| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0099/э |
| Дугаар | 334 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Х.Батчимэг |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 334
П.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 173 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалтай, П.Э-д холбогдох 1706000000327 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан Б овогт П-ийн Э.
П.Э- нь Т.Н-тэй /хэргийг нь тусгаарласан/ бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 0600 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Э-ны эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх П.Э-г бүлэглэж, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокуророос П.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Э-гийн цагдан хоригдсон 236 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Э-, түүний ар гэрээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дансанд байршуулсан 100.000 төгрөгийг хохирогч Ж.Э-д олгохоор шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасныг тус тус журамлан Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй” гэж, 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч П.Э- гаргасан гомдолдоо “Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн учир 1 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн юм. Харин давж заалдах шатны шүүх ял нь хөнгөдсөн гэсэн үндэслэлээр хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хуулийн заалтаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан хорих ялын хугацааг цагдан хоригдсон хугацаатай дүйцүүлэн ялаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүх магадлалаар зассан. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э-гийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
П.Э- нь Т.Н-тэй /хэргийг нь тусгаарласан/ бүлэглэн 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өглөөний 0600 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ж.Эы эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, 100.000 төгрөгийг дээрэмдэн авч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Прокуророос П.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд П.Э-гийн бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг “Шүүх нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул П.Э-гийн үйлдсэн гэмт хэргийг зүйлчлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь зүйтэй бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр уг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.
Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э-гийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 467 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Э-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН