Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/002

 

Д.Д , Г.Х , Г.О ,

“*******” ХХК нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Энхмаа, Ч.Энхтөр   нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,*******

Шүүгдэгч Д.Д , Г.Х нар  /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Билэгжаргал нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Д , Г.Х , Г.О , “*******” ХХК нарт холбогдох эрүүгийн 171400144043 дугаар хэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.  Монгол  улсын иргэн,  овогт  Д.Д , 1964  оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, худалдааны зохион байгуулагч мэргэжилтэй, “*******” ХХК-ийн кемпийн дотоод  хяналт хариуцсан зөвлөх  ажилтай,  ам  бүл 3 улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай,

2. Монгол улсын иргэн, овогт Г.Х , 1972 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сх Г.Х  суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын механик инженер мэргэжилтэй, “*******” ХХК-ийн захирал ажилтай , ам бүл 5,  улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

Урьд Баянхонгор аймаг дах сум дундын шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах  ялаар шийтгэгдэж байсан,

3. Монгол улсын иргэн, овогт Г.О , 1991 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер механикч мэргэжилтэй, ‘*******” ХХК-ийн уурхайн дарга ажилтай, ам бүл 4, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

4. Монгол улсын хуулийн этгээд, Улсын бүртгэлийн *******, регистрийн ******* дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаартай гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн 1-17-47 тоотод байрлах “*******” ХХК,

 Улсын бүртгэлийн *******, регистрийн *******  дугаартай, Мэргэжлийн байгууллагын ******* дугаар гэрчилгээтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............тоотод байрлах “*******” ХХК нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн “*******” ХХК-ийн захирал Г.Х , кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай Д.Д , уурхайн дарга Г.О  нар нь 2017 оны 08 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн Прокурорын газраас “*******” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-т зааснаар, Д.Д , Г.О , Г.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч овогт Д.Д ,  овогт Г.Х ,  овогт Г.О нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуулыг хуулийн этгээдийн ашиг сонирхол төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан шүүгдэгч овогт Д.Д ,  овогт Г.Х ,  овогт Г.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын / 01 жил 06 сарын /  хугацаагаар тус тус  тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-д тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд  “*******” ХХК-ийг  техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж, хорин мянган / 20.000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая / 20.000.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нарт  зургаан / 06 /  сарын хугацаагаар  зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг тус тус хүлээлгэж, уг үүргийг хэрэгжүүлэхийг Нийслэл болон Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдаж, шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х  нар болон шүүгдэгч хуулийн этгээд “ *******”  ХХК нь бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч нараас гаргах зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 9.6 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн хюндай экскаватор тракторыг шүүгдэгч хуулийн этгээд “*******”  ХХК-иас гаргуулан хэрэгцээний дагуу төрийн зохих байгууллагад шилжүүлж,  улсын орлого болгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар  шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн Dell маркийн суурин компьютер, 50 кв, 10 кв-тын дизель мотор 2 ширхгийг, шүүгдэгч Г.О гийн 55 инчийн зурагт, шүүгдэгч Д.Д ын эзэмшлийн 49 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт хэрэгцээний дагуу буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-ийн биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх ******* дугаарын гэрчилгээг хүчингүй болгуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-д тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хасаж эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Д , Г.О , Г.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:              

Өмгөөлөгч ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг эс хүлээн зөвшөөрч гомдол гаргаж байна. Гомдол гаргах үндэслэл:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлээд Д.Д , Г.Х , Г.О  нарыг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон.

Шүүгдэгч Г.Х ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн харин шүүгдэгч Г.О , Д.Д  нарыг шүүхээс гэм буруутайд тооцсоныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа.

Учир нь зөвшөөрөөгүй талбайд олборлолт явуулсан гэх уурхайн дарга Г.О , "*******"ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Д  нарыг “*******-өөл” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэхийг / шийдвэр гаргах эрх мэдэлтэй эсэхийг /, эсхүл шийдвэр гаргах үйл ажиллагаанд гол байр суурьтай оролцдог болон шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг этгээдүүд болохыг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хэрэгт авагдсанаар Г.О , Д.Д  нар нь тус компанийн ажилчид бөгөөд хоёулаа Г.Х захирлын тушаалаар анх ажилд орсон байдаг. / 3 дугаар хавтаст хэргийн 209, 210 дугаар тал /

Мөн Г.О , Д.Д  нарт компанийн тухай хууль болон компанийн дүрмээр шийдвэр гаргах эрх олгогдоогүй байгааг анхаарна уу. Энэ утгаараа яллах дүгнэлт болон улсын яллагчийн хэргийн нөхцөлд хийж байгаа үйл баримтын болон гэмт хэргийн идэвхтэй үйлдлүүд зөрүүтэй байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

3 дугаар хавтаст хэргийн 135-140 дүгээр талд авагдсан Улсын дээд шүүхийн 70 дугаартай тогтоол болон анхан шатны шүүхээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/260 дугаартай Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид тус тус дурдагдсанаар, “*******”ХХК-иас сумандаа хөрөнгө оруулалт авах нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй компанид газар ухах зөвшөөрлийг амаар олгосон гэх сумын удирдах албан тушаалтнуудыг шалгаж улмаар гэм буруутай бол миний үйлчлүүлэгчдийн эрх зүйн байдалд өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохыг үгүйсгэхгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар “нэг үйлдэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн бол хэргийг нэгтгэнэ” гэж заасныг анхаарч уг хэрэг бүртгэлтийн хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэж анхан шатны шүүх үзсэн мөртлөө захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг эцэслэсэн нь буруу байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 3-т зааснаар хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн нөхцөл байдалтай нийцээгүй, хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаах саналтай гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа; Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн болсон хэргийн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй эрүүгийн хариуцлага  хүлээлгэснийг хүлээн зөвшөөрөхгүй, захиргааны зөрчлийн шинжтэй гэж үзэж байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцаана уу гэв.

      ТОДОРХОЙЛОХ нь;

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын  давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолд үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд  гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь  хянаж,  хавтаст хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд:

Шүүгдэгч “*******” ХХК, *******” ХХК-ийн захирал Г. Хүрэлсүх, кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөх ажилтай Д.Д , уурхайн дарга Г.О  нар нь  алт олборлож ашиг олох зорилгоор 2017 оны 8 дугаар сард Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн нутаг, “Түүхий хөндий” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр И464609.2 EO985407.6, И464619.3 EO985409.6, И464619.9 EO985410.4, И464621.2 EO985407.0 солбицол бүхий 70 см гүн, 1400м 2   газрын хөрсийг хуулан ухаж, байгаль орчинд 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Дээрх үйл баримт нь 1 дүгээр хавтаст хэргийн 222-227 дугаар талд авагдсан “...******* ХХК нь 2017 онд Баянхонгор аймгийн засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ байгуулан ажилласан...нөхөн сэргээлт явуулахаар гэрээ байгуулсан газраас илүү гарч ухсан газарт биологийн нөхөн сэргээлт хийлгэх хүсэлтэй байна...” гэх Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ын мэдүүлэг,

“... дөрвөлжин хэлбэртэй нүхийг ухаж...ухсан нүхний ёроолд...ус тунасан байв

4 талын өнцөг дээр... багажаар цэг солбицлыг тодорхойлоход ухсан дөрвөлжин хэлбэртэй нүхний  .... - И464619.3 EO985409.6, И464619.9 EO985410.4, И464621.4 EO985407.4, И464621.2  EO985407.0 байв...” гэх хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл 1 дүгээр хавтаст хэргийн 15-21 дүгээр тал

2 дугаар хавтаст хэргийн 6-9 дүгээр талд авагдсан “...Баянхонгор аймгийн Засан даргын Тамгын газраас “*******-өөл” ХХК-д нийтдээ 11.6 га газарт нөхөн сэргээлт хийлгүүлэхээр гэрээ байгуулсан...нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлыг хүлээлгэн өгөөгүй байсан.... дахин гэрээ байгуулаагүй,... нэмэлт өөрчлөлт оруулаагүй...” гэх Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга ажилтай ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

2 дугаар  хавтаст хэргийн 10-13 дугаар талд авагдсан “...2017 оны 8 дугаар сарын эхээр “*******” ХХК-ийн захирал Хүрэлсүх...нөхөн сэргээлт явуулах газарт үйл ажиллагааг явуулах боломжгүй байна... бид нар тодорхой хэмжээний газар нэмж заалгаж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байна гэж хэлсэн...Хүсэлтийг сумын удирдлага сонсоод...Сумын Засаг дарга Мөнхнасан урьд нь өөр уурхай ажилласан энэ талбай дээр ажиллаад хөрөнгө оруулалт хийнэ гэж байхгүй...шинэ газар зааж өгч ажиллуулахад болохгүй юм байхгүй гэж хэлсэн. ...шон хатгасан газрыг зааж өгсөн...Очироо... шон хатгасан газрыг ухсан чинь цэвдэгтэй манай техник дийлэхгүй байна...түүний хажууд байх судгийг дагаж газар ухаж ажиллая гэсэн....бид нар очоод цэг солбицлыг нь тодорхойлоод...программд хийж үзэхэд 4 га газар болж байсан...” гэх Заг сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ажилтай ын  гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,

2 дугаар хавтаст хэргийн 14-16 дугаар талд авагдсан “...******* ХХК нь ...”Түүхий хөндий” гэх газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар зөвшөөрч багийн Иргэдийн  нийтийн хурлын тогтоол гарсан...”*******” нөхөн сэргээлт явуулах газрын цэг солбицлоос илүү гарч 2 хэсэг газрыг ухсан...” гэх 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга ажилтай ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 21-24 дүгээр талд авагдсан “...”******* ХХК нь Аймгийн Засаг даргатай 11.6 га газарт нөхөн сэргээлтийн.... гэрээ байгуулсан. ...11.6 га газарт ажилласан....нэмж газар өгөөч гэсэн хүсэлтийг... тавьсан...бид ярилцаад 4,4 га газарт...ажиллуулахаар аман байдлаар...тохирсон... гэрээ байгуулаагүй байхад газраа ухсан. ...”******* ХХК-ийн ажиллахаар хүсэлт тавьсан газрыг очиж хэмжүүлэхэд 4.4 га газар байна гэж байсан.4.4 га газарт орж байгаа газар нь тэр дөрвөлжин хэлбэртэй газрыг ухсан байгаа нь орж байгаа....ухаад эргүүлж булаад тойруулж шон хатгасан газрыг хүчрэхгүй байна гэсэн...” гэх Заг сумын Засаг дарга ажилтай гийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 31-33 дугаар талд авагдсан “...******* ХХК нь аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан...гэрээнд нэмэлт өөрчлөлт ороогүй...” гэх Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч ажилтай ийн гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

2 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар талд тус тус авагдсан “...2017 оны 8 сард ..” Түүхий хөндий” гэх газарт очиж...цэг солбицлыг бичиж тэмдэглэсэн...шон хатгасан газар нь эрүүл, ухагдаагүй газар байсан...намгархаг газар нь нөхөн сэргээлт хийх шаардлагагүй газар байсан...” гэх Заг сумын Засаг даргын тамгын газрын байгаль хамгаалагч ажилтай ын  гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 228-230, 2 дугаар хавтаст хэргийн  45-50 дугаар талд авагдсан “...дөрвөлжин хэлбэртэй газар нь эрүүл газар байсан” гэх  нутгийн малчин , ,  жолооч нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг

4 дүгээр хавтаст хэргийн 38 дугаар талд авагдсан “...би 2017 онд *******д ХХК-д компанийн зөвлөх гэх албан тушаал дээр ажиллаж байсан. ...2017 оны  8 сарын сүүлээр манай компанийн ажиллаж байсан газраас алт гарахгүй байсан....өөр жаахан газар нэмж олгох  боломж байна уу  гэж очиж уулзсан...Сумын Засаг дарга Г.Мөнхнасан ...нэмж хөрөнгө оруулалтын асуудал яригдана... гэсэн. ...нэмж газар олговол хөрөнгө оруулалт ярьж болох юм байна гэж хэлж ярьж тохирсон...Мөнхнасан дарга Нямжаргал даргад таныг зөвшөөрч байна гэж үзээд энэ улсуудыг орууллаа шүү гэж хэлсэн. ..тэр өдрийн маргааш нь уг газарт  хөрсийг нь хуулаад байж байтал шалгалт ирж зогсоосон.Захирал Г.Х байхгүй байсан...гэрээ байгуулъя гэтэл ажил тарж байна, нэг дэх өдөр байгуулъя гэж Мөнхнасан дарга хэлсэн...” гэх шүүгдэгч Д.Д ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд  “...багийн Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай хамт тухайн газарт очиж хэмжилт хийгээд сумын Засаг даргатай ирж уулзахад 1 дэх өдөр ирж гэрээгээ хий гэхээр нь зөвшөөрлөө гэж ойлгоод нэг өдөр ч гэсэн хугацаа алдаж байхаар гээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн...” гэх шүүгдэгч Д.Д ын анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 238-240, 2 дугаар хавтаст хэргийн 235-236 дугаар талд тус тус  авагдсан “...аман зөвшөөрөл аваад ажилласан  ба 0.2 га  газарт хөрс хуулалт хийгээд...булсан.Нөхөн сэргээх газраас илүү гарч ухаж, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн зөвшөөрөл байхгүй. Нийтдээ нөхөн сэргээх газрын цэг солбицлоос гарч 2 хэсэг газар ухсан ба хөрс хуулалт хийгээд цэвдэгтэй ажиллах боломжгүй, нэг газрыг буцаагаад булсан. Нэг газар нь яг хэвээрээ байгаа. ...илүү ухсан тэр газраас ямар ч ашигт малтмал олборлоогүй...булж тэгшилсэн...сум орон нутагт хүсэлт тавьсны дагуу...газар заалгасан юм...”,

“...0,2 га газар илүү олборлолт явуулахыг завдсан, олборлолт явуулаагүй....Дөнгөж газрын өнгөн хөрсийг хуулаад байж байхад цагдаа ирж шалгасан...илүү гарч ухсан газрыг сумын удирдлага нартай ярилцаж ашигт малтмал олборлох зорилгоор ухсан...,тэр илүү ухсан газрыг хэвэнд нь оруулсан...сумын Байгаль орчны байцаагч эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гээд хүлээн аваагүй” гэх  шүүгдэгч Г.Х ийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд

Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд  “...нөхөн сэргээлтийн гэрээг 2016 онд аймгийн болон багийн засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулсан. Манайд оногдсон талбай нь дахин олборлолт хийх боломжгүй нөхөн сэргээлт хийх газар байсан...тухайн газраас 340 грамм алтыг сар гаран олборлолт явуулж байж олсон....Г.О  захирлын хувьд аман зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулсан нь хууль бус үйлдэл болчихсон байна. Тухайн газарт 70-80 сантиметр хөрс хуулаад байж байхад хуулийн байгууллага ирээд үйл ажиллагааг зогсоосон.Заг суманд ...бэлэн болон бэлэн бусаар 700 000 000 орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн....Компанийн өмнөөс энэ хоёр хүнд заавар өгсөн нь ийм байдалд хүрсэндээ гэмшиж байна...” гэх шүүгдэгч Г.Х ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг

4 дүгээр хавтаст хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...2017 оны гэрээгээр нөхөн сэргээлт хийхээр хүлээн авсан газарт судалгаа хийсний үндсэн дээр сум болон аймагт ...хөрөнгө оруулалт өгөх боломжгүй гэж үзээд...дарга нартай уулзсан. ...Нямжаргал дарга ажлын хэсэг явуулж...манай авах гээд талбай дээр цэг солбицлыг тодорхойлоод явсан...1 дэх өдрийн өглөө...гэрээ хийе... гэж тохирсон. 2 хоног сул зогсож байхаар гээд... газар ухсан...” гэх шүүгдэгч Г.О гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг

Шүүх хуралдааны тэмдэглэлд”...орой уулзалт болоход...5 уулаа сууж байгаад...ажиллаж болно гэж аман зөвшөөрөл өгсөн...” гэх мэдүүлэг

1 дүгээр хавтаст хэргийн 111-112 дугаар талд авагдсан “...Түүхийн хөндий гэх газарт хохиролд өртсөн...70 см гүний хэмжээтэй газрыг ухсан нь байгаль орчны үнэлгээгээр 1.370.800 төгрөгийн хохирол учруулсан .... ...солбицолтой  газрыг ухсан нь ...нөхөн сэргээлт хийлгэхээр хүлээлгэн өгсөн цэг солбицолтой талбайд хамаарахгүй байна...Дээрх 2 талбайг эрүүл газар байсан гэж үзэж байна...”,

1дүгээр хавтаст хэргийн 115-122 дугаар талд авагдсан “...нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан талбайтай давхцалгүй илүү гарсан талбайн ...цэг солбицолтой ...өргөөшөө 46м, 46,6м уртаашаа 15,8 харьцаатай 368 м2 талбай байна. “*******” ХХК-ийн нөхөн сэргээлт хийхээр зөвшөөрөл авсан үйлдвэр орчмын талбайтай давхцалгүй, ..368 м 2 талбайг ухаад нөхөн сэргээлт хийсэн нь байгаль орчинд 100,802,0 төгрөгийн хохирол учруулсан байна. ...нөхөн сэргээлт хийхэд 358,751.0 төгрөг шаардагдана. ...хохиролд өртсөн...70 см гүний хэмжээтэй газрыг ухсан нь...уртаашаа 80.7м, 78.9м, өргөөшөө 10.5м, 25.18м  1400м 2  хэмжээтэй газар байна...” гэх   ЭКОТАЙКҮҮН ХХК-ийн шинжээчдийн хохирол учруулсан талбайн экологи-эдийн засгийн хохирлын хэмжээг тооцоолж, үнэлэлт  гаргасан дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж,  шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 3-т тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцож, дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байх бөгөөд  шүүгдэгч Г.Х , Г.О , Д.Д  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр нэг жил зургаан сарын хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч хуулийн этгээд “*******” ХХК-д мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3-т заасан техникийн болон биологийн нөхөн сэргээлт явуулах эрхийг хоёр  жилийн хугацаагаар хасаж, хорин мянган  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хорин сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж тус тус шийдвэрлэсэн нь  шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэгт тохирсон байна.

Харин  “...уурхайн дарга Г.О , "*******" ХХК-ийн зөвлөх ажилтан Д.Д  нар нь “*******” ХХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх, шийдвэр гаргахад нөлөө үзүүлдэг этгээдүүд болохыг тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцсон...,...яллах дүгнэлт болон улсын яллагчийн хэргийн нөхцөлд хийж байгаа үйл баримтын болон гэмт хэргийн идэвхтэй үйлдлүүд зөрүүтэй байхад хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн ...,... “*******” ХХК-иас сумандаа хөрөнгө оруулалт авах нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй компанид газар ухах зөвшөөрлийг амаар олгосон гэх сумын удирдах албан тушаалтнуудын... хэрэгт, хэргийг нэгтгэн шийдвэрлүүлэх нь зүйтэй...” гэсэн тус тус үндэслэлээр хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах...” тухай   шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын  бичсэн гомдлыг  хангах  хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь: 5 дугаар хавтаст хэргийн  129-131 дүгээр талд  “******* ХХК”-ийн  2008 оны дүрэм авагдсан хэдий ч 1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар тал, 3 дугаар хавтаст  209 дүгээр талд  тус тус авагдсан  Компанийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 02/17 тоот тушаалаар Г.О  нь 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс компанийн уурхайн даргаар,  шүүгдэгч Д.Д  нь  Компанийн захирлын 2017 оны 8 дүгээр сарын 1-ний өдрийн  тушаалаар 2017 оны 7 дүгээр сарын 1-ний өдрөөс компанийн  кемпийн дотоод хяналт хариуцсан зөвлөхөөр  тус тус томилогдсон байх бөгөөд мөн Д.Д  нь тухайн орон нутагт  2 худгийн өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгэхэд компанийг төлөөлөх эрхтэйгээр , нэрийн өмнөөс гэрээ байгуулан ажиллаж байсан баримтууд хэрэг авагдсан байх тул тэдгээрийг компанийн эрх бүхий албан тушаалтнууд гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан гэдэгт  хуулийн этгээдийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах үйл ажиллагаанд зонхилон оролцдог, шийдвэр гаргахад нөлөөлөл үзүүлдэг,  шийдвэр гаргахад хамтран оролцдог мөн гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдүүд хамаардаг  тул  шүүгдэгч Г.О , Д.Д  нарыг   Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй юм.

Мөн Прокурор шүүгдэгч Г.О , Г.Х , Д.Д  нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолдоо ”... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон”  гэж,  яллах дүгнэлтдээ  “.. тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан” гэж, анхан шатны шүүх “... тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэм буруутайд тус тус  тооцсон”-ыг  хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй энэ нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй буюу ашигт малтмалыг  ашиг олох зорилгоор  олборлон авахын тулд эрсэн, хайсан, ашигласан үйлдэл нь тодорхой үр дүнд хүрсэн эсэхээс үл хамаарна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд  “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт эрх бүхий байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлгүй хувь хүн, хуулийн этгээд нь газрын хэвлийд орших ашигт малтмалыг аливаа хэлбэрээр өөрийн эзэмшилдээ авахаар чиглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгохоор заасан  болно.

Мөн 5 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар  талд  Т.Нямжаргал, Д.Мөнхсайхан нарт  Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол авагдсан байх ба    хэргийг   энэ хэрэгт  нэгтгэн шийдвэрлэнэ гэсэн үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн ““*******” ХХК нь өмчлөлдөө ямар нэгэн тээврийн хэрэгсэл өмчилж, эзэмшиж байгаагүй талаарх”  Баянхонгор аймгийн Авто тээврийн төв, Бүртгэлийн хэлтсийн  тодорхойлолтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.4 дүгээр зүйлийн 5-т заасны дагуу ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гэж үзэх боломжгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн  2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын бичсэн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                        Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн   1.4-т тус тус  заасныг  удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/348 дугаар шийтгэх тогтоолын  тогтоох хэсгийн  2 дахь заалтад

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  овогт Н.Г нарыг  зургаан / 06 / сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Мөн Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар гурван / 03 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус...шийтгэсүгэй” гэснийг

“ ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч  овогт Наранбатын Гансүхэд хоёр жилийн хугацаагаар хорих ялаар...шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г ... зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял гурван жилийн хорих хорих ялд нэмж тэдний эдлэх нийт ялыг гурван жил зургаан сарын / 03 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоож,...  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Н.Г ...оногдуулсан гурван жил зургаан сарын хорих...ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэснийг

, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Г эд оногдуулсан ... зургаан сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр  хоёр жилийн  хугацаагаар хорих ялыг нэмж, эдлэх нийт ялыг  хоёр жил зургаан сарын хугацаагаар  гэж ,

4 дэх заалтад  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч С.Ч оногдуулсан гурван жил зургаан сарын,  шүүгдэгч Н.Г эд оногдуулсан хоёр жил зургаан сарын,  шүүгдэгч О.Н оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ч ,Н.Г эд  нарын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг тэдээгээрийн   ял эдлэх хугацаанд тус тус оруулан тооцсугай.

3.Гомдол,эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Н.ЭНХМЭЭ

Ч.ЭНХТӨР