Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2019/02247

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сары 07 өдөр

181/ШШ2019/02247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:С.Г

хариуцагч: м.т

ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 28 489 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюунцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.*******, шинжээч Ж.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 06 сарын 30-ны өдөр н.Энхчимэг, н.Энхбаяр нарын тавьсан зарыг шуурхай зар сониноос харж байшин бариулахаар тохирч захиалга өгсөн. Тухайн үед н.Энхчимэг, н.Энхбаяр нарыг модны 2-т байхад нь би очиж уулзсан. Захиалсан байшинг нэг сарын дотор барьж өгнө гэсэн. Танай компанийн захирал хаана байна гэхэд одоо ирнэ гэсэн. Тэдний аав нь ирээд уулзсан. Гэрээнд заасны дагуу байшин бариулах 23,000,000 төгрөгөө хоёр хувааж өгсөн. Байшингийн түлхүүрээ авахдаа үлдэгдэл 2,000,000 төгрөгөө өгснөөр тооцоо дууссан. Эхлэхдээ материал авах мөнгө байхгүй гэсэн. Эрээн явж материал авсан гэсэн, хугацаандаа ороогүй. Гэтэл нэг жил бололгүй байшин мөөгөнцөртөөд, амьдрахын аргагүй үнэр гараад байсан тул хэлсэн. Гэтэл ирж үзээд агаар шүүгчгүй болохоор үнэр гарч байгаа юм. Агаар шүүгч худалдаж аваад тавиулчих гэж хэлсний дагуу агаар шүүгч худалдаж аваад ханаа цоолуулах гэтэл цаанаас нь мөөгөнцөр гарсан. Би бол барилга барьсан компанийн буруу гэж бодож байна. Хоёр өдөр бороо орж байхад нимгэн хальс шиг уутаар бүтээсэн байсан. Манай дээд талын айл байшин бариулж байхад бороо ороход маш зузаан уутаар бүтээгээд байсан. Танайх ийм зузаан уутаар бүтээхгүй юм уу? гэхэд мөнгөний гарз, нэвтрэхгүй норохгүй гээд байсан. Энэ компанийн хариуцлагагүй байдлаас болж ханаа босгосон үрдэс нь бороонд норж, ус орсноос болж мөөгөнцөр үүссэн байна. Би 9-р сард нь өөрийнхөө мөнгөөр агааржуулагч тавиулаад ч үнэр нь алга болоогүй. Хавар 4 сард би н.Энхчимэгийг дуудаж уулзахад шалан дээгүүр битүү ус урссан байсан. Би Энхчимэгт энийг янзалмаар байна. Эгчдээ 1,000,000 төгрөг өгчих гадна пасадаа янзлая гэсэн. н.Энхчимэг мөнгө өгч чадахгүй гээд өгөөгүй. Өгнө гэж 4 сар худлаа хэлж явсан. н.Энхчимэг би удахгүй мөнгөтэй болно гэж удаа дараа хэлсэн. Би сүүлдээ хөөцөлдөж чадахаа болиод одоо шүүхэд өглөө гэхэд өг өг гэсэн. Тэгээд шүүхэд өгсөн. Би байшингийн шалыг хуулж, гадна талын фасадыг хуулж шинээр сольсон, үүдний сүүдрэвчний модонд ус орж ялзарсны улмаас нурсан тул түүнийг би төмөр болгосон. Дотор талын бүх осфаг хуулж, үрдсийг нь гаргаж хаясан. Үрдэсний оронд эко шилэн хөвөн 13 боодлыг авч хийсэн ч нэмэр болоогүй. Цаад ханыг нь зөндөө хуссан ч нэмэргүй мөөгөнцөртөөд байх суух боломжгүй үнэр гарч байна. Мэргэжлийн хяналтын газраас энэ байшинд амьдарч болохгүй яаралтай засвар хийхгүй бол болохгүй гэсэн тул янзалсан боловч үр дүнд хүрээгүй. Гадна талын фасаданд засвар хийхэд 2,000,000 төгрөгийн зардал гарсан. Анхнаасаа фасад хийхдээ барилгын чанар хангахгүй цементэн хавтангаар хийсэн байсан. Дээд талын жижиг өрөөг бас цементэн хавтангаар хийчихээд би мэдээгүй гэсэн. Мэргэжлийн хяналтын газраас хүн ирж үзэхэд зориулалтын бус хавтангаар хийсэн байна гэсний дагуу янзалсан ч дээрдээгүй. Амьдрахын аргагүй муухай үнэртэй байна. Аргагүй болоод шүүхэд хандаад одоо 3 жил болж байна. Сайхан байшинтай болно гэж итгэж н.Энхчимэгт 23,000,000 төгрөг өгөөгүй бол өдийд өөр компаниар бариулсан бол ингэж намайг хуурахгүй байсан байх гэж бодож байна. Бүх обой, пракетан шалаа сольсон. Дулаан өдөр байшингаа эргэж очсон. Хойд талын хананы 2 өнцгийн обой хууларсан, цуурсан байдалтай, хундам ангайгаад далийсан байдалтай байсан. Ирэх зун нурах аюултай гэсэн. Агаарт гарах гэж л тэр байшинг бариулсан. Байшингаа бариулснаас хойш агаарт гарч чадсангүй. Байшиндаа очоод нэг хоноход л биеэр улаан зүйл туурдаг үнэхээр хортой байна. Мэргэжлийн хяналтын газрын Т.Цэнгэл гэж байцаагч та янзлуулахгүй бол амьдарч болохгүй гэсэн. Засвар хийсэн ч дээрдсэн зүйл байхгүй. Шинжээч очиж үзээд хоёр, гурван газар цоолж үзсэн. Хундамны асуудал хэцүү байна. Хундам цутгадаг цемент биш, барихад шавар шиг үүрээд байсан. Энэ барилгын компанид барилга барих анхны мэдэгдэхүүн байхгүй гэж үзэж байна. Учир нь барилгын нуруу 40-45 см байх ёстой байтал шинжээч очиж хэмжихэд манай байшингийн нуруу 18 см байсан. Би шинжээч манай байшинд очиж үзэхэд ийм байшинд амьдарч болохгүй гэж байгаа бол яагаад нураах дүгнэлт гаргаж болдоггүй юм бэ гэхэд энэ байшинг засварлах боломжтой гэсэн. Хариуцагчийн талд дүгнэлт гарсан байх гэж би дотроо боддог. Ангайсан хундамыг засахад байшинг нурааж засварлах юм байна лээ. Хариуцагчийн өмгөөлөгч нар миний байшинг очиж үзээсэй гэж боддог. Байшинд усны хаялага байхгүй түүнийг нь би өөрийнхөө мөнгөөр хийлгэсэн. Барьсан карказны хамгаалалт маш муу. Чанаргүй цементээр хундам цутгасан. Барилгын нуруу стандартын дагуу баригдаагүй. Шалны халаалт тавьж өгнө гэсэн тавьж өгөөгүй. Нэхэмжлэлээр шаардсан 28 489 000 төгрөгөө шинжээчийн дүгнэлтийн дагуу багасгаж 14,386,500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт хариуцагчийн зүгээс үүссэн эвдрэл болон доголдол байгаа гэдэг дээр маргахгүй байна. Доголдол ямар хүчин зүйлээс үүссэн гэхээр барилгын зураг төсөл байхгүй барьснаас үүссэн гэж үзэж байна. Зураг төсөлгүй бол яаж байшин барих вэ? тэгвэл анхнаасаа зураг төсөл байхгүй гээд татгалзахгүй яасан юм бэ?

С.Оюунцэцэг бол С.С.Ггийн ээж. Хэдийгээр С.Г барилгын захиалагч болоод явж байгаа боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн захиалгыг өгсөн, амьдарч байсан хүн бол ээж С.Оюунцэцэг нь юм. Шинжээчийн дүгнэлтэд гарсан баримт дээр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж үүссэн гэж үзэх нөхцлүүд байна. Суурийг М200 байна гээд гэрээндээ заасан байхад шинжээчийн дүгнэлтээр 70 гэж гарчихсан. Өөрөөр хэлбэл марк гээд байгаа нь цемент зуурмагийн агууламж гэж ойлгож байна. Тухайн үед гадна талаасаа харахад сайхан байшин хүлээлгээд өгчихсөн. Гэтэл чанар дотор талдаа доголдолтой байна. Иргэний хуулийн 349-р зүйлд доголдолтой холбоотой гомдлын шаардлага гаргах хугацаанд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан. Хавтас хэрэгт авагдсан баримтууд болон өмнө нь явагдсан анхан шатны шүүх хуралдаан дээр н.Энхчимэг гээд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь доголдол гарсан тул нэг удаа засвар хийж байсан гэж ярьсан. Энэ үйл баримтаар гарсан доголдол нь гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн гэдэг нь харагдаж байна. Үүний улмаас учирсан хохирол нь 8,000,000 төгрөг байна. Цаашид зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай засвар, үйлчилгээнд 8,897,500 төгрөг байна. 5,489,000 төгрөгийн засварыг нэхэмжлэгч өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Иймд одоо нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дэмжин шаардаж байгаа 14,386,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: м.тХХК нь С.С.Гтэй 2014 оны 07 сарын 02-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 40 мкв зуслангийн байшинг 21,000,000 төгрөгөөр барихаар тохиролцсон. 21,000,000 төгрөгт ажлын хөлс, бараа материал бусад ажиллах хүчний хөлс багтсан. Байшин бариулсан газар нь уулын энгэр газар байсан тул газрыг ухаж тэгшлэн барилгын суурийг цутгасан. Тухайн газарт үер болон уулын ус буудаг мөн намгархаг, чийг ихтэй газар тул хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгөн суулт үүссэнийг үгүйсгэхгүй. Засвар хийсэн талаар нэхэмжлэгч ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харахад С.С.Г өөрөө худалдаж авсан баримт байхгүй, С.Оюунцэцэг гэх хүний худалдаж авсан баримттууд байгаад байдаг. Нийт үнийн дүнг бодож үзэхэд 3,214,600 төгрөгөөр С.Оюунцэцэг гэх хүн худалдаж авснаар гарын үсгээ зурсан байна. Мөн худалдан авагч С.С.Г гэдэг мөртлөө 659,000 төгрөгийн баримт дээр гарын үсэг нь байдаггүй. 260,000 төгрөгийн ямар ч нэргүй, гарын үсэггүй хоёр ширхэг баримт байна. Нэхэмжлэгчийг С.Г гэж ойлгож байна. С.Оюунцэцэг бол нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа гэж ойлгож байна. Шинжээчийн дүгнэлт дээр барилгыг барилгын зураг төсөлгүйгээр барьсан гэсэн дүгнэлт гарсан байна. Гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь тухайн барилгын зураг төслийг гаргаж өгөх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг м.тХХК хариуцах үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Талуудын хооронд маргаантай асуудал үүссэн. Үүсэхдээ хэний хооронд харилцаа үүсээд байна гэхээр нэхэмжлэгч С.Г, хариуцагч м.т ХХК нарын хооронд үүссэн. Энэ маргаанаас үүссэн харилцаа өнөөдөр шүүх дээр хэлэлцэгдээд явж байна. Түүнээс биш нэхэмжлэгчийн ээж байна уу хамаагүй. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдаж байгаа Иргэний хуулийн 349-р зүйлд гэрээ буюу түүнд өөрөөр заагаагүй бол гэж байгаа. Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тохирсон байх ёстой. Талууд энэ хугацааг гэрээндээ нэг жил гэж тохирсон. Анх гэрээ 2014 оны 07-р сарын 02-ны өдөр байгуулагдаад гэрээний үүргээ биелүүлээд өгчихсөн. 2015 онд гэрээний үүрэгтэй холбоотой тодорхой дутагдлууд байна гээд засварлаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хариуцагч засвар, үйлчилгээ хийж өгсөн. Энэ асуудал дээр нэхэмжлэгч маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. 2015 онд засвар, үйлчилгээг хийж өгснөөр доголдлыг арилгаж өгсөн. Үүнээс хойш нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг тоолох ёстой. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн.

С.С.Ггийн гаргаж байгаа шаардлагад С.Оюунцэцэгээс зардал гаргасан байхыг шаардахгүй. Энэ агуулгаараа С.Оюунцэцэг гэх хүнээс гарч байгаа 5,000,000 төгрөгийн хохирлыг хариуцагч талаас гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй. Дээр нь энэ хохирол нь бодитоор гарсан эсэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг доголдол гарсантай маргаагүй гээд байна. Хариуцагч талаас маргаантай байгаа учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Шинжээчийн дүгнэлтэд маргахгүй. Доголдол юунаас үүссэн гэдгийг шинжээчийн дүгнэлт дээр тусгаагүй байна. Шалтгааныг нь шинжээчээс тодруулж асуулаа. Ашиглалт, барилгын чанараас эсвэл гуравдагч хүчин зүйлээс үүсч байгаа юм уу гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр гаргаагүй. Доголдол байна үүнийг яаж арилгах вэ? засвар, үйлчилгээ хийхэд хэдэн төгрөгийн зардал гарах вэ? гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шинжээч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ тайлбарлаж талуудын асуултанд хариаулж. тайлбарлахдаа:Байшингийн талаар нэхэмжлэгч ярьсан. Нэхэмжлэлд хийсэн хохирлын үнэлгээний талаар ярья. Бид шинжилгээ хийж, өвөл газар дээр нь хоёр удаа очсон. Эхний удаа хариуцагч талаас хүн очоогүй. Дараагийн удаа хариуцагч талаас хүн очсон. Би байшингийн хана, суурин дээр цаас наасан. Хориод хоногийн дараа очиж үзэхэд дотор обойн дээр наасан цаас суурин дээр наасан цаас халцарч, урагдсан байсан. Үүнийг цууралт явагдаж байна гэж үзээд бид шүүгчийн захирамжийн дагуу энэ байшинг хэвийн болгоход ямар хэмжээний зардал гарах вэ гэдгийг тооцоолж арван дөрөвдүгээр хуудасны тавдугаар хүснэгтэд материалын тооцоо хийж 4,210,000 төгрөг гарсан. Арван арван дөрөвдүгээр хуудасны зургадугаар хүснэгтэд засварын ажлын хөлс 4,267,500 төгрөг, арван тавдугаар хуудсанд тээврийн зардал буюу хог зөөх зардлыг оруулаад 420,000 төгрөг нийт 8,897,500 төгрөг гарна гэж тооцоолсон. Нэхэмжлэгч байшинг нураахгүйгээр суурийг янзалж болохгүй хохирол бага тооцсон гэж ярьж байна. Бид барилгын суурийн хүчдэлийг лабораторид шалгуулаад цаас наасан. Суурийг хүчитгэж , сайжруулсан цементээр нь хашилт хийгээд байшинг нураахгүйгээр суурь хийж болно гэсэн дүгнэлт гаргасан. Дараа нь дээврийн хөндий 18 см-ээр хийсэн байсан. Стандарт нь 30-40 см дээврийн хөндийн өрөлт хийх ёстой. Хажуу талын байшингууд стандартын дагуу өндөртэй хийгдсэн байсан. Шүүгчийн захирамжаар энэ байшинд хохирол учирсан байна уу. Ямар хэмжээний хохирол учирсныг гарга гэсний дагуу бид ажилласан. Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсгийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан.

Хундамны зуурмагийн марк стандартад хүрэхгүй байгаа учир дээрээс даралт өгөхөөр бутарч унаж байгаа. Ханын дулаалгын технологи буруу хийгдсэнээс барилгын дотор хана мөөгөнцөртсөн.

Үндсэн хавтан хийгээд нэхэмжлэгчийн ярьж байгаагаар үртсээ хийж, хуурай нөхцөлд хийх байсан. Гялгар уут тавиагүй гэж ярьсан энэ нь бас нөлөөлсөн. Мөн дээврийн хаялга 18 см хийснээс болж усаа барьж чадахгүй хана руу урсаж үртэс рүү орохоор усны хамгаалалтгүй учир үртэс нь норж хөгц үүсч байгаа. Бид байшинд очиж үзэхэд мөөгөнцрийн үнэр үнэртэж байсан. Нэхэмжлэгч тал шилэн хөвөнгөөр ханаа сольсон ч гэсэн хөгцний үнэр нь үнэртэж байсан. Тийм учир хохирлын тооцоолол хийхдээ бүх ханыг солихоор тооцсон.

Монголд хөрөнгийн үнэлгээний институт, хохирлын үнэлгээний холбоо гэж хоёр тусдаа газар байдаг. Би хоёуланд нь гишүүн. Надад Монгол Улсын нэрийн өмнөөс хөрөнгийн үнэлгээ хий гэж 07120023 дугаарын гэрчилгээ тусгай зөвшөөрөл олгосон. Барилгын гүйцэтгэл мэргэжлийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас хохирол үүссэн гэж дүгнэж байна. Барилга баригдсан хана, дээвэр, суурь хийх технологи буруу байсан учир гүйцэтгэгч байгууллагын буруу юм. Суурийг М200 маркийн цемэнтээр цутгасан бол бутарч унахгүй. Хоёрдугаарт хананд хийсэн дулаалгын материал гэдгийг талууд гэрээндээ тохирох ёстой. Дээврийн ус хийдэг хаялгыг богино хийснээс болоод үртэс рүү нь ус орж зарим үед хатаад зарим үед хатахгүй байснаас мөөгөнцөр үүссэн гэж үзэж байна. Хэрэв усны хамгаалалт, дулаалга сайн хийсэн бол доголдол үүсэхгүй байх байсан.

Цаашид хундамыг хүчитгээд, дүгнэлтэд гарсны дагуу хавтанг сольж, дээврийн хөндийг сайжруулбал хүн амьдарч болно.

8,897,500 төгрөгийн засварын зардлаар хүн хэвийн амьдрах боломжтой болно.

Байшингийн гадна талыг нь гипсэн хавтангаар биш шохойтой хавтан төмрөөр хийсэн байсан. Гадна тал нь шаардлага хангахгүй учир солих нь зөв байх гэж бодож байна. Хавтангуудыг бүгдийг нь авч хаяхгүй. Хэсэг хэсгээр нь аваад карказ нь бол байж байна. Нэгийг аваад нэгийг хадаад дотор талаа сольсон шигээ засвар хийх нь зөв гэв.

Хэрэгт талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт, тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжпэгч С.С.Гг төлөөлөн түүний ээж С.Оюунцэцэг нь хариуцагч м.т ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлээс учирсан хохиролд 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа засварын зардалд 989 000 төгрөгөөр нэмэгдүүлж 5 489 000 төгрөг болгосон, дахин шаардлагаа гэрээнээс татгалзаж төлсөн 23 000 000 төгрөг гаргуулахаар ихэсгэж бүгд 28 489 000 төгрөг, гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаан дээр шинжээчийн зардлаар гарсан 8,897,500 төгрөгийн дүнгээр хохирлоо тооцож, мөн өөрийн хөрөнгөөр засварласан зардалд 5,489,000 төгрөг бүгд 14,386,500 төгрөг гаргуулахаар шаардлагаа багасган, мөн шинжээчийн зардал төлсөн 350 000 төгрөг гаргуулахаар шаардлагаа дэмжиж, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт оролцлоо.

Хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч зохих төвшинд ажлаа гүйцэтгэсэн, байшин барьсан газар нь чийг ихтэй нь нөлөөлсөн нь хүний хүчин зүйлээс үл хамааран барилгад чийг өгөн суулт үүссэнийг үгүйсгэхгүй гээд 2015 онд гэрээний үүрэгтэй холбоотой тодорхой дутагдлууд байна гээд засварлаж өгөөч гэсэн хүсэлтийн дагуу хариуцагч засвар, үйлчилгээ хийж доголдлыг арилгаж өгсөн ба үүнээс хойш нэхэмжлэгч гомдол гаргах хугацаа өнгөрсөн, засвар хийсэн гэх баримтуудаар С.С.Г өөрөө худалдаж авсан баримт байхгүй, 3,214,600 төгрөгөөр С.Оюунцэцэг гэх хүний худалдаж авсан баримттууд байгаа, мөн худалдан авагч С.С.Г гэсэн мөртлөө 659,000 төгрөгийн баримт дээр гарын үсэг нь байдаггүй, 260,000 төгрөгийнх ямар ч нэргүй, гарын үсэггүй хоёр ширхэг баримт байна, гэрээний 4 дүгээр зүйлд захиалагч нь тухайн барилгын зураг төслийг гаргаж өгөх үүрэгтэй нэхэмжлэгч нь энэ үүргээ хэрэгжүүлээгүйгээс учирсан хохирлыг м.тХХК хариуцах үндэслэлгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ/хэргийн 6-7дахь тал/ бичгээр байгуулагдсан, гэрээгээр гүйцэтгэгч м.т ХХК нь иргэн С.С.Ггийн эзэмшил бүхий Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг Шарга морьт/14081/ 21-р хэсгийн гудамж 2156А тоот хаяг бүхий газарт байрлах нэг давхар 40м.кв амины орон сууцыг SIP технологийн барилга байшинг чанар стандартад нийцүүлэн нэг сарын ерөнхий хугацаанд барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч иргэн С.С.Г нь гэрээний үнэ 23 000 000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, барилга барих эрхийн зөрчилгүй газар, барилгын загвар цахилгаан татах үүрэг тус тус хүлээсэн.

Талуудын хооронд гэрээ хэрэгжиж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа бий болсон, тэдний хүсэл зориг илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ байх ба энэ талаар маргаагүй.

Зохигч ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл болон байшинг ашиглах явцад бий болсон доголдлын шалтгаан үндэслэлийн талаар маргаж байна.

Нэхэмжлэгчийн тайлбараар гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн барилга барьсан, талуудын тайлбараар барилгыг 2014 ондоо ашиглалтад хүлээлгэн өгсөн байх ба нэхэмжлэгч тал 2015 оны хавар 4 сард гүйцэтгэгч компанид гомдол гаргаснаар ирж барилгыг үзэж, барилгад чийг өгсөн байсны улмаас гүйцэтгэгч компани 1 метр өргөн, 70 см гүн хэмжээтэй ус зайлуулагч хийж өгсөн, дахин гомдол гаргасны дагуу хариуцагч тал 2015 оны 5 сард ирж үзээд, нэхэмжлэгч талыг өөрсдөө засвараа хийчих, материалынх нь мөнгийг өгнө гэж хэлснээр нэхэмжлэгч тал засвар хийсэн ч хэвийн болохгүй байснаас 2016 оны 11-р сарын 9-ий өдөр шүүхэд гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1.Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно.гэж заасан, гэрээний захиалагчийн эрх үүрэг хэсгийн 4.6-д Гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл, доголдол илэрвэл ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гомдлын шаардлага тавих эрхтэй.гэж тохирсноор нэхэмжлэгч тал гомдлын шаардлага гаргах хууль болон гэрээгээр тохирсон хугацаанд гаргасан байна.

 


 


 


 


Хариуцагч тал барилга баригдсан газрын байрлал ус чийгтэхэд нөлөөлсөн, хүний хүчин зүйлээс давсан гэх зүйл тайлбарлаж байгаа ч үндэслэлээ нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй буруутай гэж үзэх үндэстэй.

Гэрээнд захиалагч нь барилга барих эрхийн зөрчилгүй газар, барилгын загвар, цахилгаан
татах ажлыг шийдвэрлэх үүрэг хүлээж үүргээ хэрэгжүүлсэн, харин хариуцагч тал барилга барьж гүйцэтгэхдээ газрын байрлал нөхцлийг мэдэж гүйцэтгэсэн тул гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэс болохгүй.

Гүйцэтгэгч нь гэрээнд тохирсноор, ажлын багцыг хийж гүйцэтгэх үүрэг хүлээжээ. Гүйцэтгэгчийн гуйцэттэх хундаамны ажлын задаргаа. -Хундаам буюу суурийг М200 маркийн зуурмаг цутгаж барих.

- Ханын задаргаа. Үүнд: Гадна фасат, чулуун фасат буюу хөөсөн давхарга(код 43.DС-110) О.С.П. 1,2 см зузаантай, Герман гипсэн хавтан КNАUР , обой эмүльс.

-Шалны задаргаа. Үүнд: бетон шал, паркетан шал Код :(JZ203).

- Дээврийн задаргаа. Үүнд: ОХУ-н төмөр дээвэр бор өнгөтэй, ОСП хавтан, үртсэн хавтан.

-Таазны задаргаа: Герман гипсэн хавтан, уур тусгаарлагч, 2.5 см зузаантай хар банз, каримзэт.

-Цахилгааны задаргаа: Зэс голчтой 2.5 кв.мм зузаантай гурван паазын утсаар хийгдэнэ.

- Цонхны задаргаа: Цагаан өнгөтэй хуванцар 7.5 см зузаантай вакум цонх.

- Хаалганы задаргаа: Шахмал модон материалтай хүрэн өнгөтэй хаалга.Код: (ОР-062)

- Дотор засал чимэглэл: Өрөө тус бүр өнгөлгөөний угаадаг эмүлс. (улбар ягаан, ногоон, цайвар ногоон, цайвар шаргал, шаргал, цагаан, тод шар, тод улаан, цэнхэр, цайвар цэнхэр гэх мэт...)

- Солонгос шалны халаалт

- Үүдний саравчтай хийж гүйцэтгэхээр тохиролцжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын уг орон сууцыг SIP технологи, Канад технологийн алинаар баригдсан, гэрээний дагуу тохиролцсон материалаар хийгдсэн эсэх, цаашид хүн aмьдрах эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд шинжээч томилуулах хүсэлтээр барилгын чанар стандартад мэргэжлийн эрх бүхий шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилж шинжилгээ хийлгэсэн.

Шинжээч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цэнгэлийн гаргасан дүгнэлт/хэргийн 54-56 дахь тал/-д уг орон сууц нь SIP технологи буюу SIP хавтангаар баригдсан, Барилгын тухай хуульд заасан, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглосон, үндсэн хийц суурь, хана, дээвэр, дам нуруунд орсон бетон зуурмаг болон материал нь чанар баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторийн батламжтай байх хуулийн заалтууд зөрчигдсөн, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байх эрүүл ахуйн нөхцөл, арилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн гэж дүгнэсэн.

Барилгын шугаман бетон суурийн бат бэх чанар маркийг тогтоолгохоор нэмэлт шинжилгээ хийхээр томилогдсон шинжээч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барипгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн дүгнэлт/хэргийн104-112/-д, барилгын суурийн бетоны бат бэх B5 анги буюу М75 дундаж үзүүлэлттэй гэж дүгнэсэн.

Нэхэмжлэгч талын хүсэлтийн дагуу шүүхээс нэмэлт шинжилгээ хийхээр томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн дүгнэлт/хэргийн 206-224дөх тал/-д, -Барилгын талбай тэнхлэгээрээ 40 м2 талбайтай, таазны өндөр 2,1 м, ханын зузаан 12 см. Барилгад дараах дутагдлууд байна. Хананд хөгц үүсч мөөгөнцөр ургадаг,үнэртдэг, обой хунирч үрчийдэг,шал доош суугаад байснаас төмөр өрөг зангидаж паркет шал хийсэн, гадна суурийн бетон хуурч унадаг, суурь хагарсан байх ба суурийн бетон гар хүрэхээр хуурч унаж байсан нь бетоныг цутгах үед хүйтэн байсан эсвэл үхжсэн чанар муутай цемент хэрэглэсэн, цэвэр хайрга биш, шороотой хайрга хэрэглэснээс болно. Суурийн суултаас хана суусан тул обой үрчийсэн, суурийн хагарлын хурд хэмжээнээс хамаарч суурийн засварлах буулгах эсэхийг шийдвэрлэх ба нэмж ханыг дотор талаас нь задалж үртэсний оронд шилэн хөвөн хийсэн, 2 талд нь уур ус тусгаарлагч нэмж хийсэн, засвар хийсэн хэдий ч хөгц үнэртсээр байгаа, гадна талын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ОSB хавтан хар өнгийн мөөгөнцөртэй, үртсэн дулаалга бүхий угсармал модон хавтангаар ханыг хийж, ханын зузаан дулаан тусгаарлах тооцоог хангахгүй нимгэн байгаагаас хүйтэн агаар орж ирэн халуун агаартай мөргөлдөж уурын кондинцаци үүсгэдэг байна. Хананд уур ус тусгаарлагч 2 талд нь хийгээгүй тул дотор талд чийгтэй орчин бий болох нөхцлийг бүрдүүлж өгсөн.Барилгын ертөнцийн зүгээр урд хэсгийг бетоноор хүчитгэхдээ суурьтай хүчитгэж холболгүй ус оруулахгүй гэж хийсэн гэсэн нь OSB хавтан өндөр зэрэглэлийн сайн шахсан хавтан биш учир хавтангийн хийцийн завсар зайгаар орсон хөгц мөөгөнцөр нь хусаад арилах боломжгүй. OSB хавтан дээр байгаа мөөгөнцөр арилах боломжгүй.

Барилгад цаашид хэрэв суурийн хавтан шаардлага хангахуйц байвал буулгахгүйгээр суурийг яаралтай хүчитгэх шаардлагатай. Барилгын угсармал хийцийн ханын гадна биеийн дотор талын OSB хавтанг буулгаж мөөгөнцөрүүд орж чийг орсон үртсийг зайлуулах шаардлагатай. Мөөгөнцөр ургасан OSB хавтанг бүхэлд нь солих, 2 талд нь уур ус тусгаарлагч нэмж хийх, босоо байгаа хананд үртэс хийгээд тохиромжгүй байх тул шилэн хөвөнгөөр дулаан тусгаарлагч хийх. Барилгын шувуу нуруун дээврийн өнгийлт 30-40 см стандарттай уг барилгынх 13 см-ээр хийснийг 30 болгох шаардлагатай. Үүний тулд 4,0 м х 1,2 м хэмжээтэй төмөр хавтан орох ба мөн дээврийн зүүн хойд хэсэгт 2,2х1,2 м хэмжээтэй 4 ширхэг төмөр хавтан дутуу хийгдсэн тул стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай.

Хохирлын үнэлгээг зардлын аргаар тооцсоноор, ажлын хөлс 4 267 500 төгрөг, материалын зардал 4 210 000 төгрөг, тээвэр 420 000 төгрөг, бүгд 8 897 500 төгрөг гэж дүгнэсэн.

Маргаж буй барилгад гарсан дутагдлыг тусгай мэдлэг эрх бүхий шинжээч нарын дүгнэлтээр, барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэсэн, үндсэн хийц суурь, хана, дээвэр, дам нуруунд орсон бетон зуурмаг болон материал нь чанар баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторийн батламжтай байх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байх эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн, барилгын суурийн бетоны бат бэх B5 анги буюу М75 дундаж үзүүлэлттэй/хэргийн104-112/, хананд хөгц үүсч мөөгөнцөр ургадаг,үнэртдэг, обой хунирч үрчийдэг,шал доош суусан, гадна суурийн бетон хуурч унадаг, суурь хагарсан байх ба суурийн бетон гар хүрэхээр хуурч унаж байсан нь бетоныг цутгах үед хүйтэн байсан эсвэл үхжсэн чанар муутай цемент хэрэглэсэн, цэвэр хайрга биш, шороотой хайрга хэрэглэснээс болсон, суурийн суултаас хана суусан тул обой үрчийсэн, гадна талын БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ОSB хавтан хар өнгийн мөөгөнцөртэй, үртсэн дулаалга бүхий угсармал модон хавтангаар ханыг хийж, ханын зузаан дулаан тусгаарлах тооцоог хангахгүй нимгэн байгаагаас хүйтэн агаар орж ирэн халуун агаартай мөргөлдөж уурын кондинсаци үүсгэдэг, хананд уур ус тусгаарлагч 2 талд нь хийгээгүй тул дотор талд чийгтэй орчин бий болох нөхцлийг бүрдүүлж өгсөн, барилгын ертөнцийн зүгээр урд хэсгийг бетоноор хүчитгэхдээ суурьтай хүчитгэж холболгүй ус оруулахгүй гэж хийсэн, OSB хавтан өндөр зэрэглэлийн сайн шахсан хавтан биш учир хавтангийн хийцийн завсар зайгаар орсон хөгц мөөгөнцөр нь хусаад арилах боломжгүй болсон, барилгын угсармал хийцийн ханын гадна биеийн дотор талын OSB хавтанг буулгаж мөөгөнцрүүд орж чийг орсон тул үртсийг зайлуулах, мөөгөнцөр ургасан OSB хавтанг бүхэлд нь солих, 2 талд нь уур ус тусгаарлагч нэмж хийх, босоо байгаа хананд үртэс хийгээд тохиромжгүй байх тул шилэн хөвөнгөөр дулаан тусгаарлагч хийх, барилгын шувуу нуруун дээврийн өнгийлт 30-40 см стандарттай байх атал уг барилгынх 13 см-ээр хийсэн, 30 болгохын тулд 4,0 м х 1,2 м хэмжээтэй төмөр хавтан орох ба мөн дээврийн зүүн хойд хэсэгт 2,2х1,2 м хэмжээтэй 4 ширхэг төмөр хавтан дутуу хийгдсэн тул стандартын дагуу хийж гүйцэтгэх шаардлагатай/хэргийн 206-224дөх тал/ доголдлууд тогтоогдож байна.

Ажлын үр дүнг хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал гэдэг нь тухайн ажлын үр дүнг хүлээн авах үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй, харин тухайн эд хөрөнгийн ашиглалтын явцад илрэх дутагдлыг хэлнэ.

Энэ нь ашиглалтын явцад илэрч гарч ирэх, эсвэл ашиглалтаас шинээр үүссэн буюу бий болсон дутагдал болно.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гэрээний үндсэн дээр ирээдүйд бий болох,ийнхүү бий болоход зарцуулагдах ажил, зардлыг өөртөө шингээсэн ажлын үр дүн байдаг тул талуудын маргаж буй гэрээний зүйл болох орон сууцны доголдлууд нь шинжээчийн дүгнэлтүүд, талуудын тайлбараас үзэхэд барилгыг хүлээн авч ашиглаж байх явцад илэрч гарсан хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдал байна.

Нэхэмжпэгчээс ирүүлсэн хариуцагч үгүйсгээгүй гэрэл зураг/хэргийн 8-17, 31, 42-44, 80-90дэх тал/ болон шинжилгээний тайлан баримтуудаас үзэхэд барилгын материал нь чанар баталгаажуулсан гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторийн батламжтай байх, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн байх эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм нормативын шаардлага хангасан байх хуулийн заалтууд зөрчигдсөн, барилгын суурийн бетоны бат бэх байдал бетон хуурч унадаг, хананд хөгц үүсч мөөгөнцөр ургадаг,үнэртдэг, обой хунирч үрчийдэг,шал доош суусан байдал зэрэг нь Эрүүл ахуйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.гэж зохицуулсан заалт зөрчигдсөн байна.

Иймд Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэхгэсэн хуулиар хүлээсэн үүргээ хариуцагч тал биелүүлээгүй буруутай гэж үзнэ.

Хариуцагч талаас ирүүлсэн барилга угсралтын аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх 2014 оны 7 сарын 30-ны өдөр 3 жилийн хугацаатай олгогдсон тусгай зөвшөөрөл/хэргийн 116-120дох тал/-д хавсралт болон гэрээ ирүүлээгүй байх ба тусгай зөвшөөрөл хавсралт болон гэрээний хамт хүчинтэй байхыг заасан шаардлага хангагдахгүй байна.

Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Барилгын ажил гүйцэтгэгч нь, 40.1.1.барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавихчиг үүрэгтэй гэж гүйцэтгэгчийн хүлээх үүргийг зохицуулсан ба харин гэрээгээр захиалагч тал хариуцна гэж тайлбарлаж байгаа нь, гэрээний захиалагчийн эрх үүрэг хэсэгт 4.2.-т ..батлагдан барилгын зургийг иж бүрэн хүлээлгэн өгөхгэсэн нь хариуцагчийг дээрх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэс болохгүй.

Хариуцагч тал зардлын баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оюунцэцэг гарын үсэг зурсан нь үндэсгүй гэж тайлбар гаргаж байх ба С.Оюунцэцэг хууль ёсны итгэмжлэлийн дагуу С.С.Гг төлөөлж байгаа, мөн нэхэмжлэгчийн төрүүлсэн эх, нэг ам бүлд амьдардаг, анхнаасаа гэрээ байгуулах, гэрээний төлбөр гүйцэтгэх, доголдлын талаар хариуцагч м.тХХК-тай С.Оюунцэцэг л байнга харилцаж байсан, С.Оюунцэцэг өвчтэй хүүгийнхээ өмнөөс явсан гэж тайлбарлаж байгаа зэрэг нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч хэний нэр дээр байхаас үл хамаарах хуулийн зохицуулалтаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэх болно.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, 352.2.2.доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхгэж зааснаар захиалагч С.С.Г нь орон сууцны ашиглалтын явцад илэрсэн доголдлуудыг гүйцэтгэгчид хэлж засч сайжруулахыг мэдэгдсэн, ус зайлуулагч хийж өгсөн нь доголдлыг арилгаагүй, дахин хэлж мэдэгдэхэд засч өгөөгүй тул доголдлыг өөрөө арилгаж, шинжээчийн дүгнэлтээр гарсан доголдлыг арилгах холбогдох зардал болох 8,897,500 төгрөгийг гүйцэтгэгч м.т ХХК-иас шаардах эрхтэй байна.

Нэхэмжпэгч чийг мөөгөнцрийг арилгахаар өөрийн хөрөнгөөр засварласан үйл баримтад хариуцагч маргаагүй ба уг зардалд 5,489,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь Ү.Надмидад ажлын хөлс 1 640 000 төгрөг төлсөн гэх/хэргийн 153-155дахь тал/ гар бичвэр болон гарын үсгийн бичвэрийг хэн үйлдсэн нь тодорхойгүй баримтууд зардал гаргасан гэдгийг нотлохгүй, нэхэмжлэгч тал хуулиар шаардлагаа нотлох үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэл болж байх тул 1 640 000 төгрөгийг хангах үндэсгүй, харин үлдэх 3 849 000 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт ирүүлсэн /хэргийн 18-30, 73-79дөх тал/ падаан баримтуудаар нотлогдож байна.

Шинжээчийн зардалд өмнө 251160 төгрөгийг нэхэмжпэгч төлсөн ба энэ талаар шаардаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар 2019 оны 4 сарын 3-ны өдөр шинжээчид төлсөн ажлын хөлс болох 350 000 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч м.т ХХК-иас доголдлыг засварласан зардалд 3 849 000 төгрөг, доголдлыг арилгахтай холбогдох зардал болох 8,897,500 төгрөг бүгд 12 746 500 төгрөг, шүүхийн зардал 350 000 төгрөгийн хамт 13 096 500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С.Гд олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 640 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар талуудад харицуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2.-т заасныг баримтлан хариуцагч м.тХХК-иас 13 096 500 төгрөг гаргуулж нэхэмжпэгч С.С.Гд олгож, нэхэмжпэлээс үлдэх 1 640 000 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугaap зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 394236 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 223 432 төгрөг гаргуулж, нэхэмжпэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119.5.-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ