Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 1041

 

                                   “Скай плаза” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00655 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Скай плаза” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Мега поржект инвестмент” ХХК-д холбогдох

 

66 409 903 төгрөг гаргуулж, түрээсийн байрыг "Мега прожект инвестмент" ХХК-иас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Намуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 0-15/13 дугаартай "Албан байрны түрээсийн гэрээ"-г "Скай Плаза" ХХК-тай байгуулан Скай Плаза Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв талбайг түрээслэсэн.

Албан байрны түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 -д "Энэхүү гэрээ нь 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ", мөн зүйлийн 3.2-т "Түрээслэгч нь түрээсийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түрээсийн хугацааг сунгах саналаа түрээслүүлэгчид бичгээр хүргүүлнэ. Түрээслэгч саналаа ийнхүү бичгээр мэдэгдээгүй тохиолдолд энэхүү гэрээ 3.1-т заасан хугацаа дууссанаар дуусгавар болно" гэж заасан. Түрээслэгч "Мега прожект инвестмент" ХХК гэрээний хугацааг сунгах тухай саналаа бичгээр ирүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа.

Мөн түрээслэгч нь хэрэглэсэн цахилгааны зардлыг цахилгааны тоолуурын заалтын дагуу cap болгон төлөхөөр гэрээнд заасан боловч цахилгааны төлбөрөө төлөхгүй байна.

Гэрээнд нийт талбайн 1 сарын түрээсийн болон менежментийн төлбөрийг 6 540 000 төгрөг, урьдчилж 3 сараар  хийхээр тохирсон.

Хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд зохих журмын дагуу төлөхгүй байсны улмаас өнөөдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр хуримтлагдаж нийтдээ 49 732 903 төгрөгийн өр үүсгэсэн байна. Хугацаа хожимдуулсан хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр 49 732 903 төгрөгийн 170 хоногийн алданги нь 16 677 000 төгрөг болсон байна.

Иймд түрээсийн үлдэгдэл төлбөр болон цахилгааны төлбөр 49 732 903 төгрөг алданги 16 677 000 төгрөг нийт 66 409 903 төгрөгийг хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК-иас гаргуулж, түрээсийн байрнаас "Мега прожект инвестмент" ХХК-ийг албадан гаргаж чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зохигч нар нь 2015 оны 07 дугаар 31-ний өдөр 1 жилийн хугацаатай "Апбан байрны түрээсийн гэрээ" байгуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Скай Плаза Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг нэг сарын 30 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд дээрх төлбөрт менежментийн төлбөр болон НӨАТ орсон байдаг. Мөн гэрээнд хариуцагчийг түрээсийн төлбөрөөс гадна цахилгаан ашиглалтын төлбөрийг тоолуурын заалтыг үндэслэн cap бүр төлж байхаар зохицуулж, түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр заасан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 66 409 903 төгрөг шаардсан боловч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тодруулаагүй буюу хариуцагчийг түрээсийн төлбөрөө хэдий хугацаанд хожимдуулж төлсөн болох, ямар үндэслэлээр 16 677 000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна.

Бид нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн гэрээний хугацаан дахь түрээсийн төлбөрийн үлдэгдэл 12 740 000 төгрөг болон түрээсийн гэрээ хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөр 34 880 000 төгрөг, мөн хугацааны цахилгаан ашиглалтын төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

Дээрх төлбөрийг бид 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой бөгөөд нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээг сунгаж, 3 сарын түрээсийн төлбөрөө урьдчилан төлөөд, 47 620 000 төгрөгийг графикийн дагуу төлөх нөхцөлтэйгөөр эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6,106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК-иас 66 163 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Скай плаза" ХХК-нд олгож, түрээсийн байрыг Мега прожект инвестмент ХХК-ийг албадан чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас 246 903 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Мега прожект инвестмент ХХК-иас 488 765 төгрөг гаргуулан Скай плаза ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зохигч нар нь 2015.07.31-ний өдөр 1 жилийн хугацаатай №0-15\13 тоот “Албан байрны түрээсийн гэрээ" байгуулсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн Скай Плаза Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг нэг сарын 6 540 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон бөгөөд дээрх төлбөрт НӨАТ орсон байдаг. Харин хариуцагч нь түрээсийн төлбөрөөс гадна cap бүр цахилгаан ашиглалтын төлбөрөө тоолуурын заалтын дагуу төлж байхаар гэрээнд тусгажээ. Хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК нь 2015.08.03-ны өдөр түрээс болон барьцаа төлбөрт 19 620 000 төгрөг, 2015.10.19-нд түрээсийн төлбөрт 11 890 910 төгрөг, 2016.01.14-ний өдөр түрээсийн төлбөрт 7 729 090 төгрөг, 2016.06.17-ны өдөр түрээсийн төлбөрт 20 000 000 төгрөг, 2016.10.20-ны өдөр түрээсийн төлбөрт 6 500 000 төгрөг төлж 2015.10.17-ны өдөр цахилгаан ашиглалтын төлбөрт 79 156 төгрөг төлж байсан байна. Дээрх төлбөр нийт 10 cap 2 хоног буюу 2016.06.02-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр байх тул хариуцагчийг 2016.06.02-ны өдрөөс 2017.01.10-ны өдөр буюу нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өдрийн түрээсийн төлбөрт нийт 47 620 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хангаагүйд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулсан Албан байрны түрээсийн гэрээний 2.2-т зааснаар хариуцагч нь түрээсийн төлбөрөөс гадна cap бүр цахилгаан ашиглалтын зардлаа тоолуурын заалтын дагуу төлж байхаар үүрэг хүлээсэн байдаг. Тийм ч учраас нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаарлагадаа цахилгаан ашиглалтын төлбөр шаардсан боловч дээрх шаардлага нь тодорхойгүй байдаг. Иймд миний бие нэхэмжлэгчээс цахилгаан ашиглалтын тоолуурын заалтын дагуу холбогдох газарт тушаасан түрээсийн хугацаан дахь цахилгаан ашиглалтын төлбөрийн баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч хангахгүй орхиж, гомдол гаргах эрхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Дээрх баримтыг гаргаснаар миний бие гэрээний дагуу төлөх ёстой цахилгаан ашиглалтын төлбөрт хичнээн төгрөг төлөх үүрэгтэй болохоо нотлох баримтад үндэслэн мэдэх боломжтой байсан. Гэвч шүүгч дээрх шаардлага нь түрээсийн төлбөрт хамт тооцогдсон гэж үзээд, ямар ч үндэслэлгүйгээр цахилгаан ашиглалтын төлбөрийг хангаж шийдсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч түрээсийн гэрээнд заасан алдангийг түрээсийн төлбөр болон цахилгаан ашиглалтын төлбөрөөс тооцон нэхэмжилсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа 2016.08.01-ний өдөр дуусгавар болсонтой маргаагүй боловч түрээсийн хугацаа дуусснаас хойших 8, 9, 10, 11, 12 дугаар саруудад төлөх ёстой түрээсийн төлбөрт алданги тооцон нэхэмжлэснийг шүүх хариуцагчийг түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байсан гэдэг шалтгаанаар нийт 16 677 000 төгрөгний алдангийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгч гэрээний хугацаан дахь алдангийг нэхэмжлэхгүй байхаар талууд харилцан тохиролцсон тухай баримт хэрэгт авагдсан бөгөөд бид ямар нэг алданги төлөхгүй байх үндэслэлтэй юм. Гэрээнд заасны дагуу хариуцагч нь cap бүр НӨАТ-ийн 10 хувийг түрээсийн төлбөрт тооцон нэхэмжлэгчид олгохоор гэрээнд заасан байдаг. НӨАТ-ын тухай хуулиар манай компани түрээсийн төлбөр төлсөн НӨАТ-ын баримт авах эрхтэй боловч нэхэмжлэгч огт баримт өгч байгаагүй тул бид НӨАТ-ын урамшуулалд хамрагдаж чадаагүй. Иймд НӨАТ гэх нэрээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөждөг гэж үзэн миний бие НӨАТ төлсөн тухай татварын баримт гаргуулах хүсэлтийг шүүх мөн л хангаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ямарч санхүүгийн баримтад үндэслээгүй бөгөөд үүнийгээ далимдуулан нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад 2016.04.26-аас 2016.12.13-ны өдрийг хүртэлх зөвхөн түрээсийн төлбөр хэмээн өөрчилснийг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь мөн л иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. хэрэв нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ийнхүү өөрчилж байгаа бол шүүх надад хуулийн дагуу тайлбар өгөх хугацаа өгөх ёстой гэтэл дээрх үйлдлийг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан хэмээгээд шийдсэнд гомдолтой байна.

Иймд хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч "Скай плаза" ХХК нь хариуцагч "Мега прожект инвестмент" ХХК-д холбогдуулан түрээсийн үлдэгдэл төлбөр 49 732 903 төгрөг, алданги 16 677 000 төгрөг, нийт 66 409 903 төгрөг гаргуулах, түрээсийн байрыг албадан чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр зохигчид нь “Скай Плаза” Бизнес төвийн D секцийн 3 дугаар давхрын 218 м.кв байрыг нэг сарын 6 540 000 төгрөгийн төлбөртэйгээр 2015 оны 07 сарын 31-ний өдрөөс 2016 оны 08 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түрээслэхээр тохиролцон гэрээ байгуулсан.

 

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөх гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй байна. Харин төлбөрийн зарим хэсгийг болон алданги төлөх эсэхэд маргасан.

 

Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зохигчдын хоорондох түрээсийн гэрээний зүйл нь бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус түүний нэг хэсэг байх тул түрээсийн гэрээг бүртгэлийн газар бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар  бичгээр хийх шаардлагыг хангасан дээрх гэрээ нь хүчин төгөлдөр юм.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт "... түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ", мөн хуулийн 296 дугаар зүйлийн  296.1 дэх хэсэгт "Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно" гэж заасан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн түрээсийн гэрээний хугацаа дууссан гэх  гомдол үндэслэлгүй байна.

  

Нэхэмжлэгчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл түрээсийн төлбөр төлөөгүй гэх шаардлага, тайлбарыг хариуцагч баримтаар нотлоогүй, няцаагаагүй бөгөөд шүүх энэ хугацааны түрээсийн төлбөр 49 486 000 төгрөгийг түүнээс гаргуулж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.

 

"Албан байрны түрээсийн гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.3.с-д ... хугацаа хожимдсон хоног тутамд 0.5%-иар алданги тооцох, "Төлбөр барагдуулах гэрээ"-ний 1.3-т энэ алдангийг төлөхөөр талууд тохиролцсон, түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй учир алданги тооцож нэхэмжилснийг хангасан нь гэрээний дээрх зохицуулалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь заалтыг зөрчөөгүй болно./хх-7-13, 20/

 

Түүнчлэн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн /хх-61/, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ түрээсийн болон цахилгааны төлбөр гэж шаардсан ч шүүх хуралдаанд дан ганц түрээсийн төлбөр болгон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар шүүх зөвхөн түрээсийн төлбөрийг тооцож шийдвэрлэсэн зэргийг хариуцагч байгууллагын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэхээргүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/00655 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                      ШҮҮГЧИД                                    М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                           Б.НАРМАНДАХ