Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2016/0978/з |
Дугаар | 221/МА2016/0217 |
Огноо | 2017-03-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2016/0217
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнх-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Хууль сахиулахын их сургуулийн захиралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг баримтлан Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийн, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “...Нэг. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн нөхцөл байдлын талаар. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...С.Бат-Эрдэнэ жижүүрийн офицерийн гүйцэтгэх чиг үүрэгт огт хамааралгүй түүнчлэн ямар нэгэн доголгүй, цахилгааны эх үүсвэрийг шалгах шаардлагагүй нөхцөл байдалд дээрх үйлдлийг хийсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн” гээд “хариуцагчийн шийдвэрийг буруутгах аргагүй” гэж дурджээ. Гэтэл тухайн нөхцөлд Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэн надтай тааралдаж “цахилгаанчин Ж.Батжаргал олдохгүй байна, чи очоод Хууль сахиулахын их сургууль гэсэн гэрэлт бичгийг асаа” гэсэн үүрэг өгсний дагуу миний бие АП-100 маркийн автоматыг асаалгасан.
Гэтэл энэхүү нөхцөл байдлыг илт хууль бусаар өөрчилж, намайг өөрийн санаачлагаар уг автоматыг унтраасан мэтээр шүүх албаны шалгалтын баримт материал болон шаардлагатай нотлох баримтуудыг дутуу судлан дүгнэлт гаргаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон. Мөн тушаал өгсөн Н.Цэдэвсүрэнгээс бодит нөхцөл байдлыг тодруулах ямар нэгэн ажиллагаа явуулаагүй, хариуцагчийн тайлбараар хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.
“Туяа оройн тоо” арга хэмжээ эхлэхийн өмнө 17 цаг 30 минутын орчимд намайг цахилгаанчин Г.Шинэбаярт арга хэмжээ явуулж байхад чинь тог тасарвал яах вэ, хамаг юм чинь шатвал яах вэ гэж ярьж яваад байна гэдгийг хошууч Х.Наранбаатарт ирж хэлсэн гэдэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэжээ. Гэтэл миний бие тухайн үед цахилгааны инженерийн ажлаа өгөөд 5-6 хонож байсан. Нэгдсэн арга хэмжээний өмнө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК руу урьдчилж арга хэмжээний талаар анхааруулж хэлэх үүрэгтэй байдаг. Гэтэл үүнийг мушгин гуйвуулж, урьдчилж санаатайгаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан мэтээр бодит байдлаас эрс тэс өөр дүгнэлтийг хийсэн.
Миний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас талбайн гэрэл 2-3 секунд унтраад ассан гэдгийг тогтоогоогүй. Энэ үед зөвхөн талбайн гэрэл унтарсан болохоос микрофон, яригч зэрэг хэвийн ажиллаж, арга хэмжээ тасалдаж зогсоогүй. Эдгээр нь өөр цахилгааны эх үүсвэртэй холбоотой байдаг. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг хавтаст хэрэгт огт аваагүй, байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй.
АП-100 маркийн автоматтай холбоогүй тусдаа гэдгийг цахилгааны инженерээр ажиллаж байсан С.Бат-Эрдэнэ сайн мэддэг байсан гэдгийг шийдвэрийн Үндэслэх хэсэгт тусгасан. Гэтэл миний бие тухайн үед ерөнхий цахилгааны инженерийн ажлаа өгөөд 5-6 хонож байсан. Намайг ажиллаж байхад уг АП-100 маркийн автомат Хууль сахиулахын их сургууль гэсэн бичигтэй холбоотой байсан ба тухайн үед тус автоматаас салгасан байсныг миний бие мэдээгүй. Намайг инженерээр ажиллаж байхад уг автоматаар “Хууль сахиулахын их сургууль” гэсэн бичгийг асаадаг байсныг сургуулийн ерөнхий жижүүрүүд бүгд мэднэ.
Хууль сахиулахын их сургуулийн зүгээс өөрсдийн хууль бус тушаал шийдвэрийг хамгаалахын тулд бодит байдлыг мэдэж байсан одоо ажиллаж байгаа албан хаагч, ажилтнуудад хууль бусаар нөлөөлж, гэрчийн мэдүүлэг, холбогдох нотлох баримтуудыг хууль бусаар бүрдүүлэн өгч байгааг шүүх огт тогтоолгүй, хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Шүүх хэрэг маргааны бодит байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтуудыг Хууль сахиулахын их сургуулиас бүрэн дүүрэн татаж аваагүй, худал хуурмаг, гүжирдлэгийн шинжтэй үйл ажиллагаа явуулсантай холбоотой Хууль сахиулахын их сургуулийн архивын баримт бичгүүдэд шүүхийн үзлэг хийгээгүй зэрэг хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаануудыг бүрэн явуулаагүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ огтхон ч биелүүлээгүй, хариуцагчийн хууль бус тайлбарт үндэслэн хэрэг маргааныг хянан шийдвэрлэж миний эрхийг хохироосон.
Хоёр. Хэрэг маргааныг хянан шийдвэрлэж гаргасан шүүхийн шийдвэрийн талаар. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “Туяа оройн тоо” арга хэмжээний үеэр сургуулийн 1 дүгээр байр, жагсаалын талбайн хэсгийн гэрэлтүүлэх цахилгаан эх үүсвэрийг тэжээдэг АП-100 автоматын пускателийг мэргэжлийн бус хүнд үүрэг өгч салгасан үйлдэл нь... “намайг сургуулийн эсрэг үйл ажиллагаа явуулсан” гэх үндэслэлээр явуулсан зохих журмын дагуу явагдаагүй, асуудлыг нэг бүрчлэн тогтоогоогүй, журмыг зөрчиж явуулсан албаны шалгалтын дүнг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь гаргасан зөрчилтэй нь нийцсэн” гэж дүгнэн шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн тавьж буй үндэслэлд дүгнэлт өгөлгүй.
Мөн Үндэслэх хэсэгт “...ямар нэг шалтгаангүйгээр үйлдсэн өөрийн үйлдлийг буруутай гэж хүлээн зөвшөөрсөн байна”, нөгөө талаар “Туяа оройн тоо” арга хэмжээ нь жилд нэг удаа буюу сонсогчдын төгсөлтийн үеэр зохион байгуулагддаг, ангийн тугийг захирагчийн тушаалаар гаргаж буцаан залдаг, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид уригдан оролцдог ангийн нүүр царай болсон хүндэтгэлийн арга хэмжээ гэдэг утгаараа алба хаагч бүр хариуцлагатай байж байгууллагын соёл, дэг журмыг сахин, төрийн тусгай албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчихгүй байх үүрэгтэй” гэх дүгнэлтийг хийсэн боловч “Туяа оройн тоо” арга хэмжээ юу болох талаар баримт байхгүй, зөвхөн гэрчээр оролцсон зарим хүмүүсийн тайлбар, хариуцагчийн гаргасан тайлбарыг үндэслэн дээрх дүгнэлтийг хийсэн нь ямар ч үндэслэлгүй.
“...Н.Цэдэвсүрэн хурандаагийн өгсөн үүргийн дагуу “Хууль сахиулахын их сургууль” гэсэн гэрэлт самбарыг асаах үүргийн дагуу тухайн гэрэл асаах үүргийг Г.Алтансүхэд өгсөн нь тухайн “Туяа оройн тоо” арга хэмжээг санаатайгаар тасалдуулах гэсэн шууд санаатай үйлдэл хийгээгүй үүнийг албаны шалгалтаар болон шүүхээс тогтоолгүйгээр хийсвэр байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Н.Цэдэвсүрэн дэд хурандаагийн өгсөн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч худлаа хэлж байна гэж үзэн нэхэмжлэгчийн тайлбарыг шууд үгүйсгэж түүний мэдүүлгээр нотлогдож байна гэж хэт өрөөсгөл дүгнэлт хийсэн.
Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай журмын 4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу сургуулийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулсан эсэх, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан эсэхийг нарийн шалгаж, нэхэмжлэгчийн эрхийг хангаж асуудлыг шийдвэрлэх ёстой. Зөвхөн захирлуудын зөвлөлийн хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулснаар дээрх журам болон Албаны шалгалт хийх журамд заасан эрхийг бүрэн хангасан, зөрчлийг нарийн тогтоосон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч сургуулийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилго санаатайгаар гэрлийг унтраах үүргийг бусдад өгсөн эсэх, эсхүл хэн нэгний өгсөн үүргийн дагуу гэрлийг асаах үйлдлийг хийсэн эсэх, АП-100 маркийн ампер буруу харсан байрлалтай байсныг мэдэж байсан эсэх, ямар хэмжээний хохирол учирсан болохыг нарийн шалгаж тогтоогоогүй, үүнийг шалгаж тогтоох боломж хариуцагч болон шүүхэд хангалттай байхад тэгэлгүйгээр шууд буруутгаж “...сургуулийнхаа эсрэг үйл ажиллагаа хийсэн” гэж байгаа нь ямар ч үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгчийн хувьд сургуулийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулах ямар ч далд муу санаа байхгүй, зөвхөн асахгүй байсан гэрэлт самбарыг үүргийн дагуу асаах зорилготой байсан боловч тухайн АП-100 маркийн автомат буруу харсан байрлалтайг мэдээгүй гэж тайлбарласныг буруугаар мушгин цахилгааны мэргэжилтэй, цахилгаанчнаар ажиллаж байсан гэдэг шалтгаанаар заавал буруу харсныг мэдэх ёстой гэж тулгасан дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй, буруу харуулсан байрлалтай байсныг мэдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байхад түүнийг анхаарч үзээгүй.
Түүнчлэн албаны шалгалтын тухайд тухайн албаны шалгалтыг явуулах албан тушаалтан эрх үүргээ яаж хэрэгжүүлэх, шалгуулж байгаа албан хаагчийн эрхийг хэрхэн хангах, сахилга, ёс зүйн зөрчилд хамаарах баримт сэлтийг цуглуулах, үнэлэх, зөрчлийг тогтоох ажиллагааг зохицуулсан журмын дагуу явагдаагүй. Ямар баримт сэлтийн үндсэн дээр зөрчлийг тогтоож байгаа талаар албан ёсоор танилцуулаагүй, нэмэлт тайлбар, баримт сэлт гаргаж өгөх боломжоор хангаагүй. Яагаад Н.Цэдэвсүрэн дэд хурандаа үүрэг өгөөгүй тухай болон бусад хүмүүсийн өгсөн тайлбарыг танилцуулаагүй, шууд захирлын зөвлөлийн хуралдаанаар оруулж, тухайн үед санамсаргүй байдлаар ийм зүйл хийсэн нь миний буруу гэж хэлснийг зөрчлийг санаатайгаар хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх байдлаар дүгнэж, нотлох баримтыг буруу үнэлсэн.
Шийдвэрт Хууль сахиулахын их сургуулийн захирлын тушаал илт хууль бус байгааг огт тогтоож шийдвэрлээгүй. Тухайлбал, хууль бус тушаалд “...хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн, хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн” гэсэн нь илт хууль бус гэж үзэж байна. Учир нь Хууль сахиулахын их сургууль нийт 490 гаруй төрийн албан хаагч, ажилтнуудтай бөгөөд эдгээр албан хаагч, ажилтнуудын мөрддөг журам нь тус тусдаа байдаг. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйлүүдэд заасанчлан төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагч нарт хөдөлмөрийн дотоод журам огт хамааралгүй, сахилга ёс зүйн асуудлыг нь зохицуулсан дүрэм байх ёстой. Гэтэл энгийн ажилтнуудад хамаарах хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэж огт үндэслэлгүй, хамааралгүй журам баримтлан тушаал гаргаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөнийг шүүх бүрэн дүүрэн тогтоогоогүй.
Шийдвэрт С.Бат-Эрдэнийн гаргасан алдаатай, буруутай үйл ажиллагааг тогтоосон албаны шалгалтыг зөв мэтээр үнэлж дүгнэсэн. Учир нь бодит байдал дээр албаны шалгалтыг хууль зөрчиж явуулсан. Тухайлбал, албаны шалгалтыг явуулсан хошууч Х.Наранбаатар нь “...чи хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан энэ чинь тогтоогдсон тийм биз дээ” гэж тулган шаардаж, зүй бусаар харьцаж илт буруутай мэтээр асуудалд хандаж тайлбар, мэдүүлэг авсан. Гэтэл хууль тогтоомжоор олгогдоогүй хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж тийм эрх байгаа мэтээр надтай зүй бусаар харьцаж албаны шалгалт явуулсан бөгөөд хэрэв үнэхээр хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан бол Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад заасан үндэслэл журмын дагуу тагнуулын байгууллага шалгаж тогтоох байсан гэж бодож байна.
Иймд миний бие шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хэмээн үзэж байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг үндэслэн Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч С.Бат-Эрдэнэд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагчаас дээрх шийдвэрийн үндэслэлээ “Их сургуулийн 2016 оны “Туяа оройн тоо” нэгдсэн арга хэмжээний үеэр цахилгааны АП-100 маркийн автоматыг буулгаж, их сургуулийн үйл ажиллагааг санаатайгаар тасалдуулж, төрийн албан хаагчийн сахилга ёс зүйг ноцтой зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон” гэж тайлбарлажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан Хууль сахиулахын их сургуулийн “Туяа оройн тоо” нэгдсэн арга хэмжээний үеэр жагсаалын талбайн хэсгийн гэрэл унтарсан бөгөөд тухайн асуудлаар их сургуулийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын баталсан удирдамжийн дагуу шалгалт явуулж, Захирлын зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцэн тухайн хэсгийг гэрэлтүүлэх цахилгаан эх үүсвэрийг тэжээдэг цахилгааны АП-100 амперын автоматыг мэргэжлийн бус хүнд үүрэг өгч салгасан С.Бат-Эрдэнийн үйлдэл нь холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзжээ.
Гэтэл их сургуулийн дотооддоо хийсэн хяналт шалгалтын үеэр өгсөн Цэргийн зохион байгуулалт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Цэдэвсүрэнгийн тайлбар[1]-аар нэхэмжлэгчийн “удирдах албан тушаалтны өгсөн үүргийн дагуу “Хууль сахиулахын их сургууль” гэрэлт самбарыг асаах зорилгоор төхөөрөмжийг асаах үүргийг сантехникийн слесарь Г.Алтансүхэд өгсөн” гэсэн нь нотлогдож байх тул С.Бат-Эрдэнийг санаатайгаар сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, “сургуулийн үйл ажиллагааг тасалдуулах зорилгоор бус өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцдаа санамсаргүйгээр цахилгааныг тасалсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
Мөн хариуцагчаас “зөрчил нь дотоод хяналт шалгалтын явцад тогтоогдсон” гэж тайлбарлах боловч нэхэмжлэгчийг санаатайгаар сургуулийн үйл ажиллагааг тасалдуулсан гэх байдал нотлогдохгүй байхаас гадна хариуцагч байгууллагаас сахилгын зөрчлийг шалгах явцдаа уг байдлыг хангалттай тогтоож чадаагүй байна.
2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Туяа оройн тоо” арга хэмжээ тасалдаагүй, үргэлжлэн явагдсан бөгөөд энэ талаар талууд маргаагүй анхан шатны шүүхээс “арга хэмжээ нь жилд нэг удаа зохион байгуулагддаг …ангийн нүүр царай болсон хүндэтгэлийн арга хэмжээ” зэргээр хавтаст хэрэгт авагдаагүй, баримтаар тогтоогдоогүй асуудлаар хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг алба хаагчийн сахилга, ёс зүйг ноцтой зөрчсөн гэж буруутган, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.
Түүнчлэн С.Бат-Эрдэнэ сантехникийн слесарь Г.Алтансүхэд заавар өгч АП-100 маркийн автоматыг дээш сөхсөний улмаас гэрэл унтарсан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон боловч нэхэмжлэгчид “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэх орох эрхгүйгээр халах” сахилгын шийтгэлийг ногдуулсан нь зөрчлийн шинж байдал, гэм бурууд тохироогүй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны акт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “зөрчлийн шинж байдлыг харгалзах”-аар заасантай нийцээгүй, энэ нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицерийн ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон нэмэгдлийг 824.585 төгрөгөөр тооцож[2], ажлаас чөлөөлсөн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 7 сар 11 хоногийн цалин хөлстэй тэнцэх 6.193.975 төгрөгийн /824.585 х 7 сар=5.772.095, 11 хоног х 824.585:21.5 хоног=421.880/ олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг Хууль сахиулахын их сургуулийн захиралд тус тус даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.
Дээрх байдалд үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль сахиулахын их сургуулийн захирлын 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнийг Ахлагчийн сургуулийн жижүүрийн офицерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч С.Бат-Эрдэнэд 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.193.975 төгрөгийг Хууль сахиулахын их сургуулиас гаргуулан олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг, Цагдаагийн ахлах дэслэгч цолыг буцаан олгохыг Хууль сахиулахын их сургуулийн захиралд тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
[1] Хавтаст хэргийн 47 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 91 дүгээр тал