Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 130/ШШ2019/00033

 

     Н аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Н даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Н аймгийн РД газрын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Н аймгийн Б сумын 4 дүгээр багт оршин суух, У овогт Н.С-т холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын дарга К.Б, хариуцагчийн өмгөөлөгч Х.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэлийн шаардлага: 1287 м кв газрын анхны үнийн дутуу төлбөр 5656800 төгрөг гаргуулах тухай.

     Нэхэмжлэгч Н аймгийн РД газрын дарга К.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б сумын Засаг даргын 2016 оны 187 дугаар захирамжаар газар эзэмшүүлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 234 дүгээр тушаалын дагуу төлөх ёстой газрын анхны үнийг нөхөж төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

     Б сумын Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг ноцтой зөрчиж 2016 оны 187 дугаар захирамжаар үйлчилгээний зориулалтаар ББ****** регистртэй У овогт Н.С-т 1287 м кв газрын анхны үнийг дутуу төлүүлж эзэмшүүлсэн байна. Иймд иргэн Н.С-ийн эзэмшилд олгосон газрын анхны үнийн дутуу төлбөр болох 5656800 төгрөгийг шүүхийн журмаар Төрийн сангийн 100020000943 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

     Нэхэмжлэгч Н аймгийн РД газрын дарга К.Б шүүхэд хуралдаанд мэдүүлэгтээ: Б сумын Засаг дарга Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчиж Н.С-т 1287 м кв газрыг олгосон. Хууль зөрчсөн гэдгийг хэлмээр байна. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан. Төсөл сонгон шалгаруулах, дуудлага худалдаа явуулах зарчмыг зөрчсөн. Бид энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хандсан ба тус шүүхээс шийдвэр гарсан. Газрын анхны үнийг дутуу төлүүлсэн тул тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүчингүй болсон заалтыг хэрэглэж, сайдын 206 дугаар тушаалыг хэрэглэж газрын анхны үнийг тооцож авсан. Өөрөөр хэлбэл, тухайн үед Барилга хот байгуулалтын сайдын 206 дугаар тушаал хүчингүй болсон. Дээрх хүчингүй болсон тушаалаар газрын анхны үнэ болох 700000 гаруй төгрөгийг хариуцагчаар төлүүлсэн.  234 дүгээр тушаал гарсан. 234 дүгээр тушаалаар 1 мкв газрыг 5000 төгрөгөөр тооцсон. Итгэлцүүр нь нэг байгаа. 1287 мкв газрыг анхны үнэ 6400000 төгрөг байх ёстой. Хариуцагч 6400000 төгрөгөөс 778200 төгрөгийг хасаад 5656800 төгрөг үлдсэн. Иймд хариуцагчаас 5656800 төгрөг нэхэмжилж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Тооцоогоор 5600000 төгрөг байх ёстой. Газрын анхны үнэ 6400000 төгрөг байх ёстой. Шинэ журмаар 1287 м кв газрыг 5000 төгрөгөөр үржүүлээд газрын анхны үнэ гарна. Итгэлцүүр нь 1 юм. Баруун аймгийнх 1-ээр үржүүлнэ. 1287х5000х1 үржүүлэхэд 6435000 төгрөг гарах ёстой. Энэ нь газрын анхны үнэ юм. Газрын анхны үнэ дээр дуудлага худалдаа явуулж байх зарчимтай. Газрын дуудлага худалдаа явуулаагүй ба газрын анхны үнийг төлүүлээгүй тул нэхэмжлэл гаргасан. Аудитын шалгалтаар газрын анхны үнийг төлүүлээгүй гэх асуудал гарч байгаа. Иймд нэхэмжлэл гаргасан гэв.

     Хариуцагч Н.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Н аймгийн РД газрын нэхэмжилсэн 5656800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед газрыг өөрийн эзэмшилдээ авахдаа зохих журмын дагуу газрын албанаас төл гэсэн мөнгийг нь бүрэн төлж өгч, өөрийн нэр дээр газрыг хууль ёсны дагуу авсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

     Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Н аймгийн РД газар нь хариуцагч Н.С-ээс газрын анхны үнийн дутуу төлбөр 5656800 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсжээ.

     Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Н аймгийн РД газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч Н аймгийн РД газар нэхэмжлэлийн үндэслэлээ Б сумын Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг зөрчиж 2016 оны 187 дугаартай захирамжаар үйлчилгээний зориулалтаар 1287 м кв газрыг Н.С-т эзэмшүүлэхдээ газрын анхны үнийг дутуу төлсөн тул 5656800 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж, Төрийн сангийн 100020000943 тоот дансанд төлүүлж өгнө үү гэжээ.

     Хариуцагч Н.С-ээс тухайн үед газрын өөрийн эзэмшилдээ авахдаа зохих журмын дагуу газрын албанаас төл гэсэн мөнгийг бүрэн төлж өгч, өөрийн нэр дээр газрыг хууль ёсны дагуу авсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

     Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар У овгийн Н.С-т Б сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаартай захирамжаар Н аймгийн Б сумын 12 дугаар багийн Ж-т байршилтай 031309460 нэгж талбарын дугаар бүхий 1287 м кв газрыг 50 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн болох нь тогтоогдсон байна.

     Хариуцагчаас газрын анхны үнэ гэж 778200 төгрөг төлсөн талаар тайлбарласан байх ба энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчээс Н.С нь 778200 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.

     Нэхэмжлэгч Н аймгийн РД газар нь хариуцагч Н.С нь газрын анхны үнийг дутуу төлсөн гэж тайлбарлаж байгаа боловч тухайн байдалд иргэнийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

     Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.1.1 дэх хэсэгт энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана; 33.1.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заажээ.

     Мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тухайн шатны Засаг дарга тогтооно гэж заасан байна.

     Нэхэмжлэгчээс Б сумын Засаг дарга Монгол Улсын Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг баримтлахгүйгээр хүчингүй болсон эрхийн актыг үндэслэж газрын анхны үнийг төлүүлсэн гэж тайлбарлажээ.

     Б сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 187 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар Б сумын 182 дугаар багийн нутаг дэвсгэрээс хариуцагч Н.С нарын 11 хүнд газар эзэмшүүлэх гэрчилгээ олгогдож, Н.С нь Б сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтантай газар эзэмших гэрээ байгуулсан бөгөөд энэхүү захирамжийг Б сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр А/226 дугаартай захирамжаар дээрх 2016 оны 187 дугаартай захирамжийг болон газар эзэмшүүлсэн гэрчилгээг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсгийг зөрчиж, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны “Аргачлал батлах тухай” 206 дугаар хүчингүй болгосон тушаалаар газрын анхны үнэ тооцож, дуудлага худалдаа зохион байгуулалгүй хууль бусаар иргэдэд газар олгосон гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байна. Б сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/226 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар газар эзэмшигч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Н аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны  дугаар сарын -ны өдрийн 110/ШШ2018/0025156 дугаартай шийдвэрээр Х.Р нарын 11 хүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Газар эзэмшүүлэх захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох” тухай А/226 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх тул хариуцагч Н.С нь Б сумын Засаг даргын хүчин төгөлдөр шийдвэр, эрхийн гэрчилгээний үндсэн дээр газар эзэмшсэн байна. Газрыг хуульд зааснаар эзэмшүүлэх,  газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу тогтоох үүргийг Б сумын Засаг дарга биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэхгүйгээр газар эзэмшүүлсэн, дуудлага худалдааны анхны үнийг буруу тогтоосон нь тухайн эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа тул түүнд иргэнийг буруутгах боломжгүй болно.

     Дуудлага худалдааны анхны үнэ гэдэг нь дуудлага худалдааны хамгийн бага буюу доод үнэ бөгөөд дуудлага худалдаа явагдаагүй тохиолдолд түүний анхны үнэ гэдэг ойлголт байх боломжгүй болно. Дээрх нэр бүхий иргэдэд Б сумын Засаг даргаас газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар буюу  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар эзэмшүүлээгүй тул дуудлага худалдаа явагдаагүй байхад иргэн Н.С-т Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэг үүсэхгүй гэж дүгнэлээ. Нэхэмжлэгчээс газрын анхны үнийг дутуу төлбөр 5656800 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн үнийн дүнгийн талаар болон тооцсон үндэслэлээ нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.

     Иймд нэхэмжлэгч Н аймгийн РД газрын хариуцагч Н.С-ээс газрын анхны үнийн дутуу төлбөр 5656800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

     1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар Н аймгийн РД газрын Н.С-ээс газрын анхны үнийн дутуу төлбөр 5656800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н аймгийн РД газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон  зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

     4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Л.Н