Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00848

 

 

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00848

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00622 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 84 686 626 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 8 344 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК нь Э ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр БМНУС-22/2014 дугаартай Бараа материал нийлүүлж угсарч суурилуулах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу М ХХК нь Налайх дэд станцын өргөтгөл болон Багахангай дүүрэгт шинээр баригдах 110/35/10кв-ын хүчдэлтэй 16 МВА чадалтай Өндөртолгойн дэд станцад шаардлагатай реле хамгаалалтын төхөөрөмжийг нийлүүлж, угсарч суурилуулах ажил гүйцэтгэж, үүний хөлсөнд захиалагч Э ХХК нь 65,976 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний урьдчилгаа төлбөр 40 хувийг төлснөөр ажил эхлэх ёстой байсан боловч захиалагч тал болох Э ХХК нь урьдчилгаа төлбөрийг төлж чадахгүй удсан учраас ерөнхий захиалагч М ХХК-д хүсэлт тавьж нэмэлт гэрээ буюу Улаанбаатар хот, Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөртолгойд шинэ 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээг ерөнхий захиалагч М ХХК, ерөнхий гүйцэтгэгч Э ХХК, туслан гүйцэтгэгч М ХХК нар 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, гэрээний төлбөр 65,976 ам.долларыг М ХХК-иас М ХХК-д шууд төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч талаас гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөр 40 хувийг 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, явцын төлбөр 30 хувийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулсан бөгөөд эцсийн төлбөр 30 хувийг улсын комисст төлөхөөр тохиролцсон байсан тул бид улсын комисс хүлээн авах хүртэл хүлээсэн. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр улсын комисс хүлээн авснаар бидний ажил дуусгавар болж, захиалагч талд үлдэгдэл 30 хувийн төлбөр болох 19,793 ам.доллар төлөх үүрэг үүссэн. Бид үүний дагуу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжилсэн боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэгт тухайн обьект ашиглалтанд бүрэн орсныг улсын комиссын актаар нотолдог. Хариуцагч тал 2015 оноос ашиглаж эхэлсэн гэж ярьдаг. Гэхдээ Эрчим хүчний ажлын барилга барих журмын 3.7-д Улсын комисс техникийн комиссын дүгнэлтийг үндэслэн тухайн барилга байгууламжийг ашиглалтанд оруулах талаар дүгнэлт гаргана гэж заасан. Техникийн комиссын дүгнэлт бол улсын комисс ажиллахын өмнөх урьдчилсан шат байдаг юм. Техникийн комиссын асуудал биш улсын комиссын дүгнэлтээр эцсийн байдлаар ашиглалтанд орно. Техникийн комиссын дүгнэлт бол зүгээр урьдчилсан байдлаар техникийн үзлэгийг шалгаж байгаа, бид 2017 оны дүгнэлтийг барина гэж удаа дараа тайлбарласан байдаг. Өөр компани алданги тооцох асуудал болоход 2017 оны дүгнэлтийг барина. Манайд болохоор 2015 оны дүгнэлтийг барина гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд хариуцагч талаас М ХХК-д төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл 19,793 ам.доллар буюу 56 457 751 төгрөг /нэхэмжлэл гаргасан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Монгол банкны ханш 2852.41 төгрөгөөр тооцсон/, алданги 28 228 875 төгрөг, нийт 84 686 626 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багахангай дэд станц болон Налайх хүртэлх 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүхэлдээ 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр бүрэн дуусч түүнийг 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улсын техникийн комисс шалгаж, тус дэд станцыг ашиглахыг зөвшөөрсөн бөгөөд бид 2015 оноос эхлэн ашиглаж эхэлсэн. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн акт нь дэд станц болон цахилгаан дамжуулах сүлжээг Эрчим хүчний тухай хуулийн дагуу Монгол улсын өмчлөлд шилжүүлэх бус М ХХК-ийн өмчлөлд үлдээх эсэх асуудлыг шийдвэрлэсэн акт юм. Түүнээс гадна бидэнд 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэх болон 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төлбөр нэхэмжилсэн албан тоот ирүүлж байгаагүй бөгөөд дээрх баримтуудыг манай компани огт хүлээж аваагүй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар М ХХК, Э ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан Багахангай дэд станц болон Налайх хүртэлх 26 км цахилгаан дамжуулах агаарын шугамын 110 кв-ын хуваарилах байгууламжийн панел угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээний 4 дүгээр зүйлд В тал /М ХХК/-ын ажил гүйцэтгэхтэй холбоотой үүсэх эрх, үүрэг, хариуцлагыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22/2014 тоот гэрээний 4.4-т комисс хүлээн авсны дараа үлдэгдэл төлбөрийг төлнө гэж заасан тул гэрээний үлдэгдэл 30 хувийн төлбөрийг улсын комисс хүлээн авсан өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлөх үүрэг үүссэн бөгөөд тус хугацаанаас тооцож үзэхэд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх хуулийн үндэслэлтэй. 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Э ХХК болон М ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан 3 талт гэрээний 2 дах хэсэгт зааснаар М ХХК нь Э ХХК болон М ХХК нарын хооронд байгуулсан Бараа материал угсарч суурилуулах гэрээний төлбөрийг Э ХХК-ийн өмнөөс төлөхийг хүлээн зөвшөөрч урьдчилгаа төлбөр 40 хувь, явцын төлбөр 30 хувь, нийт 91 793 058 төгрөгийг цаг тухайд нь төлсөн бөгөөд Э ХХК-ийн бусад эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэн авахаар харилцан тохиролцоогүй. Гурван талт гэрээний 2-т М ХХК-ийн ажил гүйцэтгэл, холбогдох баримтыг үндэслэн төлбөрийг төлнө, 4-т ажил гүйцэтгэхтэй холбоотой эрх үүргийг Э ХХК болон М ХХК нарын хоорондын 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Барилгын материал нийлүүлэх, угсарч суурилуулах 22/2014 тоот гэрээ-ээр зохицуулахаар тус тус заасан байх бөгөөд уг гэрээгээр М ХХК нь дэд станц болон агаарын шугамын нэг хэсэг буюу зөвхөн хамгаалалтын панелыг нийлүүлж, угсрах үүрэг хүлээсэн ба гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Хоёр талын төлөөлөгч байлцаж, 2 тал гарын үсэг зурж, акт үйлдэж хүлээлцэнэ, 5 дугаар зүйлийн 5.5-д угсралтын ажлыг 2 тал харилцан тохиролцож, график гаргаж, гүйцэтгэх-ээр тус тус заасан байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т, 347.2 дах хэсэгт заасны дагуу Э ХХК болон М ХХК хэн аль нь ажлын үр дүнг хүлээлцсэн актыг үйлдэж, М ХХК-д ажлыг хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. М ХХК, Э ХХК, М ХХК нарын хооронд байгуулсан 3 талт гэрээгээр алданги тооцох талаар огт тусгаагүй тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: М ХХК, Э ХХК, М ХХК нар нь харилцан тохиролцож Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөртолгойд шинэ 110/35/10кв-ын хүчдэл, 16 МВА чадалтай дэд станцын угсралтын ажил, Налайх дэд станцын 110 кв-ын ил хувиарлах байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу М ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 26,390 ам.доллар буюу 52 503 168 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 30 хувийн төлбөр 19,792 ам.доллар буюу 39 289 890 төгрөг, нийт 91 793 058 төгрөгийн төлбөрийг М ХХК-д төлсөн. Бидний хоорондын гэрээний 2 дугаар заалтад В тал буюу М ХХК нь төлбөрийг хүлээн авсны дараа НӨАТ-ын баримтыг А тал буюу М ХХК-д гаргаж өгнө гэж заасан боловч гэрээний тус заалтад заасан үүргээ М ХХК биелүүлээгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1-т тус тус заасны дагуу манайд бараа нийлүүлж, тоног төхөөрөмж угсарсан ажлын төлбөрт 10 хувиар тооцон 8 344 523 төгрөгийн НӨАТ-ын баримт гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу уг тооцон олгох ёстой байсан НӨАТ-ын хувь хэмжээгээр бид төлсөн НӨАТ-ыг буцаан авах буюу өөрсдийн бараа, ажил үйлчилгээнд ногдуулан НӨАТ-аас хасаж, суутган тооцуулж чадалгүй 8 433 523 төгрөгийн хохирол учирсан. Энэ нь нотлох баримтыг шаардахгүйгээр хуулиар заагдсан. Орлогын 10 хувьд НӨАТ бичиж олгох үүрэг хуулиар олгогдсон. Тэрний дагуу бичиж олгоогүй, хэрэв бичиж олгосон тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд буцааж авах эрхтэй гэж хуульчлаад өгсөн. Энэ хууль зүйл заалтуудын дагуу хохирол учирсан гэдэг нь тодорхой учраас тусдаа нотлох баримт шаардлагагүй. Гэрээнд хамааралгүй, одоо баримт бичиж өгч болно гэж байна. НӨАТ-ын баримт бол тухайн онд олгох ёстой. Тухайн 2015 онд бичиж олгоогүй бол одоо олгох боломжгүй. Учир нь энэ нь борлуулалтын орлоготой зөрөх учраас боломжгүй, бичиж олгосон ч хууль бус үйлдэл болно. Нэгэнт хохирсон нь тодорхой байгаа тул хохирлоо нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирол 8 433 523 төгрөгийг М ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан тайлбартаа: Хариуцагч НӨАТ хасч, суутган тооцуулж чадалгүй 8 433 523 төгрөгийн хохирол учирсан гэдэг атлаа уг хохирол учирсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хохирол учирсан нь нотлогдоогүй байхад бид үүнийг төлөх боломж, үндэслэл байхгүй. НӨАТ-ын баримт олгоогүй асуудал нь энэ хэрэгт төдийлөн хамаагүй, ач холбогдолгүй бөгөөд манай компаний зүгээс баримт олгоход татгалзах зүйлгүй, харин хохирол учирсан тул төлбөр гаргуулна гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. М ХХК-ийн зүгээс НӨАТ-ыг хэрхэн, хэзээ шивэх, баримтыг яаж олгох талаар нэг ч холбоо бариагүй, өнгөрсөн 5 жилийн хугацаанд бидэнд ямар ч хүсэлт гаргаагүй, төлбөрөө ч бүрэн төлж дуусаагүй байж одоо гэнэт шүүхэд үүнээс үүдэн хохирол учирсан гэж нэхэмжилж байгааг нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулах гэсэн үйлдэл гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан М ХХК-иас 84 686 626 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 383 төгрөг, М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 149 887 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 581 383 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 117 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг үндэслэн зохигч гүйцэтгэсэн ажлыг хүлээлцэн, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбараар тогтоогдож байна гэсэн атлаа нэхэмжлэгчийг ажил гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж нотлох баримт болон нөхцөл байдлыг зөрүүтэй дүгнэсэн байна. М ХХК нь реле хамгаалалтын тоног төхөөрөмж нийлүүлж угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэж захиалагч Э ХХК-д хүлээлгэж өгөх ёстой байсан бөгөөд Э ХХК-ийн барьж угсарч М ХХК-д хүлээлгэн өгсөн дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамын гүйцэтгэгч биш бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн улсын комиссын актаар дэд станцын барилгын ажлыг улсын комисс ашиглалтад хүлээж авах талаар бус М ХХК-ийн өмчлөлд үлдээх эсэх талаар шийдвэрлэсэн акт байтал М ХХК-ийн хийж гүйцэтгэх ёстой реле хамгаалалтын төхөөрөмж нийлүүлэх угсрах ажлыг тус актыг үндэслэн бүрэн дүүрэн доголдолгүй гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл, учир дутагдалтай байна. Э ХХК, М ХХК хоорондын гэрээний 3 талт нэмэлт гэрээгээр ажил хүлээлцэхтэй холбоотой эрх үүргийг Э ХХК болон М ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр зохицуулахаар заасан бөгөөд тус гэрээний 7.1, 7.2 дах заалтаар талууд хоорондоо бараа хүлээлцэх акт үйлдэн хүлээлцэхээр зохицуулагдсан бөгөөд М ХХК нь барааг актаар хүлээлцэж, угсарч гүйцэтгэж хүлээлгэн өгсөн эсэх талаар мөн нийлүүлсэн бараа нь доголдолтой байсан эсэх талаар нөхцөл байдал тогтоогдохгүй байхад шүүгч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон гэрээний заалтыг баримтлаагүй, өөрийн үзэмжээр дэд станцын барилгыг М ХХК-ийн өмчлөлд үлдээх талаар шийдвэрлэсэн актаар реле хамгаалалтын угсралтын ажлын гүйцэтгэлийг доголдолгүй хүлээлгэж өгсөн гэж дүгнэсэн нь буруу байна. 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн улсын комиссын актын 2.2 дах хэсэгт 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ашиглахыг зөвшөөрөв гэж тодорхой дурдсан нь дэд станц болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2016 онд улсын комисс ашиглалтад хүлээж авсныг маш тодорхой нотолж байна. Мөн 2016 оноос ашиглалт үйлчилгээ явуулж ирсэн талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн албан тодорхойлолтыг гаргаж өгсөн байтал шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэн үзээгүй төдийгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан тайлбар татгалзлаа нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж үгүйсгэсэн нь ойлгомжгүй байна. Эсрэгээрээ нэхэмжлэгч тал ажлаа цагт нь бүрэн дүүрэн хүлээлгэж өгсөн гэж үзэж гэрээний үлдэгдэл төлбөр төлөхийг шаардаж байгаа бол ажлаа Э ХХК-д бүрэн дүүрэн доголдолгүй хүлээлгэж өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээүй болно. М ХХК нь Багахангай дүүргийн нутаг дэвсгэр, Өндөр толгой дэд станц угсралтын ажлын 3 талт нэмэлт гэрээгээр хүлээсэн үүргээ цагтаа биелүүлж Э ХХК-д төлөх ёстой байсан төлбөрөөс 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 52 503 168 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 39 289 890 төгрөг, нийт 91 793 058 төгрөгийг М ХХК-д төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлсэн боловч нэхэмжлэгч талаас ажлыг бүрэн дүүрэн гүйцэтгэж Э ХХК-д хүлээлгэж өгсөн эсэх нь тодорхойгүй, ажлаа комисст /гэрээнд улсын комисс хүлээж авах талаар үг үсэг ч байхгүй/ актаар хүлээлгэж өгөөгүй, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7, 11, 14 дүгээр заалтууд буюу бараа борлуулалт, ажил үйлчилгээ хийгдсэн өдөр НӨАТ-н баримтыг олгох заалт болон 3 талт гэрээний 2 дугаар зүйлд заасан НӨАТ-ын баримт бичиж олгох үндсэн үүргүүдээ биелүүлээгүйгээс шалтгаалж бид үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч татгалзлыг нотлох баримтыг гаргаж өгөөгүй мэтээр алдаатай дүгнэжээ. Эсрэгээрээ М ХХК гэрээт ажлыг бүрэн дүүрэн хүлээлгэж өгсөн буюу эсхүл НӨАТ-ын баримтыг олгосон талаар нэхэмжлэгчээс тайлбараа нотлох баримтаар нотлох ёстой үүргээ биелүүлээгүй байна. Бид хүлээлгэж өгөөгүй ажил гүйцэтгэл болон бичиж өгөөгүй баримтыг өөр байдлаар нотлох ямар ч боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөний улмаас Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу М ХХК гэрээнээс татгалзаж үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх эрхтэй байсан. М ХХК нь нэгэнт ажлыг актаар хүлээлцээгүй тул үлдэгдэл төлбөрөө нэхэмжлэх эрхгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Иргэний хэргийн 77 дугаар зүйлийн дагуу үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсноор нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа ч мөн дуусгавар болсон байх тул алданги тооцон нэхэмжлэх эрхгүй байна. Дээрх үндэслэлүүдээс үзэхэд анхан шатны шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, нөхцөлд байдал, үйл баримтад алдаатай дүгнэлт хийсэн, хэргийн үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй, түүний улмаас хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй, талуудын хүсэл зориг болсон гэрээний заалтуудыг хэрэгсэж үзээгүй, гэрээний дагуу хүлээх үүрэг хариуцлагыг тухайн гэрээний талуудад бус гэрээгээр хүлээгээгүй үүрэг хариуцлагыг гуравдагч этгээдэд ногдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргааны зүйлийн талаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул талуудын эвлэрлийг баталж, хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 84 686 626 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүргээ биелүүлээгүйн хохирол 8 344 523 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргаж байжээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан М ХХК-иас 84 686 626 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээг өгсөн байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 91 793 058 төгрөг болон үлдэгдэл төлбөрт төлөх ёстой 64 457 751 төгрөгийн хамт гэрээний нийт төлбөр болох 156 250 809 төгрөгт татварын системд НӨАТ-ын баримт нээж системд шивж оруулна, нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлага болох 84 686 626 төгрөгийн шаардлагаас 20 228 875 төгрөгийн үнийн дүнгээр татгалзаж, 64 457 751 төгрөг болгон бууруулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж болох 581 384 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийн бичсэн НӨАТ-ын баримтыг үндэслэн хариуцагч 64 457 751 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулна, эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч НӨАТ-ын баримтыг системд шивж нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлнэ. Хариуцагч нэхэмжлэхийг хүлээн авсанаас хойш ажлын 2 хоногт багтаан 64 457 751 төгрөгийг төлнө гэж заажээ.

 

Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд талуудын тохиролцсон эвлэрлийн гэрээний нөхцөл нь Монгол Улсын хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч М ХХК, хариуцагч М ХХК-ийн гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаахгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 168 дугаар зүйлийн 168.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2021/00622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 91 793 058 төгрөг болон үлдэгдэл төлбөрт төлөх ёстой 64 457 751 төгрөгийн хамт гэрээний нийт төлбөр болох 156 250 809 төгрөгт татварын системд НӨАТ-ын баримт нээж системд шивж оруулж, нэхэмжлэгч нь нэхэмжлэгчийн шаардлага болох 84 686 626 төгрөгийн шаардлагаас 20 228 875 төгрөгийн үнийн дүнгээр татгалзаж, 64 457 751 төгрөг болгон бууруулж, хариуцагч нь нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд төлсөн тэмдэгтийн хураамж болох 581 384 төгрөгийг төлж, нэхэмжлэгчийн бичсэн НӨАТ-ын баримтыг үндэслэн хариуцагч 64 457 751 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид төлж барагдуулж, эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгч НӨАТ-ын баримтыг системд шивж нэхэмжлэхийг хариуцагчид хүргүүлнэ. Хариуцагч нэхэмжлэхийг хүлээн авсанаас хойш ажлын 2 хоногт багтаан 64 457 751 төгрөгийг төлөхөөр тус тус хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581 383 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ