Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2478

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Ч.Т-ын нэхэмжлэлтэй

       иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/02256 дугаар шийдвэртэй

 

            Нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.О-д холбогдох

 

15 000 000 төгрөг гаргуулах үндсэн, орон сууцны түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Т-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ц.О-той худалдах худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий хоёр өрөө орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаанд 20 000 000 төгрөг төлж, Ц.О орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, ипотекийн зээлд хамруулахаар тохирч, миний бие байрандаа орсон. Миний бие “Ж” ХХК-д инженерээр ажиллаж байсан ба тухайн үед миний цалин байрны төлбөрт /40.000.000 төгрөг/ суутгагдаж, сүүлд нь үлдэгдэл 20 000 000 төгрөг төлж тооцоог дуусгахаар тохирсон боловч Ц.О хэлсэндээ хүрээгүй, улмаар миний байр Худалдаа хөгжлийн банкны зээлэнд барьцаалагдаж, шүүхийн шийдвэрээр Ц.О зээлийн төлбөр гаргуулж, байр хураагдахад хүрсэн. Ц.О надад байрыг зарахдаа урьдчилгаанд 20 000 000 төгрөг авсан болох нь Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны №505 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Ц.О бидний хооронд хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн баталгаа гаргах тухай баримтаар тогтоогдоно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.О, Худалдаа хөгжлийн банктай ярилцаж 80 000 000 төгрөгөөр худалдаж авах байрнаас 5 000 000 төгрөгийг хасч, 75 000 000 төгрөг болгож, улмаар тус банкнаас 8 хувийн зээл авч, мөнгийг төлөхөөр тохирсон. Иймд хариуцагч Ц.О-с байрны урьдчилгаанд өгсөн 20 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хасаж тооцон  15 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ц.О-ын тайлбарт: Миний бие 2014 оны 8 дугаар сард Ч.Т-тэй тохиролцож, Хан-Уул дүүргийн  дугаар хороо, Туул гол гудамж  байр,  тоот орон сууцыг 80 000 000 төгрөгөөр худалдахаар тохирч, Ч.Т 20 000 000 төгрөг урьдчилгаанд төлсөн. Анх 97 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан ба улмаар хувь хүмүүст орон сууцыг зарсан. Энэ үед Ч.Т-тай тохирч дээрх гэрээг байгуулсан ба Ч.Т-ын тухайд энэ талаар ойлголтгүй байсан учраас надаас асуугаад яваад байсан байх. Ч.Т-тай хамтран ажиллая, цалингаас чинь суутгаж, орон сууцны төлбөрт тооцоё гэж тохирсон зүйл байхгүй. Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа хоёр өрөө орон сууцыг анх тохирсон 80 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хасч, 75 000 000 төгрөг болгож, банк урьдчилгаа авч, Ч.Т-ыг 8 хувийн зээлд хамруулж, орон сууцыг худалдан авахаар болсон, дээрх орон сууцны одоогийн зах зээлийн ханш 96 000 000 төгрөгт хүрэх боловч Ч.Т-д анхны тохирсон үнээс 5 000 000 төгрөгийг хасч байгааг ойлгох ёстой. Ч.Т-ын нэхэмжилж байгаа 15 000 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г-н тайлбарт: Ц.О нь 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай зээл болон  барьцааны гэрээ байгуулж 500 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан. Улмаар Хан-Уул дүүргийн дугаар хороо, Туул гол гудамж,  м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Талууд 75 000 000 төгрөгөөр харилцан тохиролцож Ч.Т тухайн байрыг манай банкинд урьдчилгаанд 23 000 000 төгрөг төлж үлдэх мөнгийг ипотекийн зээлэнд хамруулахаар шийдвэр гарсан тул Ц.О төлөгдөх өр дууссан гэжээ.

Хариуцагч Ц.О сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Ч.Т 20 000 000 төгрөг авсан. Бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, бэлэн болсон байраа худалдсан ба захиалагч тал болох Ч.Т-с урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөгийг 2015 оны 01 сард авсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасны дагуу уг байрны үр шимийг одоог хүртэл хүртээгүй. Мөн хуулийн 112, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг зааснаар Ч.Т-с нэг сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн одоогийн ханш 650 000 төгрөг буюу олох ёстой байсан орлого 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сарын 30-ныг хүртэл хугацааны буюу нийт 43 сараар тооцож 27 950 000 төгрөгийг 20 000 000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч шаардлагаа 5 000 000 төгрөгөөр багасгаж Ч.Т-аас 15 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Т-ын тайлбарт: Би урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг өгснөөс хойш Ц.О-тай байнга уулзаж, байрыг барьцаанаас чөлөөлж, нэр дээр шилжүүлж өгөхийг шаардаж байсан. Тус байр нь банкны барьцаанд хураагдах болсон тул урьдчилгаа болгож өгсөн мөнгөө буцаан авахаар шаардаж байна. Хариуцагч талаас үр шимийн тухай ярьж байгаа ч миний хувьд үүргээ биелүүлэх боломжтой байсан, Ц.О тэр боломжийг олгоогүй, зээлээ төлж байрыг барьцаанаас чөлөөлөөгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О-с 15 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Т-д олгож, Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ч.Т-с орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/-д 15 000 000 төгрөг гаргуулах тухай Ц.О-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 557.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Ц.О-аас 232 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.О-ын давж заалдах гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй байхад шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Талууд иргэний хуульд заасны дагуу гэрээг бичгээр байгуулаагүй, нотариатаар баталгаажуулаагүй, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Иргэн Ч.Т нь 43 сарын турш миний орон сууцыг эзэмшсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу миний бие Ч.Т-ыг 43 сарын хугацаанд 1 сарын 348 837.2 төгрөгөөр тооцож 15 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр төлөлгүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ц.О-д холбогдуулан 15 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж орон сууцны төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч Ц.О эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна. Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ц.О холбогдуулан гаргасан 15 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Ц.О орон сууцны түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэгчид байрны үнийн зөрүүд 2 100 000 төгрөг, орон сууц худалдан борлуулсны 2 хувийн татварт 1 500 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын дотор төлөхөөр тохиролцсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан хэлцлийг шүүхэд гаргасныг давж заалдах шатны шүүхээс батлан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2016/02256 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, зохигчид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан тохиролцож нэхэмжлэгч Ч.Т нь хариуцагч Ц.О холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Ц.О нь орон сууцны түрээсийн төлбөрт 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ц.О нь байрны үнийн зөрүүд 2 100 000 төгрөг, орон сууц худалдан борлуулсны 2 хувийн татварт 1 500 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын дотор нэхэмжлэгч Ч.Т төлөхөөр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.О давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгэхийг зохигчдод тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                         ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                       А.МӨНХЗУЛ

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.И даргалж, шүүгч Д.Д, С.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.М-д холбогдох

 

2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.М-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, Х.Б-аас 4 338 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Г нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б- нь 2016 оны 7 сарын эхээр өөрийн эзэмшлийн 82-63 ДГО улсын дугаартай Тоёота креста маркийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр зарахаар төлөвлөж байх үед түүнтэй найз нөхрийн холбоотой О.М нь Х.Б-д хандаж миний найз машинаа ийм хямдхан зарж яах юм бэ, найз нь Улаанбаатар хотод аваачаад үнэд хүргээд зараад өгье гэж хэлсэн. Энэхүү саналыг Х.Б- хүлээн зөвшөөрсөн. Ийнхүү талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан бөгөөд тухайн үед Х.Б-, О.М- нар нь тухайн тээврийн хэрэгслийг яг хэдэн төгрөгөөр худалдах, болон худалдан борлуулсны хөлсөнд О.М-д хэдэн төгрөг өгөх талаар тохиролцоогүй боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тус машиныг 3 000 000 төгрөгнөөс илүү үнэтэйгээр зарна гэдэг нөхцөл дээр тохирч байсан. Энэхүү тохиролцоо хийгдэх үеэр Х.Б- нь автомашиныг бусдад худалдаж, өмчлөлийг шилжүүлэхийн тулд Улаанбаатар хот орох шаардлагатай гэж бодсон тул энэ нөхцөл байдлаас зайлсхийх зорилгоор өөрийн автомашинаа О.М-ын нэр дээр шилжүүлсэн бөгөөд талууд 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан автомашины өмчлөх эрхийг О.М-д шилжүүлэн өгсөн. Энэхүү гэрээ нь автомашиныг О.М-аар бусдад худалдах ажлыг хөнгөвчлөх, X.Батсайхан өөрөө Улаанбаатар хот орохгүй гэсэн зорилготой байсан бөгөөд түүнээс биш О.М-д машины худалдаж буй гэрээ огт биш. Үүнийг О.М- ч мэдэж байсан. Ийнхүү О.М- нь 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр автомашиныг унаж Улаанбаатар хот руу явсан ба тус автомашинд 36-97 УНТ улсын дугаар авч өөртөө ашигласаар ирсэн. Үүнээс хойш одоог хүртэл автомашиныг зарж, мөнгийг Х.Б-д шилжүүлж өгөөгүй, автомашиныг хувьдаа ашигласаар байх тул Х.Б- нь О.М-д өгсөн даалгавраа цуцалж, автомашинаа буцаан шаардсан боловч О.М- нь энэхүү шаардлагыг биелүүлэхээс эрс татгалзаж, би чиний машинд засвар үйлчилгээ хийсэн, чи миний засварын мөнгийг өгөөд машинаа ав гэх мэтээр нэхэмжлэгч Х.Б-ы хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчиж байна. Мөн уг автомашиныг 2016 онд зарах байсан боловч 2 жил гаруйн хугацаа өнгөрч, машины үнэ цэнэ буурч О.М-ын үйлдлээс болж Х.Б-д хохиролтой нөхцөл байдал үүсээд байна. Иймд уг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байна. Иймд нэхэмжлэгч Х.Б-ы хариуцагч О.М-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.М-ын эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Х.Б- нь хариуцагч О.М-тай харилцан тохиролцож автомашинаа Улаанбаатар хотод заруулахаар даалгаврын гэрээ байгуулагдах үед тухайн автомашинд ямар нэгэн засвар үйлчилгээ, эд анги солих талаар тохиролцоо хийгээгүй болно. Гэтэл О.М- нь анх ийм тохиролцоо байсан мэтээр бодит байдлыг үндэслэлгүйгээр өөртөө ашигтайгаар тайлбарлаж, бусдын өмч хөрөнгийг ямар нэгэн хариу төлбөргүйгээр 2 жил гаруй хугацаанд эдэлж хэрэглэчхээд энэ хэмжээний засварын төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн автомашиныг худалдсан үнийг хувааж авна гэх тохиролцоо ч байгаагүй юм. Монгол улсын Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1 дэх хэсэгт зааснаар даалгавар өгөгч нь даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл Х.Б-ы автомашиныг худалдахад дээрх засварыг зайлшгүй хийх шаардлага байгаагүй. Ийнхүү засвар хийх талаар Х.Б- нь О.М-д даалгавар өгсөн зүйл огт байдаггүй. Иймд О.М- даалгавар өгөгчийн зөвшөөрөлгүйгээр, шаардлагагүй засвар үйлчилгээг хийсэн байж болзошгүй байна. Учир нь засварыг хийсэн талаарх нотлох баримт хэргийн материалд авагдаагүй. Мөн түүнчлэн засвар хийсэн байлаа гэж бодоход 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байх тул одоо тус засварууд анхны хийгдсэн чанар, үзүүлэлтээрээ байх боломжгүй юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагч О.М- шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч зарим нэг зүйлийг зөрүүтэй ярьж байна. Х.Б- хотод ирээд бид 2, 3 хоног машин худалдаж авахаар хайж явсан. Сүүлдээ намайг чи машинаа зарчих гээд миний 13 000 000 төгрөгөөр худалдаж авсан машиныг 9 500 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний өмнө одоогийн байгаа Креста маркын машиныг авсан байсан. Миний машиныг авсны дараа жил гаруй болоход машин нь хөдөлгөөнгүй хашаан дотор нь шороо тоосонд дарагдаад байж байсан. Манай эхнэр 7 000 000 төгрөгийн зээл авч, би 3 000 000 төгрөг гаргаад 10 000 000 төгрөгтэй Замын-Үүдэд очсон. Би 2, 3 хоног машин авах гээд приус маркын автомашин үзэж явсан. Гэтэл Х.Б- машинаа засаж янзлаад худалдмаар байна. Чиний машиныг авснаас хойш би унахаа байгаад хашаандаа тавьсан гэж хэлсэн. Машин нь асахын хувьд асч байсан. Тэрийг би үгүйсгэхгүй. Мотор нь асахаараа халдаг, аржатар нь бөглөрөөд явахад хэцүү байсан. Тухайн үед Х.Б- тохиролцоод 1 000 000 төгрөгөөр энэ машиныг өгчихье гэж ярьж байхаар нь би чи машинаа энд хямд, зарж байхаар би хотод аваачаад янзлаад заръя гэж хэлсэн. Гэхдээ би ийм машиныг хотод яагаад ч авахгүй. Заавал засвар үйлчилгээ хийж байж хүн авна, би ажилтай юм чинь бололцоотой үедээ заръя гэж хэлж байсан. Би хөдөө орон нутагт ажилладаг. Надад зарах гээд явах боломж ч байхгүй. Тухайн үед засвар үйлчилгээ хийж, машиныг нь сайхан болгоод, 2, 3 хоног зав чөлөөгөөрөө зах дээр авч гарсан. Тэгэхэд тухайн үеийн машины зах зээлийн ханш 1 500 000 төгрөг байсан. Энэ талаар Х.Б-д хэлж байсан. Би энэ машины зах зээлийн ханш 1 500 000 төгрөг байна, яах юм бэ гэхэд Х.Б- тийм байна уу гэж хэлж байсан. Түүнээс хойш жил гаруйн хугацаа өнгөрсөн. Х.Б- өөрөө машинаа авъя гэж хэлсэн. Би тэгэхээр нь зээлээ дартал түр азнаач гэж хэлэхэд Х.Б- үгүй би машинаа авна гэж хэлсэн. Энэ үед бидний дундуур хөндлөнгийн хүн орж ирсэн. Х.Б- тэр найзаасаа 69 машин худалдаж аваад, ажлаасаа гарч Эрээн энэ хоёрын хооронд халтуур хийгээд явж байсан юм байна лээ. Тэр найздаа машиныхаа урьдчилгаа мөнгөнд О.М-аас миний машиныг очоод авчих гээд явуулсан болохоор нөгөө хүн нь ирээд надаас машиныг нь нэхсэн. Би яахлаараа чи машиныг нь авдаг юм. Х.Б- өөрөө ирээд авна биз гэхэд Х.Б- надаас 69 машин авсан, наад машиныг чинь 3 000 000 төгрөгөөр үнэлээд урьдчилгаанд авах ёстой гэж хэлэхээр нь өгөөгүй. Сүүлд шүүхээс надад мэдэгдэл ирсэн. Тухайн үед машиныг нь зарах гэтэл зах зээлийн үнэ ханш нь 1 500 000 төгрөг байсан. Х.Б- машинаа 3 000 000 төгрөгөөр заръя гэж бодож байсан юм шиг байна. Гэхдээ машинаа надад өгөхдөө тэдээр зарна гэж үнэ тохирч өгөөгүй. Дугүй авч хийсэн. Замын-Үүдэд аржаатарыг нь хүртэл шинээр авч сольж байсан. Акумлятор авч тавьж байсан. Жоохон явж байгаад халаад ус нэмж явсаар байгаад 1 хоног гаран явж хотод ирсэн. Тийм л машин авчирч байсан. Би машиныг нь сэтгэлээрээ янзалсан. Үнэ өртөг нь нэлээд гарсан. Би 4 000 000 гаруй төгрөгөөр машиныг засна гэж бодоогүй. Би Х.Б-аас бүх гарсан зардлыг бүгдийг нь өгчих гэж нэхээгүй. Х.Б-ы машиныг хэрэглэсэн нь үнэн. Надад хүний машиныг залилаад авъя гэх сэтгэл байсан бол аль хэдийн зах зээлийн ханшаар нь машиныг зарах бүрэн эрх надад байсан. Нэгэнт энэ машин Х.Б-ы машин юм чинь би зараад яах юм. Би 1 500 000 төгрөгөөр машиныг нь зарсан тохиолдолд Х.Б- шүүхэд хандаад надаас 3 000 000 төгрөг нэхвэл би яах юм. Хэрвээ тэгсэн бол би бас л 3 000 000 төгрөгийг өрөнд орох байсан. Тиймдээ ч би тухайн бүрт цаг минутаар нь чиний машинд ийм засвар орсон гэж хэлж, зургийг нь явуулж байсан. Одоо худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашин чөлөөлүүлэх шаардлагыг зөшөөрч байна. Би машиныг нь худалдаж аваагүй, буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч О.М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Засвар хийхэд 4 300 000 гаруй төгрөгийн зардал гарсан. Моторын тос, бензин нацос 30 000 төгрөг, бензин тунгаагуур 20 000 төгрөг, хаалганы дотор талын 4 хавтас 70 000 төгрөг, шил буулгадаг товчлуур 20 000 төгрөг, шил өргөгчийг 35 000 төгрөг, Бензин тунгаагуур, урд гупер 100 000 төгрөг, Ви Ви Ти Ай засварын хөлс 30 000 төгрөг, урд жанаамын ирмээн 24 000 төгрөг, ажлын хөлс 10 000 төгрөг, усны радятор 120 000 төгрөг, кришигний жийрэг 65 000 төгрөг, Силикон 5 500 төгрөг, карбератор цэвэрлэгч 5 000 төгрөг, Моторын тос, мобайль 43 500 төгрөг, тосол 29 000 төгрөг, Хаан суудлын бүрээс 200 000 төгрөг, кузов засварыг 900 000 төгрөг, 1 400 000 төгрөг, дугуй 175 000 төгрөг, рульний ялтас 30 000 төгрөг, сэвчээний ком, утас 52 500 төгрөг, ажлын хөлс 45 000 төгрөг, сэвчээ 108 000 төгрөг, кропны тос 72 000 төгрөг, форсунк цэвэрлэгч 48 000 төгрөг, масло 23 500 төгрөг, борооны хаалт ком 35 000 төгрөг, копудны салхи зүсэгч 30 000 төгрөг, рулийн бүрээс 20 000 төгрөг, доод өндгөн тулгуур 100 000 төгрөг, явах эд ангийн согтуу тульк 40 000 төгрөг, тиаг 35 000 төгрөг, шарнер 35 000 төгрөг, багажийн шалавч 60 000 төгрөг, моторын задаргааны ажлын хөлс 180 000 төгрөг, бензин насос, бензин тунгаагуурыг солиулах ажлын хөлс 35 000 төгрөг, хропны тос, форсунк цэвэрлэгч, тогтоогч /нэмэлт масло/ солиулах ажлын хөлс 135 000 төгрөг, хропны их биений сальк солиулсан 135 000 төгрөг, сальк 15 000 төгрөг, цахилгааны монтаж 40 000 төгрөг, амаржины 4 пүрш 95 000 төгрөг, хойд талын амаржины тульк 50 000 төгрөг, оношлогоо 10 000 төгрөг, ченж угаалга 120 000 төгрөг нийт 4 338 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Б-ы нэхэмжилсэн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.М-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.М- нь зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Б-аас 917 500 төгрөг гаргуулан хариуцагч О.М-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 420 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148 800 төгрөгөөс 62 950 төгрөгийг, хариуцагч О.М-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 358 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 85 850 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 62 950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 42 158 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Х.Б-ы нэхэмжлэлтэй О.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэрийн 2 дахь зүйлд заасан “... Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Б-аас 917 500 төгрөг гаргуулан хариуцагч О.М-д олгож...” гэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байна. Шүүхээс хариуцагч О.М-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн 402.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн. Хуулийн дээрх зохицуулалтыг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь даалгавар гүйцэтгэгч нь даалгаврыг даалгавар өгөгчөөс өгсөн “даалгаврын хүрээнд” гүйцэтгэж байсан, мөн даалгаврыг гүйцэтгэхэд “зайлшгүй гарсан зардал” болох нь тогтоогдсон байх ёстой байтал шүүх тус нөхцөлүүдэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан даалгаврын гэрээ буюу маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч О.М-д автомашинд нь засвар үйлчилгээ хийлгэх даалгавар өгөөгүй бөгөөд гагцхүү Улаанбаатар хотод аваачиж худалдах даалгавар өгч, энэхүү даалгаврыг биелүүлэх хүртэл автомашиныг нь эзэмшиж, ашиглаж байхыг зөвшөөрснөөр тодорхойлогдоно. Харин хариуцагч О.М- нь анх гэрээ байгуулахад автомашинд засвар, үйлчилгээ хийнэ гэж нэхэмжлэгчтэй тохиролцсон гэж мэтгэлцэх боловч үүнийгээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, мөн түүнчлэн автомашинд хийсэн гэж маргах засвар, үйлчилгээ нь тус автомашинд бодитойгоор хийгдсэн эсэх, даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй хийх шаардлагатай байсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь автомашины дугаар, төлбөр төлсөн болон хүлээн авсан хүний гарын үсэгтэй баримтууд байдаг. Нөгөөтэйгүүр хариуцагч даалгаврыг гүйцэтгэх хангалттай үйлдэл хийгээгүй, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг бус өөрийн эрх ашигт нийцүүлэн автомашиныг 2 жил гаруй хугацаанд өөрийн хэрэгцээндээ ашиглаж ирсэн байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаан дээр “...би заавал машиныг нь зараад мөнгийг нь өгөх ёстой гэсэн боломж надад байхгүй, Би хөдөө орон нутагт ажилладаг, надад зарах гээд явах боломж байхгүй, Тухайн үед машиныг нь засвар үйлчилгээ хийж сайхан болгоод 2, 3 хоног зав чөлөөгөөрөө зах дээр авч гарсан ...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд хариуцагчийн хийсэн гэх засвар, үйлчилгээ нь даалгаврыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай бус зөвхөн өөрийн хэрэгцээнд унаж ашиглах зорилгоор хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн хариуцагч шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, “... автомашинд хийсэн бензин, тос, маслоны үнийг нэхэмжлэхгүй...” гэж мэдүүлсээр байтал шүүх автомашины тос, тосолгоо, түүнийг солих ажлын хөлс зэргийг хангаж шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн диспозитив зарчмыг зөрчжээ. Дээрх үндэслэлүүд нь анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 402 дугаар зүйлийн  402.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж  заасныг зөрчин, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч О.М-д холбогдуулан 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, Тоёота креста маркийн 82-63 ДГО улсын дугаартай автомашины өмчлөгчөөр тогтоолгох, автомашиныг О.М-ын эзэмшлээс чөлөөлүүлэх, харин хариуцагч тухайн автомашиныг засварласантай холбоотой зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргаж, маргасан байна./хэргийн 1-2, 28-29 дүгээр тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэхүү нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтууд байгаа 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 03402 дугаарын шийдвэртэй иргэний хэргийг татуулах хүсэлтийг 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлээгүй байна. Автомашиныг засварласантай холбоотой хариуцагчийн шүүхэд ирүүлсэн баримтуудын хуулбарт шүүхийн тэмдэг дарагдсан байгаа нь бичгийн нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг нь өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсгийн шаардлагыг зөрчсөн байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчжээ. Хариуцагчийн гаргаж өгсөн тухайн баримтууд нь шүүхийн өөрийн үйлдсэн баримт бичиг биш тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулах зохицуулалт нь тухайн байгуулгын өөрийн баримттай холбоотой юм.

 

Хэрэг авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг бүрэн тусгаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчжээ. /хэргийн 83-87 дугаар тал/

Түүнчлэн, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг гаргасан байх боловч шүүх уг хүсэлтийг мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлээгүй байна./хэргийн 94 дүгээр тал/

 

Иймд дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/03549 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 000 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.И

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Д.Д

 

                                                                                                С.Э