Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00091

 

О.А.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00264 дүгээр шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар магадлалтай,

 О.А.Тийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

 Татварын өр 57,524,593 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч “М” ХХК-д холбогдуулан татварын өр 130,300,669.53 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 57,524,593 төгрөг гаргуулахаар болсон байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг “....Манай компани 2006 онд үйлдвэр технологийн паркийн гишүүн болсон нотлох баримт хэрэгт байгаа. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын Эрдэнэт технологийн парктай байгуулсан гэрээ байдаг. Үүний хавсралтад 13 аж ахуйн нэгж байгаагийн 8 дугаарт “М” ХХК байгаа. Мөн Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.06.30-ны өдрийн 04 тоот тогтоолд “М” ХХК-ийн 2.3 га газар орсон байгаа. Энэ тогтоолын хавсралт хэрэгт байгаа. Тийм учраас газрын төлбөрөөс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлтэй.” гэж маргажээ.

 Прокурор Ц.Мөнхтуяа “...Татварын хэлтэс анх 130,300,669 төгрөг нэхэмжилсэн. Өнөөдөр татварын хэлтсийн даргын тодорхойлолтоор газрын төлбөрт 70,000,000 төгрөг хасагдаад 24,332,819 төгрөг нэхэмжилж байна. Ингээд бусад татваруудтайгаа нийлээд нийтдээ 57,524,593.5 төгрөг нэхэмжилж байна. Үйлдвэр технологийн паркийн тусгай зөвшөөрлөөр нэгжийн удирдлагатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний татвараас чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт байгаа. Гэтэл хариуцагч байгууллага өөрөө үйл ажиллагаагаа явуулаагүй. Тийм учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилж буй 57,524,593.5 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгуулах нь зүйтэй байна.” гэжээ.

 2. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00264 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.11, 55 дугаар зүйлийн 55.1.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас 57,524,593.5 /тавин долоон сая таван зуун хорин дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярсайхан 72,776,076.03 /далан хоёр сая долоон зуун далан зургаан мянга далан зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, .41.1.4-т зааснаар тухайн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 445,572.97 /дөрвөн зуун дөчин таван мянга таван зуун далан хоёр төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар магадлалаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00264 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 292,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь зөвхөн нэхэмжлэгч талын ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэр гаргасан, хуулиар чөлөөлөхөөр тогтоосон татварын өр, төлбөрийг хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байна.

4.2 Анхан шатны шүүх татварын хэлтсийн нэхэмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 97,108,895.1 төгрөгөөс татварын хэлтсийн албан бичгийг үндэслэж 72,776,076 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 24,332,819.14 төгрөгийг, Газрын төлбөрийн өр 2,530,800 төгрөгийн хамт нийт 26,863,619.13 төгрөгийг “М” ХХК-аас төлүүлэхээр шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх ...“хууль буруу хэрэглэсэн” үндэслэл тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Харин “М” ХХК-аас суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын өр 581,578.8 төгрөг, цалин хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын өр 30,079,095.6 төгрөг нийт 30,660,674.4 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа болно.

4.3 Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт: Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө гэсэн хуулийн заалтаар 24,332,819.14 төгрөгийн албан татварыг чөлөөлөх, мөн Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт: “Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг газрын төлбөрөөс чөлөөлнө гэсэн хуулийн заалтын дагуу газрын төлбөрийн өр 2,530,800 төгрөг, нийт 26,863,619 төгрөгийг “М” ХХК-ийн өр төлбөрөөс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх ёстой байтал анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж “М" ХХК-аас 26,863,619 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын төлбөрийн өрд тооцон гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.4 “М” ХХК нь 2006 оноос “Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн гишүүнээр элсэж, үйлдвэрлэл, технологийн паркийн нэгжийн удирдлагатай байгуулах гэрээнүүдийг зохих ёсоор байгуулсан, мөн “Эрдэнэт технопарк” ХХК нь Аж үйлдвэрийн яам (хуучнаар) болон Уул уурхайн яамтай хуульд зааснаар гэрээ байгуулан тусгай зөвшөөрлөө авсан, эдгээр гэрээнүүдэд “М” ХХК-ийн эзэмших газрын хэмжээ 2.3 га гэж тусгагдсан байдгаас гадна Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012.06.30-ны өдрийн 04-р тогтоолд болон хавсралтад үйлдвэрлэл технологийн паркийн эзэмшил газруудын хэмжээг тогтоосон байгаагаас “М” ХХК нь 2.3 га гэж орсон байна. Иймээс дээрх нотлох баримтуудаар “М” ХХК нь газрын төлбөрийн өр 2,530,800 төгрөгөөс Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9-д зааснаар чөлөөлөгдөх ёстой. Мөн “М” ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн 2.3 га доторх үл хөдлөх эд хөрөнгө болон барилга байгууламжууд нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар 24,332,819 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өрнөөс чөлөөлөгдөх хуулийн зохицуулалттай байна.

4.5 Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэхгүй, хэрэглэх ёстой Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хууль болон Газрын төлбөрийн тухай хуулиудын зүйл заалтуудыг хэрэглэхгүй хэргийг зөвхөн Татварын ерөнхий хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байхаас гадна хариуцагч компанийн эрх ашгийг хохироож байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалаар тогтоосон татварын 57,524,593.5 төгрөгийг гаргуулахаар тогтоосноос үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын өр 24,332,819 төгрөг, газрын төлбөрийн өр 2,530,800 төгрөг, нийт 26,863,619 төгрөгийн өр төлбөрийг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар чөлөөлүүлж, 26,863,619 төгрөгийн өр төлбөрийг хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 6. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хариуцагч “М” ХХК-аас татварын өр 130,300,669.53 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлдээ “тус компани 2014-2018 оны үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 97,108,895.13 төгрөг, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар газрын төлбөрт 2,530,800 төгрөг, суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварт 518,878.8 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 30,079,095.6 төгрөг тус тус төлөөгүйг гаргуулна уу” гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 24,332,819.1 төгрөг болгон багасгаж, бусад татварын хамт нийт 57,524,593.5 төгрөг гаргуулахыг хүссэн байна.

 Хариуцагч нэхэмжлэлийн талаар гаргасан хариу тайлбартаа, “тус компани нь Үйлдвэр технологийн паркийн нэгжийн удирдлагатай 2015 оноос эхлэн гэрээ байгуулж ажиллаж байгаа тул хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын болон газрын төлбөрийн татвараас чөлөөлөгдөнө, иймээс нэхэмжлэлээс нийт 26,863,619 төгрөгийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

 7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж, хэвээр үлдээжээ.

8. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, О.А.Тийн “М” ХХК-аас нэхэмжилсэн 57,524,593.5 төгрөг нь татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон, тогтоосон хугацаанд төлөгдөөгүй татварын өр гэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.1, 55 дугаар зүйлийн 55.1.1-д нийцжээ.

 9. Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 18 дугаар зүйлийн 18.1.2, 43 дугаар зүйлийн 43.1 болон 45 дугаар зүйлийн 45.1-д тус тус зааснаар холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хариуцагч “М” ХХК нь суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварт 518,878.8 төгрөг, цалин, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварт 30,079,095.6 төгрөг төлөхөө тайлагнасан боловч төлөөгүй бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

 10. Харин хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 24,332,819.1 төгрөг, газрын төлбөрт 2,530,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан бөгөөд шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 10. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно”, 8.2-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэж, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус заасан, хариуцагч нь 2014-2018 онд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 97,108,895.13 төгрөгийн, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар газрын төлбөрт 2,530,800 төгрөгийн татварын тайланг Татварын байгууллагад ирүүлсэн нь тогтоогджээ.

 11. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 70 дугаар зүйлд зааснаар татвар төлөгчийн хугацаанд нь төлөөгүй татварын өрийг тус хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрийн дагуу төлүүлэх арга хэмжээ авах зохицуулалттай бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс хугацаанд нь төлөөгүй татварын өрийг төлүүлэхээр татвар төлөгч “М” ХХК-д мэдэгдэх хуудсыг гардуулах, эд хөрөнгийн лавлагаа авах, эд хөрөнгө, банкин дахь дансыг битүүмжлэх зэрэг холбогдох арга хэмжээг авсан байна.

 12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М” ХХК нь Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө”, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-ийн 9-д заасан үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийг үйлдвэрлэл технологийн паркийн зориулалтаар эзэмшүүлсэн газрын төлбөр төлөгчийг газрыг эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 104 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих журмын 9-д заасан “Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10.2, энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан нөхцөлийг хангаж зохих журмын дагуу гэрээ байгуулан хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдэд холбогдох хуульд заасны дагуу татвар, төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлнэ гэж тус тус заасныг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн болон газрын төлбөрийн албан татвар төлөх үндэслэлгүй гэж маргаж, /”Эрдэнэттехно” ХХК-тай байгуулсан 2015, 2016, 2017, 2019 оны гэрээг нотлох баримтаар гаргасан/ бөгөөд нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар гаргуулах нэхэмжлэлээс 72,776,076.03 төгрөгт холбогдох хэсгээс татгалзжээ.

 13. Шүүх Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 28 дугаар зүйлийн 28.1.4-т зааснаар татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх эрх хэмжээ нь татварын байгууллагад байна, иймээс үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт 24,332,819.1 төгрөг, газрын төлбөрт 2,530,800 төгрөг шаардсан хэсгийг чөлөөлөх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэж уг нэхэмжлэлийг хангасан нь хууль зөрчөөгүй байна.

 14. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШШ2020/00264 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч “М” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг/-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.30-ны өдөр төлсөн 292,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                            Х.ЭРДЭНЭСУВД