Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/02965

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/02965

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Түмэнцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Т-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Д.Б-д холбогдох

71.460.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Т , түүний өмгөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, иргэдийн төлөөлөгч С.А, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Б нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12.1 дэх хэсэг, 13-р бүлгийн 13.2-д заасныг зөрчин зохиогчийн зөвшөөрөлгүйгээр 1019783 регистр бүхий нэг өрх 10 жил, жилээр шинэчлэн зуунд 10 удаа хөтлөх угийн бичиг-ийн дэвтрийг гадна байдал, чимэглэлийг ерөнхийд нь өөр зураг чимэглэлээр орлуулж Өмнөговь аймгийн хүн амын тоогоор хэвлүүлж үндсэн үнэ дээр нь 500 төгрөг нэмж 1500 төгрөгөөр борлуулж орлогынхоо нэг эх үүсвэр болгожээ.

Өмнөговь аймаг 2006 оны хүн амын тооллогоор 16000 өрхтэй гэж тоологдсон байна.

Д.Б нь миний бүтээл Өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлахдаа 24 дэх хуудсанд 2006 он, үнэ 1500 төгрөг гэж бичсэн байна.

Дэвтрийн арын гадар дээр халзан зүсмийн морь унаж цагаан тэрмэн дээл өмсөж жийжүү дөрөө өшиглөж авхуулсан фото зураг тавьсан байх ба Өмнөговийн иргэдэд угийн бичиг хөтлөхийг уриалж УИХ-ын гишүүн Шанх овогт Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ гэсэн нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг бүхэлд нь зөрчиж эрх тушаалаа хэтрүүлэн үнэ нэмж дамлан борлуулах аргад шилжсэн нь кибер халдлагын элемент үүсгэсэн байна.

Угийн бичиг бол уран зохиол, роман биш энэ бол энэ дэлхий ертөнцөд оршин амьдардаг ургамал амьтан хүмүүн төрөлхтний нөхөн үржихүй, өсөн төлжихүйн эрүүл мэнд, оюун ухаан бие бялдрын орон зайд зохицон хөрвөх чадавхи чадварыг уг гарлаас тодорхойлдог бионанотехнологи Инновацийн шинжлэх ухааны судалгааны суурь нь болдог танин мэдэхүйн арга билигийн шинжлэх ухаан юм.

Монгол хүний оюуны чадавхийн хөрөнгө оруулалтын эхний хувилбар нь өрх бүрийг угийн бичгийн дэвтэртэй болгож хүнийг удамлан судлаж айл өрх бүрийг хөгжүүлж баялаг бүтээх хүчин зүйлийг нь үнэлүүлэх хүн амын хөгжлийн бодлогын үндэс нь угийн бичиг хөтлөлт байх юм.

Ийнхүү угийн бичгийн дэвтрийн хөрвөх чадавхийг ХЗДХЯ оюуны өмчийн газраас бодлогоор үнэлгээжүүлэн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн комиссын хурлаар өрхөд хөтлөх угийн бичиг дэвтэр бүтээлийн хөрвөх чадавхиар хэлэлцэж 51.460.000 төгрөгөөр үнэлсэн нь энэхүү үнэлгээг баримтлан Д.Б эс гэм хорын хохирлоо нэхэмжилж байна.

Миний бүтээлийг ашиглахдаа УИХ-ын гишүүн, хууль батлалцаж явсаныхаа хувьд бусдын оюуны бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглавал хариуцлага хүлээдэг талаарх мэдлэг суугаагүй биш гагцхүү албан тушаалдаа эрдэж, танхайрч бусдын оюуны бүтээлийг хулгайлж ашиг хонжоо олж явдаг нь тийм ч ухаалаг ухамсар өндөр хүн биш нь үйлдлээрээ харуулж байна.

Миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 2006 оноос 2017 оны хооронд өөртэй нь уулзаж тохирох гэсэн болов ч завгүй гэх буюу юу яриад байгаа юм бэ гэж эс тоосоор өнөөдрийг хүрч би шүүхэд хандахад хүрсэн.

Өмнөговь аймгийн өрх 2006 онд статистик бүртгэлээр 16000 өрх тоологдсон байна.

Монголын угийн бичгийн холоооноос тус аймгийн 16000 өрхөд нэг ширхэг дэвтрийг 1000 төгрөгөөр үнэлсэн байхад Д. Бат-Эрдэнэ 2006 онд миний бүтээл болох өрхөд хөтлөх угийн бичиг 1 ширхэг дэвтэр бүрийг нь 1500 төгрөгөөр дамлан зарж 24.000.000 төгрөг болгож өсгөсөн байна.

Оюуны бүтээл болох 1019783 регистер бүхий Өрхөд хөтлөх угийн бичгийн дэвтрийг ХЗДХЯам, Оюуны өмч, Иргэний бүртгэл мэдээллийн мэргэжлийн комиссоос 51.460.000 төгрөгөөр үнэлсэнийг үндэслэн хохиролд 51460000 төгрөг,

Угийн бичгийг айл өрхүүдэд хөтлүүлэх зарлиг хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалаа ашигласан, шунахайн зорилгоор зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг хуулбарлан дамлан айл өрхөд өндөр үнээр зарсан, Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасанд 20.000.000 төгрөг бүгд 71.460.000 төгрөгийг хариуцагч Д.Б эс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагчаас Угийн бичгийн дэвтрийн үнэлгээг үндэслэн 51.460.000 төгрөг, Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасанд 20.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлгүй, шаардлага нь нотлогдоогүй, Д.Б хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7746 дугаартай шүүгчийн захирамжтай Л.Бат-Эрдэнэд холбогдох хэрэгт гэрчээр асуугдсан Д.Ганболд нь энэ хэргийн талаар мэдэж байгаа зүйлээ шүүхэд мэдүүлсэн энэ мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа.

Оюуны өмчийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар батламжаар үнэлсэн үнэлгээг үндэслэн хариуцагчаас 51.460.000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зүйн болон бодит үндэслэлгүй. Учир нь Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Ганболд Д.Б эс ажлынхаа хүрээнд тусламж хүсэж уг дэвтрийг 1000 ширхэгийг хэвлүүлээд өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд үнэгүй тараасан. Гэхдээ бүгдийг нь тараагаагүй, тодорхой хэмжээний мөнгө зарсан учраас дэвтэр дээр 1500 төгрөг гэж бичсэн. Д.Б эс тусламж авсан тул сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан зургийг нь хуулбарлан тавьсан байдаг.

Д.Ганболдын 1000 ширхэг ургийн бичгийн дэвтэр хувилан тараасан үйлдэл нь Д.Бат-Эрдэнийн мөнгөн тусламж үзүүлсэн үйлдэлтэй шууд хамааралгүй бөгөөд Д.Бат-Эрдэнийн үйлдэл болон нэхэмжлэлийн шаардлага хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна.

Оюуны өмчийн газрын батламжид заасан хөрвөх чадавхиар үнэлсэн үнэлгээ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож буй үйлдэл, түүнээс учирсан хохирол буюу нэхэмжлэгчийн шаардсан гэм хорын хохирлыг шууд тодорхойлох нотлох баримт болж чадахгүй байна.

Д.Б эс авсан хандивыг Д.Ганболд өөрөө захиран зарцуулахдаа маргаж буй угийн бичгийн дэвтрийг олж хэвлүүлсэн, энэ тухай нь Д.Б мэдээгүй, түүнээс ямар зөвшөөрөл аваагүй болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна. Д.Б уг дэвтрийг хэвлэн нийтэлж тараагаагүй, тараахыг даалгаагүй, Д.Ганболдод энэ зориулалтаар тусламж өгөөгүй, энэ тухай мэдээгүй тул жинхэнэ хариуцагч биш байна.

Д.Б 2004-2008 онд Улсын их хурлын гишүүн байсан бөгөөд 2006 онд болсон үйл явдал нь сонгуулийн сурталчилгаа байсан гэж үзэх боломжгүйгээс гадна гишүүний сонгогдсон тойрогтоо ажиллаж тусламж дэмжлэг үзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Оюуны өмчийн газраас Д.Б д хандан албан шаардлага хүргүүлж байсан боловч энэ албан шаардлага нь Д.Б угийн бичгийн дэвтрийг хэвлэн ашигласан гэдгийг нотлох баримт биш бөгөөд зөвхөн өргөдөл гаргагчийн гаргасан өргөдөл дээр үндэслэн зохиогчийн эрх зөрчигдсөнийг нотолжээ. Мөн Монголын угийн бичгийн холбоо Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасан нь тогтогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

  Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Д.Б эс зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг хуулбарлан зарсан хохиролд 51.460.000 төгрөг, Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасанд 20.000.000 төгрөг, нийт 71.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Д.Б нь эс зөвшөөрч маргажээ.

Өрхөд хөтлөх угийн бичиг нэртэй бүтээлийн зохиогч нь Н.Т болох нь Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 305 дугаар тушаалаар 2002 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохиогчид олгосон Зохиогчийн эрхийн 1615 дугаар гэрчилгээгээр тогтоогджээ./хх-ийн 10 дугаар хуудас/

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8.-д Зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн үнэлгээ тогтоох баталгаажуулах гэж заасны дагуу Монгол улсын Оюуны өмчийн газраас 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Монголын угийн бичгийн холбоо, Н.Т д 1615 тоот гэрчилгээтэй Өрхөд хөтлөх угийн бичиг нэртэй бүтээлийг 51.460.000 төгрөгөөр үнэлснийг баталгаажуулж 05 дугаартай батламжийг олгосон байна. /хх-ийн 11 дүгээр хуудас/

Дээрх батламжийг Монголын угийн бичгийн холбоо, Н.Т гэж олгосон байгаа боловч уг бүтээлийн зохиогч нь Н.Т болохыг тогтоож 2002 онд 1615 тоот гэрчилгээг олгосон байх тул уг бүтээлийг үнэлсэн үнэлгээгээр зохиогчид учирсан хохирлыг тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.Б нь зохиогчийн эрхийг зөрчсөн болох нь Өмнөговь аймаг 2006 он гэсэн Угийн бичиг, Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 040/080 дугаартай албан шаардлага зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 27-40, 122-р хуудас/

Хариуцагч Д.Б нь улсын байцаагчийн албан шаардлагыг эс зөвшөөрч гомдол гаргаагүй гэж тайлбарладаг.

Иймд хариуцагч Д.Б эс 51.460.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Т д олгох үндэстэй байна.

Харин Монголын угийн бичгийн холбоо Төрийн бус байгууллагын нэр хүндэд учирсан гэм хорын хохирлыг иргэн Н.Т шаардах эрхгүй бөгөөд тус Төрийн бус байгууллагын нэр хүндэд хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг нь гутаасанд 20.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11., 30 дугаар зүйлийн 30.1.-т зааснаар хариуцагч Д.Б эс 51.460.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т д олгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415.250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 


 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО