Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2019/02358

 

 

 

 

 

 

 

2019 11 19

181/ШШ2019/02358

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч:Х.Б

хариуцагч: д.о 

хариуцагч: Ч.С

ЗГ-3977 тоот зээлийн гэрээний үүрэгт 72,695,713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Х.БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шалбаг овогт Сүрэнжавын *******/РД: ОЭ86012212/, хариуцагч Д.д.о, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Шарууд овогт Магнайбаатар *******/РД:ИБ87033011/, нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б ХХК-ийн хувьд харицагч Д.д.о, Ч.Ч.С нараас нийт зээлийн гэрээний үүрэгт 72 695 713 төгрөг гаргуулж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Хариуцагч Д.д.о, Ч.Ч.С нар нь Х.Бны их тойруу тооцооны төвөөс 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3977 тоот зээлийн гэрээ байгуулж, нийтдээ 65 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь дээрх гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 30 579 078.12 төгрөг, хүүгийн төлбөрт 15 164 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20 556 төгрөг, нийтдээ 45 764 359.12 төгрөгийг тус тус төлсөн.

Зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээний дагуу зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкнаас зээлдэгч нарт зээлээ төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өр төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үүнд: Өмнө нь дурдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34 420 922 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 32 313 097 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 961 694 төгрөг, нийт 72 695 713 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ-3977 тоот барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 3 дугаар гудамж 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоот байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоот байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Банкны хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ Иргэний хуулийн 222 дугаар зүйл, мөн хуулийн 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасан үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байна. Энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, мөн холбогдох хуульд заасан хэмжээнээс хэтрүүлээгүй байгаа учраас зээлдэгч нараас нэхэмжлэлд дурдсан төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Хариу тайлбаруудад тайлбар хийе. Хариуцагч буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүүний асуудлыг гэрээний хугацаагаар төлөх ёстой гэдэг байдлаар тайлбарлаж байна. 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн 53 дугаар тогтоолд, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эрх бүхий этгээдээс зээл олгох харилцааг 2 хуулийн зохицуулалтаар тайлбарласан. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасныг тайлбарласан. Эндээс үндсэн хүү гэж юу хэлэх бэ гэдгийг тайлбарлаад байгаа, үүнээс биш, үндсэн хүү гэрээний хугацаа дуусвал үүнээс хойш үндсэн хүү тооцохгүй гэдэг талаар тайлбарлаагүй.

Үндсэн хүү гэдэг зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх буюу хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл Д.д.о, Ч.Ч.С нар 24 сарын хугацаандаа энэ зээлээ төлбөл энэ хугацаанд бодогдсон хүүг үндсэн хүү гэж үзнэ.

Харин тэр нэмэгдүүлсэн хүүний асуудал гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд, үүнээс хойш хүү тооцож болохгүй гэж тайлбарлаагүй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь заалтаар гэрээний хугацаа дууссан нь хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Банк ашгийн төлөө байгууллага боловч өөрийн мөнгийг Д.д.о, Ч.Ч.С нарт зээлдүүлээгүй, банкинд мөнгөө хадгалуулагчийн мөнгийг зээлдэгч нарт зээлж дундаас нь ашиг гаргаж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл өнөөдөр Ч.Ч.С, Д.д.о нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй учраас таны хадгалуулсан мөнгөнд хүү төлөхгүй гэх эрх байхгүй, энэ үүднээс хууль тогтоогчийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дахь заалтыг оруулж өгсөн.

Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасаж тооцох хууль зүйн болон гэрээний үндэслэл байхгүй.

Нийтдээ 40,926,476 төгрөгийг зөвшөөрч байгаа, үүний Зээлийн батлан даалтын сан 41.26 хувийг хариуцах ёстой гэж ярьж байна.

Энэ маргаан дээр Х.Б, яагаад Зээлийн батлан даалтын санг хариуцагчаар татаагүй юм бэ гэхээр хариуцагчийн яриад байгаа гурвалсан гэрээ 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗБД3977 дугаартай зээлийн батлан даалтын гурвалсан гэрээ бол зээлдэгч, зээлүүлэгч, Зээлийн батлан даалтын сан гэсэн 3 талын хооронд энэ зээлийн гэрээгээр харилцааг маш тодорхой зохицуулсан.

Ямар тохиолдолд Зээлийн батлан даалтын сан төлбөрийг хариуцах вэ гэвэл Зээлийн батлан даалтын гэрээний 1.6 дахь заалтаар зээлдэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын хүрээнд хангалттай авсан байх тохиолдолд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл зээлийн батлан даалтын сан гэдэг бол зээлдүүлэгч хууль тогтоомж талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу бүхий л арга хэмжээг авсны дараа өөрөөр хэлбэл банкны хувьд зээлийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ. Тухайн өр төлбөрийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгээд тухайн зээлдэгч дахиж уг зээлийг төлөх ямар ч нөхцөл боломжгүй болсон тохиолдолд зээлийн батлан даалтын сангийн гэрээнд заасан 41.26 хувийн зээлийг батлан дааж төлбөр төлөх ийм л харилцааг зохицуулсан.

Гэтэл өнөөдөр энэ гэрээнд заасны дагуу зээлдэгч нарын хувьд барьцаа хөрөнгө байна. Ямар нэгэн байдлаар энэ төлбөрийг төлөх боломжгүй гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн хувьд зээлийн батлан даалтын сан гэрээгээр хүлээсэн хариуцагчаар оролцох хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд зээлдэгч нараас нийтдээ 72,695,713 төгрөгийг гаргуулах хууль зүйн хувьд үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч Д.д.о өөрийнхөө өмнөөс болон хариуцагч Ч.Солонгын итгэмжлэлээр түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож гаргасан тайлбартаа:Бидний хувьд нэхэмжлэгчийн гаргаж байгаа, үндсэн зээлийн үлдэгдэл болох 34 420 922 төгрөгт бол маргах зүйл байхгүй. Зээлийг төлөх үндсэн хугацаа буюу 2015 оны 07 сараас хойш 2016 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хүүг үндсэн хүү гэж тооцно, үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцна гэж би бодож ойлгож байна. Тэгээд энэ хоорондох хүүг үндсэн хүү гэж ойлгож хүүг төлнө. Үүнтэй холбогдуулж гарсан үндсэн хүү 6 505 554 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Банк үндсэн хүүд тооцсон 32 313 097 төгрөг болон түүнд ногдох нэмэгдүүлсэн хүү 5 961 694 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон гэж үзэж байна. Үндсэн хүүг Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйлийг тайлбарласан. Үүнд: үндсэн хүү гэж зээлийг ашиглабал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоосон 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаа, энэ хугацааг тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр төлөх буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн нэмэгдүүлсэн хүү болохоор зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгч нь үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож гэрээн дээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл үндсэн хүү бодсон. Хуулиар болон гэрээгээр үндсэн хүү нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Нэмэгдүүлсэн хүү 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл бодогдсон, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний байх байсан. 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл бодсон нь хүү дээрээс нэмэгдүүлсэн хүүг тооцсон учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний 2.2-т Барьцааны гэрээн дээр заасан үүрэг гүйцэтгүүлэх хэмжээнүүд байгаа, Баянгол дүүрэг дэх хашаа байшин 12 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Сүхбаатар дүүрэгт байрлах хашаа байшин тус бүр 7 500 000 төгрөг, 7 500 000 төгрөг гээд нийтдээ 27 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнд ногдох үүргийн гүйцэтгэлийг хариуцагч миний хувьд хангасан гэж үзэж байна. Үүнээс үлдсэн хэсгийг батлан даалтын сан буюу гуравдагч этгээдээр татсан этгээд хариуцна гэж батлан даалтын гэрээ хийж, тусдаа гэрээ байгуулж, түүнд ногдох шимтгэлээ авсан. Миний хувьд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 34 420 922 төгрөгийг Батлан даалтын сан, Х.Бтай нийлж гурвалсан гэрээ байгуулсны батлан даах хэмжээ гээд үндсэн гэрээний 41.26 хувийг батлан даана гэсний дагуу Батлан даалтын сангаас 14 202 074 төгрөгийг батлан даалтын сан гурвалсан гэрээний дагуу хариуцаж, үлдэгдэл төлбөр болох 40 926 476 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 34 420 922 төгрөгөөс Батлан даалтын сан 41.26 хувь буюу 14 202 074 төгрөгийг Батлан даалтын сан хариуцна. Үлдэх 26 сая төгрөгийг хариуцаж төлнө. 26 сая төгрөгийг 2020 оны 1 сараас 6 сарын хугацаанд хэсэгчилж төлнө. Төлж чадахгүй тохиолдолд барьцааны зарим зүйлийг зарж үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй.

Нэмж тайлбар хийе. Нэхэмжлэгч талын тайлбартай санал нийлэхгүй байна. Нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээл гээд тодорхой заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим, зүйл заалтыг тайлбарлах тухай Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоол, Иргэний хуулийн 452 дугаар зүйл дээр дурдсан үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү гэж заасан.

Үндсэн хүү гэдэг нь Х.Б, Ч.Ч.С, Д.д.о 3-ын хооронд байгуулсан гэрээгээр 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс үндсэн хүү тоологдож байгаа. Үүнийг буруу тайлбарлаад нэхэмжлэгч илүү хүү нэхэмжилж байна. Мөн түүнтэй холбогдуулаад илүү нэмэгдүүлсэн хүү надаас нэхэмжилж байна. Тийм учраас хуульд нийцэхгүй байна.

Мөн барьцаа хөрөнгүүдээс гаргуулах гэсэн нь барьцаа хөрөнгүүд болохоор үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай болон Иргэний хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн үүрэг гүйцэтгэх барьцаа хөрөнгийн үнийн дүнг заавал тусгана гэсний дагуу энэ гэрээгээр 7,500,000 төгрөг, 7,500,000 төгрөг, 12,500,000 төгрөг гээд үүрэг гүйцэтгэх үнийн дүнгийн хэмжээг заасан. Д.д.о та 65,000,000 төгрөгийнхөө өөрт ногдож байгаа батлан даалтын сангаас хамаарахгүй хөрөнгөө төлөхгүй бол ийм ийм дүнгээр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гээд заасан дүнгүүдийг хэлж байна. Тийм учраас тэр дүндээ заасан үүргийн гүйцэтгэлийг биелүүлсэн. Барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэдэг бол үндэслэлгүй гэж байна.

Батлан даалтын гэрээний 1.6 дахь хэсэгт заасан батлан даагч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүрэг зөрчигдснөөс 90 хоног өнгөрсөн, зээл төлүүлэх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам зааврын дагуу хангалттай авсан тул Батлан даалтын сан энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.

Авто машиныг тухайн үед нь зараад Х.Бинд мөнгий нь хийсэн. Гэрийн тавилгууд нь байж байгаа. Батлан даагчийн сан 41,26 хувийг хариуцах нь Батлан даалтын гэрээний 1.6 дахь хэсэгт заасан байгаа учраас үндэслэлтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээ 2015 оны 07 дугаар сараас хойш зөрчигдөж эхэлсэн. Тэрнээс хойш төлүүлэх хангалттай арга хэмжээ авсан. Х.Бийг миний зээлийн гэрээг сунгаад өгөөч, хугацааг багасгаад тавиад өгөөч гэдэг шаардлагыг цөөндөө тавьсан. Бичгээр өгөхөөр авдаггүй, ийм л байдлаар банк явж байсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулинд батлан даагч гэж юуг хэлэхийг тайлбарлаад өгсөн байгаа.

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж байгаа, иймд Батлан даалтын сан хариуцаж төлнө гэдгээр гэрээ байгуулсан. Төлж чадаагүй, батлан даагч гэрээнд заасан 41.26 хувийг төлнө. Үүний шимтгэлийг хүртэл батлан даагч авсан. Гэрээнд заасан батлан даагчийн үүрэг зээлдэгч зээлийн гэрээний зээл төлөх үүргээ зөрчснөөс хойш, 90 хоног өнгөрсөн. Зээл төлүүлэх арга хэмжээг хангалттай авсан нөхцөлд зээлдэгчийн төлөөгүй зээлийг энэхүү гэрээний 4.1 дэх хэсэгт буюу 41.26 хувиар өөрийн мөнгөн хөрөнгөөс зээлдүүлэгчид төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Иймд Батлан даалтын сан 41.26 хувийг хариуцаж төлөх үүргийг хүлээсэн гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлдэгч Д.д.о Ч.Ч.С нар Х.Бнаас авсан 65 сая төгрөгийн зээлийн 41.26 хувьд нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр батлан даалтын сангаас батлан даалт гаргасан. Зээлийн батлан даалтын сан бол жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд гарсан, энэ хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүссэн санхүүжилтийг авахад дэмжлэг үзүүлдэг.

Нөгөө талаасаа тухайн зээлдэгчдийг төлөх боломжгүй, чадваргүй болсон тохиолдолд батлан даалтын үүргээ гүйцэтгэж ажилладаг. Энэ зээлийн хувьд бол 41.26 хувьд нь батлан даалт гаргасан ба Батлан даалтын гэрээний 1.4-т заасан зээлдүүлэгч буюу банк өөрийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан зээлийг төлүүлэх талаар арга хэмжээг бүрэн хангалттай авсан байх ёстой.

Үүний дараа Зээлийн батлан даалтын санд хандаж, нэхэмжилнэ гэсэн зохицуулалттай.

Х.Б зээлдэгчээсээ зээлийг төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь зээлээ төлүүлэх ажлуудын нэг, ингээд зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандаад хүрэлцэхгүй 41.26 хувьд нь багтсан дүнгээр гаргуулах боломж нь бүрэн нээлттэй хэвээр байгаа. Зээлдэгчийн хүү, нэмэгдүүлдсэн хүү, барьцааны талаар тайлбар байхгүй байна гэв.

Нэмэлт тайлбар гаргая.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Нөхөх хариуцлага гэдгийг Дээд шүүх тайлбарласан.

Батлан даалтын гэрээний 1.6 дээр 90 хоног өнгөрсөн гэдэг нөхцлийг ярьж байна. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болоод 90 хоног өнгөрсөн, зээлдүүлэгч өөрийн дүрэм журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ авсан байх ёстой гэсэн ийм 2 нөхцлийг хангасан байх ёстой гэсэн агуулгатай. 90 хоногийн дотор арга хэмжээ аваад, үүнээс хойш арга хэмжээ авч болохгүй гэсэн агуулга байхгүй.

Нэхэмжлэгч, хариуцагчаа өөрөө тодорхойлдог. Зээлийн батлан даалтын сан огт үүрэг гүйцэтгэхгүй гэсэн байр суурь байхгүй.Батлан даалтын сан үүрэг гүйцэтгээд зээлдэгчийн төлбөрийг барьцаа хөрөнгийн өмнө төлсөн байсан ч гэсэн зээлдэгчийн төлөх дүн өөрчлөгдөхгүй. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг. гэв.

Хэрэгт талуудаас хуулийн шаардлага хангаж ирүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.БХХК нь хариуцагч Д.д.о,Ч.Ч.С нарт холбогдуулан ЗГ-3977 тоот зээлийн гэрээний үүрэгт 72,695,713 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.БХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин оролцлоо.

Хариуцагч Д.д.о, өөрийнхөө өмнөөс болон хариуцагч Ч.Солонгын итгэмжлэлээр түүнийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэлд шаардсан 34 420 922 төгрөг, үндсэн хүүд 6 505 554 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй хүлээн зөвшөөрнө гээд үндсэн хүүд тооцсон 32 313 097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 961 694 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын сан төлбөрөөс гэрээнд заасан хэмжээгээр хариуцан төлөх үүрэгтэй гэж маргана.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Зээлийн батлан даалтын санг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцон, 3 талт гэрээнд зааснаар зээлдэгч нарыг төлөх боломжгүй, чадваргүй болсон тохиолдолд батлан даалтын үүргээ гүйцэтгэх тул зээлдүүлэгч болох банк зээлийн үйл ажиллагааны журамд заасан зээлийг төлүүлэх талаар бүрэн хангалттай арга хэмжээг авсны дараа Зээлийн батлан даалтын санд хандана, зээлийг төлүүлэх нэхэмжлэл гаргаад зээлээ төлүүлэх буюу зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандан гэрээгээр тохирсон зээлийн 41.26 хувьд нь багтсан дүнгээр гаргуулах зохицуулалттай тул төлбөр хариуцах үндэсгүй гэж тайлбарлаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

1. Х.Б ХХК иргэн Д.д.о, Ч.Ч.С нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөд ашиглах зориулалтаар 65 000 000 төгрөгийг хавсралтад заасан хувиараар сар бүр үндсэн зээл хүүг тогтоосон хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тохиролцон, ЗГ-3977 тоот зээлийн гэрээ байгуулагдсан, зээлдүүлэгч 2014 оны 03 дугаар сарын 20ы өдөр зээлдэгч нарт зээлийн 65 000 000 төгрөгийг олгосон, зээлдэгч нар нь дээрх гэрээний эргэн төлөх хуваарь гарган тохирсон хугацаанд зээлийн төлбөрт нийтдээ 45 764 359.12 төгрөгийг төлсөн,

2.Талууд 2015 оны 4 сарын 29-ий өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлдэгч үндсэн зээлээс 25 637 932.07 төгрөг, хүүгийн төлбөрт 12 561 112,66 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10 196,34 төгрөг тус тус төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 39 362 067,93 төгрөг болохыг тооцон, энэ тооцоо маргаангүй болохыг баталж, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-3977 тоот гэрээний 2.4.1.дэх заалтыг зээлийн төлбөрийг 2016 оны 3 сарын 30-ны өдөр хүртэл хугацааны сар бүр зээл хүү төлөлтийн хэмжээг шинэчлэн хавсралт 2-оор тохиролцсон хуваарийн дагуу төлөхөөр өөрчилж, 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Барьцаа,/Баталгаат ипотек/Батландаалт/Фидуцийн гэрээ нь хүчин төгөлдөр хэвээр үргэлжлэхээр тохиролцсон,

3. Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-3977 тоот БГҮ-3977 дугаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдан Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоот байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоот байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

lexus 450 маркийн 89-77 УНТ улсын дугаартай авто машин, гэрийн тавилга зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан,

4. 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн батлан даалтын сан, Х.Б ХХК, иргэн Д.д.о нарын хооронд Батлан даалтын гэрээ байгуулагдсан, зээлдэгч зээл төлөх үүргээ бүрэн биелүүлж чадна, харин үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даагч түүний өмнөөс тохирсон хувь хэмжээгээр хариуцан зээл төлөх, батлан даагчийн хохирлыг зээлдэгч барагдуулахаар тохиролцсон байна.

Талууд нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа зээлийн ба барьцааны батлан даалтын гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба талууд гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүргүүлэх хуулийн шаардлага бүрэн хангасан, зээлийн мөнгө олгогдсон, төлбөр хийгдсэн талаар маргаагүй төдийгүй уг гэрээнүүд нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 452.2.-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжийг болон шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн зээлийн үүрэг шаардсан дүнгээс хариуцагч тал үндсэн хүүгээс зарим хэсэг болон нэмэгдүүлсэн хүүний төлбөрт шаардсан дүнд маргаж, барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийн үүрэг гүйцэтгүүлэх үнийн дүн болох Баянгол дүүрэг дэх хашаа байшин 12 500 000 төгрөг, Сүхбаатар дүүрэгт байрлах хашаа байшин тус бүр 7 500 000 төгрөг, 7 500 000 төгрөг гээд нийт 27 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн тул үүнд ногдох үүргийн гүйцэтгэлийг хангасан гэж үзэн, үлдсэн хэсгийг батлан даалтын сан хариуцна гэж марган, хүлээн зөвшөөрсөн 34 420 922 төгрөгийг Батлан даалтын сан, Х.Бтай нийлж гурвалсан гэрээний дагуу 41.26 хувийг батлан даалгаж, Батлан даалтын сангаас 14 202 074 төгрөгийг хариуцуулж, үлдэгдэл төлбөрт 26 сая төгрөгийг хариуцаж тодорхой хугацаанд хэсэгчилж төлөх тайлбар гаргасныг нэхэмжлэгчолон гуравдагч этгээд үл зөвшөөрч гэрээгээр тохиролцсоны дагуу эхлээд зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах бүх арга хэмжээ авах үүрэг хүлээсэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангаад үлдэгдэл гарсан тохиолдолд батлан даалтын сан хариуцах үүрэг хүлээсэн гэж маргана.

Зээлдэгч Д.д.о Ч.Ч.С нар тохиролцсон зээлийн гэрээгээр 24 сарын хугацаа тохирсон, нэмэлт гэрээнд мөн баталгаажуулсан байх тул зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 24 сарын хугацааны үндсэн хүүг, мөн хугацаа хэтрүүлэн зээлийг ашигласан хугацаа буюу нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны төлөгдөөгүй зээлд гэрээнд тохиролцсон хэмжээгээр хариуцах, нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тус тус хариуцан төлөх үүрэгтэй болох нь талуудын хүлээн зөвшөөрч маргаагүй гэрээний үүрэг болж байна.

Батлан даалтын гэрээгээр, Х.Бнаас олгосон 65 сая төгрөгийн зээлийн 41.26 хувьд нь 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдөр батлан даалтын сангаас батлан даалт гаргахдаа, Батлан даалтын гэрээний 1.4-т зааснаар зээлдүүлэгч буюу банк өөрийн зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийг төлүүлэх талаар арга хэмжээг бүрэн хангалттай авсан байхүний дараа банк нь Зээлийн батлан даалтын санд хандан шаардахаар зохицуулсан, зээлдэгчдийг төлөх боломжгүй, чадваргүй болсон нь батлагдсан тохиолдолд батлан даалтын үүргээ гүйцэтгэхийг тохирсон, зээлийн дүнгийн 41.26 хувьд нь батлан даалт гаргасан байна.

Батлан даалтын гэрээний 1.6-д 90 хоног өнгөрсөн гэсэн нөхцөл заасан хэдий ч нөхөх хариуцлага хүлээх урьдчилан тохирсон болзол хангагдаагүй болох нь уг гэрээний талуудын тохиролцоо, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбаруудаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн шууд батлан даагчид хариуцуулж үлдэх 26 724 402 төгрөг хариуцна гэх тайлбар гэрээнд заасан нөхцлөөр үгүйсгэгдэж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан болзол хангагдаагүй тул батлан даагчид зээлдэгчийн үндсэн үүргийг харицуулах үндэсгүй болно.

Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргахыг зохицуулснаар зээлдэгч зээлээ төлөх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хийгдсэний дараа үлдэх хүрэлцээгүй төлбөрөөс тохирсон хувь хэмжээгээр хариуцахыг заасан.

Хариуцагч тал зээлийн үүрэгт шаардсан дүнгээс өөрийн төлбөр хийсэн дүн, хугацаа болон үндсэн зээлийн үлдэгдэлд маргалгүй, харин үндсэн хүүний зарим хэсэг, нмэгдүүлсэн хүүгийн төлбөрөс татгалзаж байгаа үндэслэл нотлогдохгүй, талуудын маргаагүй зээлийн гэрээ болон төлбөр хариуцах хуваариар хүлээх хариуцлага нотлогдож байх тул үндсэн зээлд 34 293 392 төгрөг, хүүд 29 961 348 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3 324 386,6 төгрөг, бүгд 66 516 292,6 төгрөг хариуцан төлөх үүрэгтэй байна.

Талууд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй ба хуулийн хүчин төгөлдөр гэрээнд зааснаар зээлдэгчийн өмчлөлд өмчлөх эрхийн бүртгэл хийгдсэн үл хөдлөх болон хөдлөх барьцааны хөрөнгүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагааг явуулах үндэстэй.

Энэ нэхэмжлэлээр үүсгэгдсэн ажиллагаагаар Батлан даалтын санд хариуцуулах үүрэг байхгүй болно.

Нэхэмжлэлээс үлдсэн 6 179 3420,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн хурамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нарт хувь тэнцүүлэн хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.д.о, Ч.Ч.С нараас зээлийн үүрэгт хүүд 66 516 292,6 /жаран зургаан сая таван зуун арван зургаан мянга хоёр зуун ерэн хоёр/ төгрөгийг адил тэнцүү дүнгээр хариуцуулан тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.БХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдсэн 6 179 3420,4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Хариуцагч Д.д.о, Ч.Ч.С нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-3977 дугаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцаа болох Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар,

Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоот байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоот байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар,

lexus 450 маркийн 89-77 УНТ улсын дугаартай авто машин, гэрийн тавилга зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагаа явуулахыг дурьдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 591 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас бүгд 490 531 буюу тус тус 245 265,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ