Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 164

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Лхагвасүрэн

улсын яллагч Н.Алтантүлхүүр

шүүгдэгч А.Анхболд,

насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр, түүний хууль ёсны төлөөлөгч     У.Оюунчимэг,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Тунгалаг /¹0324/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ариунболдын Анхболд, Боржигон Оюунчимэгийн Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 71 дүгээр гудамж 1118 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Ариунболдын Анхболд /РД- УХ96030439/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр сургуулийн 11 в ангийн сурагч, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 10 дугаар гудамж 624 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Оюунчимэгийн Шинэбаяр /РД- УХ01210594/

 

Холбогдсон хэргийн талаар: А.Анхболд, насанд хүрээгүй О.Шинэбаяр нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Амарбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Т.Амарбаярын биед зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч А.Анхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Т.Амарбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр...Өнө бар төвийн караокед найз нарын хамт сууж байгаад орой 20 цаг өнгөрч байхад гарахаар болоод гарсан чинь...манай найз цүнхээ караокед үлдээсэн гээд буцаж авах гээд очоод... караоке руу Солонго, Баатар хоёр ороод гарч ирээд машинд суугаад яг зодуулах гэж байна ш дээ бацаануудад...гэж хэлэхээр нь би машинаас буугаад караоке руу ороод тэд нарын сууж байсан өрөөнийх нь хаалгыг онгойлгоод Шинэбаярыг гараад ир ахын дүү уулзья гэж хэлсэн чинь гарч ирэхгүй болохоор нь би өрөө рүү ороод тулж очоод Шинэбаярыг чи яасан бид нартай үе болсон юм уу гэж хэлсэн чинь хариуд нь Шинэбаяр яасан би чамайг ахаа гэж дуудах ёстой юм уу гэж хэлэхээр нь би чи яасан том болсон юм бэ намайг танихгүй байгаа юм уу гэсэн. Тэгээд Шинэбаяр намайг чи гадаа байжээ би одоо ахыгаа дуудлаа гээд...ах нь гэх Ариунболд машинтайгаа ирэхэд... Шинэбаяр миний нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 1 удаа цохисон...дахиад цохих гэхээр нь би гарыг нь барьж авах санаатай урдаас нь хоёр гараа өргөсөн чинь Анхболд намайг нүүрэн тус газарт гараа атгаж байгаад 1 удаа цохиод би нүдээ анисан чинь дахиад цохисон. Тэгээд намайг доошоо тонгойсон чинь миний үснээс барьж доош нь дарж байгаад хөлөөрөө 1 удаа нүүрэн тус газар цохисон...надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15х/

 

Гэрч Т.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...20 цагийн орчим...Амарбаяр Шинэбаяртай хоорондоо юм яриад чи бид хоёр үе биш шүү гээд хэрэлдэж байсан... Анхболд ирсэн...эргээд хартал Амарбаярыг Анхболд гараараа цохиж байгаад хүзүүнээс нь доош нь дараад тонгойлгоод байхаар нь би боль гээд салгаж байсан чинь Анхболд дахиад хөлөөрөө 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/

Насанд хүрээгүй гэрч М.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн: “...Анхаа ах машинаас буугаад алхаж байсан чинь Шинэбаяр Т.Амарбаярыг нүүрэн тус газарт нь гараа атгаж байгаад хацар болон эрүү орчимд нь 1-2 удаа цохисон. Тэгээд Анхаа ах хүрч ирээд Амарбаяр дээр ирээд чи одоо яагаад байгаа юм бэ гээд... нүүрэн тус газарт нь хацар орчимд гараараа 1 удаа цохиод, хөлөөрөө 1 удаа гэдэс орчим жийсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 18-19х/

 

Гэрч Б.Дүүрэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...А.Анхболдыг нөгөө залуу нь яасан Анхаа гээд жоохон томрох маягтай байсан. Тэгтэл О.Шинэбаяр ахаа харснаа нөгөө залуугийн нүүр лүү шууд гараараа 1 удаа цохисон... Анхболд тэр залууг чи яасан гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр залууг нүүрэн тус газарт 1 удаа гараа атгаж байгаад цохисон, цээж орчимд нь хөлөөрөө өшиглөхөөр би...машинд суулгаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24х/

 

Насанд хүрээгүй яллагдагч О.Шинэбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг Т.Амарбаяр дээрэлхээд янз бүрээр хэлээд байхаар нь уур хүрээд зодсон... би Амарбаярын хажууд зогсож байсан болохоор нүүрэн тус газарт нь 1 удаа гараа атгаж байгаад хацар орчимд цохисон...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49х, 50-52х/

 

Яллагдагч А.Анхболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...Амарбаярыг дүү О.Шинэбаяр гараараа нүүрэн тус газарт нь шанаа орчимд нь цохисон... Амарбаярыг яасан гэж хэлээд нүүрэн тус газарт нь гараараа шанаа орчимд 1 удаа цохисон, тонгойхоор нь хөлөөрөө цээж орчим 1 удаа өшиглөсөн...зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55х, 56-58х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1966 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: Амарбаярын биед зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37х/

 

Шүүгдэгч А.Анхболдын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 70-77х/, насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаярын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 64-68х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63х, 69х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч А.Анхболд, насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний орой 20 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Амарбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас болж хоорондоо маргалдан муудалцах явцдаа Т.Амарбаярын биед зүүн зовхинд цус хуралт, дээд уруулын дотор салстад няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 46-49х, 50-52х, 53-55х, 56-58х/, хохирогч Т.Амарбаяр /хх-ийн 13-15х/, гэрч Т.Баатарын /хх-ийн 16-17х/, Б.Дүүрэнбаярын /хх-ийн 22-24х/, насанд хүрээгүй гэрч М.Гантулгын /хх-ийн 18-19х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт /хх-ийн 37х/, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цугларсан, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Иймд А.Анхболд, О.Шинэбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Т.Амарбаяр нь: “шүүгдэгч нартай учраа олсон. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 14-15х/ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэнийхээ улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

                

Насанд хүрээгүй шүүгдэгч О.Шинэбаяр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлоо арилгасан, насанд хүрээгүй /хх-ийн 11, 65х/ түүний хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч  А.Анхболдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж шүүхээс тохирох ял шийтгэлийг оногдуулав. 

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Ариунболдын Анхболд, насанд хүрээгүй шүүгдэгч Боржигон Оюунчимэгийн Шинэбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар А.Анхболдод 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар О.Шинэбаярт 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар О.Шинэбаярыг эх У.Оюунчимэгийн хяналтад байлгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар А.Анхболдыг албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольсугай.

 

5. А.Анхболд, О.Шинэбаяр нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Анхболд, О.Шинэбаяр нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.БАТГЭРЭЛ