Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 303

 

Б.Х-, Э.О- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 24 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалтай, Б.Х-, Э.О- нарт холбогдох 1832002320016 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа, С.Сувдаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б-н Х,

2. Монгол улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Э-н О.

Б.Х-, Э.О- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг Элсний ам гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцид багтдаг “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Х-, Э.О- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Х-, Э.О- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, уг албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч А.Хандмаа гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуульд нийцээгүй байна гэж үзэн хяналтын гомдол гаргаж байна.

1. Улсын яллагч 2019 оны 03 дугаар сарын 04-нд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх хүлээж авч шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 01 дугаартай дүгнэлт гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгерүүлж, хүндрүүлж болно.” гэж заасны хүндрүүлж ...” гэснийг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж заасны “... эсхүл хүндрүүлж ...” гэснийг, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж заасны “... эсхүл хүндрүүлж ...” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлссэн байна. Иймд улсын яллагчийн эсэргүүцэл биелэгдэх боломжгүй байхад давж заалдах шатны шүүхийн хүлээн авч 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд үр дагавар учруулах байсан гэж үзэж ял шийтгэлийг нь хүндрүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчиж Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль шүүхийн өмнө эрх, тэгш байх гэсэн зарчмыг алдагдуулж байна.

2. Давж заалдах шатны шүүх нь хэргийн бодит байдал, зөв бурууг хуульд зааснаар хянаж шударга шийдвэр гаргаагүй, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлүүд хангагдсан эсэхэд дүгнэлт хийгээгүй, хийх боломж байсаар байтал шууд шүүгдэгчийн ялыг хүндрүүлж оногдуул гэсэн санааг илэрхийлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцааж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шат шүүх хэргийг тал бүрээс нь судлаж тухайн хүний хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байлыг харгалзан хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд заавал хорих ял оногдуулна гэсэн зүйл заалт хуулинд байхгүй билээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заажээ. Сурч боловсрох, улс орны ирээдүй болж байгаа залуусынхаа эрхийг заавал хязгаарлахгүйгээр шийдвэр гаргасан анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглээгүй гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүхэд шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч С.Сувдаа гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул гомдол гаргаж байна.

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн хүний эрхийг зөрчсөн шийдвэр боллоо гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шударга ёсны зарчмыг тодорхойлохдоо эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирно” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус хуульчилсан бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдалд бүрэн, хууль ёсны дүгнэлт өгөлгүйгээр хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн зорилго хууль ёсны зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлвэл шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй хэдий ч тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх боломжгүй хор уршиг, гэм буруугийн хэлбэрт шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага тохироогүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл нь үндэслэлтэй болжээ гэж дүгнэсэн нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан хүний эрхийг зөрчсөн шийдвэр боллоо.

Мөн шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд үр дагавар учруулах байсан гэж үзэж ял шийтгэлийг нь хүндрүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх гэсэн зарчмыг алдагдуулж байна.

2. Давж заалдах шатны шүүх нь эрүүгийн хэргийн бодит байдалд шударга, үнэн зөв дүгнэлт хийхийн оронд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлүүд бүрэн хангагдсан байхад шууд шүүгдэгчийн ялыг хүндрүүлж оногдуулсан санааг илэрхийлж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар анхан шатны шүүхэд хэргийг буцааж байгаа нь хуульд нийцээгүй нэг талыг барьсан шийдвэр болсон.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон.

Анхан шатны шүүх нь хэргийг тал бүрээс нь судалж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал 21 насанд хүрээгүй өсвөр насны ангилалд багтаж байгаа насны байдал зэргийг үндэслэн хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргасан байхад “хар тамхи” гэсэн хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол аюулгүй байдалд шууд үр дагавар учруулах хор уршгийг тооцоогүй гэж бэлтгэж боловсруулсан хэмжээнд түүнтэй дүйцүүлэн хуульд байхгүй хүндрүүлэх нөхцөл зааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалттай хөнгөн хэргийн ангилалд багтаж байгаа. Анхан шатны шүүх нь зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн байхад өрөөсгөл хандаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь залуу үеийг сурч боловсрох хууль ёсны эрхийг хамгаалж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмуүжүүлэх бодлого барьсан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Ахлах прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарт холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх  хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа, С.Сувдаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Х-, Э.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хүрээнд хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.Х-, Э.О- нар нь 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг, “Элсний ам” гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай 1971 оны конвенцид багтдаг “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах үйлчилгээтэй байгалийн ургамлыг худалдаалах зорилгогүйгээр түүж, хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ. 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Х-ын өмгөөлөгч А.Хандмаагийн гаргасан “анхан шатны шүүх хууль буруу хэрэглээгүй, залуусынхаа эрхийг заавал хязгаарлахгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгуулах” тухай болон шүүгдэгч Э.О-ын өмгөөлөгч С.Сувдаагийн “анхан шатны шүүх залуу үеийг сурч, боловсрох, хууль ёсны эрхийг хамгаалж нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх бодлого барьсан нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 27 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Хандмаа, С.Сувдаа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН