Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 526

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00007 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “П” ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 26 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “П” ХХК-ний захирал Р.А-тай харилцан тохиролцож тус компанийн хийж гүйцэтгэж буй Нүхтийн аманд баригдаж байсан хаус хорооллын зам талбайн ажилд өөрийн экскаватороо жолоочийн хамт түрээслүүлэхээр тохиролцсон.

Талууд гэрээний хугацааг тухайн ажлыг дуустал гэж тохиролцсон бөгөөд 1 сарын 12 000 000 төгрөгөө төлөөд явж байхаар тохиролцсон. Ингээд Дэвү маркийн SI10WV1199 арлын дугаартай 16-04 УН улсын дугаартай улбар шар өнгийн экскаваторыг жолоочийн хамт түрээслүүлэн 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн газар ажиллуулсан.

Мөн энэ хугацаанд ковшоо нэг сарын 6 000 000 төгрөгөөр түрээслүүлэхээр болсон ба ковшийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс экскаваторын адил 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээслүүлсэн. Бид гэрээг амаар харилцан тохиролцож байгуулж байсан.

Экскаваторын түрээсийн төлбөр 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 сар 8 хоногт 39 200 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл нэг сарын 12 000 000 төгрөгийг 3 сараар тооцвол 36 000 000 төгрөг бөгөөд 8 хоног нь 3 200 000 төгрөг нийт 39 200 000 төгрөг болсон.

Харин ковшны түрээсийн төлбөр нь 5 000 000 төгрөг болсон. Өөрөөр хэлбэл нэг сарын 6 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч 25 хоног болсон тул хувь тэнцүүлэн 5 000 000 төгрөгийн төлбөр гарсан ба нийт түрээсийн төлбөр 44 200 000 төгрөг болсон.

Үүнээс “П” ХХК нь Б.Б- миний дансанд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Pcf.s eksge turees” гэсэн утгаар 5 150 000 төгрөг төлсөн. Мөн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт, Тоёота Харрьер маркийн машиныг 5 000 000 төгрөгт тус тус тооцон өгсөн. Дансаар шилжүүлсэн 5 150 000 төгрөг, мөн хоёр авто машины үнэ болох 13 000 000 төгрөг нийт 18 100 000 төгрөгийн түрээсийн төлбөрөө авсан бөгөөд одоо нийт 26 100 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай зүгээс удаа дараа түрээсийн төлбөрөө шаардаж байсан бөгөөд удахгүй төлнө мөнгөгүй байгаа учраас авто машин оролцуулж төлье гэсний үндсэн дээр хоёр авто машиныг авсан.

Иймд “П” ХХК-аас авто машин, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 26 100 000 төгрөгийн гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс иргэн Б.Б-тай экскаваторыг нь жолоочийн хамт түрээслэхээр харилцан тохиролцсон. Ингээд тухайн экскаваторын төлбөрт 5 150 000 төгрөгийг дансаар төлж, Тоёота Приус 20 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт, Тоёота Харрьер маркийн машиныг 5 000 000 төгрөгт тус тус тооцож төлсөн.

Гэтэл иргэн Б.Б- нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн экскаваторыг ямар ч үг хэлгүйгээр аваад ажил хаяад явсан. Манай компани нь түрээсийн төлбөрийг бүрэн төлж, бидний хооронд өглөг, авлага байхгүй болсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч “П” ХХК-аас 19 050 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 253 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо:

Нэхэмжлэгч хариуцагч нараас Б.Б-ын эзэмшлийн экскаваторыг түрээслэхээр болж, түрээсийн экскаваторын жолоочийг ажиллуулж жолоочид түрээслүүлэгч хөлс төлж байсан талаарх үйл баримтад маргадаггүй. Энэхүү харилцааг шүүхээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд зааснаар хөлсөөр ажиллах гэрээ гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн. Энэхүү талуудын хооронд байгуулсан экскаваторыг түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулах ёстой байсан. Дээрх гэрээнд Б.Б- нь гарын үсэг зураагүй нь хэрэгт авагдсан түрээсийн гэрээ нотлох баримтаар авагдсан байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т тус тус заасны дагуу бичгээр байгуулах гэрээ байгуулах шаардлагыг хангаагүй байх бөгөөд энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөхөөр заасан. Өмгөөлөгч миний бие нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ үндэслэлээр шүүх хуралд маргаж оролцсон.

Хариуцагчийн өмгөөлөгч миний бие нь шүүх хуралдаанд нэр бүхий 2 гэрчийг оролцуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг гомдол гаргах эрхгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд харин нэхэмжлэгчийн зүгээс гэрч асуух хүсэлт гаргаагүй байхад шүүх санаачлагаараа гэрчийн хаягийг тодруулах ажиллагаа хийж гэрчийг шүүхэд ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан оролцогчийн эрх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэгчийн нөлөөлөлд орсон ашиг сонирхлын зөрчилтэй гэрчийн мэдүүлгийг үндэслэл бүхий байна гэж дүгнэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна. Гэрч Г.Б-нь хууль сануулсаар байтал худал мэдүүлэг өгсөн бөгөөд энэ талаар хариуцагч байгууллагаас холбогдох цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болно.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т үндэслэлээр хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Б.Б- нь “П” ХХК-д холбогдуулан авто машин, тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний үүрэгт 26 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, экскаваторыг түрээслэн ажиллуулсан хугацааны төлбөрийг бүрэн төлсөн гэж маргажээ.

 

            Хариуцагч “П” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр экскаваторыг нь жолоочийн хамт түрээслэн, ажиллуулахаар Б.Б-тай бичгийн гэрээ байгуулж, сарын 12 000 000 төгрөгийн төлбөрийг ажил гүйцэтгүүлсний хөлсөнд төлөхөөр харилцан тохиролцсоноо болон гэрээний дагуу экскаватораар ажил гүйцэтгүүлснээ үгүйсгээгүй, харин гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр түрээслүүлэгч техникээ авч явснаар дууссан гэж татгалзал гаргасан.

 

            Нэхэмжлэгч хариуцагчийн татгалзлыг үгүйсгэж, экскаваторыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажиллуулсан гэж гэрээний хугацаагаар маргаж байна.

 

            Хэргийн баримт, гэрээний агуулга, зохигчдын тайлбараас үзвэл Б.Б- нь  газар шорооны ажилд өөрийн экскаваторыг түрээслүүлж, жолоочоо ажиллуулах, ажил гүйцэтгүүлэгч буюу хариуцагч “П” ХХК нь ажилласан хугацаанд хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний үүрэг үүссэн гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг үүссэн гэх шүүхийн дүгнэлтийг зөвтгөх шаардлагатай.

 

            Хариуцагчаас 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 5 150 000 төгрөг, Тоёота приус 20 маркийн автомашиныг 8 000 000 төгрөгт, Тоёота Харриер маркийн автомашиныг 5 000 000 төгрөгт тооцож ажлын хөлсөнд нийт 18 150 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

 

            Харин хариуцагч 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дуусгавар болсон гэх татгалзлаа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд мэдүүлэг өгсөн гэрч, экскаваторын жолооч Г.Б-газар шорооны ажил 2019 оны 9 дүгээр сарын 15-20-ны хооронд дууссан, яг хэдэнд вэ гэдгийг дараагийн ажил эхэлсэн тэмдэглэлээс харж тодруулах боломжтой гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг гаргаагүй байна.

 

            Зохигчид хугацааг өөр өөрөөр тайлбарлаж байгаа, гэрчийн мэдүүлгээр гэрээний дуусгавар болсон хугацааг нарийн тодорхойлоогүй байдлыг харьцуулан дүгнэвэл ажил үргэлжилсэн хугацааг 2019 оны 6 дугаар сарын 17-ноос мөн оны 9 дүгээр сарын 17-ныг хүртэлх 3 сар гэж тогтоож, хариуцагчийн хөлс төлөх үүргийг 36 000 000 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байх ба үүнээс хариуцагчийн төлсөн 18 150 000 төгрөгийг хасч тооцвол 17 850 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ.

 

            Г.Б-нь тухайн ажлыг хийж гүйцэтгэсэн үйл явдлыг шууд мэдэх гэрч тул шүүх түүний хаягийг тодруулж, маргаж буй ажил үргэлжилсэн хугацааны талаар мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцсэн тул хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн тодорхойлж буй хугацааг гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь зөв боловч мэдүүлэг эргэлзээтэй байхад 9 дүгээр сарын 20 гэсэн цаад талын хугацаагаар тооцож ажлын хөлс гаргуулсныг дээрх байдлаар багасгаж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШШ2020/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “359 дүгээр зүйлийн 359.1” гэснийг “318 дугаар зүйлийн 318.1” гэж, “19 050 000 төгрөг” гэснийг ”17 850 000 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “253 200 төгрөг” гэснийг “247 200 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ