Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/шш2017/00655

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 06-ны өдөр Дугаар 181/ШШ2017/00655 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.П ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.П ХХК-д холбогдох

66 409 903 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг М.П ХХК-иас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.П ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 0-15/13 дугаартай Албан байрны түрээсийн гэрээ-г С.П ХХК-тай байгуулан С.П Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхарын 218 м.кв талбайг түрээслэсэн.

Албан байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д Энэхүү гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ, мөн зүйлийн 3.2-т Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түрээсийн хугацааг сунгах саналаа Түрээслүүлэгчид бичгээр хүргүүлнэ. Түрээслэгч саналаа ийнхүү бичгээр мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээ 3.1-р зүйлд заасан хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан байдаг. Түрээслэгч М.П ХХК гэрээний хугацааг сунгах тухай саналаа бичгээр ирүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ.

Албан байрны түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д ...Нийт талбайн нэг сарын түрээс болон менежментийн төлбөр 6 540 000 төгрөг болно, мөн зүйлийн 2.3-т Түрээслэгч нь түрээсийн болон менежментийн төлбөрийг урьдчилж 3 сараар хийнэ. ... Түрээслэгч дараа дараагийн урьдчилгаа төлбөрийг өмнөх гурван сарын сүүлчийн сарын 25-ны дотор төлсөн байна гэж зохигчид харилцан тохиролцсон байдаг. Мөн түрээслэгч нь хэрэглэсэн цахилгааны зардлыг цахилгааны тоолуурын заалтын дагуу сар болгон төлөхөөр Гэрээний 2 дугаар зүйлийн b-д заасан боловч цахилгааны төлбөрөө төлөхгүй байна.

Хариуцагч М.П ХХК түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу төлөхгүй байсны улмаас өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр хуримтлагдаж нийтдээ 49 732 903 төгрөгийн өр үүсгэсэн байна.

М.П ХХК-ийн төлбөрөө төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног өнөөдрийг хүртэлх 170 хоног болсон байна. Хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр 49 732 903 төгрөгийн 170 хоногийн алданги нь 16 677 000 төгрөг болсон байна.

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр болон цахилгааны төлбөр 49 732 903 төгрөг алданги 16 677 000 төгрөг нийт 66 409 903 төгрөгийг хариуцагч М.П ХХК-иас гаргуулж, түрээсийн байрнаас М.П ХХК-ийг албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигч нар нь 2015 оны 07 дугаар 31-ний өдөр 1 жилийн хугацаатай 0-15\13 тоот Апбан байрны түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн С.П Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг нэг сарын 30 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд дээрхи төлбөрт менежментийн төлбөр болон НӨАТ орсон байдаг.

Мөн гэрээнд хариуцагчийг түрээсийн төлбөрөөс гадна цахилгаан ашиглалтын төлбөрийг тоолуурын заалтыг үндэслэн сар бүр төлж байхаар зохицуулж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 66 409 903 төгрөг шаардсан боловч нэхэмжлэлийн шаарлагынхаа үндэслэлийг тодруулаагүй буюу хариуцагчийг түрээсийн төлбөрөө хэдий хугацаанд хожимдуулж төлсөн болох, ямар үндэслэлээр 16 677 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Бид нэхэмжпэлийн шаардлагаас Түрээсийн гэрээний хугацаан дахь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12 740 000 төгрөг болон түрээсийн гэрээ хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 34 880 000 төгрөг, мөн хугацааны цахилгаан ашиглалтын төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Дээрхи төлбөрийг бид 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой бөгөөд нэхэмжпэгчтэй түрээсийн гэрээг сунгаж, 3 сарын түрээсийн төлбөрөө урьдчилан төлөөд, 47 620 000 төгрөгийг графикийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлтэй байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.П ХХК нь хариуцагч М.П ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр болон цахилгааны төлбөр 49 732 903 төгрөг, алданги 16 677 000 төгрөг, нийт 66 409 903 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн С.П Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг нэг сарын 6 540 000 төгрөгийн төлбөртэйгээр түрээсэлсэн гэх үйл баримт дээр талуудын хэн аль нь маргаагүй бөгөөд энэ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан гэрээний шинжийг бүрэн агуулсан, талуудын хүсэл зориг энэ талаар илэрхийлэгдсэн байна.

Түрээсийн зүйлийн онцлогийг харгалзан Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг уг гэрээнд тавих шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн зүгээс түрээсийн төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар тооцсон атлаа цааш нь төлдөггүй гэж байгаа боловч гэрээгээр талууд НӨАТ-тай дүн тооцохоор харилцан тохиролцсон, нэхэмжлэгч байгууллага нь НӨАТ-аа төлдөг, төлдөггүй эсэх нь маргаанд шууд хамааралгүй байна.

Нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрт цахилгааны төлбөр хамт орсон, энэхүү нэгдсэн төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл тооцсон гэж шаардлагаа тодруулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар түрээсийн төлбөрт 6 540 000 төгрөг, харин цахилгааны зардлыг тоолуурын заалтанд үндэслэн төлөхөөр тохиролцжээ.

Дурдсан гэрээний зохицуулалтыг үндэслэн түрээсийн болон цахилгааны төлбөрт нэхэмжилсэн 49 732 903 төгрөгийн шаардлагаас 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаа буюу 7 сар 17 хоногийн түрээсийн төлбөр 49 486 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 246 903 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.с-д зааснаар 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 16 677 000 төгрөгийн алданги тооцсон нь хууль, гэрээний зохицуулалтад нийцсэн байх тул алданги 16 677 000 төгрөгийн шаардлагыг хангаж байна.

Талуудын хооронд байгуулсан 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар түрээсийн хугацаа 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болохоор заасан байгаа боловч 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан, Мега прожект инвестмент нь хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх энэ цаг үед ч гэсэн тухайн түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсаар байгаа учир С.П ХХК- М.П ХХК-ийн хоорондын түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болоогүй байна гэж үзлээ.

Түрээсийн гэрээний харилцаанд үүрэг гүйцэтгэгчийн зүгээс хугацаа хэтрүүлсэн, түрээслүүлэгч нь гэрээний харилцааг үргэлжлүүлэхгүйгээр түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэх хүсэлт гаргаж, төлбөр төлөхгүйгээр түрээсийн байрыг ашиглаж буй үйлдлийг зогсоолгох хүсэлтэй байх тул М.П ХХК-иас С.П Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг албадан чөлөөлөх нь зүйтэй.

Иймд өгсөн дүгнэлтийн хүрээнд хариуцагч М.П ХХК-иас 66 163 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П ХХК-нд олгож, түрээсийн байрнаас М.П ХХК-ийг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 246 903 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.П ХХК-иас 66 163 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.П ХХК-нд олгож, түрээсийн байрыг М.П ХХК-ийг албадан чөлөөлж,

нэхэмжлэлийн шаардлагаас 246 903 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.П ХХК-иас 488 765 төгрөг гаргуулан С.П ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ