Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/02942

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Нэхэмжлэгч:

Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нарантунгалаг, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.07.27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрээр Д., О. нараас 25 911 822 төгрөг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч М.Нарантунгалаг нь 2017 оны 04 сарын 06-ны өдөр О., Д. нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Москва хороолол 14070 москвагийн гудамжны 143 байр 81 тоот Ү-2201024457 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх гэж ирэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т заасан “...төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна” гэж заасныг зөрчсөн буюу миний өмчлөлийн орон байрт нэвтрэхдээ гэрч оролцуулаагүй. Мөн Шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд О. болон Д. нарын үл хөдлөх эд хөрөнгийн оршин байх хаяг нь биш байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1 дэх хэсэгт буюу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны битүүмжлэх тогтоол хууль ёсны байх зарчмыг зөрчсөн байна.

Энэ нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрт тусгаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэв.  

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөлөөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  

          Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дүгээр сарын 27-ны өдрийн 410 дугаар шийдвэрээр Донхорын , ийн  нараас 26.199.331 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Д., О. нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн гудамж, 143 дугаар байрны 81 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэлтэй 34.2 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлбөр төлөгч Д.ийг байлцуулан 136/06 тоот тогтоолоор битүүмжилсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д төлбөр төлөгчийн орон байранд нэвтрэх, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, түүнийг хураан авах ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна Бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрч оролцуулж болно гэж заасан байдаг.

Иймд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа хууль зөрчөөгүй явагдсан байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 6/48 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог 2011 оноос Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо болгон нэршлийг өөрчилсөн нь нотлох баримтаар тогтоогдоод байна.

Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Д., Д. нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх, зохигч талуудын нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д., Д. нар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай гомдлын шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэрээр Ариг банкны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 911 822 төгрөгийг хариуцагч Д., Д. нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Москва хороолол 143-81 тоот хаягт байрлах, 34.2 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 03 сарын 13-ны өдрийн 17278468 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэр, 2017 оны 02 сарын 07-ны өдрийн 184/ГХ2017/00233 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2017 оны 03 сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах тухай 17278468 дугаар тогтоол гаргасан, энэхүү тогтоолыг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулсан байна.

Тус албанд шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заасан төлбөр төлөгч Д., Д. нараас 25 911 822 төгрөгийн төлбөр, улсын тэмдэгтийн хураамж 287 509 төгрөг, нийт 26 199 331 төгрөгийг Ариг банк ХХК-ийн Зээлийн болон барьцааны гэрээнд заасан улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Москва хороолол 143 дугаар байрны 81 тоотод байрлах, 34.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг хийхээр заажээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 4 сарын 06-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжилсэн 136/06 дугаартай тогтоолоор Ү-2201024457 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/, Москвагийн гудамжны 143 дугаар байрны 81 тоот 34.2 м.кв талбайтай хуучин орон сууцыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлан, төлбөр төлөгч Д.т хариуцуулж, тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх буюу төлбөрийг төлөх мэдэгдлийг өгсөн байна.   

Дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг хийх, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна”, 30.2-т “Бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно” гэж заасныг зөрчөөгүй байна гэж шүүх дүгнэлээ.   

Харин нэхэмжлэгчийн гомдлын шаардлагын 2 дахь үндэслэлд дурдсан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаартай шүүхийн шийдвэрт тусгаагүй үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн нь хууль зөрчсөн гэх гомдлын талаар:

Хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 2010 оны 12 сарын 24-ний өдрийн 6/48 дугаартай “Хороодын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай” тогтоол түүний хавсралтад зааснаар “29 дүгээр хороо” болгон нэршлийг өөрчилсөн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул хууль зөрчихгүй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нарийвчлан зохицуулсан.

Гэтэл Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлээр шүүхийн шийдвэрлэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсанд бичигдсэн зээлдэгчийн барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024457 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг 18 дугаар хороо, Москва хороолол 143 дугаар байрны 81 тоотод байрлах, 34.2 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тодорхойлон заасан байхад шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолд Сонгинохайрхан дүүргийн “29 дүгээр хороо” гэж тодорхойлж бичсэн нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заагдсан хаягт байх үл хөдлөх эд хөрөнгө биш болж зөрөх, түүнчлэн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд заагаагүй байршилтай үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа хийгдсэн гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжилсэн 136/06 дугаартай тогтоолд битүүмжилсэн тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хаягийг хуучин 18 дугаар хороо буюу өөрчилсөн 29 дүгээр хороо гэсэн тодруулгатайгаар бичээгүй зэрэг нь учир дутагдалтай гэж үзнэ.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/03 дугаартайЭд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”-ыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх гомдлыг хангах үндэслэл болов.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах арга, журам, дэс дарааллыг нарийвчлан зааж, тусгайлан зохицуулсан заалтыг хэрэгжүүлэх нь гагцхүү шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг юм.

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан хугацаанд буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 04 сарын 18-ны өдрийн 3/343 тоот хариуг авсны дараа 2017 оны 04 сарын 26-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

        ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/-ийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 136/03 дугаартайЭд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол”-ыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ТҮМЭНЦЭЦЭГ

 

           

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна 

Нэхэмжлэгч Д., О. нар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2016/00410 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1569 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01321 дүгээр тогтоолоор Д., О. нараас 25 911 822 төгрөгийг гаргуулан Ариг банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-23-28 дугаар тал/ 

Уг шийдвэрийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 184/ГХ2017/00233 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хороолол /18070/ Москвагийн гудамжны 143-р байрны 81 тоот 34,2 м.кв талбайтай 1 өрөө, Ү-2201024457 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэх ажиллагааг явуулжээ.

/хх-35-36 дугаар тал/

Дээрх ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Д. байлцаж эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолд гарын үсэг зурсан тул хариуцагч нь 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийг битүүмжилсэн 136/06 тоот тогтоолын дагуу төлбөр төлөгч Д., О. нарын эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв. 

Төлбөр төлөгчийн үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн, тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас эд хөрөнгийг борлуулах зорилгоор дээрх ажиллагааг явуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 36.5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүйгээс гадна нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон тул шийдвэр гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг тогтоох байсан гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 136/06 дугаартай Эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолын дугаарыг 136/03 гэж буруу бичснийг зөвтгөж, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1 дэх хэсэгт шийдвэр удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ гэж заасан ба шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт захирамжлах нь гэж буруу бичснийг тогтоох нь гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/02942 дугаар шийдвэрийн 136/03 гэснийг 136/06 гэж, ЗАХИРАМЖЛАХ нь гэснийг ТОГТООХ нь гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийгхэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.