Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 273

 

 

 

 

 

 

 

 

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Тт холбогдох

 

64 054 333,75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Т нь манай компанийн Хангамж үйлчилгээний хэлтсийн жижүүрээр 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл компанийн Улаанбаатар хот дахь салбарын нярваар томилогдон ажилласан. Компанийн дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн санхүүгийн газарт хийсэн шалгалтаар нярав Л.Тийн хариуцаж байсан эд хөрөнгөөс 26 483 276.11 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө дутсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нярвын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил хүлээлцэх актаар дахин 17 945 993.37 төгрөгийн бараа материал дутсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тооллогоор 19 625 064.27 төгрөгийн бараа материал дутсан. Иймд Л.Төөс 64 054 333.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Т нь М ХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт 2011 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд нярваар ажилласан. Анх ажил хүлээж авахад бараа материалыг хуучин ажиллаж байсан н.Чулуунбаатар гэдэг хүнээс надад дутуу хүлээлгэн өгсөн. Энэ нь Төрийн өмчийн хороогоор актлагдсан гэгдэх 7.5 км 12 кор, 24 корын шилэн кабель огт биетээр байгаагүй, бараа материалын тайланд байсан. КШТ-34 тасгаас Яармагийн станц хүртэлх татсан газрын 24 корын 7.9 км шилэн кабелийг тухайн үед ажиллаж байсан инженер ажлаас гарсан тул баримт бүрдүүлж өгөөгүй. Мөн Сэлэнгэ аймгийн газраас хилийн тусгаарлах зурвас хүртэлх газар татсан шилэн кабель 1.5 км 12 корын шилэн кабель нэмэлтээр авсан. Эдгээр бараа материалыг тооцооноос хасуулах гэсэн боловч хугацаандаа өгөөгүй гээд шалгалтаар тогтоосон үнийн дүнгээс хасалт хийгээгүй. Компанийн санхүүгийн газраас нягтлан бодох бүртгэлийн Юникус программд шилжин бараа материалын үнийг дундаж өртгийн аргаар адил үнэтэй болгох зорилгоор бараа материалын тоо ширхэг, метрийн зөрүү гарснаас болж бараа материалд зөрүү гарсан. Компанийн Баянхошууны аж ахуйн хашааны харуул хамгаалалт муу, кабель болон бараа материал нь байнга гадаа байдаг байсан. Удирдлагуудад камержуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

     Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар Л.Тт холбогдох, 64 054 333.75 төгрөг гаргуулах тухай М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

 

М ХХК нь Л.Тт холбогдуулан нярваар ажиллаж байх хугацаандаа хариуцан ажиллаж байсан агуулахаас бараа материал болон бэлэн мөнгө дутаасан, уг үйлдэл нь Дотоод хяналт мониторингийн газрын шалгалтаар илэрсэн тул 64 054 333.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Л.Ттэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэл заажээ. Ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг хийлгүүлэхээр харилцан тохиролцсон. Ажлын байрны тодорхойлолтод Л.Т нь компанийн хотын сүлжээний газрын бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, бараа материалыг хүлээн авах, олгох, хадгалах, хамгаалах, анхан шатны бүртгэл хөтлөх, бараа материалын орлого зарлагын  гүйлгээг зохих журмын дагуу гүйцэтгэх, тайлан гаргах зэрэг үүргийг хүлээсэн. Мөн Л.Тийн хариуцан ажиллаж байсан бараа материалын агуулахаас эд хөрөнгө дутсан тул салбарын дарга, ахлах нягтлан бодогч нар хамтран хариуцлага хүлээхгүй гэж үзэж байгаа тул Дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шалгалтаар илрүүлсэн 26 483 276.11 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нярвын ажлаас чөлөөлөгдөж ажил хүлээлцэх актаар 17 945 993.37 төгрөгийн бараа материал, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн тооллогоор 19 625 064.27 төгрөг нийт 64 054 333.75 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч “Мэдээлэл холбооны сүлжээ” Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ТӨХХК гэх/ нь шүүхэд хандан хариуцагч Л.Төөс байгууллагын эд хөрөнгөд учруулсан хохиролд 64 054 333.75 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг эс зөвшөөрч маргажээ. /хх-28 дахь тал/

            Хэргийн баримтаас үзэхэд, Л.Т нь М ХХК-д 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд санхүү бүртгэлийн хэлтсийн Улаанбаатар хот дахь салбарын нярваар ажилласан болох нь тус компанийн гүйцэтгэх захирлын тушаал, нярвын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтаар нотлогдож  байна. /хх-5-8, 38-42 дахь тал/ М ХХК-ийн дотоод хяналт мониторингийн газраас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, илэрсэн зөрчилд нь акт тогтоосныг Улаанбаатар хот дахь салбарын дарга, ахлах нягтлан бодогч, нягтлан бодогч, эд хариуцагч нар зөвшөөрч гарын үсэг зуржээ. /хх 9-10 дахь тал/

            Хариуцагч Л.Тийг нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/69 дүгээр тушаалаар няравын үүрэгт ажлаас нь чөлөөлж, “Кабель шугам-36” тасгийн кабельчинаар томилон, түүний ажлыг Д.Ганболдод хүлээлгэн өгсөн байна. Ингэхдээ талууд 17 945 993.37 төгрөгийн үнийн дүн бүхий дутсан бараа материалын жагсаалт үйлдэн, гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогджээ. /хх-7 дахь тал/

           

            Хариуцагч тал дээрх үйл баримтад маргаагүй. Харин уг акт тусгагдсан зөрчил бодитой эсэх талаар маргаж, үндэслэлээ “... анхнаасаа бараа материалыг дутуу хүлээлгэж өгсөн, тайланд тусгагдсан боловч бодитоор байгаагүй, нэмэлтээр авсан шилэн кабелийн хасалтыг хийгээгүй, нягтлан бодох бүртгэлийн шинэ программд шилжиж бараа материалын тоо, ширхэгийн зөрүү гарсан, ...кабель хадгалах газар нь ил задгай хашаа байсан, ...удирдлагад камержуулах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан боловч шийдвэрлээгүй..., ...эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ байгуулаагүй...” гэж тайлбарласан байх ба энэ нь зохигчдын маргааны зүйл болсон байна. /хх-28, 64 дэх тал/         

            Эд хөрөнгө хариуцан ажиллаж байсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсэх зөрчлийг тогтоох нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Анхан шатны шүүх, хэргийн оролцогчдод нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйг танилцуулах, мөн маргаж буй үндэслэлтэй холбоотой шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эсэх талаар тодруулах ажиллагааг явуулаагүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

            Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцээж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2018/02507 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478 222 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

           

                                      ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                                 Ч.ЦЭНД