Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2017/02472

 

 

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 13 өдөр          Дугаар 182/ШШ2017/02472          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Я.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Г-т холбогдох, 

 

“Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Ц.Г, хариуцагчийн өмгөөлөгч П.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.Г гэх зальт эмэгтэйн арга мэхэнд хууртаж гэр бүлээрээ орох оронгүй болж, амьдрал ахуй хүнд хэцүү болж байна. Би Ц.Гийг урьд нь 6-7 жилийн өмнөөс мэдэх хэдий ч намайг ийм байдалд оруулна чинээ санасангүй.

Анх би өөрийн эзэмшлийн портер машинаар Ц.Гийн бариулж байсан цэцэрлэгийн зориулалттай барилгын материалыг зөөж ажилладаг байсан юм. Тухайн үед Ц.Г нь надаас “6.000.000 төгрөг түр зээлээч 7.000.000 болгож өгье.” гэсэнд би ажил хийж байгаа хүнд итгэн хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч өгч байсан юм. Гэтэл Ц.Г надад хандан “Барилгаа гүйцээн бариулахад мөнгө дутаад байна, та надад хашаа байшингаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч” гэж манайд ирж гуйж байсан юм. Тэр үед би “хашаа байшин барьцаанд байгаа зээлийн үлдэгдэл 3.000.000 төгрөг байгаа”-г хэлсэнд “Үлдэгдэл мөнгийг чинь дарчихъя. Та нэг мөсөн ахиухан мөнгө гаргаад өг” гэсэн. Ингээд 3.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг маань хааж, дахин зээл судлуулсан. Гэтэл би өөрөө тогтсон ажилгүй группт, эхнэр ажилгүй гэрт гээд тогтмол орлогогүй тул зээл гарах боломжгүй болсон. Гэтэл Ц.Г надад “Би өөр дээрээ зээл хөөцөлдье. Та надад хашаа байшингаа итгэмжлээд өгчих, дүү нь удаахгүй, болохгүй бол мөнгийг нь өгчихнө” гэсэн. Би ч тус хашаа байшингаа зарах бодолтой байгаагаа дуулгасан бөгөөд “зах зээлийн үнээс хямдхан 50.000.000 төгрөгөөр зараад хүүгийнхээ гэртэй ойртох хүсэлтэй байгаа”-гаа хэлсэн. Тэгтэл Ц.Г “...өө тийм бол би таны хашаа байшинг өөрийн дунд эгч н.Амарзаяадаа авч өгчихье, таны хэлсэн 50.000.000 төгрөгөөр чинь авъя. Мөнгийг нь дараа нь хуваагаад өгье” гэж хэлсэнд би итгэж, түүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлэхэд хүрсэн. Би тухайн үед Монгол хүний жудаг, чанар гаргаж итгэж найдсан бөгөөд хийж бүтээхээр тэмцэж байгаа юм байна болох байлгүй гэж бодсон. Ингээд Чингэлтэй дүүргийн урд талын нотариат дээр очоод итгэмжлэх хийлгүйгээр шууд худалдах, худалдан авах гэрээг хийж, бичиг баримтыг Ц.Г өөр дээрээ авсан. Хашаа байшинг худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг 5.000.000 гэж бичүүлсэн бөгөөд учрыг лавлатал татвар төлөх хэмжээ нь бага байдаг юм гэж ойлгуулсан билээ. Хоног хугацаа өнгөрч бүтэн жил өнгөрсний дараагаас “Хас банк”-ны ажилтан ирж “энэ хашаа байшин 31.000.000 төгрөгийн барьцаанд байгаа, Ц.Г төлбөрөө төлөхгүй байгаа, шүүхээр оруулж байрыг хурааж авна. Та нар нүүх болох нь...” гэсэн.

Үүнээс хойш тэрээр байнга надаас зугтаах болсон бөгөөд нэг ч төгрөг өгөөгүй, уулзахгүй, утсаар ч ярихгүй төвөгшөөх болсон юм. Иймд миний бие Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гаргаж Ц.Гийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйл 148.4-т заасан 201525031839 тоот эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан юм. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах явцад Ц.Г надтай уулзан “Таныг хохиролгүй болгоно, цагдаагаас гомдлоо татаж аваач” гэдэг байсан. Тэгтэл Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 12 сарын 16-ны өдрийн 10769 дугаар тогтоол гарснаас хойш “Эрүүгийн хэрэг нэгэнт хэрэгсэхгүй болсон, би шүүхэд танил ихтэй, та одоо яаж ч яваад амжилт олохгүй, миний бизнес шатсан, танд одоо өгөх юм байхгүй, эрсдэлээ өөрөө үүр” гэх зэргээр намайг танил тал байхгүй, хуулийн мэдлэггүй байдлыг далимдуулан доромжлох боллоо.

Энэ байдлаас болж миний бие эрс муудаж, насаараа олж цуглуулсан өөрийн ганц үл хөдлөх хөрөнгө болох хашаа байшингаа бусдад залилуулж алдсандаа сэтгэл санаагаар унаж, сэтгэл санааны хүнд дарамтад ороод байна. Өдий насандаа амь зуулга, орох орон болсон ганц хөрөнгөө зальт хүмүүст алдчихаад, орох орохгүй, айл дамжих амьдрах болж байгаадаа маш их гутарч, заримдаа амиа хорлох санаа төрөх болсныг нуугаад ч яахав.

Иймд Чингэлтэй дүүрэг 10 хороо чингэлтэйн 6 гудамж 164 тоот хаягт орших /354,84 кв.м, Г-2202000402 УБД 000304417 гэрчилгээний дугаартай, НТД-18641313932305 газар байшингийн хамтаар/ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Н миний биеийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож амгалан амьдруулах боломжоор хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Би Я.Н ахтай 7 жилийн өмнө анх танилцсан, түүний тээврийн хэрэгслээр ачаа бараагаа зөөлгөдөг, эхнэр н.Дэлгэрмаа нь манай цайны газарт ажилладаг гэх мэтээр бид нэг нэгнийхээ амьдралыг сайн мэддэг хүмүүс юм.

Би өөрийн өмчлөлийн хашаа байшиндаа 2014 оны 8 сараас цэцэрлэгийн зориулалтаар барилга барьж эхэлсэн ба барилгын материалыг Я.Н ахын машинаар зөөж, харилцан бие биедээ тус дэмтэй байсан. Энэ үед миний барилгад мөнгө дутагдаад ажил зогсонги байдалд орж эхэлсэн ба Намхайдагва ах өөрөө “Манай хашаа байшин одоо 3.000.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Тэр зээлийг хаагаад их хэмжээний зээл аваад хэрэглэж болно шүү” гэж яригдсан, би ч ажлаа амжуулж бай гээд л Намхайдагва ахад 3.000.000 төгрөгийг өгөөд, өөрөө явж зээлээ хаалгуулаад ирсэн.

Ингээд бид Я.Н ахын нэр дээр зээл авахаар хэд хэдэн банкаар орсон боловч Я.Н ахын материалыг судалж үзээд эргэн төлөх орлого нотлогдохгүй байна гээд зээл олгоогүй юм. Тэгээд л Я.Н ах “чи өөрөө зээл авах гэж байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр хашаа байшинг шилжүүлж аваад хөөцөлдвөл хурдан бүтэх юм байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид манай барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор банкнаас зээл авах гэж худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм.

Бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, хашаа байшингаа суллаж, шилжүүлж өгөх талаар юу ч яригдаж байгаагүй. Зөвхөн тэдний хашаа байшин миний нэр дээр шилжиж, би Хас банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл нь 31 сая төгрөг байгаа.

Энэ бүх асуудлыг Я.Н ах болон түүний гэр бүлийнхэн уг нь мэдэж байгаа мөртлөө намайг хуурч мэхэлж, өмч хөрөнгийг нь авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан.

Тухайн үед банкнаас зээл авахын тулд Я.Н ахын үл хөдлөх хөрөнгийг түр зуур шилжүүлэн авсан болохоос түүнийг би хуурч мэхлээгүй, өөрийнх нь санаачилгаар гэрээ байгуулж, зээл авсан.

Ийм л бодит үйл явдал болсон, би тэдний хашаа байшинг бүр худалдаж авахаар яриагүй, надад хашаа байшинг нь худалдаж авах шаардлага ч байгаагүй.” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хас банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хасбанк нь Ц.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Амарзаяа нартай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1740005134 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 29.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 174000513402 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Ү-2202014255 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 164 тоотод байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2202000402 дугаартай 358,84 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00815 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Г, Ц.Амарзаяа нар нь 31,059,939 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан.

Ц.Г, Ц.Амарзаяа нар нь сайн дураар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 182/Ш32017/08358 дугаартай “Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамж, 182/ГХ2017/00866 дугаартай Гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 30,659,939 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 156,625 төгрөг, нийт 30,816,564 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурьдсан яллагдагч болон хохирогч нарын мэдүүлгээс Я.Н нь хашаа байшингаа 50,000,000 төгрөгөөр худалдахаар Ц.Гт санал тавьж, Ц.Г нь саналыг хүлээн авч хашаа байшинг 50,000,000 төгрөгөөр дунд эгч Амарзаяадаа худалдан авахыг зөвшөөрч, мөнгийг нь дараа хуваагаад төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар талууд энэхүү хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул шинээр хэлцэл хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар шаардлага гаргасан нь тодорхойгүй, шаардлагаа нотлоогүй байна.

Талуудын хооронд хийгдсэн гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 болон 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн, түүнийг нь хүлээн авсан, хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, агуулгаа өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Я.Н нь хариуцагч Ц.Г-т холбогдуулан “Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Ц.Г нь Я.Нтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших 358,84 м.кв             Г-2202000402 УБД 000304417 гэрчилгээний дугаартай НТД 18641313932305 газрыг 5,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” болон шүүхэд гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Я.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Г надад “Би өөр дээрээ зээл хөөцөлдье. Та надад хашаа байшингаа итгэмжлээд өгчих, дүү нь удаахгүй, болохгүй бол мөнгийг нь өгчихнө” гэсэн. Би ч тус хашаа байшингаа зарах бодолтой байгаагаа дуулгасан бөгөөд “зах зээлийн үнээс хямдхан 50.000.000 төгрөгөөр зараад хүүгийнхээ гэртэй ойртох хүсэлтэй байгаа”-гаа хэлсэн. Тэгтэл Ц.Г “...өө тийм бол би таны хашаа байшинг өөрийн дунд эгч н.Амарзаяадаа авч өгчихье, таны хэлсэн 50.000.000 төгрөгөөр чинь авъя. Мөнгийг нь дараа нь хуваагаад өгье” гэж хэлсэнд би итгэж, түүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлэхэд хүрсэн.

Хашаа байшинг худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг 5.000.000 гэж бичүүлсэн бөгөөд учрыг лавлатал татвар төлөх хэмжээ нь бага байдаг юм гэж ойлгуулсан билээ.

Иймд Чингэлтэй дүүрэг 10 хороо чингэлтэйн 6 гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.Н-ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэж тайлбарладаг болно.

 

Хариуцагч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Я.Н ах “чи өөрөө зээл авах гэж байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр хашаа байшинг шилжүүлж аваад хөөцөлдвөл хурдан бүтэх юм байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид манай барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор банкнаас зээл авах гэж худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм.

Бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, хашаа байшингаа суллаж, шилжүүлж өгөх талаар юу ч яригдаж байгаагүй. Зөвхөн тэдний хашаа байшин миний нэр дээр шилжиж, би Хас банкнаас 30 сая төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл нь 31 сая төгрөг байгаа.

би тэдний хашаа байшинг бүр худалдаж авахаар яриагүй, надад хашаа байшинг нь худалдаж авах шаардлага ч байгаагүй” гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч Я.Н-ын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага буюу талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний зүйл нь Г-2202000402 дугаартай улсын бүртгэлд бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт байрлах 358,84 м.кв талбай бүхий өмчлөлийн газар болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.   

 

Хариуцагч Ц.Гийн 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн “...Ц.Г би 1 сарын 30-ны өдөр хашаа байшин авахаар тохиролцсон. 50 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 2015 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлнө” гэх баримт хэрэгт авагдсан бөгөөд дээрх баримтын талаар талууд маргаагүй байна.

 

            Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот тоотод байрлах 358.84 м.кв газар нь Ц.Гийн өмчлөлд шилжиж, үл хөдлөх эд хөрөнгө болох газрыг Ц.Г нь Хасбанктай байгуулсан зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан болох нь хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00815 дугаар шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

            Хариуцагч Ц.Г нь уг газрыг худалдаж авах хүсэл зориг байхгүй харин зээл авахын тулд өмчлөлдөө шилжүүлсэн гэж тайлбарлах боловч дээрх байдал нь нэхэмжлэгч Я.Намхайдагвын шүүх хуралдаанд гаргасан “...Ц.Гтэй байгуулсан гэрээгээр газрыг зарах хүсэл зоригтой байсан” гэх тайлбар болон хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 10769 дугаар тогтоолд Ц.Гийн “...Намайг зээл авсны дараагаар Намхайдагва ах надад хандаж би энэ хашаа байшингаа зарах гэж байгаа юмаа гэхээр нь хэдэд өгөх вэ гэхэд хямдхан 50 сая төгрөгөөр зарна зараад хүүгийнхээ гэртэй ойртоно гэж хэлж байсан тэгэхээр нь би түүнд хандаж би тэгвэл хашаа байшинг чинь 50 сая төгрөгөөр дунд эгч Амарзаяадаа авч өгдөг юм уу гэж хэлээд би бэлэн өгч чадахгүй шүү мөнгийг нь хуваагаад өгье гэж хэлсэн чинь зөвшөөрсөн ...” гэх мэдүүлэг, 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Ц.Гийн 1 сарын 30-ны өдөр 50 сая төгрөгөөр хашаа байшин авахаар тохиролцсон, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны дотор төлнө гэх баримтуудаар хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах тухай хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т “Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус болохыг заасан бөгөөд Я.Н болон Ц.Г нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилготой байсан хэдий ч хожим нь талууд хүлээн зөвшөөрснөөр хэлцлийг шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр гэж үзэх үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заажээ.

                                  

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т заасан нөхцөлөөс 56.1.3 дахь заалт нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу талууд банкнаас зээл авахын тулд хийсэн хэлцэл боловч талуудын зүгээс хэлцлийг хожим хүлээн зөвшөөрч, хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл арилна.

 

Я.Н болон Ц.Г нарын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 24-ний “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах” тухай гэрээг хожим нь талууд уг газрыг худалдах-худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т нийцсэн тул энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох хуулийн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох газар худалдах-худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр гэрээ байх тул  нэхэмжлэгч Я.Намхайдагвын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах тухай  2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах болон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 6 дугаар гудамжны 164 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 101 дүгээр зүйлийн 101.1-д тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Гт холбогдох “Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.Н болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай нэхэмжлэгч Я.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Я.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС