Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 135/ШШ2017/00695

 

            

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00328/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн ..... тоотод оршин суух, Б. овогт А. Б. нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн .... тоотод оршин суух, Ж.овогт Д. Э. холбогдох

 

6 812 960 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2015 оны 2-р сард иргэн Д.Э-наар 18 000 000 төгрөгийн махыг заруулсан бөгөөд махны үнийн дүнгээс 4 424 000 төгрөг үлдсэнийг өгөөгүй бөгөөд 2015 оны 9 дүгээр сарын 19-нд төлнө гэж тохиролцсон. Хэрвээ заасан хугацаанд төлөхгүй бол өдрийн 0,3 хувиар алданги тооцож өгөхөөр болсон. Гэвч өнөөг хүртэл нэг ч төгрөгийг хэлснээрээ төлөлгүй элдэв зовлон тоочиж, сүүлдээ хэл амаар доромжлон шүүх цагдаадаа өг зэргээр хэрүүл хийсээр байна. Иймд миний мөнгөний үлдэгдэл болон үндсэн мөнгө 4 424 000 төгрөгийг, сарын алданги 0,3 хувиар тооцож 2 388 960 төгрөг нийт 6 812 960 төгрөгийг Энхчулуунаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Э-н шүүхэд гаргасан тайлбартаа:

Иргэн Б- болон түүний эхнэр У-тай 2015 оны 3 дугаар сарын 01-нд бүх зарсан мах болон тэдэнд өгсөн мөнгөний тооцоог хийсэн. Эхнэр У-ийн хийсэн гар бичмэл байгаа. Түүнээс хойш 2015.03.03-нд эхлэн Б- болон эхнэрт нь тооцоо хийж мөнгө өгсөн гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр өгсөн мөнгө бүх гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, тооцооны хуудаснууд бий. Бүх бичсэн баримтыг канондож хавсаргав. Б-, У- хоёр худал юмнуудаа өгсөн байна. Нийт 35 сая гаруй төгрөгийн махыг Хятад руу гаргах гэж байгаад болин буцаж ирсэн. Хуучирсан, зарим нэг нь хөгц татсан мах байсан. Б- нь аль гайгүй махнуудаа найз нөхөд, танил талдаа өгсөн. Тэр мөнгөнүүдээ нөхөж гаргуулах гэж хэл амаар доромжлон намайг шүүхэд өгч байна. Би Б-д одоо өглөг ч байхгүй, тооцоонуудыг шалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Д.Э-нд холбогдуулан махны үлдэгдэл төлбөр 4 424 000 төгрөг, алданги 2 388 960 төгрөг нийт 6 812 960 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д.Э-н нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч А.Б- нь хариуцагч Д.Э-нд 2015 оны 2 сард 18 сая төгрөгийн үнэтэй махыг шилжүүлж, төлбөрийг нь худалдсаны дараа төлөх нөхцөлтэйгээр амаар гэрээ байгуулсан байх болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Талууд нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр тооцоо нийлсэн байх бөгөөд хариуцагч Д.Э-н нь баталгаа гаргаж, махны үлдэгдэл төлбөр 4 424 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 19 нд төлөхөөр, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,3 хувиар алданги тооцохоор тохирсон болох нь хэрэгт авагдсан Д.Э-ны өөрийн гараар бичиж өгсөн баримтаар тогтоогдож байх бөгөөд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцлага хүлээж алданги тооцохоор тохирсон нь хууль зөрчөөгүй байна. /хх-ийн 5 дугаар хуудас/

 

Хариуцагч Д.Э-н нь шүүхэд гаргасан тайлбартаа ...2015.03.03-нд эхлэн Б- болон эхнэрт нь тооцоо хийж мөнгө өгсөн гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр өгсөн мөнгө бүх гар бичмэл, тэмдэглэлийн дэвтэр, тооцооны хуудаснууд бий гэж нотлох баримтаар тэмдэглэлийн дэвтрийн  хуулбарууд ирүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй /хх-ийн 14-18/, нотлох баримтын эх хувь 2 хуудас баримт ирүүлсэн боловч /хх-ийн 38-39/ энэ нь нэхэмжлэгч А.Б-д төлбөрийг бүрэн төлсөн талаар тогтоогдохгүй, нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”  гэж зааснаар хариуцагч Д.Э-наас үндсэн төлбөр 4 424 000 төгрөг, алданги 2 212 000 төгрөг нийт 6 636 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, 176960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хариуцагч Д.Э-ны эрхийг хангаж удаа дараа шүүх хурал хойшлогдож байсан бөгөөд банкаар мөнгө шилжүүлж байсан нотлох баримт гаргаж өгнө гэж тайлбарлаж байсан боловч нотлох баримт ирүүлээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч. шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг байлцуулахгүйгээр, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч А.Б- нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд итгэмжлэлийн дагуу З.Э- шүүх хуралд төлөөлөн оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                      

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-наас 6.636.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, 176.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 123.960 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121.126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.АЛТАНТУЯА