Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 212/МА2019/00015

 

   Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот

байгуулалтын газрын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00033 дугаар шийдвэртэй, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжлэлтэй, Н.С-т холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: 1287 м.кв газрын анхны үнээс дутуу төлбөр 5656800 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Өлгий сумын Засаг даргын 2016 оны 187 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын дагуу төлөх ёстой газрын анхны үнийг нөхөж төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Өлгий сумын Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж 2016 оны 187 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар Н.С-т 1287 м.кв газрын анхны үнийг дутуу төлүүлж эзэмшүүлсэн байна. Иймд иргэн Н.С-ийн эзэмшилд олгосон газрын анхны үнийн дутуу төлбөр болох 5,656,800 төгрөгийг шүүхийн журмаар Төрийн сангийн 100020000943 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын нэхэмжилсэн 5,656,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед газрыг өөрийн эзэмшилдээ авахдаа зохих журмын дагуу газрын албанаас төл гэсэн мөнгийг нь бүрэн төлж, өөрийн нэр дээр газрыг хууль ёсны дагуу авсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00033 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын Н.С-ээс газрын анхны үнийн дутуу төлбөр 5,656,800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.            

            Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд: “Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэх ёстой байтал иргэн Н.С нь тухайн шатны Засаг даргатай үгсэн гуйвалдаж, Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрээс 1287 м.кв газрын анхны үнийг дутуу төлж эзэмшсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг илт зөрчиж байна. “Дуудлага худалдааны журам”-ыг баримтлаагүй, Газрын дуудлага худалдааны анхны үнийг барилга, хот байгуулалтын сайдын хүчингүй болсон 2010 оны 206 дугаар тушаалын дагуу бодож тогтоосон нь ил харагдаж байна. Уг газрыг иргэн Н.С-т эзэмшүүлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 234 дүгээр тушаалын дагуу газрын анхны үнийг бодож тооцоогүй байна. Иймд иргэн Н.С-т холбогдох газрын дуудлага худалдааны анхны үнийн дутуу төлбөрийг төлүүлэх тухай иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 130/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар  нь хариуцагч Н.С-т холбогдуулж 1287 м.кв газрын анхны үнээс дутуу төлсөн гэх 5,656,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч эс зөвшөөрчээ.

            Нэхэмжлэгч тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга К.Б нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч Н.С нь Өлгий сумын Засаг даргын 2016 оны 187 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар 1287 м.кв газрыг эзэмшихдээ газрын анхны үнийг дутуу төлсөн” гэж, харин хариуцагч Н.С нь “тухайн үед газрыг өөрийн эзэмшилдээ авахдаа зохих журмын дагуу газрын албанаас төл гэсэн мөнгийг нь бүрэн төлж, өөрийн нэр дээр газрыг хууль ёсны дагуу авсан тул уг мөнгийг төлөхгүй” гэж маргажээ.  

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад  хариуцагч Н.С-т Өлгий сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаартай захирамжаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байршилтай 031309460 нэгж талбарын дугаар бүхий 1287 м.кв газрыг 50 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд хариуцагчаас газрын анхны үнэ гэж 778,200 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй байна.

            Газрыг хуульд зааснаар эзэмшүүлэх, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу  тогтоох үүргийг Өлгий сумын Засаг дарга биелүүлэх бөгөөд энхүү  үүргээ биелүүлэхгүйгээр газар эзэмшүүлсэн, дуудлага худалдааны анхны үнийг буруу тогтоосон нь тухайн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа тул иргэнийг буруутгах боломжгүй, дуудлага худалдаа явагдаагүй байхад иргэн Н.С-т газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэг үсэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.-д “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухай шатны Засаг дарга тогтоон”, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2.-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухай шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ...” гэж заасан ба Барилга, Хот байгуулалтын садын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 234 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалын 2 дахь заалтаар Аргачлалыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт, хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т тус тус үүрэг болгосноос үзэхэд Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шаардах эрхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 130/ШШ2019/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                                          

Д.КӨБЕШ