Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/00264

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2020/00264

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах, Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* баг ******* байрлах *******-д холбогдох

Татварын өр 130300669.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь татварын хэлтэст 2641194 тоот регистрийн дугаартайгаар 2006 онд бүртгэгдэн үйл ажиллагаа явуулж ирсэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу ******* нь татвар ногдох зүйл, албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна. ******* нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын төрлөөр 581,878.8 төгрөгийн албан татварын өртэй, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын төрлөөр 30,079,095.6 төгрөгийн албан татварын өртэй бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан байдаг боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 97,108,895.13 төгрөгийн өр төлбөр үүссэн байна. Монгол улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан байдаг ба татвар төлөгч нь газрын төлбөрт 2,530,800 төгрөгийн өртэй боловч албан татвараа төлөөгүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч ******* нь тухай бүрт нь холбогдох татвараа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаандаа төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулахаар хуульд заасны дагуу татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах процесс ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татварын улсын байцаагч хугацаандаа төлөгдөөгүй *******-ийн өрийг төлүүлэхээр хууль тогтоомжид заасан ажиллагааг шат дараалан хийж гүйцэтгэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчид мэдэгдэх хуудас хүргүүлэх, утсаар холбогдох, банкин дахь дансыг хаах, эд хөрөнгө битүүмжлэх, татвар төлөгчийн бусдаас авах авлага, эд хөрөнгөөс гаргуулах, цалин хөлснөөс гаргуулах зорилгоор эрх бүхий байгууллагаас холбогдох лавлагааг албан бичгээр авсан байна. Хуульд заасны дагуу дээрх ажиллагааг гүйцэтгэж хэрэгжүүлэх боломжгүй болох нь баримтуудаар тогтоогдсон. Мөн татвар төлөгчтэй удаа дараалан утсаар холбогдох, биечлэн уулзаж өр барагдуулах шаардлага тавьж ажилласан боловч тодорхой үр дүнд хүрээгүй ба татвар төлөгч үүссэн өр төлбөрөө барагдуулахгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн *******-иар нийт 130,300,669.53 төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Бид *******-ийн татварын хэлтэст гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэх хүсэлтэд албан тоотоор хариу өгөөгүй. Хариуцсан байцаагч *******,******* нартай уулзсан. Өмнөх шүүх хуралдаан дээр хэлж байсанчлан *******-ийн хүсэлтийг Орхон аймгийн шүүх шийдэх эрх мэдэл байхгүй. Гэхдээ хүсэлтийг Татварын Ерөнхий газар руу явуулсан байгаа. Татварын Ерөнхий газар хууль зүйн талаасаа буруу ажиллагаа байгаа гэж байгаа бөгөөд гэхдээ судалж үзээд сүүлд үүссэн 2018, 2019 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг нэхэмжлэхгүй байж болно гэсэн. Энэ нь ерөнхий газар дээр шийдэгдэх боломжтой юм. Түүнчлэн сая шинээр гаргаж өгсөн материалтай танилцлаа. Үйлдвэр технологийн парктай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзвэл хасаад өгөх боломжтой гэсэн. Хуралдааны өмнө хариуцагчтай ярьсан. Орхон аймгийн Татварын хэлтэс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үлдэгдлийг тодорхойлсон албан бичиг хийж өгсөн байгаа. Энэ нь *******-ийн бичсэн бичгийн хариу гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл бид анхны нэхэмжлэл дээр 97.000.000 төгрөг нэхэмжилсэн. Хэрвээ бидэнтэй эвлэрвэл 70.000.000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа бууруулаад бусад зүйл дээрээ эвлэрэх боломжтой гэхэд хариуцагч бүх татвараа чөлөөлүүлнэ гэсэн. Сая гаргаж өгсөн баримт дотор шаардлага хангахгүй баримт байна. Зарим баримтуудыг шүүх хянах ч асуудал байна. Эвлэрэх боломжгүй гэж талууд үзвэл шүүх хуралдааныг үргэлжлүүлье. Бидний зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болох 97.000.000 төгрөгөөс 24.000.000 төгрөг хүртэл бууруулах боломжтой. Яагаад 24.000.000 төгрөг вэ гэхээр тухайн компани нь 2015 оноос хойш үйлдвэр технологийн парктай харьцаж байгаа. 2014, 2015 оны үл хөдлөх хөрөнгийн татвар 5.000.000 төгрөг, 20.000.000 төгрөг нийлээд тодорхойлогдохоороо 24.000.000 төгрөг хүрч буурч болж байна. Уул нь татвар төлөгч маань тайлангаа гаргачихсан учраас түүнийг шийдэх эсэх асуудал ерөнхий газарт байгаа. Шууд чөлөөлж болохгүй, гэрээ контрактын хүрээнд харилцан хамтын ажиллагааны хүрээнд явах байх. ... 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******-иас 130.300.669.5 төгрөгийн татварын өрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа. Дээрх компани нь 2641194 тоот регистрийн дугаартай 2006 онд бүртгэгдээд үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэл гаргаж байх үеийн Татварын хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг тодорхой зааж өгсөн. Хуульд заасан хугацаанд татвараа төлөөгүй учраас энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Орлогын албан татварын төрлөөр 581.878.8 төгрөг, цалин хөлс тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын төрлөөр 30.079.095.6 төгрөгийн тайлан гаргасан. Үүнийг Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу заасан өдрөө төлөх ёстой байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 97.108.895 төгрөгийн татвар нэхэмжилсэн. Гэхдээ татварын албаны зүгээс гаргаж өгсөн тодорхойлолтын дагуу эрх бүхий албан тушаалтан дараах байдлаар тодорхойлж өгсөн. Энэ 97.108.895 төгрөгийн татварыг 24.332.819.1 төгрөг болгон бууруулж нэхэмжилье. Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу газрын төлбөрийг аж ахуйн нэгж байгууллага хуульд заасны дагуу төлөх ёстой. Энэ бол газар ашиглаж байгаа төлбөр юм. Тухайн байгууллагад 2.530.800 төгрөгийн газрын төлбөр үүссэн боловч хуульд заасан хугацаандаа төлөөгүй. Ер нь 2014, 2015 онд татвар төлөлт нь хангалтгүй байсан. Тухайн үед мөрдөж байсан хуулийн 43.5 дахь зүйлд тайлан тушаах, татвараа төлөх хугацааг нэг мөр заасан. Татвар төлүүлэхээр байцаагч нар шат дараатай арга хэмжээ авсан. Ингээд нийтдээ 57.524.593.5 төгрөгийг *******-с нэхэмжилсэн нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд гаргасан Орхон аймгийн Татварын хэлтсийн манай компаниас 130300669.53 төгрөгийн татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компанид ноогдуулсан татварын өрийг нягтлах шаардлагатай байгаа тул холбогдох нотлох баримттай танилцаж, өөрсдийн үндэслэлээ гаргаж, эрх ашгаа хамгаалан шүүхийн ажиллагаанд оролцох болно. ... Баримтууд учир дутагдалтай гэж үзэж болохгүй. Аж үйлдвэрийн сайд болон Эрдэнэт технологийн паркийн байгуулсан гэрээг эх хувиас нь өнгөтөөр скайнердаад эх баримтуудыг харж байгаад нотариатч 02 дугаар сарын 07-ны өдөр баталсан байгаа. Бүүр томруулдаг шилээр хараад засваргүй баримт байна гэсэн. Эрдэнэт технологийн парк чинь улсын хэмжээнд тодорхой бүсүүдэд аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд Засгийн газар тогтоолоо гаргаад тусгай зөвшөөрлөө олгоод уул уурхайн хөнгөн үйлдвэрийн яам гээд олгосон. Татварын хэлтэс дээр очиход тасгийн дарга , байцаагч******* нар үзээд системээс арилахгүй байсан. 2017, 2018, 2019 он одоо бол хуулиараа чөлөөлөөд арилгах ёстой гэж байсан. ... 24.000.000 төгрөгийн үлдэж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн татвар бол бас чөлөөлөгдөх боломжтой юм байна лээ. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль, Газрын төлбөрийн тухай хуульд 2009 онд өөрчлөлт орсон. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын тушаалд газрын төлбөр ногдуулах аргачлалыг хавсралтаар шийдвэрлэх тухай гэж байгаа. Энэ тушаал гарсантай холбоотой 2011 оны өмнөх тушаалыг хүчингүй болгосонд тооцсон байгаа. Энэ зааврын 8 дугаар зүйлд Газрын тухай хуулийн 7 ба 8 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд тухайн газар нь тогтоолын хавсралтанд алинд хамаарагдаж байгаагаар газрын төлбөрийг чөлөөлнө гэж байгаа. 8 дугаар зүйл нь үйлдвэр технологийн паркаас чөлөөлөх заалт нь байдаг. Энэ заавар байхад орон нутгийн татвар болон газрын алба хуулиа мэдэхгүй ингэж байгаа учраас эвлэрэх боломж байхгүй. ... Үйлдвэр технологийн паркийн албан бичгийг өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болох 24.332.819.1 төгрөгөөс хуулиараа хасагдах ёстой юм байна лээ. Манай компани 2006 онд үйлдвэр технологийн паркийн гишүүн болсон нотлох баримт хэрэгт байгаа. Хэрвээ нэгжийн гишүүн л болсон бол 100 хувь татвараас чөлөөлөгдөх ёстой байсан. Тийм учраас дээрх төлбөрөөс чөлөөлөгдөх ёстой. Газрын төлбөрийн хувьд 2.530.800 төгрөг байгаа. Үйлдвэр технологийн паркийн удирдлагатай байгуулах гэрээ гэж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын Эрдэнэт техно парктай байгуулсан гэрээ байдаг. Үүний хавсралтанд 13 аж ахуйн нэгж байгаагийн 8 дугаарт ******* байгаа. Эзэмших газрын хэмжээ 2.3 га гэж байна. Газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хэмжээ нь энэ юм. Мөн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолд *******-ийн 2.3 га газар орсон байгаа. Энэ тогтоолын хавсралт хэрэгт байгаа. Тийм учраас газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй. Тэгэхээр үл хөдлөх хөрөнгөөс 100 хувь, газрын төлбөрөөс 100 хувь гээд үл хөдлөх хөрөнгийн 97.108.895.13 төгрөг гэдэг хэмжээгээр татвараас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй байна. ... Тусгай зөвшөөрөл олгож байгаа яам тамгын газар нь технологийн паркийн тайланг аваад сунгадаг байх. Бидэнд тэрийг шалгах эрх байхгүй. Нөгөө талаар аж ахуйн нэгж байгууллага татвараа мэдүүлэх үүрэгтэй. Мэдүүлээгүй бол торгуультай, алдангитай гэж байгаа. ******* хуулийн дагуу татвараа мэдүүлээд дараа нь чөлөөлүүлэх асуудлаа тавьж байгаа. Тэгэхээр Татварын хэлтэс татвар төлөгчийн эрх ашигт яаж нийцүүлэх вэ гэдэг асуудлаа шийдэхгүй байгаа юм. Төрийн байгууллагын ажилчид ийм зүйл ярьж болохгүй. Эрдэнэт технологийн паркийн хуулбар үнэн гэсэн нотлох баримт байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт төр болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хуулбар үнэн гэсэн дардастай байна гэж заасан. Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор нутаг дэвсгэрийн байршил тогтоох тухай гэж байна. Үүн дотор манай компани орсон явж байгаа. Ядахдаа энэ тогтоолыг мэдэж баймаар юм. Аж үйлдвэрийн сайд гэснээ хоёр өөр яамны тэмдэг дарсан байна гэж байна. Энэ нотлох баримтыг дахиад гаргуулж болно гэв.

 

Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орхон аймгийн прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ахлах прокурор ******* би өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож тайлбар гаргаж байна. Татварын хэлтэс анх 130.300.669 төгрөг нэхэмжилсэн. Өнөөдөр татварын хэлтсийн даргын тодорхойлолтоор 70.000.000 төгрөг хасагдаад 24.332.819 төгрөг нэхэмжилж байна. Ингээд бусад татваруудтайгаа нийлээд нийтдээ 57.524.593.5 төгрөг нэхэмжилж байна. Үйлдвэр технологийн паркийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл байна. Би өмнөх шүүх хуралдаанд энэ тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй. Өнөөдөр хариуцагч талаас гаргаж өгсөн байна. Дээрээс нь зарим нотлох баримтууд нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Өөрийнхөө гаргаж өгсөн баримтанд өөрөө хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн нь эргэлзээтэй байна. Гэрээний огноо засвартай байна. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ 2017 онд дууссан байна. 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Гэтэл гэрээ нь 10 дугаар сар гэсэн огноотой байгаа. Үүн дээр шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Гэрээний хавсралт жагсаалт байгаа гэж байна. 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай гэрээг батлахдаа Аж үйлдвэрийн яамны тамгаар баталгаажуулсан, гэтэл хавсралт гэж ярьж байгаа жагсаалт нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тамгаар баталгаажсан ийм нотлох баримт нь нотлох баримтын шаардлага хангах уу гэдэг нь эргэлзээтэй байна. Үүнийг анхаарч үзээсэй. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлөөр нэгжийн удирдлагатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар энэ гэрээг 100 хувь үндэслэлтэй юм, энэ компани бүх татвараас 100 хувь чөлөөлөгдөх ёстой гэж үзэх боломжгүй. Яагаад гэвэл үйлдвэр технологийн парк үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих Засгийн газрын 2011 оны 104 дугаар тогтоолоор батлагдсан журам байгаа. Энэ журмаараа үйлдвэр технологийн паркийн удирдлагатай байгуулах гэрээ, нөгөө талд нэгжийн удирдлагатай байгуулах гэрээ батлагдсан байдаг. Тэгэхээр дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 9 дүгээр заалтанд Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.3, энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан нөхцлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гэж журмаараа зохицуулж өгсөн. Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд гэрээнд заасан хугацаанд үйл ажиллагаагаа эрхлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх хүчингүй болгох үндэслэлийг зааж өгсөн байгаа. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө үйл ажиллагаагаа явуулаагүй. Тайландаа үйл ажиллагаагаа явуулаагүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа гэж үйлдвэр технологийн паркийн даргатай байгуулсан гэрээ үндэслэлтэй эсэх асуудал эргээд яригдана. Бид нар гэрээг шууд дүгнэх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж буй 57.524.593.5 төгрөгийг *******-иас гаргуулан Орхон аймгийн татварын хэлтэст олгуулах нь зүйтэй байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч *******-д холбогдуулан татварын өр 130300669.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй ...******* нь үйлдвэр технологийн паркийн нэгжийн удирдлагатай 2015 оноос эхлэн гэрээ байгуулан ажиллаж байгаа учир Үйлдвэр технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон Газрын төлбөрийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлтэй байх тул үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр, газрын албан татварын өрийг хүлээн зөвшөөрөхгүй бусад татварын өрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө... гэх тайлбар гаргаж мэтгэлцсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар татгалзалтайгаа холбогдуулан шүүхэд *******-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст гаргасан хүсэлт, *******-ийн -тай 2015-2019 онд байгуулсан Үйлдвэрлэл технологийн паркийн нэгжийн удирдлагатай байгуулсан гэрээ, -д үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон Засгийн газрын 2017 оны 8 сарын 23-ны өдрийн 242 дугаар тогтоол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 09 сарын 07-ны А/200 дугаартай тушаал, -ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ, Үйлдвэр технологийн байгууллагын удирдлагатай байгуулах 2015-2017 оны гэрээ болон бусад нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 9-д үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын төлбөр төлөгчийг газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 9-д  Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2, энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гэж тус тус заасан байх боловч   Монгол улсын Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татварын хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх асуудлыг татварын албаны бүрэн эрхэд хамааруулан зааж өгсөн.

Иймд хариуцагч ******* нь Орхон аймгийн Татварын хэлтэст дээрх хуулийн зүйл заалтын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газрын албан татварын төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байх ба нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэс нь хариуцагч *******-с үл хөдлөх эд хөрөнгийн татвар, газрын албан татварыг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба шүүх дээрх хуулийн заалтуудад үндэслэн хариуцагч байгууллагыг татвараас чөлөөлөх, хөнгөлөх үндэслэлгүй юм.                                                     

Нөгөөтэйгүүр Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүргийг хуульчлан зааж өгсөн бөгөөд тус хуулийн 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасны дагуу ******* нь татвар ногдох зүйл, албан татвараа хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхойлж татварын хэлтэст тайлагнасан боловч өнөөг хүртэл хуулийн хугацаандаа албан татвараа төлөөгүй байна гэж заасны дагуу нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хугацаандаа төлөгдөөгүй татварын өр шаардах эрхтэй бөгөөд хариуцагч ******* нь төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч ******* нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу ******* нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын төрлөөр 581,878.8 төгрөгийн албан татварын өртэй, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын төрлөөр 30,079,095.6 төгрөгийн албан татварын өртэй бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 28.1-д заасны дагуу албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж өгөхөөр хуульд заасан.

Мөн ******* нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж заасан байдаг боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 97,108,895.13 төгрөгийн өр төлбөр, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан байдаг боловч 2,530,800 төгрөгийн өр төлбөр үүсгэж татварын хэлтэст хуулийн хугацаанд нь төлөөгүй болох нь хувь хүний орлогын албан татварын тайлан, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлан, газрын төлбөрийн тайлан, 2016-2019 онуудад татвар төлөгчид хүргүүлсэн мэдэгдэх хуудас, ярилцлагын тэмдэглэл, 2017-2019 онуудад харилцах данс хаасан мэдэгдэх хуудас, 2017-2019 онуудад татвар төлөгчид гардуулсан татварын албаны шаардлага, татварын хэлтсийн албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь *******-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст гаргасан хүсэлттэй холбогдуулан 2018, 2019 оны үл хөдлөх хөрөнгийн албан татварыг нэхэмжлэхгүй байж болно гээд *******-ийн үйл хөдлөх эд хөрөнгийн албан татварын үлдэгдлийг 24332819,14 төгрөг гэж гаргаж тодорхойлолт хийж өгсөн учир үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр төлбөрт 97108895,13 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 72776076 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна гэх тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 72776076 төгрөгөөс татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр *******-иас төлөгдөөгүй татварын өр болох суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын өр 581578,8 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын өр 30079095,6 төгрөг, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24332819,14 төгрөг, газрын албан татварын өр 2530800 төгрөг, нийт 57524593.5 төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 445572.97 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 55 дугаар зүйлийн 55.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 57524593.5 /тавин долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* 72776076.03 /далан хоёр сая долоон зуун далан зургаан мянга далан зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 445572.97 /дөрвөн зуун дөчин таван мянга таван зуун далан хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ