Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/02256

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 10 сарын 15 өдөр

  Дугаар 183/ШШ2018/02256

                Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Т нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.О холбогдох

 

Урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/-д 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

                   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Т, хариуцагч Ц.О, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Баяр-Эрдэнэ оролцов.

             

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь тус шүүхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 54/3 байр, 1 тоот орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага болгон өөрчилсөн. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас хойш гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчтэй уулзаж, ярилцсаны дагуу одоо амьдарч байгаа байраа 80.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон учир нэхэмжлэлийн шаардлагаа дахин өөрчилж хариуцагч Ц.Оаас тухайн байрыг анх надад зарахдаа урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгийг гаргуулах гэж өөрчилсөн юм. Анх Ц.О бид хоёр худалдах худалдан авах гэрээ байгуулж, дээрх хоёр өрөө орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, миний бие урьдчилгаанд 20.000.000 төгрөг төлж, Ц.О орон сууцыг миний нэр дээр шилжүүлж, ипотекийн зээлэнд хамруулахаар тохирч, миний бие байрандаа орсон юм. Түүнээс хойш Ц.Отай байнга уулзаж, асуухаар орон сууцыг удахгүй чиний нэр рүү шилжүүлнэ, жаахан хүлээж бай, удахгүй бүтнэ гэж хэлж, сүүлдээ худлаа болох нь мэдэгдэж, өөрийн гэсэн орон байргүй болоход хүрч арга буюу шүүхэд хандах болсон. Миний бие Жи Жей ди ай ХХК-д инженерээр ажиллаж байсан ба тухайн үед цалингүй ажиллаж, миний цалин байрны төлбөрт /40.000.000 төгрөг/ суутгагдаж, сүүлд нь үлдэгдэл 20.000.000 төгрөг төлж тооцоог дуусгана гэж тохирсон боловч Ц.О тэр амандаа хүрээгүй, улмаар миний байр Худалдаа хөгжлийн банкны зээлэнд барьцаалагдаж, шүүхийн шийдвэрээр Ц.Оаас зээлийн төлбөр гаргуулж, байр хураагдахад хүрсэн. Ийм учраас миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хоёр дахин өөрчилж, өгсөн мөнгөө буцаан гаргуулахаар болсон. Ц.О надад байрыг зарахдаа урьдчилгаанд 20.000.000 төгрөг авсан гэдэг нь Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны №505 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, Ц.О бидний хооронд хийгдсэн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн баталгаа гаргах нь гэсэн баримтаас харагдана. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.О, Худалдаа хөгжлийн банктай ярилцаж, 80.000.000 төгрөгөөр худалдаж авах байрнаас 5.000.000 төгрөгийг хасаж, 75.000.000 төгрөг болгож, улмаар тус банкнаас 8 хувийн зээл авч, мөнгийг төлөхөөр тохирсон. Иймд хариуцагч Ц.Оаас байрны урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг хасаж тооцон 15.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 2014 оны 8 дугаар сард Ч.Ттай тохиролцож, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 54/3 байр, 1 тоот орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч, Ч.Т 20.000.000 төгрөг урьдчилгаанд төлсөн. Анх 97 хувийн гүйцэтгэлтэй барилгыг Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд тавьж зээл авсан ба улмаар хувь хүмүүст орон сууцыг зарж /нийт 18 айл байсан ба бүх айлууд урьдчилгаа төлбөрөө төлж ипотекийн зээлээ өөрсдөө хөөцөлдөж/ байраа авч байсан. Энэ үед Ч.Ттай тохирч дээрх гэрээг байгуулсан ба Ч.Тын тухайд энэ талаар ойлголтгүй байсан учраас надаас асуугаад яваад байсан байх. Ч.Ттай хамтран ажиллая, цалингаас чинь суутгаж, орон сууцны төлбөрт тооцоё гэж тохирсон зүйл байхгүй. Худалдаа хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа хоёр өрөө орон сууцыг анх тохирсон 80.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг хасаж, 75.000.000 төгрөг болгож, банк урьдчилгаа авч, Ч.Тыг 8 хувийн зээлд хамруулж, орон сууцыг худалдан авахаар болсон, дээрх орон сууцны одоогийн зах зээлийн ханш 96.000.000 төгрөгт хүрэх боловч Ч.Тад анхны тохирсон үнээс 5.000.000 төгрөгийг хасаж байгааг ойлгох ёстой. Ч.Тын нэхэмжилж байгаа 15.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.О нь 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай зээл болон  барьцааны гэрээ байгуулж 500.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай авсан байдаг. Улмаар манай зээлийн барьцаанд нэхэмжлэгч талын амьдарч байгаа байр буюу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, 54/03 байр, 1 тоот, 48 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц байдаг. Талууд 75.000.000 төгрөгөөр харилцан тохиролцож Ч.Т тухайн байрыг манай банкинд урьдчилгаанд 23.000.000 төгрөг төлж үлдэх мөнгийг ипотекийн зээлэнд хамруулахаар өнөө өглөө шийдвэр гарсан ба ингэснээр Ц.Оын манай банкинд төлөгдөх өр дууссан гэв.

 

Хариуцагч Ц.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Ч.Таас 20.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Учир нь бид орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, бэлэн болсон байраа худалдсан ба захиалагч тал болох Ч.Таас урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөгийг 2015 оны 1 сард авсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс тухайн хөрөнгийнхөө үр шимийг хүртэж чадаагүй байна. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т... “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол хууль ёсны эзэмшигч эд хөрөнгийг эзэмшилдээ байлгах хугацаанд тухайн эд хөрөнгийн үр шимийг эзэмшинэ” гэж заасны дагуу уг байрны өмчлөгчийн хувьд үр шимийг одоог хүртэл хүртээгүй байгаа. Мөн хуулийн 112, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг зааснаар Ч.Таас нэг сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн одоогийн ханш 650.000 төгрөг /олох ёстой орлого/ гэж 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хугацааны буюу нийт 43 сараар тооцоход 27.950.000 төгрөгийг шаардаж болох боловч 20.000.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч шаардлагаа 5.000.000 төгрөгөөр багасгасныг харгалзан Ч.Таас 15.000.000 төгрөгийг сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч Ч.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөг өгснөөс хойш Ц.Отай байнга уулзаж, байрыг барьцаанаас чөлөөлж, нэр дээр шилжүүлж өгөхийг шаардаж байсан боловч янз бүрийн шалтаг хэлж өнөөдрийг хүрсэн. Сүүлд нь уг байр нь банкны барьцаанд хураагдах дээрээ хүрсэн тул өгсөн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Хариуцагч талаас үр шим авах тухай ярьж байна. Анх Ц.Отай байрыг худалдаж авахаар тохирсон, миний хувьд үүргээ биелүүлэх боломжтой байсан боловч Ц.О тэр боломжийг олгоогүй, зээлээ төлж байрыг барьцаанаас чөлөөлөөгүй. Би 20.000.000 төгрөг дээр 2.0-3.0 сая төгрөг нэмээд банкны 8 хувийн зээлэнд хамрагдах боломж байсан. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

   Ч.Т Ц.Оад холбогдуулан урьдчилгаанд өгсөн 20.000.000 төгрөг гаргуулах, Ц.О Ч.Тад холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/-д 20.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

 Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр Ч.Тын нэхэмжлэлийг хангаж, орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/ гаргуулах тухай Ц.Оын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.           

 

 Ч.Т нь 2014 оны 8 дугаар сард Ц.Отай орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 54/3 байр, 1 тоот орон сууцыг 80.000.000 төгрөгөөр худалдаж авах, Ц.О “ банкнаас авсан зээлээ төлж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг Ч.Тын нэр дээр гаргуулж өгнө “ гэж харилцан тохиролцож, урьдчилгаанд 20.000.000 төгрөгийг төлсөн гэх байх ба зохигчид худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулсан ч гэрээг үрэгдүүлсэн, 20.000.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт дээр маргахгүй байна.

 

 Ц.О Ч.Тад худалдаж буй гэх орон сууцыг банкны барьцаанд тавьж зээл авч, улмаар зээлийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүйгээс Худалдаа хөгжлийн банк шүүхэд хандаж, Ц.Оаас зээлийн төлбөр гаргуулж, төлбөрөө гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1211 дугаартай /хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн/ шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

  Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад Ц.О, Ч.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар харилцан тохирч, уг тохиролцоонд.... Ц.О өмнө нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тохирсон 80.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг хасаж, 75.000.000 төгрөгнөөс Ч.Т 23.000.000 төгрөгийг банкинд төлж, үлдэх 52.000.000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас зээлж, зээлийн гэрээ байгуулснаар хариуцагч Ц.Оын тус банкинд төлөгдөх өр төлбөр төлөгдөж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж, дээрх орон сууц Ч.Тын өмчлөлд шилжихээр болжээ.

 

  Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Ч.Т орон сууцны эзэмшигчээр, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” тухай  шаардлагыг тус тус Ц.Оад холбогдуулан гаргасан боловч тэдний хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ бодитоор хэрэгжих боломжгүй, зохигчид дээрх байдлаар тохирсноор Ч.Т урьдчилгаанд шилжүүлсэн 20.000.000 төгрөгийг нэхэмжлэхээр шаардлагаа өөрчилж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5.000.000 төгрөгөөр багасгаж, 15.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Оаас шаардаж, уг шаардлагаа дэмжиж байна.

 

 Харин хариуцагч Ц.О нь нэхэмжлэгчээс 20.000.000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд тухайн орон сууц нь одоо ч миний өмчлөлд байгаа тул Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2 дахь хэсэгт заасны дагуу Ч.Таас нэг сарын түрээсийн төлбөрийг зах зээлийн одоогийн ханш болох 650.000 төгрөг /олох ёстой орлого/ гэж 2015 оны 1 дүгээр сараас 2018 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хугацааны буюу 43 сараар тооцоход 27.950.000 төгрөгийг шаардаж болох ч 20.000.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгч шаардлагаа 5.000.000 төгрөгөөр багасгасныг харгалзан Ч.Таас 15.000.000 төгрөг нэхэмжилж харилцан тооцуулах хүсэлт гаргажээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...”, гэж заасан ба худалдагч Ц.О банкны барьцаанд байсан байраа худалдсан нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байх боловч тухайн үед Ц.О зээлээ төлж дуусган байрыг барьцаанаас чөлөөлж, Ч.Тын нэр дээр шилжүүлж өгнө гэснийг тэрээр зөвшөөрч, зохигчид дээрх байдлаар тохирсон гэж үзэхээр байна.

 

 Гэвч хариуцагч Ц.О тохиролцоогоо зөрчиж, худалдах худалдан авах гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдал нэгэнт тогтоогдсноор нэхэмжлэгч Ч.Т урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан нэхэмжлэх шаардах эрхтэй гэж үзнэ.

 

 Ц.О урьдчилгаанд өгсөн мөнгийг буцааж төлөхөд татгалзах зүйлгүй, маргахгүй гэж тайлбарлаж байгаа ч уг орон сууцны өмчлөгчийн хувьд үр шимийг хүртэх ёстой гэж Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.2, 112, 229 дүгээр зүйлд зааснаар хохиролд Ч.Тын орон сууцанд амьдарч байсан хугацааг нэг сарын түрээсийн төлбөр 650.000 төгрөгөөр тооцож, шүүх хуралдааны явцад шаардлагаа багасгаж 15.000.000 төгрөг нэхэмжилсэн болно.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т.. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т... Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно, 219 дугаар зүйлийн 219.1-т... Үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хохирол нэхэмжлэх эрхтэй боловч дээрх худалдах, худалдах авах гэрээний нэг тал болох худалдан авагч Ч.Т гэрээний үүргээ зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

 Хэдийгээр хариуцагч Ц.О худалдан авагчийг /үлдэгдэл 60.000.000 төгрөг/-ийг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэх боловч эд хөрөнгийн эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ худалдагч биелүүлээгүй, өөрөөр хэлбэл шилжүүлэх эд хөрөнгө  нь зээлийн барьцаанд байгаа зэрэг худалдагчийн буруутай, гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.

 

 Иймд орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/-д 15.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Оаас 15.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Тад олгосугай.

 

2.Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Ч.Таас орон сууцны түрээсийн төлбөр /хохирол/-д 15.000.000 төгрөг гаргуулах тухай Ц.Оын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 557.950 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдгийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Оаас 232.500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тад олгосугай.

 

4.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.ДАВААСҮРЭН