Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 181/ШШ2021/00513

 

 

2021 03 10 181/ШШ2021/00513

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газар-т холбогдох,

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай объект, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрыг үнэлсэн Х ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №01/80 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар хариуцагч М ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 20,280,845,537 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн.

 

Н газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох М ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй дэх Төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр хаягт байршилтай 1925 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,719,424.490 төгрөгөөр, газар ашиглах эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га усан баяжуулах зориулалттай газрын ашиглах эрхийг 43,740,000 төгрөгөөр үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдал болон хуульд нийцүүлэн хийгээгүй ба тухайн газар, дээр нь буй үйлдвэр нь улсын бүртгэлийн 9011002117 тоот гэрчилгээтэй ашигт малтмалын 13875а дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй нэртэй газар орших 276 гектар талбай бүхий тусгай зөвшөөрөлтэй салшгүй холбоотой болно.

 

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20300247/157 дугаартай Шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар-таа дээрх газар, үйлдвэр, тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хураахыг даалгасан, даалгаврын дагуу ажиллагаа хийгдсэн. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн газар, үйлдвэр хоёрыг хэт багаар тооцож, тухай барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлснээс болж манай компаний хувьд хохиролтой байна.

 

Хариуцагч М ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үнийн санал хүргүүлэхдээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах Элстэй нэртэй уурхайн нойтон баяжуулах үйлдвэрийн барилгыг 114,147,000,000 төгрөгөөр, 0,3 га газрыг 2,000,000,000 төгрөгөөр, нийт 116,174,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, өөрсдийн тооцоо судалгаатай боломжит үнийн саналаа албан тоотоор тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байдаг.

 

Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгохдоо Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй дэх Төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр хаягт байршилтай 1925 мкв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2,719,424,490 төгрөгөөр, газар ашиглах эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га усан баяжуулах зориулалттай газрын ашиглах эрхийг 43,740,000 төгрөгөөр үнэлүүлсэн.

 

Манай компаний улсын бүртгэлийн 9011002117 тоот гэрчилгээтэй ашигт малтмалын 13875а дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй нэртэй газар орших 276 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тухайн газар доорхи ордоос бид баялгийг авч, газар ашиглах эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га усан баяжуулах зориулалттай газрын ашиглах эрхийн газар дээр өөрсдийн хөрөнгөөр бий болгосон өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах Элстэй нэртэй уурхайн нойтон баяжуулах үйлдвэрт эцсийн байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уялдаа холбоотой үл хөдлөх хөрөнгүүд байхад салгаж үнэлгээ хийсэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч манай компаний хувьд өмчлөх эрхийнхээ хүрээнд эрх зөрчигдөж байна гэж үзэж эс зөвшөөрч байгаа болно.

 

Бид өөрсдийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийж гүйцэтгэж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан тодорхой хэмжээний нөөцтэй ордоо үнэлүүлэх хүсэлтэй байгаа ба салгаж, тус тусад нь үнэлгээ хийснээр хэт багаар үнэлж, үнэгүйдүүлж байна гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө болон А тусгай лиценз нөөц нь тодорхой болсон ба цаашид ч бүтээгдэхүүн нь үнэ цэнээ алдахгүй байдгаараа давуу талтай, хөрөнгийн үнэлгээ гаргасан Х ХХК нь энэ бүгдийг тооцоолж өгөөгүй, багаар үнэлсэнд гомдолтой байна.

 

Х ХХК нь үнэлгээг хийхдээ богино хугацаанд, сайтар судалж, судалгаа хийлгүй, зах зээлийн болон өртгийн хандлагыг харьцуулахдаа харьцуулагч объектуудын зах зээлийн үнийг судалгаагүй хийж гүйцэтгэсэн нь хууль болон холбогдох журмыг зөрчсөн тул Н газраас томилсон Х ХХК-иар хийлгүүлсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/08682 дугаар захирамжаар Мон лаа ХХК-иас 20,280,845,537 төгрөгийг гаргуулж, Х ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Төлбөр төлөгч М ХХК-д 2020 оны 4/6526, 20300247/02 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдэж байсан боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн барьцаа хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/158 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/159 дүгээр хураах тогтоолоор хураасан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч М ХХК 116,174,000,000 төгрөгөөр үнэлснийг Х ХХК нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 2,763,164,490 төгрөгөөр тогтоож, 55 дугаар зүйлийн 55.1-д заасны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36875, 4-157/36876 дугаар мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг талуудад мэдэгдсэн.

 

Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэх хураах ажиллагаагаар зөвхөн Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Халив баг, Элстэй дэх эрхийн улсын бүртгэлийн Ү-710047 дугаартай объект, 0341617 дугаартай гэрчилгээтэй, ашиглах эрхтэй газрыг битүүмжилж хураах ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдаагүй. Тийм учраас тусгай зөвшөөрөл дээр хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжгүй.

 

Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дээр Хаан банканд М ХХК-ийн өмчлөлийн 4 барьцаа хөрөнгө байдаг. Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь үнэлгээ тогтоосон объект, ашиглах эрхтэй газар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй дэх тусгай зөвшөөрөл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь тусгай зөвшөөрөл гээд 4 барьцааны зүйлтэй.

 

Гэхдээ эхлээд объект болон газар дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ гарсан үнэлгээ нь тухайн объект, ашиглах эрхтэй газрын үнэлгээ болохоос биш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээний нийт дүн биш. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дараагийн ажиллагаагаар битүүмжлэн хураагаад, дахин үнэлгээ тогтоогоод, дуудлага худалдаагаар оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана. Одоогоор тусгай зөвшөөрөл дээр хийгдсэн ажиллагаа байхгүй.

 

Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн байсан. Тайлантай танилцахад ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, үйлдвэрийн газар, тоног төхөөрөмжийг давхар үнэлүүлсэн байсан. Тэгэхээр манай шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шинжээч томилсон тогтоол, шинжээчийн үнэлгээтэй зөрөх нь тодорхой. Учир нь манайх барьцааны 2 зүйл дээр ажиллагаа явуулж, үнэлгээ тогтоосон. Гэтэл М ХХК-ийн үнэлүүлсэн хөрөнгө нь 4 байна. Тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, үйлдвэрийн ашиглах эрхтэй газраа үнэлүүлснээр нь үнэлгээ зөрөх асуудал гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Н газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар М ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/08682 дугаар Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар 20,280,830,537 төгрөгийг Хаан банк ХХК-д төлөх үүрэг хүлээж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон байна. /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Түүнчлэн Х ХХК, М ХХК нарын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан барьцааны гэрээнд Дорноговь аймаг, Хатанбулаг сум, Халив баг, Элстэй дэх Төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр /Ү-0710000047/, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Халив баг, усан баяжуулах үйлдвэрийн зориулалттай 0,3 га газар /0341617/-ыг 349,229,280 төгрөгөөр, Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Элстэй дэх 13875 А тоот Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 5,842,170,000 төгрөгөөр тус, тусад нь үнэлж барьцаалжээ. /хх-59-60/

Төлбөр төлөгч нь 101/ШЗ2016/08682 дугаар шүүгчийн захирамж /шүүхийн шийдвэр/-ийг сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба 157 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Г.Ганбаатарын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20300247/157 дугаар даалгавраар Төлбөр төлөгч М ХХК-ийн төлбөрийн барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй дэх Төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр, 1925 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газар, улсын бүртгэлийн 9011002117 тоот гэрчилгээтэй ашигт малтмал ашиглалтын 13875а дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй нэртэй газар орших 276 гектар талбай бүхий тусгай зөвшөөрлийг битүүмжлэх, хураах хуульд заасан бусад ажиллагаа явуулах-ыг 24 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч М.Орхонд даалгажээ. /хх-68, 146-148/

 

Уг даалгаврын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/158 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай объект, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрыг тус тус битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/159 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор хураан авч, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байх бөгөөд энэ ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар Шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаа хүчинтэй гэж үзнэ. /хх-154-158/

 

Төлбөр төлөгч М ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаартай Элстэй нойтон баяжуулах үйлдвэрийн барилгыг 114,174,000,000 төгрөгөөр, мөн уурхайн улсын бүртгэлийн 0341617 дугаар бүхий 0,3 га газрыг 2,000,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 116,174,000,000 төгрөг гэж үнийн санал гаргасныг төлбөр авагч Хаан банк ХХК зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй гэж үзэн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/507 дугаар тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ. /хх-163,169,170/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болох ба шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/507 дугаар тогтоолоор Х ХХК-ийг шинжээчээр томилохдоо шинжээчийн хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж, гарын үсэг зуруулсан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл заалтад нийцжээ. /хх-172-175/

 

Шинжээч Х ХХК нь тогтоолд заасан барьцааны хөрөнгө болох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаартай Элстэй нойтон баяжуулах үйлдвэрийн барилгыг 2,719,424,490 төгрөгөөр, мөн уурхайн улсын бүртгэлийн 0341617 дугаар бүхий 0,3 га газрыг 43,740,000 төгрөгөөр тус тус үнэлснийг Н газрын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 4-157/36875, 4-157/36876 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч М ХХК болон төлбөр авагч Хаанбанк ХХК нарт эд хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байна. /хх-199-202/

Төлбөр төлөгч М ХХК үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гомдол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд гомдлоо гаргасан гэж үзнэ.

Дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн Х ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хулийн этгээд байх бөгөөд Х ХХК-ийн захирал Б.Бат-Энх нь өөрийн компаний үнэлгээчин Б.Батзаяад итгэмжлэл олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан гэж үзнэ.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг ...тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заажээ.

 

Х ХХК нь төлбөр төлөгч М ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, орлогын, өртгийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлж, үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 2,763,164,490 төгрөг гэж тогтоосон болох нь хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-176-198/

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хүлэгтхүннү аудит ХХК-ийн М ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, газар ашиглах эрх, 11 тоног төхөөрөмж зэргийг 973,323,912,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг үнэлгээг үндэслэн төлбөрт хураагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай үйлдвэрийн барилга, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.

 

Учир нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан нотолгооны хэрэгсэл гэж дүгнэх үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Н газарт холбогдох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай обьект, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №01/80 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд зөвхөн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар буюу эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй, ажиллагаа хүчин төгөлдөр болсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Н газарт холбогдох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай обьект, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №01/80 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2020/14779 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх-ээр авсан арга хэмжээ нь давах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ