Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 339

 

 

 

 

 

 

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00048 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ц.А, Б.Ц, Д.О, А.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 114 471 292 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батхуяг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

   Нэхэмжлэгч А ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус банк бус санхүүгийн байгууллагаас иргэн А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1801004 дугаартай зээлийн гэрээ байгуулан 67 000 000 төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх байсан. Банк бусын зүгээс төлөлт хийхийг сануулж, удаа дараа төлөлт хийх шаардлага шуудангаар хүргүүлсэн боловч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. А.Б нь Ц.А, Б.Ц нарын өмчлөлийн ГД:00321283 дугаартай улсын бүртгэлийн Ү-2206032291 дугаартай, 117 м.кв Хан-Уул дүүргийн Дүнжингарав гудамж, 45 дугаар байр, 51 тоот үл хөдлөхийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Иймээс зээлийн төлбөр 67 000 000 төгрөг, зээлийн хүү 43 690 700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 780 592 төгрөг нийт 114 471 292 төгрөгийг зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.А, Б.Ц, А.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Б нар нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр “Амар капитал” ББСБ ХХК-тай 1801004 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 67 000 000 төгрөгийг сарын 3.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хавсралтад заасны дагуу зээлийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан нь үндэслэлгүй. “Амар капитал” ББСБ ХХК-ийн нэр дээр шаардлага бүхий нэхэмжлэлээ шүүхэд 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасан байх бөгөөд зээл олгосон өдрөөс тус өдийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 2018 оны 01 дүгээр сарын 18-аас 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 131 хоног, 67 000 000Ч3.6 хувь/30Ч131=үндсэн хүү нийт 10 532 400Ч20хувь=нэмэгдүүлсэн хүү нийт 2 106 480 төгрөг байна. Үндсэн зээл 67 000 00+үндсэн хүү 10 532 400 +нэмэгдүүлсэн хүү 2 106 480=нийт 79 638 880 төгрөг болно. Зээл авсанаа үгүйсгэдэггүй шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрдөг. Барьцаа хөрөнгөөр энэ шаардаад байгаа 95 420 557 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээн дээр барьцаагаар хангах үүргийн үнийн дүнг хоёр тал анх гэрээг байгуулахдаа тохиролцож байгуулсан. Энэ үнийн дүн нь 60 000 000 төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага нь 95 420 557 төгрөг барьцаа хөрөнгөний үнийн дүнгээс хэтэрч байгаа тул энэ шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 79 542 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Амар капитал” ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 500 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 800 506.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 625 862 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Амар капитал” ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд Ц.А, Б.Ц нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206032291 дугаарт бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж 45 байх 51 тоот хаягт байршилтай 117м.кв талбайтай 4 өрөө орон сууц буюу барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энх-Эрдэнэ, Б.Хонгорзул нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шийдвэрт "...зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг, хүүгийн хамт буцааж төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй...Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дуусах хэдий ч гэрээний 8.2-т зааснаар гэрээг зээлдүүлэгч нь хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээг цуцалсан 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг /зээлийн үлдэгдэл 67 000 000 төгрөг, хүү 10 452 000 төгрөг /67 000 000Ч3,6%=2 412 000 төгрөгЧ130 хоног/, нэмэгдүүлсэн хүү нь 2 090 400 төгрөг /10 452 000Ч20%/ тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ... дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 79 542 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "А ХХКББСБ" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 500 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв" гэснийг зөвшөөрөх боломжгүй. Учир нь "Амар калитал ББСБ" ХХК-аас зээлдэгч А.Бат-Эрдэнийн нэрээр 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн №18/49, 5 дугаар сарын 23-ны өдрийн №18/60 дугаартай албан бичгээр "мэдэгдэл" хүргүүлж, зээл төлөлтийн хугацаа хэтэрснийг сануулж, хэрэв заасан хугацаанд зээлээ төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэгдэж байсан. Зээлээ төлөхийг мэдэгдсэн явдал нь шүүхийн дүтнэлтэд дурдсан болон талуудын хооронд хийгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний 8.2, 8.2.1-д зааснаар гэрээнээс татгалзаж байгаа асуудал биш. Тиймээс манай байгууллагын зүгээс шүухэд нэхэмжлэл гаргаснаас хойш шүүх хурал хүртэлх хугацаагаар буюу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцон 95 042 557 төгрөг нэхэмжилснээс шүүх 15 500 157 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэл муутай болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 15 500 157 төгрөгийг нэмж тооцож, гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

            Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 114 471 292 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн дүнг 95 042 557 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч тал “...зээлийн үүргийг нэхэмжлэл гаргасан өдрөөр тооцно, ...барьцааны зүйлээр хангагдах дүнг гэрээгээр тохиролцсон...” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

            А ХХК нь А.Б, Д.О нартай 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1801004 дугаартай зээлийн гэрээг бичгээр байгуулж 67 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй зээлдүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх 15-16 дахь тал/

 

            Хариуцагч А.Б, Д.О нар зээл болон зээлийн хүүг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нь гэрээний 8.2.1-д заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, хариуцагчаас зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүргийг шаардах эрхтэй. /хх 15 ар тал/

           

            Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн үүргийн шаардан шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан. /хх 1/ Шүүх энэ өдрөөс зээлийн гэрээг цуцалсан гэж дүгнэсэн нь зөв. Харин хариуцагч А.Б, Д.О нарын зээл төлөх үүргийг тодорхойлохдоо холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймээс нэхэмжлэгч нь зээлдэгч А.Б, Д.О нараас 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр зээлийн үүргийг шаардаж байгаа нь уг хуульд нийцнэ.

           

            Шүүх зээлийн гэрээний талуудын үүргийг буруу тодорхойлж, уг харилцаанд оролцоогүй этгээд болох хариуцагч Ц.А, Б.Ц нараас зээлийн гэрээний үүргийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүй байх тул тэдгээрт холбогдох зээлийн үүрэг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            А ХХК болон Ц.А, Б.Ц нарын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр барьцааны гэрээ бичгээр байгуулагджээ. Барьцааны зүйл нь Ц.А, Б.Ц нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж, 45 дугаар байрны 51 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2206032291 дугаар гэрчилгээтэй, 117 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц байна.

 

            Ц.А, Б.Ц нараас 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр олгогдсон итгэмжлэлийг үндэслэн  Д.О нь барьцааны гэрээнд Ц.А, Б.Ц нарыг төлөөлж гарын үсэг зурсан байна. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хангасан, итгэмжлэлд барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон, итгэмжлэл хүчин төгөлдөр байна. Барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

            Иймд барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байх тул А ХХК нь А.Б, Д.О нараас үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж буй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцнэ. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэжээ.

           

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт 79 542 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 500 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “...хариуцагч А.Б, Д.О нараас 95 042 557 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, Ц.А, Б.Ц нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...хариуцагч А.Б, Д.О, Ц.А, Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 625 862 төгрөг гаргуулж...” гэснийг “...хариуцагч А.Б, Д.О нараас улсын тэмдэгтийн хураамжид 633 162.79 төгрөг гаргуулж... ” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 235 451 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД