Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00755

 

 

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00755

 

 

МХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00513 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн захирамжаар МХХК нь 20 280 845 537 төгрөгийг төлөхийг ХААН банк ХХК-д хүлээн зөвшөөрч эвлэрсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох МХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0710000047 дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй дэх Төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр хаягт байршилтай 1 925 м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 719 424 490 төгрөгөөр, газар ашиглах эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га усан баяжуулах зориулалттай газрын ашиглах эрхийг 43 740 000 төгрөгөөр үнэлүүлэхдээ үнэлгээг бодит байдал болон хуульд нийцүүлэн хийгээгүй ба тухайн газар, үйлдвэр нь улсын бүртгэлийн 9011002117 тоот гэрчилгээтэй ашигт малтмалын 13 875а дугаартай Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй нэртэй газар орших 276 гектар талбай бүхий тусгай зөвшөөрөлтэй салшгүй холбоотой. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 20300247/157 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгаварт дээрх газар, үйлдвэр, тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хураахыг даалгасан, даалгаврын дагуу ажиллагаа хийгдсэн. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд зөвхөн газар, үйлдвэр хоёрыг хэт багаар тооцож, тухай барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн. МХХК-аас 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үнийн санал хүргүүлэхдээ Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах Элстэй нэртэй уурхайн нойтон баяжуулах үйлдвэрийн барилгыг 114 147 000 000 төгрөгөөр, 0,3 га газрыг 2 000 000 000 төгрөгөөр, нийт 116 174 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, өөрсдийн тооцоо судалгаатай боломжит үнийн саналаа албан бичгээр НШШГГ-т хүргүүлсэн. Гэтэл үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2 719 424 490 төгрөгөөр, газрын ашиглах эрхийг 43 740 000 төгрөгөөр үнэлсэн. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах Элстэй нэртэй уурхайн нойтон баяжуулах үйлдвэрт эцсийн байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг уялдаа холбоотой үл хөдлөх хөрөнгүүд байхад салгаж үнэлгээ хийсэн нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрх зөрчигдөж байна. Бид тодорхой хэмжээний нөөцтэй ордыг үнэлүүлэх хүсэлтэй байгаа ба салгаж тусад нь үнэлгээ хийснээр хэт багаар үнэлж, үнэгүйдүүлж байна. Тухайн үл хөдлөх хөрөнгө болон А тусгай лиценз нөөц нь тодорхой болсон ба цаашид ч бүтээгдэхүүн нь үнэ цэнээ алдахгүй давуу талтай, хөрөнгийн үнэлгээ гаргасан Хөрөнгө-Эстимейт ХХК нь энэ бүгдийг тооцоолж өгөөгүй, багаар үнэлсэн. Хөрөнгө-Эстимейт ХХК нь үнэлгээг хийхдээ сайтар судалж, судалгаа хийхгүйгээр зах зээлийн болон өртгийн хандлагыг харьцуулахдаа харьцуулагч объектуудын зах зээлийн үнийг судалгаагүй хийж гүйцэтгэсэн тул үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаатар шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/08682 дугаар захирамжаар Мон лаа ХХК-аас 20 280 845 537 төгрөгийг гаргуулж ХААН банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч МХХК-д 2020 оны 4/6526, 20300247/02 дугаар мэдэгдлүүдээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн барьцаа хөрөнгийг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/158 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/159 дугаар хураах тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч МХХК 116 174 000 000 төгрөгөөр үнэлснийг ХААН банк ХХК нь зөвшөөрөхгүй мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээчээр үнэлүүлэхэд 2 763 164 490 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 4-157/36875, 4-157/36876 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн битүүмжлэх хураах ажиллагаагаар зөвхөн Дорноговь аймгийн Хатанбулаг сум, Халив баг, Элстэй дэх эрхийн улсын бүртгэлийн Ү-710047 дугаартай объект, 0341617 дугаартай гэрчилгээтэй, ашиглах эрхтэй газрыг битүүмжилж хураах ажиллагаа явуулсан. Тусгай зөвшөөрлийг битүүмжилж, хураах ажиллагаа явагдаагүй. Тиймээс тусгай зөвшөөрөл дээр хөрөнгийн үнэлгээ тогтоох боломжгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ХААН банк ХХК-д МХХК-ийн өмчлөлийн 4 барьцаа хөрөнгө байдаг. Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь үнэлгээ тогтоосон объект, ашиглах эрхтэй газар, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Элстэй дэх тусгай зөвшөөрөл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь тусгай зөвшөөрөл бүхий барьцааны 4 зүйлтэй. Гэхдээ эхлээд объект болон газар дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Энэ гарсан үнэлгээ нь тухайн объект, ашиглах эрхтэй газрын үнэлгээ болохоос биш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлсэн үнэлгээний нийт дүн биш. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг дараагийн ажиллагаагаар битүүмжлэн хураагаад дахин үнэлгээ тогтоогоод, дуудлага худалдаагаар оруулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана. Нэхэмжлэгч тал хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээний тайланг гаргаж өгсөн байсан. Тайлантай танилцахад ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, үйлдвэрийн газар, тоног төхөөрөмжийг давхар үнэлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар томилсон шинжээчийн үнэлгээтэй зөрөх нь тодорхой. Учир нь манайх барьцааны 2 зүйл дээр ажиллагаа явуулж үнэлгээ тогтоосон. Гэтэл МХХК-ийн үнэлүүлсэн хөрөнгө нь 4 байна. Тоног төхөөрөмж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, үйлдвэрийн ашиглах эрхтэй газраа үнэлүүлснээр нь үнэлгээ зөрөх асуудал гарсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай обьект, эзэмших эрхийн 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га талбайтай усан баяжуулах зориулалттай газрыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №01/80 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч МХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч МХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батгэрэл давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавраар 2 төрлийн хөрөнгө болон тусгай зөвшөөрлийг битүүмжилсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээ хийхдээ өмчлөгчийн эрхийг зөрчиж, хоорондоо уялдаа холбоотой эд хөрөнгө болон тусгай зөвшөөрлийг үнэлээгүй. Хөрөнгө-Эстимэйт ХХК барилгыг 2 719 424 490 төгрөгөөр, газрыг 43 740 00 төгрөгөөр, Хүлэгт хүннү аудит ХХК барилгыг 5 057 880 000 төгрөгөөр, газрыг 48 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зөрүүтэй байхад шүүх харьцуулан дүгнээгүй. Мөн үндэслэх хэсэгт ... Хүлэгт хүннү аудит ХХК МХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, үйлдвэрийн барилга, газар ашиглах эрх, 11 тоног төхөөрөмж зэргийг 973 323 912 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг нотлох баримтаар гаргасан бөгөөд уг үнэлгээг үндэслэн төлбөрт хураагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив баг Элстэй уурхайн Ү-0710000047 дугаартай үйлдвэрийн барилга, эзэмших 0341617 дугаар гэрчилгээтэй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байршилтай 0,3 га усан баяжуулах зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм гэж дүгнэсэн атлаа шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу хийгдээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотолгооны хэрэгсэл гэж дүгнэх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Манай компаний хувьд Хөрөнгийн үнэлгээний төвд хандан Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон журмын дагуу хараат байх үүднээс Хөрөнгийн үнэлгээний төвөөс санал болгосон үнэлгээний компаниас сонгож үнэлгээг хийлгэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотлох баримтад хамаарна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх барилга, газрыг дуудлага худалдаагаар борлуулсан тохиолдолд үйл ажиллагаа явуулах боломжгүй, мөн бид тусгай зөвшөөрлийн дагуу газар ашиглан барилга байгууламж, тоног төхөөрөөмжөөр бүрэн тоноглож ажиллан орлого олж, төлбөрөө төлөх боломжтой. Анхан шатны шүүх Хүлэгт хүннү аудит ХХК-ийн үнэлгээг харьцуулан дүгнээгүйд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч МХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулж, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Халив багт байрлах Элстэй дэх төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэрийн барилгыг 2 719 424 490 төгрөгөөр, мөн тус уурхайн 0,3 га газрыг 43 740 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч МХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар ашиглах эрх, үйлдвэрийн барилга , тоног төхөөрөмж зэрэг 4 ширхэг обьект барьцаалсан байхад зөвхөн баяжуулах үйлдвэр, газрыг үнэлсэн. Иймд Хүлэгт хүннү аудит ХХК-аар үнэлгээ хийлгэхэд хөрөнгийг нийтэд нь бодитойгоор үнэлсэн тул энэ 2 үнэлгээг харьцуулж, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэж шаардсныг, хариуцагч эс зөвшөөрч ...4 ширхэг барьцаа хөрөнгөөс эхлээд үйлдвэрлэлийн барилга болон газрыг үнэлж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлээгүй, тусгай зөвшөөрлийг дараагийн ажиллагаагаар битүүмжлэн, хурааж, дахин үнэлгээ тогтоох ажиллагаа тусдаа явагдана гэж тайлбарлажээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2016/08682 дугаар захирамжаар МХХК нь 20 280 830 537 төгрөгийг ХААН банк ХХК-д төлөхөөр зохигч эвлэрлэснийг баталсан байна. /1хав-50-51х/

 

Төлбөр төлөгч МХХК нь дээрх захирамжийг сайн дураар биелүүлээгүйгээс төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШЗ2019/02830 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж, мөн өдрийн 237 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасыг үндэслэн НШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. /1хав-47-49,68/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247 дугаар тогтоолоор Дорноговь, Хатанбулаг сум, Халив баг, Элстэй дэх Ү-0710000047 дугаар гэрчилгээтэй төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэрийн барилга, мөн хаягт байрлах 0341617 дугаар гэрчилгээтэй 0,3 га талбайтай газрыг тус тус битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 20300247/159 дугаар тогтоолоор хураажээ. /1хав-154-157-х/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч МХХК нь үл хөдлөх эд хөрөнгө болох төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэрийн барилгыг албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг 114 174 000 000 төгрөгөөр, 0,3 га талбайтай газрыг 2 000 000 000 төгрөгөөр үнэлэх үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ХААН банк ХХК зөвшөөрөөгүй ба улмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/507 дугаар тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий хуулийн этгээд болох Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасантай тус тус нийцсэн байна. /1хав-163,169-170-х/

 

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах Элстэй дэх төмрийн хүдрийн усан баяжуулах үйлдвэр хаягт байрлах, улсын бүртгэлийн гэрчилгээнд 1925 м.кв боловч хэмжилтээр 5136.5 м.кв талбайтай, төмөр карказан рамтай, бетон шалтай, 20 см сендвичин хана, дээвэр, хаалгатай, төвийн цахилгаанд холбогдоогүй, зөөврийн цахилгаан үүсвэртэй, төмрийн хүдэр боловсруулах зориулалтаар тоноглогдож үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрлэлийн зориулалттай барилгыг 2 719 424 490 төгрөгөөр, мөн хаягт байрлах Усан баяжуулах-ын зориулалттай 0,3 га талбайтай, 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон 0341617 дугаар гэрчилгээтэй газар ашиглах эрхийг 43 740 000 төгрөгөөр үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэж, үнэлгээний дүнг нэгтгэн, зах зээлийн үнэ цэнийг тогтоосон байна. /1хав-178-198-х/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаас үзвэл шинжээч томилох эрх бүхий этгээд нь НШШГГ- болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтаар гаргасан, эрх бүхий этгээдээс томилогдоогүй, тус хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар битүүмжлэн хураагдаагүй зарим хөрөнгөд үнэлгээ хийсэн Хүлэгт хүннү аудит ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болон газрын үнэлгээг тогтоох боломжгүй юм.

 

Иймээс шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний зах зээлийн, өртгийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн үнэлгээ тогтоосон талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Үнэлгээ тогтоосон ажиллагаа хуульд нийцсэн гэж үзлээ.

 

Дээр дурдсан үнэдэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2021/00513 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.БАЙГАЛМАА