Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2020/00210

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 01 сары17 өдөр

181/ШШ2020/00210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******,,д холбогдох

 

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж 3,037,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ганхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ууганзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Тус компанид 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүнд даацын тээврийн жолоочоор ажилд орж, 2019 оны 8 сард өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Тера экспрэсс ХХК нь хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүйгээс би ажилгүйдлийн тэтгэмжээ авч чадаагүй.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Нийгмийн даатгалын байгууллагад хандсан, баримт бүрдүүлж өгснийг хүлээн авсан, тэндээсээ аймаг руу хандаад олгогдох боломжгүй гэж 10 хоногийн дараа хариу ирсэн. Хуулийн хүрээнд 28 хоногийн дотор байгууллага чинь төлбөл таны тэтгэмж авах эрх үүснэ гэж хэлсэн. Энэ талаар байгууллагын нягтлан бодогч, захирал нарт хэлэхэд боломжгүй гэж хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллага тооцоо, хохиролыг хийж өгсөн, иймд Тера экспрэсс ХХК-иас 3,037,606 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтдээ:

Манай байгууллагын үйл ажиллагаанд долларын ханшийн өсөлт, цалин нэмэх зэрэг нийгэм эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн, гэвч бид холбогдох арга хэмжээ авч ажилласан.

Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөөгүй, төлж чадаагүй. Энэ талаар нийгмийн даатгалын байгууллагатай төлөх хуваарь гаргаж шимтгэлээ төлөөд эхлэсэн. С.Ганхүүгийн тэтгэмжийн талаар нийгмийн даатгалын байгууллагатай олйголцож тохирсон боловч нэхэмжлэгч саналыг зөвшөөрсөнгүй, ажил олгогчийн буруугаас хохирол учирсан гэж үндэслэж байна. Нийгмийн даатгалын дэвтэр 2019 оны 9-р сар хүртэл шимтгэл төлсөн баталгаажсан, иймээс нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэмж олгох боломжтой байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч С.Ганхүү Тера экспрэсс ХХК-д холбогдох ажилгүйдлийн тэтгэмж 3,037,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

Хариуцагч ... олон ажилтны шимтгэл төлөх ёстой, С.Ганхүүгийн нийгмийн даатгалын шимтгэлийг эхлээд төлье, дараа нь бусад үлдсэн ажилчдын шимтгэлийг төлье гэтэл зөвшөөрдөггүй, улмаар Нийгмийн даатгалын байгууллагатай уулзаж хувааж төлөхөөр болсон гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэгчээс ...хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/298 тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-37-39/ /хх-6-13/ зэрэг нотлох баримтуудыг,

-хариуцагч ...итгэмжлэл /хх-29/, УБгэрчилгээ /хх-30/, хариу тайлбар /хх-31/, салбарын гэрчилгээ /хх-35/ томилолтын төсөв /хх-48/ нотлох баримтуудыг бүрдүүлж өгснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

Нэхэмжлэгч С.Ганхүү нь ийнхүү ажилгүйдлийн тэтгэмж авах эрхээ эдлээгүйг ажил олгогчийн шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбон үзэж, өөрт учирсан хохирлоо түүнээс шаардсан бол хариуцагч нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч С.Ганхүү нь Тера экспрэсс ХХКомпанид 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүнд даацын тээврийн жолоочоор ажилд орж, 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ-2ш, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, нууц хадгалах гэрээ, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Б/298 тушаал, нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хх-37-39/ зэргээр тогтоогдож байна. /хх-6-13/

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн 4-т нийгмийн даатгалын шимтгэл гэдэгт нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоор хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгоно.

Мөн зүйлийн 1, 7-д зааснаар даатгуулагч гэж хууль болон гэрээний үндсэн дээр нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлдэг бол шимтгэл төлөгч гэж хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээдийг хэлдэг байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 1-д зааснаар нийгмийн даатгалын сан нь даатгуулагчийн болон ажил олгогчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, бусад эх үүсвэрээс бүрддэг байна.

Хариуцагчийн ...эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан компани ажилтнуудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлж чадаагүй гэх тайлбарыг үндэслэн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх, шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэх зэрэг ажиллагаа нь ажил олгогчийн үүрэг байгаагаас гадна ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх, хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн шимтгэл төлөх тооцоог тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодогч гүйцэтгэх үүрэгтэй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад аж, ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар хуульчилсан.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй бөгөөд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлөх үүрэгтэй байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дахь заалтад Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Тера экспресс ХХК нь 2019 оны 5 сараас 9-р сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэггүй байна. /хх-23/

 

Хариуцагч буюу ажил олгогч хууль журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцах үндэслэлтэй, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүсдэг ба хуулийн 3 дугаар зүйлийн 1-д ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцож хувь хэмжээг заажээ.

Нэхэмлэгч С.Ганхүүгийн 2001 оны 6 дугаар сараас 2019 оны 4 дугаар сар хүртэл 114 сар буюу 9 жил 5 сараар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нөхөн тооцож баталгаажуулсан тухай баримт хэрэгт авагдсан, тэрээр энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаанд тус тус тусгагдсан байх тул түүнийг нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй 29 сар, 10 жил хүртэл хугацаагаар төлсөн гэж үзэхээр байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.Ганхүү сүүлийн 3 сарын хөдөлмөрийн хөлсний дунджаар 50 хувиар тооцож ажилгүйдлийн тэтгэмж авах үндэслэлтэй байсан тул түүний шаардлагыг нэхэмжилсэн хэмжээгээр нь хангах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй, хуульд заасан журмын дагуу тооцогдсон байх тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Тера экспресс ХХК-аас тэтгэмжийн хохиролд 3,037,606 төгрөгийг гаргуулан С.Ганхүүд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, мөн хуулийн 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч Тера экспресс ХХК-иас 3,037,606 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ганхүүд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,522 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Тера экспресс ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН