үед хэнд яаж зарах нь хуулиар олгогдсон эрх байгаа. Үүнийхээ дагуу И.Хандмаад зарсан байгаа. Иймд нэхэмжлэгч И.Хандмаагийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.2.4-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгч И.Хандмаагийн хариуцагч Л.Долгорсүрэнг Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэл, хариуцагч Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэгч И.Хандмаад холбогдуулан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 175,000 төгрөгөөс 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 175,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 104,800 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч И.Хандмаад олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1791 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч И.Хандмаагийн нэхэмжлэлийг хангаж, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-220424101 дугаартай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Л.Долгорсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэгч И.Хандмаад холбогдуулан гаргасан 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгчийн илүү төлсөн 104,800 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгч И.Хандмаад оргосугай гэснийг хариуцагч Л.Долгорсүрэнгээс 70,200 төгрөгийг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс илүү төлсөн 104,800 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч И.Хандмаад олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.10.11-ний өдрийн 1791 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрээр үндсэн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Иргэний хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч И.Хандмаа нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гуравдагч этгээд Д.Дуламцоогоос шилжүүлэн авсан боловч худалдах-худалдан авах гэрээний зүйл болох орон сууцны эзэмшлийг шилжүүлэн аваагүй, эзэмшлийг шилжүүлэхийг гэрээний нөгөө тал Д.Дуламцоогоос шаардсан үйл баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Иргэний хуулийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэхийг гуравдагч этгээдээс шаардах эрхтэй байхад хариуцагчид холбогдуулан шаардлагаа гаргасан нь хуульд нийцэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон байна. 2019.10.11-ний өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг хэлэлцээд нэхэмжлэгч И.Хандмаагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Миний зүгээс Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч И.Хандмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь үндэслэлтэй, маргаж буй объект газар болох Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Шар хад Да хүрээ гудамж, 48А тоот хаягт байршилтай 400 м.кв үл хөдлөх эд хөрөнгө нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн тогтоолоор томилогдсон хөрөнгийн үнэлгээ төслийн Лэндс ХХК-ийн дүгнэлтээр 511,632 сая төгрөгөөр үнэлэгдсэн байдаг. Гэтэл үйлчилгээний зориулалттай ийм өндөр үнэтэй обьектыг 10 сая төгрөгөөр Д.Дуламцоо нь И.Хандмаад худалдсан гэдэг боловч Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн 2014260006445 дугаартай хэрэгт И.Хандмаа нь гэрчээр мэдүүлэхдээ уг обьектыг Д.Дуламцоо нь надад худалдаагүй, харин 60 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэсэн байхад уг нотлох баримтыг үнэлэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч И.Хандмаа нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017.09.07-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа иргэн Д.Дуламцоогоос уг үл хөдлөх хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 10 сая төгрөгөөр худалдаж авсан гэдэг боловч 2015.03.19-ний өдөр 69 тоот Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын хяналтын прокурор Батмөнх, Б.Батхишигийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын олсон нь хэсэгт уг обьектыг Д.Дуламцоо нь худалдаагүй, 60 сая төгрөгийн барьцаанд тавьсан нь гэрч И.Хандмаагийн мэдүүлэг, бусад баримтуудаар нотлогдож байгаа гэж мөрдөн байцаалтад гэрчээр И.Хандмаагийн энэ талаар өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон байдаг. Энэ нь анхнаасаа уг үл хөдлөх хөрөнгө Д.Дуламцоогийнх, харин И.Хандмаа нь уг газрыг барьцаанд авсан болохыг нотолж байгаа бөгөөд И.Хандмаа нь Иргэний хэргийн шүүхэд худал баримтыг үндэслэж намайг хохироож байгаад гомдолтой байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76.1, 77-р зүйлд зааснаар Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг хариуцагч надад мэдэгдээгүй, үүний улмаас тус шүүх хуралдаанд оролцож байр сууриа хуулийн дагуу илэрхийлэх, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тус шүүх хурлын товыг асуухад хурал одоогоор товлогдоогүй байна гэж байсан боловч бидэнд мэдэгдэлгүйгээр хурлыг хийсэнд гомдолтой байгаа болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И.Хандмаа нь хариуцагч Л.Долгорсүрэнд холбогдуулан Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2014.11.18-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн XVII хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шийдвэрт давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

1.    Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч И.Хандмаа нь маргаж буй Баянзүрх дүүргийн XVII хороо, Шархад /13280/ Да хүрээ гудамжны 48 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2204024101 дугаартай, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалт бүхий 400 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2014.11.18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх бөгөөд тэрээр иргэн Д.Дуламцоогоос 2014.11.18-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үндсэн дээр 10,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж уг хөрөнгийн өмчлөх эрх үүссэн үндэслэлээ тайлбарласан.

Харин маргааны зүйл болж буй дээрх хөрөнгө нь хариуцагч Л.Долгорсүрэнгийн эзэмшил, ашиглалтад байгаа талаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд маргаагүй байна.

2014.11.18-ны өдөр нэхэмжлэгч И.Хандмаа, гуравдагч этгээд Д.Дуламцоо нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг гуравдагч этгээд хүлээсэн, гэрээний 3-т тухайн шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй гэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж талуудын эрх, үүргийн зохицуулалтыг хийсэн байх бөгөөд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүргийн гол шинж нь нэг өмчлөгчөөс нөгөө өмчлөгчид хөрөнгө шилжих үйлдэл хийгдэх ёстой байдаг.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өмчийн эрх зүйн агуулгаар тодорхойлсон боловч шаардлагын үндэслэл нь гуравдагч этгээд Д.Дуламцоотой байгуулсан гэрээний үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан байх бөгөөд худалдагч Д.Дуламцоо нь шилжүүлж буй хөрөнгийн өмчлөл болон эзэмших эрхийг худалдан авагч И.Хандмаад бодитой шилжүүлэн өгөх үүрэгтэй, худалдан авагч И.Хандмаа хөрөнгийг хүлээн авах, шилжүүлэн өгөхийг шаардах эрхтэй.

Хэргийн баримт, зохигч болон гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр гуравдагч этгээд Д.Дуламцоогоос шилжүүлэн авсан боловч гэрээний зүйлийг хүлээн аваагүй, эзэмшлийг шилжүүлэхийг худалдагч талаас шаардсан үйл баримт тогтоогдоогүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд Д.Дуламцоо нь өөрийн худалдсан хөрөнгөө худалдан авагч буюу нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй явдалд хариуцагчийн ямар үйлдэл саад болж байгаа талаар нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээдээс шүүхэд баримтыг ирүүлээгүй байна.

Гуравдагч этгээд болон хариуцагч нарын харилцан маргаантай байдал нь хариуцагч Л.Долгорсүрэнг тус үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэх үндэслэлийг үгүйсгэх ба нэхэмжлэгчийн хувьд гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг үндэслэж хариуцагчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгөөс албадан чөлөөлүүлж, шилжүүлэн өгөхийг шаардах эрхийг бий болгохгүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д нийцсэн, шүүх хэргийн баримтыг үнэлэхдээ хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс эрх зүйн буруу дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийн үндэслэл болсон худалдах-худалдан авах гэрээний үүргийн хэрэгжилтийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчийн улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн баримтыг үндэслэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3-т нийцсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн гомдлын энэ хэсгийг хангана.

2.    Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч И.Хандмаа, гуравдагч этгээд Д.Дуламцоо нарын хооронд 2014.11.18-ны өдөр байгуулагдсан Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 58.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Баянзүрх дүүргийн XVII хороонд орших нэгж талбарын 133023/004 дугаартай, 1018 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хариуцагч Л.Долгорсүрэн гаргажээ.

Тэрээр худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагынхаа үндэслэлийг ...итгэмжлэлийн дагуу гэрээ хийгдэхдээ төлөөлүүлэгчийн эрх ашгийг илтэд хохироосон гэсэн байх боловч итгэмжлэлийн тухайд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017.04.17-ны өдрийн 1022 дугаартай шийдвэрээр дүгнэлт өгч, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул энэ талаар шүүх дахин дүгнэх шаардлагагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 500,000,000 төгрөг гэж, гуравдагч этгээдэд олгосон итгэмжлэлийн үр дүнд 300,000,000 төгрөгийг хүлээн авах, 54,000,000 төгрөгийн зээл чөлөөлүүлсэн гэсэн тайлбаруудыг гаргасан ч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан 400 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, мөн 1018 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шаардаж буй шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугээр зүйлийн 38.1-д зааснаар үндэслэл бүхий байдлаар шүүхэд нотлоогүй гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх, эрх үүргийн зохицуулалтыг хэргийн баримтын хүрээнд зөв хэрэглэсэн байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд ...давж заалдах шатны шүүхээс хурлын тов мэдэгдэлгүйгээр хурал хийсэн гэсэн нь үндэслэлгүй, II хавтаст хэргийн 167 дахь талд тов мэдэгдсэн баримт байна.

Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1791 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2019/02176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн 175,000,00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД