Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02507

 

2018 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 181/ШШ2018/02507

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: МХС  ТӨХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Т-т холбогдох,

 

64,054,333.75 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.У, хариуцагчийн төлөлөөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Төгөлдөр нь манай компанийн Хангамж үйлчилгээний хэлтсийн жижүүрээр 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн ажиллаж байгаад 2011 оны 11 сарын 30-ны өдрөөс 2017 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл компанийн Улаанбаатар хот дахь салбарын няраваар томилогдон ажиллаж байсан.

Компанийн дотоод хяналт мониторингийн газрын 2016 оны 07 сарын 06-ны өдрийн санхүүгийн газарт хийсэн шалгалтаар нярав*******ийн хариуцаж байсан эд хөрөнгөөс 26,483,276.11 төгрөгийн бараа материал болон бэлэн мөнгө дутсан.

2017 оны 02 сарын 01-ний өдөр няравын ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд ажил хүлээлцэх актаар дахин 17,945,993.37 төгрөгийн бараа материал дутсан.

Мөн 2017 оны 11 сарын 21-ний өдрийн тооллогоор 19,625,064.27 төгрөгийн бараа материал дутсан.

Иймд Л.Төгөлдрөөс 64,054,333.75 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Л.Төгөлдөр нь Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарт 2011 оны 12 дугаар сараас 2017 оны 02 дугаар сар хүртэлх хугацаанд няраваар ажиллаж байсан.

Анх ажил хүлээж авахад бараа материалыг хуучин ажиллаж байсан Чулуунбаатар гэдэг хүнээс дутуу хүлээлгэн надад өгсөн.

Энэ нь Төрийн өмчийн хороогоор актлагдсан гэгдэх 7,5 км 12 кор, 24 корын шилэн кабель огт биетээр байгаагүй, бараа материалын тайланд байсан. КШТ-34 тасгаас Яармагийн станц хүртэлх татсан газрын 24 корын 7,9 км шилэн кабелийг тухайн үед ажиллаж байсан инженер ажлаас гарсан тул баримт бүрдүүлж өгөөгүй.

Мөн Сэлэнгэ аймгийн газраас хилийн тусгаарлах зурвас хүртэлх газар татсан шилэн кабель 1,5 км 12 корын шилэн кабель нэмэлтээр авсан. Эдгээр бараа материалыг тооцооноос хасуулах гэсэн боловч хугацаандаа өгөөгүй гээд шалгалтаар тогтоосон үнийн дүнгээс хасалт хийгээгүй.

Компанийн санхүүгийн газраас нягтлан бодох бүртгэлийн Юникус программд шилжин бараа материалын үнийг дундаж өртгийн аргаар адил үнэтэй болгох зорилгоор бараа материалын тоо ширхэг, метрийн зөрүү гарснаас болж бараа материалд зөрүү гарсан.

Компанийн Баянхошууны аж ахуйн хашааны харуул хамгаалалт муу, кабель болон бараа материал нь байнга гадаа байдаг байсан. Удирдлагуудад камержуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьж байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК нь хариуцагч*******т холбогдуулан бараа материал болон бэлэн мөнгөний дутагдал 64,054,333.75 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Л.Төгөлдөр нь 2011 оны 11 сарын 25-ны өдөр Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-ийн Хотын сүлжээний газрын няраваар томилогдож, 2017 оны 02 сарын 01-ний өдөр няравын ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-5х, 6х/

Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж дараах бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

а/. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын 2016.01.01-нээс 2016.06.20-ны хоорондох хугацааны санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналтаар илэрсэн зөрчил, төлбөрийн акт. /хх-9-10х/

Уг актад нийт 23,644,276.17 төгрөгийн зөрчил гарсан талаар дурджээ.

б/. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын эд хариуцагч*******ийн хариуцсан хөрөнгийг эд хариуцагч Л.Ганболдод хүлээлгэж өгөхөд дутсан бараа материалын жагсаалт. /хх-11х/

Уг баримтад нийт 17,945,993.37 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан талаар дурджээ.

в/. Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн Улаанбаатар хот дахь салбарын нярав Д.Ганболдын хариуцсан агуулахад байгаа бүтэн дамартай кабелиудыг задалж тоолсон тооллогын тайлан, бүртгэл. /хх-12х, 13х/

Уг баримтад нийт 19,625,064.27 төгрөгийн бараа материалын дутагдал гарсан талаар дурджээ.

Эдгээр акт, тайлан, бүртгэлд дурдагдсан үнийн дүн нь нийт 61,215,333.81 төгрөг болж байх боловч нэхэмжлэгч нь 64,054,333.75 төгрөгийг шаардаж байх ба үүнийгээ шинэ санхүүгийн программ ашиглах болсонтой холбоотой тайлбарлаж байна.

Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ анх ажил хүлээж авахад нь бараа материалын дутагдалтай хүлээлгэн өгсөн, ажилчид холбогдох санхүүгийн баримтыг бүрдүүлж өгөөгүй учир хасалт хийгдээгүй, шинэ санхүүгийн программ ашигласны улмаас зөрүү гарсан, кабель хадгалах газар нь ил задгай хашаа байсан хэмээн тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч нь*******өөс 64,054,333.75 төгрөг гаргуулах тухай шаардлагынхаа үндэслэлийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу эзэмшилд нь байсан бараа материал дутаасан үйл баримттай холбогдуулан тайлбарладаг.

Нэг. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2-т Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байх ба няравын ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилгыг Хотын сүлжээний газрын бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө, бараа материалыг хүлээн авах, олгох, хадгалах, хамгаалах, анхан шатны бүртгэл хөтлөх хэмээн тодорхойлсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалт батлах, уг жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах үүргийг ажил олгогч хүлээхээр, 135 дугаар зүйлийн 135.4-т ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй бол түүнд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй талаар тус тус зохицуулжээ.

Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн зүгээс*******тэй эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогддог учир*******т эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.2-т хохирлын хэмжээг учирсан шууд хохирлоор тодорхойлох, 136 дугаар зүйлийн 136.1-д байгууллагад учирсан хохирлыг жинхэнэ гарсан алдагдлаар тооцохоор тус тус зохицуулжээ.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нь өөрт учирсан гэх хохирлоо хуульд заасны дагуу шууд хохирол, жинхэнэ алдагдлаар тооцоогүй, харин санхүүгийн анхан шатны баримтад үндэслэн тооцсон болох нь тогтоогдож байна. Тухайлбал:

а/. Анх нярав*******т дамар бүхий кабелийг хэмжиж, акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй атлаа түүнийг ажиллаж байх хугацаандаа дутаасан гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна.

б/. Сэлэнгэ-Наушки чиглэлд шилэн кабель суурилуулах ажилд кабель авч зарцуулсан атлаа санхүүгийн анхан шатны баримт дутуу гэдэг үндэслэлээр хохиролдоо оруулан тооцсон нь үндэслэлгүй байна.

Гурав. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3-т хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлохоор, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д нягтлан бодох бүртгэлийн дотоод хяналтыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хэрэгжүүлэхээр, 19 дүгээр зүйлийн 19.1.2, 19.1.3, нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, байгууллагын удирдлагыг зөв мэдээллээр хангах, анхан шатны баримт, холбогдох материалыг шаардан гаргуулах, эд хөрөнгийн тооллого хийх үүргийг байгууллагын нягтлан бодогч хүлээхээр тус тус заажээ.

Байгууллагын бараа материал дутсан үйл явдал нь байгууллагын удирдлага, нягтлан бодогч нар хуульд заасан хяналт тавих, бүртгэл хөтлөх үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой, мөн төлбөрийн актанд нярав*******, салбарын дарга Д.Шинэзориг, ахлах нягтлан бодогч У.Болдбаатар нарт хариуцлага хүлээлгэхээр дурдсан атлаа нийт үнийн дүнг ганц*******өөс шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр*******өөс 64,054,333.75 төгрөг гаргуулах тухай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4, 136 дугаар зүйлийн 136.3-т зааснаар*******т холбогдох, 64,054,333.75 төгрөг гаргуулах тухай Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,220 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР