Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2021/00487

 

 С.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа,  Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 16-ны өдрийн 573 дугаар магадлалтай,

С.Г-ийн нэхэмжлэлтэй,

“Т-Э” ХХК /Улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр/ холбогдох

Ажилгүйдлийн тэтгэмж 3,037,606 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.А оролцов.

Нэхэмжлэгч С.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Тус компанид 2017.04.29-ний өдөр хүнд даацын тээврийн жолоочоор ажилд орж, 2019 оны 8 дугаар сард өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, мөн оны 10 дугаар сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Нийгмийн даатгалын байгууллагад ажилгүйдлийн тэтгэмж авах гэж хандахад хуулийн хүрээнд байгууллага чинь 28 хоногийн дотор нийгмийн даатгалын шимтгэлээ төлбөл таны тэтгэмж авах эрх үүснэ гэж хэлсэн. Энэ талаар байгууллагын нягтлан бодогч, захирал нарт хэлэхэд боломжгүй гэж хариу өгсөн. Нийгмийн даатгалын байгууллага тооцоо, хохирлыг хийж өгсөн. Иймд “Т-Э” ХХК-аас 3,037,606 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: Нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлж чадаагүй учир хуваарь гарган төлж эхэлсэн. С.Г-ийн тэтгэмжийн талаар нийгмийн даатгалын байгууллагатай тохирсон боловч нэхэмжлэгч саналыг зөвшөөрсөнгүй, ажил олгогчийн буруугаас хохирол учирсан гэж үзэж байна. Нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 9 дүгээр сар хүртэл шимтгэл төлсөн нь баталгаажсан учир ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцагч “Т э” ХХК-аас 3,037,606 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Г-д олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 522 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “Т э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 63,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 16-ны өдрийн 573 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. “Т-Э” ХХК нь 2019 онд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнасан боловч төлөлтийг хугацаанд нь хийж чадалгүй түр зуурын хойшлуулалт үүссэн. Зах зээлийн нөхцөл байдал, ам.долларын ханшийн өсөлт, ажилтнуудын цалингийн нэмэгдүүлэлт зэрэг хүчин зүйлүүд нөлөөлсөн. Гэвч бид нийгмийн даатгалын байгууллагатай хуваарь гарган тохирч шимтгэлээ барагдуулж байгаа. Анхан шатны шүүх хэрэг хянах явцад нэхэмжлэгчтэй эвлэрэхээр хэлэлцсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Ажил олгогч нь маргааныг Иргэний хуулийн 498 дугаар зүйл буюу байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлагад хамаарна, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой гэж марган давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Г нь “Т-Э” ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж 3,037,606 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигчид маргааны талаар 2021.05.19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ. Үүнд:

 1.1. Энэхүү гэрээгээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 543 дугаар магадлалын дагуу нийгмийн даатгалын сангаас нэхэмжлэгчид олгогдох байсан ажилгүйдлийн тэтгэмж 3,037,606 /гурван сая гучин долоон мянга зургаан зуун зургаа/ төгрөгийг ажил олгогчоос гаргуулахаар шийдсэн харилцааг зохицуулах хүсэлтэй байгааг үндэслэн талууд энэхүү Эвлэрлийн гэрээг дор дурдсан нөхцөлүүдээр харилцан тохиролцож  байгуулав.                                                                                              

2.1. Талууд дараах нөхцөлөөр эвлэрч байна.  

2.1.1. Хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг багтаан 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдөрт багтаан нэхэмжлэгчийн ХААН банкны 5019118257 тоот дансаар шилжүүлнэ.

3.1. Талууд энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болно.

3.2. Энэхүү гэрээг 3 эх хувь үйлдэн тал тус бүр нэг хувийг хадгалж шүүхэд нэг хувийг хүргүүлэх бөгөөд хувиуд адил хүчинтэй байна.” гэсэн нөхцөлийг зааж, гарын үсэг зуржээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүйгээс гадна нэхэмжлэгч, хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гэрээг байгуулсан байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 181/ШШ2020/00210 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар  сарын 16-ны өдрийн 573 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагч “Т-Э” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжийг багтаан 3,100,000 /гурван сая нэг зуун мянга/ төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөрт багтаан нэхэмжлэгч С.Г-ийн ХААН банкны 5019118257 тоот дансаар шилжүүлэхээр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,522 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧИД                                               Г.БАНЗРАГЧ

                                                                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                      Б.УНДРАХ