Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00117

 

А.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалтай,

А.Б-гийн нэхэмжлэлтэй,

Д.Э-д холбогдох,

6.812.960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Д.Э-ы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 02 дугаар сард хариуцагчаар 18.000.000 төгрөгийн махыг заруулсан ба махны үнийн дүнгээс 4.424.000 төгрөг өгөөд үлдснийг  2015 оны 9 дүгээр сарын 19-нд төлөхөөр тохиролцсон. Хэрэв заасан хугацаанд төлөхгүй бол өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор болсон. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учир нийт 6.812.960 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Б- болон түүний эхнэр н.Урнаатай 2015 оны 3 дугаар сарын 01-нд зарсан махны үнэ болон мөнгөний тооцоог хийсэн. Мөн 2015 оны 3 дугаар сарын 03-нд тооцоо хийж мөнгө өгсөн гар бичмэл тэмдэглэлийн дэвтэр, тооцооны хуудаснууд байгаа. Нийт 35.000.000 гаруй төгрөгийн махыг БНХАУ руу гаргах гэж байтал зарим нэг нь хөц татсан мах байсан гэж хэлсэн. Нэхэмжлэгч А.Б- нь аль гайгүй махнуудаа найз нөхөд танил талдаа өгдөг юм. Би нэхэмжлэгчид одоо өглөг байхгүй, тооцоонуудыг шалгаж өгнө үү гэжээ.

  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 6.636.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, 176.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121.126 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалаар, 1 дүгээр заалтын, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 6.636.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б-д олгож, 176.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Э-аас 4.424.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Б-д олгож, 2.388.960 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дугаар заалтын, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 123.960 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 121.126 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэснийг хариуцагчаас 78.957 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.Э- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд,

А.Б- бид хоёрын хооронд ямар ч гэрээ хэлцэл байгуулагдаагүй, тийм учраас бид нарын хооронд өглөг авлага байхгүй. Харин эхнэр н.Урнаатай бол өгөө авааны тооцоо бол байгаа. Би бол дууссан гэж боддог. Харин н.Урнаа бол бага зэрэг авлага байгаа гэж үздэг юм байна лээ. Эхнэр н.Урнаатай нь уулзаад чи бид хоёр бие биенээ мэднэ, учраа ололцое тооцоогоо нийлж дахин үзье гэхээр нөхөр гэх А.Б- дундуур нь ороод уулзуулдаггүй, мөн нохойгоор хөөлгөж туудаг. Энэ тухай би шүүх хурал дээр хэлж байсан. /хх-42/

Тэр гаргаж өгсөн гээд байгаа /хх-5/ баримт гэх зүйл бол А.Б- бид хоёр бааранд сууж байгаад бичиж өгсөн зүйл. Учир нь, надтай уулзаад би найзаасаа мөнгө зээлэх гэсэн юм. Би хүнээс авлагатай юм шиг харагдах ёстой гээд гуйгаад байхаар нь бичиж өгсөн зүйл. Тэр бичгийг шүүхэд гаргаж өгнө гэж бодоогүй. Анхан шатны шүүх хурлын өмнө хэрвээ шүүхээр явах бол хоёулаа итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх хүнгүй нүүр нүүрээ хараад шүүх хуралд оръе гэхэд тэгнэ гэж хэлээд алга болдог. Энэ нь /хх-40/ нотлогддог. Шүүх хурал дээр би өөрт байгаа авлага өглөг мөнгөний гар ноорог болох баримтаа гаргаж өгсөн.

Мөн шүүх хурлын тэмдэглэл дээр /хх-56/

Даргалагчаас: 18.000.000 төгрөгийн мах өгсөн талаархи нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан уу? Яаж нотлож байгаа юм бэ гэв.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үлдэгдлээ тооцсон байгаа. Түүнээс өгсөн талаар нотлох баримт байхгүй гэв.

Нэхэмжлэгч гэх А.Б-тай мах өгч авалцсан баримт байхгүй, ядаж үлдэгдлээ тооцсон гар ноорог байхгүй байж бааранд орж суугаад бичсэн зүйлийг үндэслэн шүүх шийдвэрээ гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэл бол мөн.

Иймд, шийдвэр болон магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

А.Б- Д.Э-аас махны үнийн үлдэгдэл 4.424.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 2.388.960 төгрөг, нийт 6.812.960 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр тооцоо дууссан  гэж маргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцааг  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзснийг, давж заалдах шатны шүүх мөн хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаварын гэрээ гэж дүгнэн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь буруу болжээ.

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаварын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг хүлээх ба гэрээний зүйл нь тодорхой үйлдэл, үр дүн байна.

Зохигчдын тайлбараас үзвэл 2014 оны 02 дугаар сард хариуцагч Д.Э- нэхэмжлэгч А.Б-гаас 18.000.000 төгрөгийн махыг худалдахаар авч, мөнгийг цувуулж төлж байсан үйл баримт тогтоогдсон, харин тэдний хооронд нэхэмжлэгчийн өгсөн даалгавар, зааврын дагуу түүний  зардлаар,  хариуцагч махыг борлуулах үүрэг хүлээсэн, түүнчлэн уг даалгаварыг хөлстэй эсхүл хөлсгүй гүйцэтгэхээр тохиролцсон  гэх даалгаврын гэрээний шинжийг тодорхойлох нөхцөл нотлогдоогүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. Энэхүү  гэрээний зүйл нь эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх  байх бөгөөд талуудын хооронд үүссэн харилцааг худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэлийн үндэслэл болгосон “...2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 4.424.000 төгрөгийг бэлнээр өгнө.... эс өгвөөс алданги тооцохоор тохиролцов. Алдангиа 0.3 хувиар тооцох болов. Д.Э-” гэх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн баталгааны бичгийг  хариуцагч  бичснээ үгүйсгээгүй байх бөгөөд харин махны үнийг бүрэн төлж үүргээ гүйцэтгэсэн гэх өөрийн тайлбар, татгалзлаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар  нотлох үүргээ биелүүлээгүй  байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Э- шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох, нотлох баримт гаргах, нэхэмжлэгчтэй тооцоо нийлэх, мөн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй шалтгаанаар шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулах хүсэлт гаргасныг   шүүх хүлээн авчээ.   2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн  хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй байна. Дээрх  байдлаас   хариуцагч Д.Э-  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжоор бүрэн хангагдсан  байхаас гадна шүүх түүний   хуралдаанд оролцох эрхийг хязгаарлаагүй  байна.

Иймд, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэв.

Дурдсан үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 125 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 695 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч Д.Э- хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 86.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

           ШҮҮГЧ                                                             Г.АЛТАНЧИМЭГ