Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02416

 

Х- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШШ2019/02358 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х- ХХК-ийн хариуцагч Д.О-, Ч.С- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 72 695 713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагч Ч.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О-, Ч.С- нар нь Х-ны их тойруу тооцооны төвөөс 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ЗГ3977 тоот зээлийн гэрээ байгуулж, нийтдээ 65 000 000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар нь дээрх гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 30 579 078.12 төгрөг, хүүгийн төлбөрт 15 164 725 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 20 556 төгрөг, нийтдээ 45 764 359.12 төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээний дагуу зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. Банкнаас зээлдэгч нарт зээлээ төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд өр төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд: Өмнө нь дурдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 34 420 922 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 32 313 097 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 961 694 төгрөг, нийт 72 695 713 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн БГҮ-3977 тоот барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 09 дүгээр хороо Горькийн 3 дугаар гудамж 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоот байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоот байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Банкны хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндсэндээ Иргэний хуулийн 222 дугаар зүйл, мөн хуулийн 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож нэхэмжилж байна. Энэ нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ, мөн холбогдох хуульд заасан хэмжээнээс хэтрүүлээгүй байгаа учраас зээлдэгч нараас нийт 72 695 713 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хувьд нэхэмжлэгчийн гаргаж байгаа, үндсэн зээлийн үлдэгдэл болох 34 420 922 төгрөгт бол маргах зүйл байхгүй. Зээлийг төлөх үндсэн хугацаа буюу 2015 оны 7 сараас хойш 2016 оны 3 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацааны хүүг үндсэн хүү гэж тооцно, үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцож хариуцна гэж би бодож ойлгож байна. Тэгээд энэ хоорондох хүүг үндсэн хүү гэж ойлгож хүүг төлнө. Үүнтэй холбогдуулж гарсан үндсэн хүү 6 505 554 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Банк үндсэн хүүд тооцсон 32 313 097 төгрөг болон түүнд ногдох нэмэгдүүлсэн хүү 5 961 694 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг зөрчиж үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодсон гэж үзэж байна. Үндсэн хүүг Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйлийг тайлбарласан. Үүнд: үндсэн хүү гэж зээлийг ашиглабал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоосон 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаа, энэ хугацааг тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр төлөх буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн нэмэгдүүлсэн хүү болохоор зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгч нь үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож гэрээн дээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл үндсэн хүү бодсон. Хуулиар болон гэрээгээр үндсэн хүү нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр дууссан. Нэмэгдүүлсэн хүү 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл бодогдсон, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний байх байсан. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл бодсон нь хүү дээрээс нэмэгдүүлсэн хүүг тооцсон учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээний 2.2-т Барьцааны гэрээн дээр заасан үүрэг гүйцэтгүүлэх хэмжээнүүд байгаа, Баянгол дүүрэг дэх хашаа байшин 12 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Сүхбаатар дүүрэгт байрлах хашаа байшин тус бүр 7 500 000 төгрөг, 7 500 000 төгрөг гээд нийтдээ 27 500 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнд ногдох үүргийн гүйцэтгэлийг хариуцагч миний хувьд хангасан гэж үзэж байна. Үүнээс үлдсэн хэсгийг батлан даалтын сан буюу гуравдагч этгээдээр татсан этгээд хариуцна гэж батлан даалтын гэрээ хийж, тусдаа гэрээ байгуулж, түүнд ногдох шимтгэлээ авсан. Миний хувьд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 34 420 922 төгрөгийг Батлан даалтын сан, Х-тай нийлж гурвалсан гэрээ байгуулсны батлан даах хэмжээ гээд үндсэн гэрээний 41.26 хувийг батлан даана гэсний дагуу Батлан даалтын сангаас 14 202 074 төгрөгийг батлан даалтын сан гурвалсан гэрээний дагуу хариуцаж, үлдэгдэл төлбөр болох 40 926 476 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 34 420 922 төгрөгөөс Батлан даалтын сан 41.26 хувь буюу 14 202 074 төгрөгийг Батлан даалтын сан хариуцна. Үлдэх 26 000 000 төгрөгийг хариуцаж төлнө гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.О- Ч.С- нар Х-наас авсан 65 000 000 төгрөгийн зээлийн 41.26 хувьд нь 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр батлан даалтын сангаас батлан даалт гаргасан. Зээлийн батлан даалтын сан бол жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор байгуулагдсан. Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль 2012 онд гарсан, энэ хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын оролцоотой үүсгэн байгуулагдсан. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хүссэн санхүүжилтийг авахад дэмжлэг үзүүлдэг. Нөгөө талаасаа тухайн зээлдэгчдийг төлөх боломжгүй, чадваргүй болсон тохиолдолд батлан даалтын үүргээ гүйцэтгэж ажилладаг. Энэ зээлийн хувьд бол 41.26 хувьд нь батлан даалт гаргасан ба Батлан даалтын гэрээний 1.4-т заасан зээлдүүлэгч буюу банк өөрийн зээлийн үйл ажиллагааны журамд заасан зээлийг төлүүлэх талаар арга хэмжээг бүрэн хангалттай авсан байх ёстой. Үүний дараа Зээлийн батлан даалтын санд хандаж, нэхэмжилнэ гэсэн зохицуулалттай. Х- зээлдэгчээсээ зээлийг төлүүлэх талаар шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа нь зээлээ төлүүлэх ажлуудын нэг, ингээд зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, банкны шаардлагыг хангаж хүрэлцэхгүй байгаа тохиолдолд Зээлийн батлан даалтын санд хандаад хүрэлцэхгүй 41.26 хувьд нь багтсан дүнгээр гаргуулах боломж нь бүрэн нээлттэй хэвээр байгаа. Зээлдэгчийн хүү, нэмэгдүүлсэн хүү, барьцааны талаар тайлбар байхгүй байна гэв. Нэмэлт тайлбар гаргая.Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан. Нөхөх хариуцлага гэдгийг Дээд шүүх тайлбарласан. Батлан даалтын гэрээний 1.6 дээр 90 хоног өнгөрсөн гэдэг нөхцлийг ярьж байна. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй болоод 90 хоног өнгөрсөн, зээлдүүлэгч өөрийн дүрэм журам зааврын хүрээнд хангалттай арга хэмжээ авсан байх ёстой гэсэн ийм 2 нөхцлийг хангасан байх ёстой гэсэн агуулгатай. 90 хоногийн дотор арга хэмжээ аваад, үүнээс хойш арга хэмжээ авч болохгүй гэсэн агуулга байхгүй. Нэхэмжлэгч, хариуцагчаа өөрөө тодорхойлдог. Зээлийн батлан даалтын сан огт үүрэг гүйцэтгэхгүй гэсэн байр суурь байхгүй.Батлан даалтын сан үүрэг гүйцэтгээд зээлдэгчийн төлбөрийг барьцаа хөрөнгийн өмнө төлсөн байсан ч гэсэн зээлдэгчийн төлөх дүн өөрчлөгдөхгүй. Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт банк, санхүүгийн байгууллагаас зээл авахыг хүссэн боловч зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн 60 хүртэлх хувьд батлан даалт гаргадаг гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д.О-, Ч.С- нараас зээлийн үүрэгт 66 516 292,6 төгрөгийг адил тэнцүү дүнгээр хариуцуулан тус тус гаргуулж нэхэмжлэгч Х- ХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдсэн 4 989 056,4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.О-, Ч.С- нар төлбөрийг сайн дураар төлж эс барагдуулбал 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ-3977 дугаар үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний барьцаа болох Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо Горькийн 9 дүгээр гудамж, 43в тоот байрлах 74,1 м.кв хувийн сууц, 220 м.кв гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18639311180525 дугаартай газар, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237 тоот байрлах 54 м.кв хувийн сууц, 695 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18644320328125 дугааартай газар, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа 84 дүгээр гудамж 237а тоотод байрлах 48 м.кв хувийн сууц, 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний нэгж талбарын 18644320309122 дугаартай газар гэсэн үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албадах ажиллагаа явуулахыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 591 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас бүгд 496 483 буюу тус тус 248 241,5 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцохдоо буруу тооцоолсон, Иргэний болон бусад хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.3.1-т Зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлнө гэж талууд тохирч зээлийн гэрэзний хавсралт-1-ээр эргэн төлөлтийн хуваарийг тохиролцсон. Мөн зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.5 нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэсэн нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж. төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасантай нийцсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт заасан нэмэгдүүлсэн хүү гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ гэж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь толөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ гэж, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээсэн бол зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүгээс нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувиар тооцож төлөхийг хэлнэ гэж тус тус тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү нь жилийн 25,2 хувь, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Д.О- давж заалдах гомдолдоо: Дээд шүүхийн тайлбарт үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож , зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ гэжээ өөрөө хэлбэл гэрээний хугацаанд ноогдох хүүг л үндсэн хүү гэж тайлбарласан байна. Гэтэл шүүх хугацаа хэтэрсний хүүг нэхэмжлэгч шаардаагүй байхад нэмж тооцсон нь үндэслэлгүй байна. Зээлийн үлдэгдэл 34 420 899.2 төгрөг нэмэх нь үндсэн хүү буюу сарын 717 888 төгрөг буюу 2015 оны 7 сарын 20-ны өдрөөс 2016 оны 3 сарын 20 ны хүртэл 9 сарын хүү 6 460 992 төгрөг нэмэгдүүлсэн хүү 1 292 198,4 төгрөг нийт 42 174 089,4 төгрөг болж байдаг. Үүнээс Батлан даалтын сан 41,26% буюу 17 401 029,3 төгрөгийг хариуцахаар гэрээ байгуулж зээлийн 2% буюу 1 300 000 төгрөгийн шимтгэлийг батлан даагчид төлсөн байдаг. Хариуцагч нарын хувьд 24 772 891.1 төгрөгийг төлөх тооцоо гардаг юм. Энэ нь батлан даалтын гэрээний 1.4 , 1.6 дахь заалтаар баталгаажсан байдаг. Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй 2016 оны 3 сарын 18 ны өдрөөс хойш 90 хоногийн дотор зээлдэгч ямар нэг арга хэмжээ авсан эсэх нь тодорхой биш байхад гуравдагч этгээд нэхэмжлэгч хангалттай арга хэмжээ аваагүй байна гэж тайлбарласныг хүлээн авч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүх нотлох баримтыг үндэслэж шийдвэрээ гаргана гэснийг суурь зарчмыг зөрчиж байна шийдвэрлэсэн байна. Хариуцагч нь нар нь барьцааны гэрээнд заасан барьцааны гэрээний зүйлээр үүрэг гүйцэтгэтгүүлэх үнийг хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн. Мөн барьцааны зүйлийн зарим нь буюу Сүхбаатар дүүрэгт байрлалтай 4 ш үл хөдлөх хөрөнгийн газрынх нь эзэмших эрхийн хугацаа 2018 онд дууссан учир үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй юм. Энэ талаар шүүх шийдвэр танилцуулах үед шүүгч үүргийн гүйцэтгэлээс хасаж шийдвэрлэж байсан боловч бараг жилийн дараа бичгээр гарч ирж байгаа шийдвэрт эсрэгээр буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар бичигдсэн нь эргэлзээтэй шударга бус байна. Шүүхийн шийдвэр яагаад засагдаж гарсан талаар шүүх хуралдааны протокол видео бичлэгт үзлэг хийлгэж, мөн яагаад удаж гарсан талаар давж заалдах шатны хуралдаанд хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа болно. Иймд шүүхээс гарсан хариуцагч нараас 67 706 656,6 төгрөгийг гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож илүү бодсон 25 532 736.2 төгрөг болон гуравдагч этгээдийн хариуцах 17 401 029.З төгрөг зэргийг тус тус хасаж нийт 42 933 765.5 төгрөгийг хэрэгсэхгүй болгох гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х- ХХК нь хариуцагч Д.О-, Ч.С- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 72 695 713 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х- ХХК нь 65 000 000 төгрөгийг, жилийн 25.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч Д.О-, Ч.С- нар нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, хариуцагч Д.О-ын өмчлөлийн, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаа, 84 дүгээр гудамж, 237А тоот хаягтай байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026418 дугаарт бүртгэлтэй, 48 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18644320309122 дугаар бүхий, 700 м.кв газар, /хх-ийн 11, 14-р тал/

Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 84 дүгээр гудамж, 237 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203026475 дугаарт бүртгэлтэй, 54 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах, нэгж талбарын 18644320328125 дугаар бүхий, 695 м.кв газар, /хх-ийн 17, 20-р тал/

Баянгол дүүрэг, 9 дүгээр хороо, Горький 3 дугаар гудамж, 43в тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205053001 дугаарт бүртгэлтэй, 74.1 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Г-2205003598 дугаарт бүртгэлтэй, 220 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар, 89-77 УНТ дугаартай Лексус 450 маркийн автомашин, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан болох нь талуудын тайлбар, зээл болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 23, 26-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан зээл болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө болон хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаас гадна талуудын байгуулсан зээлийн гэрээний 3.1.4, 3.1.5-д зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хэмжээний талаар нарийвчлан тохиролцсон байх тул уг хэлцлээр хүлээсэн үүргээ хариуцагч нар нь биелүүлэх үүрэгтэй юм.

 

Хариуцагч нар нь 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 45 764 359.12 төгрөг төлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй байх бөгөөд 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 34 420 922 төгрөг, хүү 32 313 097 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 961 694 төгрөг, нийт 72 695 713 төгрөгийн үүрэг хариуцагч нарт үүссэн болох нь зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, бүртгэлийн карт зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 27-29-р тал/

 

Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, хариуцагч Д.О-, Ч.С- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 72 695 713 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх нь Иргэний 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцэх юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хамаарах хуулийн заалтыг баримтлаагүйг зөвтгөн шийдвэрлэв.

 

Хариуцагч татгалзалдаа болон давж заалдах гомдолдоо хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй, анхан шатны шүүх шийдвэрээ уншиж сонсгохдоо эзэмших эрхийн хугацаа дууссан газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй атлаа бичгээр гарахдаа зөрүүтэй гарсан, мөн Зээлийн батлан даалтын сан гэрээний дагуу зээлийн 41.26 хувийг хариуцах ёстой гэжээ.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул хариуцагч нар нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэгийг авахаар албан тоот явуулсан боловч тухайн шүүх хуралдааны бичлэг хадгалагдаагүй талаарх албан бичиг анхан шатны шүүхээс ирүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр уншин сонсгосноос өөрөөр гарсан гэх хариуцагчийн гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд мөн зээлийн үүргийг Зээлийн батлан даалтын сан хариуцах эсэх талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19ий өдрийн 181/ШШ2019/02358 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О-, Ч.С- нараас нийт 72 695 713 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х- ХХК-д олгосугай гэж,

2 дах заалтын Хариуцагч ... гэсний өмнө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж,

3 дах заалтын ... бүгд 496.483 буюу тус тус 248 241,5 төгрөг ... гэснийг 591 630 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 113 820 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчаас төлсөн 372 619 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Г.ДАВААДОРЖ