Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00799

 

“...капитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00048 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “...капитал ББСБ” ХХК

          Хариуцагч: А.Б-

          Хариуцагч: Д.О-

          Хариуцагч: Ц.А-

          Хариуцагч: Б.Ц- нарт холбогдох

         114,471,292 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагч нарын төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: А.Б- 2018-01-18-ны өдөр 1801004 дугаартай зээлийн гэрээ байгуулан 67 сая төгрөгийг 3.6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. 2018- 02-18-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх байсан. Нэхэмжлэгчийн зүгээс төлөлт хийхийг сануулж, удаа дараа төлөлт хийх шаардлага шуудангаар хүргүүлсэн боловч төлөлт хийлгүй өнөөдрийг хүрсэн. А.Б- нь Ц.А-, Б.Ц- нарын өмчлөлийн 117 м.кв ХУД-н Дүнжингарав гудамж, ...-р байр, ... тоот үл хөдлөхийг барьцаалан барьцааны гэрээ байгуулсан. Иймд зээлийн төлбөр 67 сая төгрөг, хүү 43,690,700 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,780,592 төгрөг, нийт 114,471,292 төгрөгийг зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

      Хариуцагч тал тайлбартаа: А.Б- нар нь 2018-01-18-ны өдөр “...капитал ББСБ” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 67 сая төгрөгийг сарын 3.6%-н хүүтэй, 18 сарын хугацаатай зээлсэн. Хавсралтад заасны дагуу зээлийг төлж чадаагүй. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан нь үндэслэлгүй. “...капитал ББСБ” ХХК-ийн нэр дээр шаардлага бүхий нэхэмжлэлээ шүүхэд 2018-05-29-ний өдөр гаргасан, зээл олгосон өдрөөс тус өдийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцвол 2018-01-18-ны өдрөөс 2018-05-29-ний өдөр хүртэл 131 хоног, 67 сая 3.6 хувь /30х131=үндсэн хүү нийт 10,532,400х 20хувь=нэмэгдүүлсэн хүү нийт 2,106,480 төгрөг байна. Үндсэн зээл 67 сая+үндсэн хүү 10,532,400 +нэмэгдүүлсэн хүү 2,106,480=нийт 79,638,880 төгрөг болно. Зээл авснаа үгүйсгэдэггүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрдөг. Барьцаа хөрөнгөөр шаардаад байгаа 95,420,557 төгрөгийг үүргийн гүйцэтгэлээр гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй. Барьцааны гэрээн дээр барьцаагаар хангах үүргийн үнийн дүнг хоёр тал анх гэрээг байгуулахдаа тохиролцож байгуулсан. Энэ үнийн дүн нь 60 сая төгрөг гэж тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлага нь 95,420,557 төгрөг барьцаа хөрөнгөний үнийн дүнгээс хэтэрч байгаа тул энэ шаардлага үндэслэлгүй гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 183/ШШ2019/00048 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 79 542 400 төгрөг гаргуулж ...капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 15 500 157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 800,506.46 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нараас 625 862 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ биелүүлээгүй нөхцөлд Ц.А-, Б.Ц- нарын өмчлөлийн барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж ...5 байх ... тоот хаягт байршилтай 117м.кв талбайтай 4 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00048 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, А.Б-, Д.О- нараас 95 042 557 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Ц.А-, Б.Ц- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, А.Б-, Д.О- нараас улсын тэмдэгтийн хураамжид 633 162.79 төгрөг гаргуулах, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1..” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

     Хариуцагч нарын төлөөлөгч хяналтын гомдолдоо: Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. А.Б-, Д.О- нар “...капитал” ББСБ-тай 2018-01-18-ны өдөр №1801004 тоот зээлийн гэрээ байгуулан 67 сая төгрөгийг 3,6%-н хүүтэй 18 сарын хугацаатай авсан. Хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төлж чадаагүй болохоо зөвшөөрдөг бөгөөд зээлдүүлэгчээс зээлийн гэрээний үүргээ биелүүлэх шаардлага, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцалж шүүхэд хандах тухай албан бичгүүдийг ирүүлж байсан. Улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт 95,042,557 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018-5-29-ний өдөр шүүхэд гарган гэрээг цуцалж, дуусгавар болгосон бөгөөд шүүх гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж үзэн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, 79,542,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүхээс мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээг цуцалж, дуусгавар болгосон байна гэж зөв дүгнэсэн ч ИХ-ийн 453.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, гэрээг цуцалснаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль ёсны болж чадаагүй. Гэрээг цуцалснаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болдог. Гэтэл давж заалдах шатны шүүх гэрээг цуцалсан байна гэж дүгнэсэн атлаа цуцалсан хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч төлөх үүрэгтэй гэж хуулийг буруу тайлбарлан шийдвэрт өөрчлөлт оруулсан. ИХ-ийн 453.1-д заасан зохицуулалт нь зөвхөн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний хувьд хэрэглэгдэх бөгөөд дуусгавар болсон гэрээний харилцаанд хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       “...капитал ББСБ” ХХК 2018-05-29-ны өдөр А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийт 95,042,557 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүсэхдээ “...зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 67,000,000 төгрөг, хүү 26,726,300 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,243,257 төгрөг төлөх ёстой...үүргийн гүйцэтгэлд эд хөрөнгө барьцаалж гэрээ хийсэн...” гэжээ.

       Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “....67,000,000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хугацаагаар тасалбар болгон тооцох ёстой... барьцаагаар 60 сая төгрөгийн үүргийг л хангуулахаар тохирсон байгаа...” гэж маргасан байна.

       Анхан шатны шүүх А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нараас  79,542,400 төгрөг гаргуулах, үлдэх 15,500,157 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч  нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө буюу Ц.А-, Б.Ц- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж ...5 байх ... тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  шийдвэрлэжээ.

        Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, А.Б-, Д.О- нараас 95,042,557 төгрөг гаргуулах, Ц.А-, Б.Ц- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг шийдвэрт оруулсан байна. 

        Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. 2018-01-18-ны өдрийн зээлийн гэрээгээр “...капитал ББСБ” ХХК 67,000,000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэй зээлүүлэх, А.Б-, Д.О- нар уг мөнгийг хүлээн авч гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцааж төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

       Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ.

       Иймд шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь   Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд нийцсэн байна. Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэх нөхцөл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. 

       “...капитал ББСБ” ХХК гэрээний дагуу 67,000,000 төгрөгийг зээлдэгчид  хүлээлгэн өгсөн тул зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

       Зээлдэгч нар мөнгийг авсан боловч тохирсон хугацаандаа буцааж төлөөгүй нь тогтоогдсон тул зээлдүүлэгч үндсэн зээлд 67,000,000 төгрөгийг А.Б-, Д.О- нараас шаардах эрхтэй байна.

       2. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хүү, нэмэгдүүлсэн хүүг   нэмж тооцсон нь буруу байна.

       Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

       Зээлдэгч нэмэгдүүлсэн хүү төлөх тухай зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт заасан байх тул зээлдүүлэгч хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцсэн байна.   

      Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2019-07-19-ний өдөр дуусах байсан ч “...капитал ББСБ” ХХК нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байх тул хүү, нэмэгдүүлсэн хүүг анхан шатны шүүх 2018-05-29-ний өдөр хүртэл хугацаагаар тооцсон нь зөв болжээ.  

      3. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, гэрээгээр хүлээсэн хариуцагч нарын үүрэг тус бүрийн талаар  Иргэний хуульд нийцсэн дүгнэлт хийж чадаагүй байна. 

      Нэхэмжлэгч нь А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нарыг хариуцагчаар тодорхойлохдоо зээлийг А.Б-, Д.О- нарт олгож, барьцааны гэрээг Ц.А-, Б.Ц- нартай байгуулсан талаар дурдсан бөгөөд энэ нь хэрэгт буй баримтаар тогтоогджээ.

      Өөрөөр хэлвэл, А.Б-, Д.О- нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг өөрийн өмчлөлийн эд хөрөнгөөр хариуцах үүргийг  Ц.А-, Б.Ц- нар барьцааны гэрээгээр хүлээсэн байна.

      Давж заалдах шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг шийдвэрт заасныг хэвээр үлдээсэн атлаа Ц.А-, Б.Ц- нарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд нийцээгүй байна. 

    Ц.А-, Б.Ц- нар 2017-02-21-ний өдөр итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн дагуу Ц.А-, Б.Ц- нарыг Д.О- төлөөлөн нэхэмжлэгчтэй барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогдсон, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэлгүй байх тул барьцааны гэрээнд заасан үүргээ Ц.А-, Б.Ц- нар биелүүлэх үүрэгтэй.   

    Д.О- нь өмчлөгч нарыг төлөөлж, “...эд хөрөнгийг барьцаалан, барьцааны  гэрээнд гарын үсэг зурах...” эрхтэй байх бөгөөд энэ нь Ц.А-, Б.Ц- нараас  2017-02-21-ний өдөр олгосон итгэмжлэлд заасан эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа байна. 

   Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Дүнжингарав гудамж ... байр ..тоот орон сууцыг Ц.А-, Б.Ц- нар нь А.Б-, Д.О- нарын зээлд барьцаалсан, зээлдэгч нар үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул зээлдүүлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан нь Иргэний хуулийн 62-64, 156,175 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ.  

   Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг А.Б-, Д.О- нараас гаргуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулж, зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний дагуу шийдвэрлэсэн хэсгийг бусад заалтын хамт хэвээр үлдээв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 339 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2019/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...А.Б-, Д.О-, Ц.А-, Б.Ц- нараас 79,542,400 төгрөг..” гэснийг “... А.Б-, Д.О- нараас 79,542,400 төгрөг...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч нарын төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 235,451 төгрөгийг Д.Батхуягт захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ