Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00931

 

Н.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 342 дугаар магадлалтай,

Н.Т-гийн нэхэмжлэлтэй,

Д.Б-д холбогдох,

71.460.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Т-, өмгөөлөгч С.Галцацрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б- нь зохиогчийн зөвшөөрөлгүйгээр 1019783 регистр бүхий нэг өрх 10 жил, жилээр шинэчлэн зуунд 10 удаа хөтлөх угийн бичгийн дэвтрийг гадна байдал, чимэглэлийг ерөнхийд нь өөр зураг чимэглэлээр орлуулж Өмнөговь аймгийн хүн амын тоогоор хэвлүүлж үндсэн үнэ дээр 500 төгрөг нэмж 1500 төгрөгөөр борлуулж орлогынхоо нэг эх үүсвэр болгожээ. Өмнөговь аймаг 2006 оны хүн амын тооллогоор 16000 өрхтэй гэж тоологдсон байна. Дэвтрийн арын гадар дээр халзан зүсмийн морь унаж цагаан тэрмэн дээл өмсөж жийжүү дөрөө өшиглөж авахуулсан фото зураг тавьсан байх ба Өмнөговийн иргэдэд угийн бичиг хөтлөхийг уриалж УИХ-ын гишүүн Шанх овогт Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ гэсэн нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг бүхэлд нь зөрчиж эрх тушаалаа хэтрүүлэн үнэ нэмж дамлан борлуулах аргад шилжсэн нь кибер халдлагын элемент үүсгэсэн байна. Монголын угийн бичгийн холбооноос тус аймгийн 16000 өрхөд нэг ширхэг дэвтрийг 1000 төгрөгөөр үнэлсэн байхад Д.Б- 2006 онд миний бүтээл болох өрхөд хөтлөх угийн бичиг 1 ширхэг дэвтэр бүрийг нь 1500 төгрөгөөр зарж 24.000.000 төгрөг болгож өсгөжээ.

Оюуны бүтээл болох Өрхөд хөтлөх угийн бичиг дэвтрийг ХЗДХЯам, Оюуны өмч, Иргэний бүртгэл мэдээллийн мэргэжлийн комиссын үнэлгээг үндэслэн хохиролд 51.460.000 төгрөг, угийн бичгийг айл өрхүүдэд хөтлүүлэх зарлиг хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалаа ашигласан, шунахайн зорилгоор зохиогчийн зөвшөөрөлгүйгээр бүтээлийг хуулбарлан дамлан айл өрхөд өндөр үнээр зарсан, Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг  гутаасанд 20.000.000 төгрөг бүгд 71.460.000 төгрөгийг хариуцагч Д.Б-эс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7746 дугаартай шүүгчийн захирамжтай хэрэгт гэрчээр асуугдсан Д.Ганболд нь энэ хэргийн талаар мэдэж байгаа зүйлээ шүүхэд мэдүүлсэн байгаа. Өмнөговь аймгийн Цогт Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Д.Ганболд Д.Б-эс ажлынхаа хүрээнд тусламж хүсэж уг дэвтрийг 1000 ширхгийг хэвлүүлээд өөрийн ажлын чиг үүргийн хүрээнд үнэгүй тараасан. Гэхдээ бүгдийг нь тараагаагүй, тодорхой хэмжээний мөнгө зарсан учраас дэвтэр дээр 1500 төгрөг гэж бичсэн. Д.Б-эс тусламж авсан тул сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан зургийг нь хуулбарлан тавьсан байдаг. Д.Ганболдын 1000 ширхэг ургийн бичгийн дэвтэр хувилан тараасан үйлдэл нь Д.Бат-Эрдэнийн мөнгөн тусламж үзүүлсэн үйлдэлтэй шууд хамааралгүй бөгөөд Д.Бат-Эрдэнийн үйлдэл болон нэхэмжлэлийн шаардлага хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй. Д.Б- 2004-2008 онд Улсын их хурлын гишүүн байсан,  2006 онд болсон үйл явдал нь сонгуулийн сурталчилгаа байсан гэж үзэх боломжгүйгээс гадна гишүүн сонгогдсон тойрогтоо ажиллаж тусламж дэмжлэг үзүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Оюуны өмчийн газрын албан шаардлага нь Д.Б- угийн бичгийн дэвтрийг хэвлэн ашигласан гэдгийг нотлох баримт биш бөгөөд зөвхөн өргөдөл гаргагчийн гаргасан өргөдөлд үндэслэн зохиогчийн эрх зөрчигдсөнийг нотолжээ. Мөн Монголын угийн бичгийн холбоо Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг олон жил саатуулан нэр хүндийг гутаасан нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11., 30 дугаар зүйлийн 30.1.-т зааснаар хариуцагч Д.Б-эс 51.460.000 /тавин нэгэн сая дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 511 дүгээр зүйлийн 511.1.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20.000.000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 415.250 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 342 дугаар магадлалаар:  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Д.Б-д холбогдох, 71.460.000 төгрөг гаргуулах тухай Н.Т-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 415.250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Т- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 342 тоот магадлалыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний зохиосон 1615/1019783 регистртэй угийн бичгийн дэвтрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан хэвлүүлж ашигласан Д.Б- зохиогчийн хуулийн 12.2, 12.3-ийг зөрчсөн. Хариуцагчийн хариу тайлбар үнэнд нийцээгүй худал хэлж найруулж байгааг эсэргүүцэж байна. Өрхөд хөтлөх угийн бичиг бүтээлийг зөвшөөрөлгүйгээр хуулбарлан хэвлүүлж дамлан худалдсан дэвтэр биеэрээ, уг дэвтрийн арын гадар дээр бичсэн Д.Бат-Эрдэнийн уриалга, морьтойгоо авахуулсан фото зураг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Угийн бичгийн дэвтэр нэг мянган төгрөг /1000/-ний үнэтэй байхад нэг мянга таван зуун төгрөг /1500/-өөр үнэлсэн нь дамлан худалдсанаа нотолж байна. Д.Б- борлуулсан, борлуулаагүй нь хохирогчид ер хамаагүй, гагцхүү үнэ нэмээд борлуулж байсан нь нотлогдож байна. Энэ хүн зохиогчийн зөвшөөрөлгүйгээр угийн бичгийн дэвтрийг хуулбарлан хэвлүүлсэн. Гэтэл магадлалд энэ тов тодорхой нотолгоог үгүйсгэж, нотлогдохгүй байна гэж Д.Б-д илэрхий үйлчлээд байгаа нь шударга биш байна. Иймд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Н.Т- нь хариуцагч Д.Б-д холбогдуулан өөрийнх нь бүтээлийг хууль бусаар ашигласнаас учирсан хохирол 51.460.000 төгрөг, Төрийн бус байгууллагын нэр төр гутаасанд 20.000.000 төгрөг нийт 71.460.000 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Ганболдод мөнгөн тусламж үзүүлсэн, дэвтрийг хувилж тараагаагүй, гэм хор учруулаагүй” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.  

Н.Т- нь “Өрхөд хөтлөх угийн бичиг” дэвтэр нэртэй бүтээлийн зохиогч болох нь зохиогчийн эрхийн 1615 дугаартай гэрчилгээгээр тогтоогджээ.

Бест принтинг ХХК нь 2006 онд дээрх дэвтрийг Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ганболдын захиалгаар нэг бүрийг нь 700 төгрөгөөр 1000 ш хэвлэсэн, дэвтрийн арын хуудсанд “Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан энэхүү “Угийг бичиг”-ийг бүтээж нутгийнхаа айл бүрт бэлэг болгон барьж байгааг хүлээн авна уу” ..., УИХ-ын гишүүн Шанх овогт Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ гэсэн байх ба үнэ 1500 төгрөг гэжээ /хэргийн 10, 13-40, 94 дүгээр тал/.

Давж заалдах шатны шүүх “...Угийн бичиг дэвтрийг хариуцагч Д.Б- зохиогчийн зөвшөөрөлгүй хэвлэн, нэг бүрийг 1500 төгрөгөөр борлуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй...” гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо  хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг зохиогч гэж тодорхойлсон ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1., 12.2.-т зааснаар зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрхтэй бөгөөд тэрээр бүтээлийг хуулбарлах, нийтлэх, нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулахыг зөвшөөрөх, эсхүл хориглох онцгой эрхтэй болно. Өөрөөр хэлбэл, бүтээл ашиглах онцгой эрх  буюу  эдийн баялгийн эрхийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглахаас гадна бүтээлээ нийтлэхийг бусдад зөвшөөрөх эсхүл хориглох онцгой эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй хийгдсэн аливаа үйлдлийг зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх ба Угийн бичиг дэвтэрт өөрийн нэр, зургийг байрлуулан хэвлүүлэхдээ хариуцагч нь зохиогч буюу Н.Т-гөөс зөвшөөрөл авсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцээгүй байна.

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага болон татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан, хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.

Хариуцагч нь Угийн бичиг дэвтрийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7, 3.1.8-д зааснаар нийтэлж, нийтийн хүртээл болгосон, энэ тохиолдолд нэхэмжлэгч нь бүтээлийг худалдсан, бэлэглэсэн, ашиг олсон,  олоогүйгээс үл хамаарч хохирлоо шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, “...хариуцагч Д.Б- нь зохиогчийн эрхийг зөрчсөн” гэж үзсэн нь хуульд нийцсэн боловч хэрэгт  авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйгээс хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, мөн шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй байна.

Монгол улсын Оюуны өмчийн газар нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.-т заасан чиг үүргийн хүрээнд “Өрхөд хөтлөх угийн бичиг”ийг 51.460.000 төгрөгөөр үнэлснийг баталгаажуулж батламж олгосон, анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг уг үнээр тооцсон нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлыг “Угийн бичиг” дэвтрийг хэвлэсэн 1000 ширхгийг уг дэвтэрт бичигдсэн үнэ 1500 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн шаардлагыг хангах нь хууль зөрчихгүй, хэргийн баримтад үндэслэгджээ.

Хариуцагч нь Монголын Угийн бичгийн холбоо Төрийн бус байгууллагын нэр хүндийг гутаасан гэх байдал тогтоогдоогүй тул энэ талаарх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 342 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/02965 дугаар шийдвэрийн 1, 2 дах заалтыг нэгтгэн 1 гэж дугаарлан “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1-т заасныг баримтлан хариуцагч Д.Б-эс 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, нэхэмжлэлээс 69.960.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “415.250” гэснийг “38.950” гэж тус тус өөрчлөн, 3, 4, 5 дах заалтыг 2, 3, 4 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.        

2. Нэхэмжлэгч Н.Т- хяналтын журмаар гомдол гаргахдаа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШЗ2018/02699 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ