Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2021/00622

 

 

2021 03 17 181/ШШ2021/00622

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 84,686,626 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 8,344,523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Өлзийдэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь Э ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БМНУС-22/2014 дугаартай Бараа материал нийлүүлж угсарч суурилуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу М ХХК нь Налайх дэд станцын өргөтгөл болон Багахангай дүүрэгт шинээр баригдах 110/35/10кв-ын хүчдэлтэй 16 МВА чадалтай Өндөртолгойн дэд станцад шаардлагатай реле хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэж, үүний хөлсөнд захиалагч Э ХХК нь 65,976 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний урьдчилгаа төлбөр 40%-ийг төлснөөр ажил эхлэх ёстой байсан боловч захиалагч тал болох Э ХХК нь урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй удсан учраас ерөнхий захиалагч М ХХК-д хүсэлт тавьж нэмэлт гэрээ буюу Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөртолгойд шинэ 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээ-г ерөнхий захиалагч М ХХК, ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, туслан гүйцэтгэгч М ХХК нар 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, гэрээний төлбөр 65,976 ам.долларыг М ХХК-иас М ХХК-д шууд төлөхөөр тохиролцсон байдаг.

Хариуцагч талаас гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 40%-ийг 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр, явцын төлбөр 30%-ийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулсан бөгөөд эцсийн төлбөр 30%-ийг улсын комисст төлөхөөр тохиролцсон байсан тул бид улсын комисс хүлээн авах хүртэл хүлээсэн.

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисс хүлээн авснаар бидний ажил дуусгавар болж, захиалагч талд үлдэгдэл 30%-ийн төлбөр болох 19,793 ам.доллар төлөх үүрэг үүссэн. Бид үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгт тухайн обьект ашиглалтанд бүрэн орсныг улсын комисс актаар нотолдог. Хариуцагч тал 2015 оноос ашиглаж эхэлсэн гэж ярьдаг. Гэхдээ Эрчим хүчний ажлын барилга барих журмын 3.7-д Улсын комисс техникийн комиссын дүгнэлтийг үндэслэн тухайн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах талаар дүгнэлт гаргана гэж заасан. Техникийн комиссын дүгнэлт бол улсын комисс ажиллахын өмнөх урьдчилсан шат байдаг юм.

Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч Оюунтуяа нь Төв аймагт болсон шүүх худалдаан дээр өөрөө удаа дараа тайлбарласан байдаг. Техникийн комиссын асуудал биш улсын комиссын дүгнэлтээр эцсийн байдлаар ашиглалтанд орно. Техникийн комиссын дүгнэлт бол зүгээр урьдчилсан байдлаар техникийн үзлэгийг шалгаж байгаа, бид 2017 оны дүгнэлтийг барина гэж удаа дараа тайлбарласан байдаг. Өөр компани алданги тооцох асуудал болоход 2017 оны дүгнэлтийг барина. Манайд болохоор 2015 оны дүгнэлтийг барина гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд хариуцагч талаас М ХХК-д төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 19,793 ам.доллар буюу 56,457,751 төгрөг /нэхэмжлэл гаргасан 2020.10.29-ний өдрийн Монгол банкны ханш 2852.41 төгрөгөөр тооцсон/, алданги 28,228,875 төгрөг, нийт 84,686,626 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Багахангай дэд станц болон Налайх хүртэлх 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүхэлдээ 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн дуусч түүнийг 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Улсын техникийн комисс шалгаж, тус дэд станцыг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд бид 2015 оноос эхлэн ашиглаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн акт нь дэд станц болон цахилгаан дамжуулах сүлжээг Эрчим хүчний тухай хуулийн дагуу Монгол улсын өмчлөлд шилжүүлэх бус М ХХК-ийн өмчлөлд үлдээх эсэх асуудлыг шийдвэрлэсэн акт юм.

Түүнээс гадна бидэнд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэх болон 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлбөр нэхэмжилсэн албан тоот ирүүлж байгаагүй бөгөөд дээрх баримтуудыг манай компани огт хүлээж аваагүй. Иргэний хуулийн 74.1, 75.2, 75.2.1, 76.1 дэх хэсэгт зааснаар М ХХК, Э ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан Багахангай дэд станц болон Налайх хүртэлх 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кв-ын хуваарилах байгууламжийн панел угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээний 4 дүгээр зүйлд В тал /М ХХК/-ын ажил гүйцэтгэхтэй холбоотой үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22/2014 тоот гэрээний 4.4-т комисс хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан тул гэрээний үлдэгдэл 30%-ийн төлбөрийг улсын комисс хүлээн авсан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэг үүссэн бөгөөд тус хугацаанаас тооцож үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэлтэй.

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК болон М ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан 3 талт гэрээний 2 дахь хэсэгт зааснаар М ХХК нь Э ХХК болон М ХХК нарын хооронд байгуулсан Бараа материал угсарч суурилуулах гэрээний төлбөрийг Э ХХК-ийн өмнөөс төлөхийг хүлээн зөвшөөрч урьдчилгаа төлбөр 40 хувь, явцын төлбөр 30 хувь, нийт 91,793,058 төгрөгийг цаг тухайд нь төлсөн бөгөөд Э ХХК-ийн бусад эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцоогүй.

Гурван талт гэрээний 2-т М ХХК-ийн ажил гүйцэтгэл, холбогдох баримтыг үндэслэн төлбөрийг төлнө, 4-т ажил гүйцэтгэхтэй холбоотой эрх үүргийг Э болон М ХХК нарын хоорондын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилгын материал нийлүүлэх, угсарч суурилуулах 22/2014 тоот гэрээ-ээр зохицуулахаар тус тус заасан байх бөгөөд уг гэрээгээр М ХХК нь дэд станц болон агаарын шугамын нэг хэсэг буюу зөвхөн хамгаалалтын панелыг нийлүүлж, угсрах үүрэг хүлээсэн ба гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Хоёр талын төлөөлөгч байлцаж, 2 тал гарын үсэг зурж, акт үйлдэж хүлээлцэнэ, 5 дугаар зүйлийн 5.5-д угсралтын ажлыг 2 тал харилцан тохиролцож, график гаргаж, гүйцэтгэх-ээр тус тус заасан байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 347 дугаар зүйлийн 347.1-д Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно., 347.2-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заасны дагуу Э ХХК болон М ХХК хэн аль нь ажлын үр дүнг хүлээлцсэн актыг үйлдэж, М ХХК-д ажлыг хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

М ХХК, Э ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан 3 талт гэрээгээр алданги тооцох талаар огт тусгаагүй тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

М ХХК, Э ХХК, М ХХК нар нь харилцан тохиролцож Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөртолгойд шинэ 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу М ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 26,390 ам.доллар буюу 52,503,168 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 30 хувийн төлбөр 19,792 ам.доллар буюу 39,289,890 төгрөг, нийт 91,793,058 төгрөгийн төлбөрийг М ХХК-д төлсөн.

Бидний хоорондын гэрээний 2 дугаар заалтад В тал буюу М ХХК нь төлбөрийг хүлээн авсны дараа НӨАТ-ын баримтыг А тал буюу М ХХК-д гаргаж өгнө гэж заасан боловч гэрээний тус заалтад заасан үүргээ М ХХК биелүүлээгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т тус тус заасны дагуу манайд бараа нийлүүлж, тоног төхөөрөмж угсарсан ажлын төлбөрт 10 хувиар тооцон 8,344,523 төгрөгийн НӨАТ-ын баримт гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу уг тооцон олгох ёстой байсан НӨАТ-ын хувь хэмжээгээр бид төлсөн НӨАТ-ыг буцаан авах буюу өөрсдийн бараа, ажил үйлчилгээнд ногдуулан НӨАТ-аас хасаж, суутган тооцуулж чадалгүй 8,433,523 төгрөгийн хохирол учирсан.

 

Энэ нь нотлох баримтыг шаардахгүйгээр хуулиар заагдсан. Орлогын 10 хувьд НӨАТ бичиж олгох үүрэг хуулиар олгогдсон. Тэрний дагуу бичиж олгоогүй, хэрэв бичиж олгосон тохиолдолд НӨАТ-ын тухай хуулинд буцааж авах эрхтэй гэж хуульчлаад өгсөн. Энэ хууль зүйл заалтуудын дагуу хохирол учирсан гэдэг нь тодорхой учраас тусдаа нотлох баримт шаардлагагүй.

 

Гэрээнд хамааралгүй, одоо баримт бичиж өгч болно гэж байна. НӨАТ-ын баримт бол тухайн онд олгох ёстой. Тухайн 2015 онд бичиж олгоогүй бол одоо олгох боломжгүй. Учир нь энэ нь борлуулалтын орлоготой зөрөх учраас боломжгүй, бичиж олгосон ч хууль бус үйлдэл болно. Нэгэнт хохирсон нь тодорхой байгаа тул хохирлоо нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 8,433,523 төгрөгийг М ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагч НӨАТ хасаж, суутган тооцуулж чадалгүй 8,433,523 төгрөгийн хохирол учирсан гэдэг атлаа уг хохирол учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хохирол учирсан нь нотлогдоогүй байхад бид үүнийг төлөх боломж, үндэслэл байхгүй.

 

НӨАТ-ын баримт олгоогүй асуудал нь энэ хэрэгт төдийлөн хамаагүй, ач холбогдолгүй бөгөөд манай компаний зүгээс баримт олгоход татгалзах зүйлгүй, харин хохирол учирсан тул төлбөр гаргуулна гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М ХХК-ийн зүгээс НӨАТ-ыг хэрхэн, хэзээ шивэх, баримтыг яаж олгох талаар нэг ч холбоо бариагүй, өнгөрсөн 5 жилийн хугацаанд бидэнд ямар ч хүсэлт гаргаагүй, төлбөрөө ч бүрэн төлж дуусаагүй байж одоо гэнэт шүүхэд үүнээс үүдэн хохирол учирсан гэж нэхэмжилж байгааг нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84,686,626 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 8,433,523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

1.    Үндсэн нэхэмжлэлийн талаар

Э ХХК болон М ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ байгуулагджээ. Уг гэрээгээр М ХХК нь Налайх дэд станцын өргөтгөл болон Багахангай дүүрэгт шинээр баригдах 110/35/10 кв-ын хүчдэлтэй 16 МВА чадалтай Өндөртолгойн дэд станцад шаардлагатай реле хамгаалалтын төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажил хийж гүйцэтгэх, Э ХХК нь 65,976 ам.доллар төлөх үүргийг хүлээжээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зохицуулалтад нийцсэн бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.

2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ерөнхий захиалагч М ХХК, ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, туслан гүйцэтгэгч М ХХК нар харилцан тохиролцож Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөр толгойд шинэ 110/35/10 кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулж, уг гэрээгээр Э ХХК болон М ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-ний төлбөр 65,976 ам.долларыг М ХХК нь М ХХК-д төлөхөөр, М ХХК-ийн ажил гүйцэтгэхтэй холбоотой үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг Э ХХК болон М ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-гээр зохицуулахаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисс хүлээн авснаар бидний ажил дуусгавар болж, захиалагч талд үлдэгдэл 30%-ийн төлбөр болох 19,793 ам.доллар төлөх үүрэг үүссэн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээний үлдэгдэл 30%-ийн төлбөрийг улсын комисс хүлээн авсан өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэг үүссэн бөгөөд тус хугацаанаас тооцож үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон гэсэн үндэслэл зааж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй ажлын үр дүнг шилжүүлэх, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигч гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэн, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй болох нь хэрэг авагдсан талуудын тайлбараар тогтоогдож байна. гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Хоёр талын төлөөлөгч байлцаж, 2 тал гарын үсэг зурж, акт үйлдэж хүлээлцэнэ гэж заасан боловч акт үйлдээгүй байгааг нэхэмжлэгчийг ажил гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Харин хариуцагч М ХХК нь 110/35/10 кв-ын Налайх дэд станц өргөтгөл, 110/35/6 кв-ын Өндөр толгой дэд станцаас 7-р зөрлөг дэд станц хүртэлх 110 кв-ын ЦДАШ, Өндөр толгойд шинээр 110/35/10 кв-ын хүчдэл бүхий 16 МВА чадалтай дэд станц, 7-р Зөрлөг дахь цементийн үйлдвэрийн 110/10кв-ын шинэ дэд станцын барилга угсралтын ажил-ыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогдсон учир нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан гэж үзнэ.

Э ХХК болон М ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-гээр тохиролцсон Налайх дэд станцын өргөтгөл болон Багахангай дүүрэгт шинээр баригдах 110/35/10кв-ын хүчдэлтэй 16 МВА чадалтай Өндөртолгой дэд станцад шаардлагатай реле хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажил нь 110/35/10 кв-ын Налайх дэд станц өргөтгөл, 110/35/6 кв-ын Өндөр толгой дэд станцаас 7-р зөрлөг дэд станц хүртэлх 110 кв-ын ЦДАШ, Өндөр толгойд шинээр 110/35/10 кв-ын хүчдэл бүхий 16 МВА чадалтай дэд станц, 7-р Зөрлөг дахь цементийн үйлдвэрийн 110/10кв-ын шинэ дэд станцын барилга угсралтын ажил-ын нэг хэсэг нь учраас дээрх тохиолдолд нийт ажлыг улсын комисс хүлээн авснаар туслан гүйцэтгэгчийн ажлын хөлсийг төлөх үүрэг үүсжээ.

Иймээс гүйцэтгэсэн ажлын төлбөрийг нэхэмжлэгч М ХХК нь шаардах эрхтэй.

Э ХХК болон М ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т Гэрээний үнийн дүнгийн 40%-ийг гэрээнд гарын үсэг зурж баталгаажсанаар, 4.3-т Гэрээний үнийн дүнгийн 30%-ийг бараа материал ачигдахад бэлэн болсон үед гүйцэтгэгчийн нэхэмжлэл, бэлэн болсон актыг үндэслэн, 4.4-т Гэрээний үнийн дүнгийн 30%-ийг комисст хүлээлгэн өгсний дараа төлөхөөр харилцан тохиролцжээ. Өөрөөр хэлбэл талууд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т заасны дагуу ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон байна.

Хэрэгт авагдсан баримтаар М ХХК нь нэхэмжлэгч М ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 40 хувь буюу 52,503,168 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр явцын төлбөр буюу 39,289,890.88 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч тал гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар болон 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэл, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төлбөр нэхэмжилсэн албан тоотыг хүлээн аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тайлбар гарган мэтгэлцдэг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Түүнчлэн, 110/35/10 кв-ын Налайх дэд станц өргөтгөл, 110/35/6 кв-ын Өндөр толгой дэд станцаас 7-р зөрлөг дэд станц хүртэлх 110 кв-ын ЦДАШ, Өндөр толгойд шинээр 110/35/10 кв-ын хүчдэл бүхий 16 МВА чадалтай дэд станц, 7-р Зөрлөг дахь цементийн үйлдвэрийн 110/10кв-ын шинэ дэд станцын барилга угсралтын ажлыг хүлээн авах улсын комиссын хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч энэ баримтуудаар нэхэмжлэгчийг шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцохоор зохицуулсан тул нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ханш 1 ам.долларыг 2852.41 төгрөгөөр тооцоход М ХХК-д төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 19,793 ам.доллар буюу 56,457,751 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Мөн ерөнхий захиалагч М ХХК, ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, туслан гүйцэтгэгч М ХХК нарын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 4 дүгээр зүйлд В тал /М ХХК/-ын ажил гүйцэтгэхтэй холбоотой үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг Б /Э ХХК/ болон В /М ХХК/ талын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах БМНУС-22/2014 гэрээгээр зохицуулна гэж заасан.

Э ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.5-д Захиалагч нь гүйцэтгэгчийн төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлбөрийг хугацаанд нь барагдуулах үүрэг хүлээнэ. Төлбөр хийх хугацааг хожимдуулсан хоног тутамд 0,3 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцсэн байна.

Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 5.2-т Ажил гүйцэтгэх, бараа материал нийлүүлэх ерөнхий хугацааг 45 хоног гэж тусгаж, ажлыг бүрэн гүйцэтгэсний дараа үлдэгдэл хөлс 30%-ийг төлөхөөр заажээ. Ажлыг улсын комисс хүлээн авсан 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс ажлын хөлс төлөх үүргийг хариуцагч хүлээх ба энэ хугацаанаас хойш хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Хариуцагч талаас гаргуулах алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 56,457,751 төгрөгийн 50 хувь болох 28,228,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч нь Э ХХК болон М ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Бараа материал нийлүүлж, угсарч суурилуулах гэрээ-ээр тохиролцсон Налайх дэд станцын өргөтгөл болон Багахангай дүүрэгт шинээр баригдах 110/35/10кв-ын хүчдэлтэй 16 МВА чадалтай Өндөртолгой дэд станцад шаардлагатай реле хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлж, угсарч суурилуулах ажил-ыг захиалагч талд хүлээлгэн өгсөн, уг ажлыг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын комиссын актаар хүлээн авсан байх тул 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ерөнхий захиалагч М ХХК, ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, туслан гүйцэтгэгч М ХХК нарын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний дагуу хариуцагчаас ажлын хөлс, алдангид 84,686,626 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

2.    Сөрөг нэхэмжлэлийн талаар

М ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 8,433,523 төгрөгийг М ХХК-иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

М ХХК, Э ХХК, М ХХК нар нь харилцан тохиролцож Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөртолгойд шинэ 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулж, гэрээний 2 дугаар заалтад ...В тал /М ХХК/ нь А тал /М ХХК/-ын төлсөн төлбөрийг хүлээн авсны дараа НӨАТ-ын баримтыг А талд гаргаж өгнө... гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу М ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 26,390 ам.доллар буюу 52,503,168 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 30 хувийн төлбөр 19,792 ам.доллар буюу 39,289,890 төгрөг, нийт 91,793,058 төгрөгийн төлбөрийг М ХХК-д төлсөн нь талуудын маргаагүй тайлбар болон хэрэгт авагдсан шилжүүлэг хийсэн баримтуудаар тогтоогддог.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгэгч учирсан хохирлоо шаардах эрхтэй.

М ХХК нь 91,793,058 төгрөгийг хүлээн авсан боловч төлбөрийг хүлээн авсны дараа НӨАТ-ын баримтыг М ХХК-д гаргаж өгөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар мөн тогтоогдож байна.

М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ М ХХК нь 8,344,523 төгрөгийн НӨАТ-ын баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу уг тооцон олгох ёстой байсан НӨАТ-ын хувь хэмжээгээр бид төлсөн НӨАТ-ыг буцаан авах буюу өөрсдийн бараа, ажил үйлчилгээнд ногдуулан НӨАТ-аас хасаж, суутган тооцуулж чадалгүй 8,433,523 төгрөгийн хохирол учирсан гэж,

М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ хариуцагч НӨАТ хасаж, суутган тооцуулж чадалгүй 8,433,523 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, манай компаний зүгээс НӨАТ-ын баримт олгоход татгалзах зүйлгүй, өнгөрсөн 5 жилийн хугацаанд НӨАТ-ыг хэрхэн, хэзээ шивэх, баримтыг яаж олгох талаар нэг ч холбоо бариагүй, бидэнд ямар ч хүсэлт гаргаагүй тул хохирол учирсан гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.

Хэрэв үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчээс үүрэг зөрчсөн гэдэг үндэслэлээр үүргийн гүйцэтгэлийн оронд хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгсөн боловч энэ хугацаанд дахин биелүүлээгүй байхыг шаардана.

М ХХК нь М ХХК-д НӨАТ-ын баримт олгох үүргээ биелүүлэхийг шаардаж, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон, М ХХК энэ үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан болохыг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

М ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг шаардах эрх 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 30 хувийн төлбөр 19,792 ам.доллар буюу 39,289,890 төгрөгийг М ХХК-д төлсөн бөгөөд 2016 оноос эхлэн үүсэх бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролтой холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2019 онд дууссан байна. Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан М ХХК-иас 84,686,626 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,383 төгрөг, М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149,887 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 581,383 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 117 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ