Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/01169

 

Я.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 564 дүгээр магадлалтай

Я.Нын нэхэмжлэлтэй

Ц.Гт холбогдох

Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.На болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархасын хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.На, түүний өмгөөлөгч Ц.Бахархал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Анх өөрийн эзэмшлийн портер машинаар Ц.Гийн бариулж байсан цэцэрлэгийн зориулалттай барилгын материалыг зөөж ажилладаг байсан юм. Тухайн үед Ц.Г нь надаас 6 000 000 төгрөг түр зээлээч 7 000 000 болгож өгье гэсэнд би ажил хийж байгаа хүнд итгэн хашаа байшингаа барьцаанд тавьж зээл авч өгч байсан. Гэтэл Ц.Г надад хандан барилгаа гүйцээн бариулахад мөнгө дутаад байна, та надад хашаа байшингаа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж манайд ирж гуйсан. Тэр үед би хашаа байшин барьцаанд байгаа зээлийн үлдэгдэл 3 000 000 төгрөг байгааг хэлсэнд үлдэгдэл мөнгийг чинь дарчихъя. Та нэг мөсөн ахиухан мөнгө гаргаад өг гэсэн. Ингээд 3 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг маань хааж, дахин зээл судлуулсан. Гэтэл би өөрөө тогтсон ажилгүй группт, эхнэр ажилгүй гэрт гээд тогтмол орлогогүй тул зээл гарах боломжгүй болсон. Гэтэл Ц.Г надад өөр дээрээ зээл хөөцөлдье. Та надад хашаа байшингаа итгэмжлээд өгчих, дүү нь удаахгүй, болохгүй бол мөнгийг нь өгчихнө гэсэн. Би ч тус хашаа байшингаа зарах бодолтой байгаагаа дуулгасан бөгөөд зах зээлийн үнээс хямдхан 50 000 000 төгрөгөөр зараад хүүгийнхээ гэртэй ойртох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Мөнгийг нь дараа нь хуваагаад өгье гэж хэлсэнд би итгэж, түүний нэр дээр хашаа байшингаа шилжүүлэхэд хүрсэн. Чингэлтэй дүүргийн урд талын нотариат дээр очоод итгэмжлэх хийлгүйгээр шууд худалдах, худалдан авах гэрээг хийж, бичиг баримтыг Ц.Г өөрийн нэр дээрээ авсан. Хашаа байшинг худалдах худалдан авах гэрээний үнийн дүнг 5 000 000 гэж бичүүлсэн бөгөөд учрыг лавлатал татвар төлөх хэмжээ нь бага байдаг юм гэж ойлгуулсан. Хоног хугацаа өнгөрч бүтэн жил өнгөрсний дараагаас “Х” ХХК-ийн ажилтан ирж энэ хашаа байшин 31 000 000 төгрөгийн барьцаанд байгаа, Ц.Г төлбөрөө төлөхгүй байгаа, шүүхээр оруулж байрыг хурааж авна. Та нар нүүх болох нь гэсэн. Иймд Чингэлтэй дүүрэг 10 хороо Чингэлтэйн 6 гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.На миний биеийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож амгалан амьдруулах боломжоор хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 7 жилийн өмнө анх танилцсан, түүний тээврийн хэрэгслээр ачаа бараагаа зөөлгөдөг, эхнэр н.Дэлгэрмаа нь манай цайны газарт ажилладаг гэх мэтээр бид нэг нэгнийхээ амьдралыг сайн мэддэг хүмүүс юм. Би өөрийн өмчлөлийн хашаа байшиндаа 2014 оны 8 сараас цэцэрлэгийн зориулалтаар барилга барьж эхэлсэн ба барилгын материалыг Я.На ахын машинаар зөөж, харилцан бие биедээ тус дэмтэй байсан. Энэ үед миний барилгад мөнгө дутагдаад ажил зогсонги байдалд орж эхэлсэн ба Я.На ах өөрөө манай хашаа байшин одоо 3 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Тэр зээлийг хаагаад их хэмжээний зээл аваад хэрэглэж болно шүү гэж яригдсан, би ч ажлаа амжуулж бай гээд л Я.На ахад 3 000 000 төгрөгийг өгөөд, өөрөө явж зээлээ хаалгуулаад ирсэн. Тэгээд л Я.На ах чи өөрөө зээл авах гэж байгаа юм чинь өөрийнхөө нэр дээр хашаа байшинг шилжүүлж аваад хөөцөлдвөл хурдан бүтэх юм байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд бид манай барилгын ажлыг үргэлжлүүлэх зорилгоор банкнаас зээл авах гэж худалдах худалдан авах гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан юм. Бидний хооронд ямар нэгэн мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй, хашаа байшингаа суллаж, шилжүүлж өгөх талаар юу ч яригдаж байгаагүй. Зөвхөн тэдний хашаа байшин миний нэр дээр шилжиж, би Хнаас 30 000 000 төгрөгийн зээл авсан. Үлдэгдэл нь 31 000 000 төгрөг байгаа. Энэ бүх асуудлыг Я.На ах болон түүний гэр бүлийнхэн уг нь мэдэж байгаа мөртлөө намайг хуурч мэхэлж, өмч хөрөнгийг нь авсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, шалгуулсан. Тухайн үед банкнаас зээл авахын тулд Я.На ахын үл хөдлөх хөрөнгийг түр зуур шилжүүлэн авсан болохоос түүнийг би хуурч мэхлээгүй, өөрийнх нь санаачилгаар гэрээ байгуулж, зээл авсан гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Г, хамтран үүрэг гүйцэтгэгч Ц.Амарзаяа нартай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 1740005134 дугаартай зээлийн гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 29.4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 174000513402 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ байгуулан Ү-2202014255 улсын бүртгэлийн дугаартай, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 164 тоотод байрлах 60 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-2202000402 дугаартай 358,84 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 182/ШШ2017/00815 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.Г, Ц.Амарзаяа нар нь 31 059 939 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасан. Ц.Г, Ц.Амарзаяа нар нь сайн дураар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 182/Ш32017/08358 дугаартай шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 182/ГХ2017/00866 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Өнөөдрийн байдлаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 30 659 939 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 156 625 төгрөг, нийт 30 816 564 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурдсан яллагдагч болон хохирогч нарын мэдүүлгээс Я.На нь хашаа байшингаа 50 000 000 төгрөгөөр худалдахаар Ц.Гт санал тавьж, Ц.Г нь саналыг хүлээн авч хашаа байшинг 50 000,000 төгрөгөөр дунд эгч Амарзаяадаа худалдан авахыг зөвшөөрч, мөнгийг нь дараа хуваагаад төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар талууд энэхүү хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул шинээр хэлцэл хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэхээр байна. Агуулгаа өөрсдөө тодорхойлсон хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ц.Гт холбогдох Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж 164 тоот хаягт орших үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Я.На болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №2568 тоот гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэгч Я.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.На нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 564 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэй 6 дугаар гудамж, 164 тоотод хаягтай 60 м.кв талбай бүхий хувийн сууц, 358,84 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч Ц.Гт даалгасугай.” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бархас хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Давж заалдах шатны шүүх нь нотлох баримт болон хариуцагчийн анхан шатны шүүх хурапдаан дээр өгсөн тайлбар, мэдүүлгийг бодитойгоор харгалзан үзээгүй, Иргэний хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэн шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг зөрчсөн гэж үзэн магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Я.На иь 2014 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн №2568 дугаартай хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан энэхүү гэрээ нь Г-2202000402 дугаартай Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 164 тоот хаягт байрлах 358,84 м.кв газрыг 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байна. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас давж, нэхэмжпэлд дурьдаагүй Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамж, 164 тоот хаягтай 60 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

2. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурдсан яллагдагч болон хохирогч нарын мэдүүлгээс Я.На нь хашаа байшингаа Ц.Гт 50 000 000 төгрөгөөр худалдахаар санал тавьж, Ц.Г нь уг саналыг хүлээн авч хашаа байшинг дунд эгч Ц.Амарзаяадаа авч өгөхөөр болж мөнгийг нь дараа хуваагаад төлөхөөр тохирсон болох нь тогтоогдож байна. Мөн Ц.Гийн 50 000 000 төгрөгөө төлөх тухай өөрийн бичсэн бичиг хавтаст хэрэгт авагдсан. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар талууд энэхүү хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хожим хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул шинээр хэлцэл хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Мөн дээрх заалтыг үндэслэн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хашаа байшингийн өмчлөх эрхийг Я.Над шилжүүлэхийг Ц.Гт даалгасан.

Гэтэл Иргэний хуулийн 56.5- д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Гэрээний дагуу шилжүүлсэн газар нь Хны зээлийн барьцаанд тавигдаж шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэл хангуулахаар албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа буцаан өгөх боломжгүй тул хариуцагч Ц.Гээс мөнгийг нь гаргуулах ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс өөрчилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа “...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 6 дугаар гудамжны 164 тоот хаягт байрлалтай 60мкв талбай бүхий сууц, 358.84мкв талбай бүхий газрын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг Ц.Гт даалгаж...” шийдвэрлэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар “...нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Гийг хашаа байшинг худалдаж авахаар харилцан тохиролцсон 50 000 000 төгрөгийг төлөөгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, маргааны зүйл болох байшин, газрын өмчлөгчөөр өөрийгөө тогтоолгох...”-ыг хүссэн агуулга бүхий тайлбар гаргасан атлаа “...итгэл төрүүлж, хууран мэхэлж гэрээ байгуулсан, ...” гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсан байх тул нэхэмжлэлийн шаардлага нь гэрээнээс татгалзаж байгаа, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулх гэж байгаа эсэх нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчид өөрийн өмчлөлийн газрыг буюу газар өмчлөх эрхийг худалдсан байтал нэхэмжлэлийн шаардлагад тус газар дээрх байшингийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн ба нэхэмжилж буй байшин хэний өмч болох, ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй,  энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө нь хариуцагч Ц.Гийн өмч болохыг нотлосон баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Хяналтын шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх, өөрчлөлт оруулах буюу хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/02472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 564 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар гуравдагч этгээд “Х” ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.УНДРАХ

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД