Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/00007

 

 

 

 

 

2019 оны 12 сары23 өдөр

181/ШШ2020/00007

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг,*******, Чингэлтэй 7-р гудамж,*******, Бэрсүд овогт Батболдын Булгантамир /Рд:ЧР75022316 /-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Pro One оффис 506 тоотод байрлах Пи Си Эф ХХК /Рд:5160901/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 26,100,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Булгантамир, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Aюуш, гэрч Г.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Пи Си Эф ХХК-ний захирал Р.Амарзаяатай харилцан тохиролцож тус компанийн хийж гүйцэтгэж байсан Нүхтийн аманд баригдаж байсан хаус хорооллын зам талбайн ажилд өөрийн экскаватороо жолоочийн хамт түрээслүүлэхээр тохиролцсон.

Талууд хугацааг тухайн ажлыг дуустал гэж тохиролцсон бөгөөд 1 сарын 12.000.000 төгрөгөө төлөөд явж байхаар тохиролцсон. Ингээд Daewoo маркийн SI10WV1199 арлын дугаартай 16-04 УН улсын дугаартай улбар шар өнгийн экскаваторыг жолоочийн хамт түрээслүүлэн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газар ажиллуулсан.

Мөн энэ хугацаанд ковшоо нэг сарын 6.000.000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон ба ковшыг 2018 оны 8-р сарын 30-ны өдрөөс экскаваторын адил 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлсэн. Бид гэрээг амаар харилцан тохиролцож байгуулж байсан юм.

Экскаваторын түрээсийн төлбөр 2019 оны 06-р сарын 17-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 сар 8 хоногт 39,200,000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл нэг сарын 12.000.000 төгрөгийг 3 сараар тооцвол 36.000.000 төгрөг бөгөөд 8 хоног нь 3.200.000 төгрөг нийт 39,200,000 төгрөг болсон.

Харин ковшны түрээсийн төлбөр нь 5 сая төгрөг болсон. Өөрөөр хэлбэл нэг сарын 6.000.000 төгрөгөөр тохиролцсон боловч 25 хоног болсон тул хувь тэнцүүлэн 5.000.000 төгрөгний төлбөр гарсан ба нийт түрээсийн төлбөр 44.200.000 төгрөг болсон.

Үүнээс Пи Си Эф ХХК нь Б.Булгантамир миний дансанд 2018 оны 7-р сарын 31-ны өдөр Pcf.s eksge turees гэсэн утгаар 5.150.000 төгрөг төлсөн. Мөн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгт, Тоёота Харрьер маркийн машиныг 5.000.000 төгрөгт тус тус тооцон өгсөн. Дансаар шилжүүлсэн 5.150.000 төгрөг, мөн хоёр авто машины үнэ болох 13.000.000 төгрөг нийт 18.100.000 төгрөгний түрээсийн төлбөрөө авсан бөгөөд одоо нийт 26.100.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө шаардаж байсан бөгөөд удахгүй төлнө мөнгөгүй байгаа учраас авто машин оролцуулж төлье гэсний үндсэн дээр хоёр авто машиныг авсан.

Иймд Пи Си Эф ХХК-иас авто машин, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 26.100.000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс иргэн Б.Булгантамиртай экскавотарыг нь жолоочийн хамт түрээслэхээр харилцан тохиролцсон. Ингээд тухайн экскавотарын төлбөрт 5.150.000 төгрөгийг дансаар төлж, Тоёота Приус 20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгт, Тоёота Харрьер маркийн машиныг 5.000.000 төгрөгт тус тус тооцож төлсөн.

Гэтэл иргэн Б.Булгантамир нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн экскавотарыг ямар ч үг хэлгүйгээр аваад ажил хаяаад явсан. Манай компани нь түрээсийн төлбөрийг бүрэн төлж, бидний хооронд өглөг, авлага байхгүй болсон.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гэрч Г.Батдэлгэр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны зун 6 сараас эхэлж ажиллаад 9 дүгээр сарын 15-наас 20-ны өдөр хүртэл улбар шар өнгийн Дево маркийн экскватор жолоодож ажилласан. Ажил эхлэхэд Пи си эф ХХК нь урьдчилгаанд шаргал өнгийн хариер маркийн тээврийн хэрэгсэл өгсөн. Харин Б.Булгантамирт 1 приус 20, хөх ангийн хариер маркийн тээврийн хэрэгсэл өгсөн. Сүүлд хавар нэг таархад л машиныг нь банк бусаас хураагаад аваад явсан талаар сонссон түүнээс хойш уулзалдаагүй. Наадмаар 2 хоног амраад 9 сарын 15-20 хүртэл амралтгүй ажилласан. Б.Булгантамир экскваторыг сарын 12,000,000 төгрөгийн хөлсөөр тохирсон, мөн ковш ч гэсэн ажиллуулж байсан гэв.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Булгантамир нь Пи Си Эф ХХК-д холбогдуулан Авто машин, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 26,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ...Экскаваторын түрээсийн төлбөр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 сар 8 хоногт 39,200,000 төгрөг, ковшны түрээсийн төлбөр нь 1 сарын хугацаатай 5,000,000 төгрөг, нийт 44.200.000 төгрөг болсноос 18,150,000 төгрөгийг хариуцагч төлсөн тул үлдэх 26,100,000 төгрөгийг гаргуулна гэж,

Хариуцагч ... экскавотарын төлбөрт 18.150.000 төгрөг төлсөн, Б.Булгантамир нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн экскавотарыг ямар ч үг хэлгүйгээр аваад ажил хаяаад явсан, ...төлбөрийг бүрэн төлж, бидний хооронд өглөг, авлага байхгүй гэж маргана.

Нэхэмжлэгчээс ...1604 УН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-5/, Транскапитал ББСБ-ын 2019.8.31-ний өдрийн 19/077 дугаартай албан бичиг /хх-6/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-7-14/, гэрэл зураг /хх-33/, 4272 УНВ маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-45/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-64-69/, түүнчлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй /хх-32/ баримтыг,

-хариуцагчаас ...хариу тайлбар /хх-24/, 2018.6.17-ны өдрийн Авто машин тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээ /хх-46-48/ зэргийг тус тус баримтаар,

шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт болох нэхэмжлэгчийн гаргаж өгсөн цагаан өнгийн СД-нд хийсэн үзлэг /хх-54/, Авто тээврийн үндэсний төвийн 2019.11.29-ний өдрийн 377 дугаар албан бичиг, хавсралт /хх80-81/ зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж, дүгнэв.

 

Нэг талаас иргэн Б.Булгантамир нөгөө талаас Пи Си Эф ХХК нар 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б.Булгантамирийн эзэмшлийн экскавотарыг жолоочийн хамт түрээслүүлэхээр харилцан тохиролцож, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй, дээрх гэрээнд ажиллагч Б.Булгантамир гарын үсэг зураагүй хэдий ч Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 359.2-т Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно,

мөн хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 360.2-т Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. Шаардлагатай бол хөлсийг хэсэгчлэн, тодорхой хугацаанд төлөхөөр тохиролцож болно гэж тус тус заажээ.

 

Зохигч 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5.150.000 төгрөг, Тоёота Приус 20 маркийн автомашиныг 8.000.000 төгрөгт, Тоёота Харрьер маркийн машиныг 5.000.000 төгрөгт тус тус тооцон өгсөн, хүлээн авсан үйл баримтад маргаагүй, ажиллуулагчийн хөлс төлөх үүргээс хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1, 364.2-т Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно. Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж заасан.

Талууд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 2.1-д зааснаар 1 сарын хугацаатай гэж тооцсон ба Иргэний хуулийн 366 дугаар зүйлийн 366.1-т зааснаар гэрээний хугацаа дууссаныг ажиллагч нь нөгөө талдаа мэдэгдэн гэрээг үргэлжлүүлэхийг хүссэнийг ажиллуулагч эсэргүүцээгүй тохиолдолд гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцно. /хх-46-47/

Ажиллагч буюу нэхэмжлэгч Б.Булгантамир 16,000,000 төгрөгийн хөлсөнд Тоёота Харрьер маркийн 0686 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэл тооцож өгч авсан, мөн ковш ажиллуулахаар хэлцэл хийгдсэн, сарын 5,000,000 төгрөгөөр тохиролцсон, ажилласан хугацаа зэргийг тохиролцсон гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй бөгөөд, экстоватор 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 25-ны өдөр хүртэлх хугацаанд үүргийг гүйцэтгэсэн ажлын төлбөр 2,000,000 төгрөг хөлсөнд тооцох боломжгүй тул 7,050,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Түүнчлэн ажиллуулагч буюу хариуцагч Пи Си Эф ХХК нь ажиллагчийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэж байсан ажлаа хаяж явсан төлбөрийг энэ өдөр хүртэл тооцно гэж тайлбарлах боловч гэрч Г.Батдэлгэрийн болон нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, баримтаар үгүйсгэгдэж байна. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар дээрх татгалзал, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Тиймээс эксковатор хөлслөж ажиллуулсан хугацааг шүүх гэрчийн мэдүүлэг үндэслэл бүхий байна гэж үзээд 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласнаар тооцож, /37,200,000-18,150,000/ үлдэгдэл 19,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Пи Си Эф ХХК-аас 19,050,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Булгантамирт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 253,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН