Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 181/ШШ2020/02231

 

 

 

 

 

 

2020 09 04

181/ШШ2020/02231

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: и.б

хариуцагч:л.д

интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.508.600 төгрөг, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.697.754 төгрөг, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4.000.000 төгрөг, нийт 34.206.354 төгрөгийг гаргуулах тухай үндсэн болон,

хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 10.414.112 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч и.бХХК-ийн захирал Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Ч.*******, шинжээч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч и.бХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин, шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар гаргасан тайлбартаа: Манай компани нь л.дХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан хана, шал, тааз, цахилгааны ажлуудыг иж бүрнээр нь засварлах ажлыг 73.374.430 төгрөгөөр, интерьер дизайн зураг төслийн ажлыг 6.508.600 төгрөгөөр тус тус тооцож, 2018 оны 7 дугаар сарын 24-ний дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэрээнд тохирсноор урьдчилгаа төлбөрийг гэрээ байгуулж, гарын үсэг зурсны дараа шилжүүлсэн. Гэвч гэрээт ажлыг хугацаандаа бүрэн гүйцэтгээгүй мөн чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцалж зарим ажлуудыг зогсоосон. Иймд бид урьдчилгаанд төлсөн төлбөрийн хийгдээгүй ажлын зөрүүнд 19.797.675 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256.938 төгрөгийн хамт гаргуулах шаардлага анх гаргасан.

Манай компани нь виста оффиссын 5 давхарт байрлах өөрийн өмчлөлийн оффисын засал чимэглэл, цахилгааны засвар үйлчилгээ хийх шаардлага үүсч www.barilga.mn цахим хуудаснаас хайлт хийж л.дХХК-ийг сонгож 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээний дагуу л.дХХК нь 464,9 м,кв талбайтай оффисын интерьер дизайны зураг төслийн ажлыг мэргэжлийн төвшинд зурж гүйцэтгэх, үүнд ерөнхий төлөвлөлт, 3D зураг, ажлын зураг буюу техникийн байгуулалт, тааз, хана, шал, гэрэлтүүлэг, тавилгын нарийн хэмжээст зураг хийж гүйцэтгэх, урамшуулалд нь гүйцэтгэлийн ажлын төсөвт өртгийг тооцож өгөх үүрэг хүлээж, гэрээт ажлын нийт хөлсийг 6.508.600 төгрөгөөр харилцан тохиролцсон. Гэрээ байгуулсны маргааш манай компани үүргээ биелүүлж гэрээний үнийн дүнгийн 50% болон 3.254.300 төгрөгийг л.д ХХК-ийн дансанд төлсөн.

Гүйцэтгэгч нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр цахим шуудангаар зураг төслийн ерөнхий төлөвлөлтийг файл хэлбэрээр танилцуулсан ч бидэнд таалагдаагүй тул нэмэлт санал өгч засварлахаар тохирсон.

Гэвч дахин өөрчлөлт хийж ирүүлээгүй, ажлын зураг, төсөвт өртөг тооцож өгөх үүргээ огт биелүүлээгүй. Гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь захиалагчтай тохиролцсоны дагуу захиалагчийн үндсэн санааг тусган, гэрээт ажлыг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэнэгэсэн үүргээ тус тус биелүүлээгүй ба гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 3.254.300 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй гэж үзэж байна.

Мөн гэрээний 4.5-д ..гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хэтэрсэн бол хоног тутамд гүйцэтгэгч тал 0,5 хувийн алданги төлнө гэж заасан ба гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх үндэслэлтэй. Гэрээт ажлын үнийн дүн 6.508.600 төгрөг, гүйцэтгэгч нь захиалагчид ямар ч үр дүн шилжүүлээгүй тул гэрээнд заасан үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй гэж үзэн алдангийг тооцвол 6.508.600х0,5%=32.543х131хоног/2018,06,21-ний өдрөөс 2018.10.30/=4.263.133 төгрөг, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-д тэнцүүлж 3.254.300 төгрөг болгон тооцсон.

Хэдийгээр интерьер зураг төсөл хугацаандаа бэлэн болоогүй ч бид нэгэнт хамтран ажиллахаар тохиролцсон, бидний хүссэнээр хийж өгч чадна гэж амласан тул л.дХХК-д итгэл үзүүлж 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 464,9м.кв талбайтай оффисын засварын ажлыг өөрсдөө 20 хоногт хийнэ гэсний дагуу гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт төсвийг нэмүү өртгийн албан татвар орсон дүнгээр 73.374.430 төгрөг гэж тооцсон, энэ нь хариуцагч компаниас 2018 оны 05 сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн төсөвт өртгөөр нь тооцооллыг үндэслэсэн.

Манай компани гэрээний 4.2-т заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт үнийн дүнгийн 80% болох 58.699.544 төгрөг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний хооронд 20 хоногийн дотор заслын ажлыг гүйцэтгэнэ гэсэн тул манай компани ажилтнуудаа нэгдсэн журмаар амрааж гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх боломж нөхцлийг ханган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талбайг бүрэн чөлөөлсөн. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх болоход ажил хангалттай хийгдээгүй байсан тул манай компанийн зүгээс өөр нэмэлт ажилчид авч цонхны амлагаа, хананы засал зэргийг гүйцэтгүүлсэн.

Харин гүйцэтгэгчид цахилгааны ажлыг дуусгах, шалны тэгшилгээ, PVC хулдаас наах ажлыг даалгасан. Гүйцэтгэгчийн ажилтнуудын ажил гүйцэтгэх ур чадвар муугаас хугацаа их алдсан, л.дХХК-ийн хийсэн шалны тэгшилгээ нь чанарын шаардлага хангахгүй, овгор товгор, овойсон нь хулдаасны цаанаас мэдэгдэж байсан.

Мөн хулдаас нь стандартын шаардлага хангаагүй мм-ийн зөрүүтэй, наахад ам нь зэрэгцдэггүй, хагарч эмтэрсэн, стандарт хулдааснаас жижиг хэмжээтэй байсан. Гүйцэтгэгч гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгэж чадаагүй нөхцөл байдлаас шалтгаалан манай компанийн зүгээс гэрээг цуцлах санал гаргаж үлдсэн ажлыг бусдаар гүйцэтгүүлж цэвэрлэгээг өөрсдөө хийн 2018 оны 08 дугаар сарын 20-ны үед оффисоо ашиглалтад оруулсан юм.

Манай компани программ хангамж, софтвэйр чиглэлийн 2000 гаруй байгууллагад үйлчилгээ үзүүлж, программ хангамж хийдэг, гэрээний үнийн дүн асар өндөр байдаг учраас тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай байдаг хамгийн чухал нь цаг хугацаа байсан тул хариуцагч компанийг үргэлжлүүлэн хүлээх боломжгүй байсан.

Гүйцэтгэгч гэрээт ажлыг чанаргүй гүйцэтгэсэн тул захиалагч 70 гаруй м.кв талбайтай 2 жижиг өрөөний гүйцэтгэгчийн хийсэн PVC шалыг хуулж иргэн Г.Пүрэвсүхтэй гэрээ байгуулан дахин сайн чанарын PVC шалыг наалгасан. Энэхүү ажлын хөлсөнд 4.000.000 төгрөгийг Г.Пүрэвсүхэд төлсөн ба л.дХХК нь ажлаа зохих ёсоор гүйцэтгэсэн бол дахин ийм зардал гаргаж хохирохгүй байсан. Манай компани гэрээний урьдчилгаанд 58.699.544 төгрөгийг төлснөөс гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлс болох 40.937.766 төгрөгийг хасч тооцон 17.761.778 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэрээт ажлыг хугацаа хэтрүүлсний алданги тооцон 5,935,976 төгрөг, ингээд барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.697.754 төгрөг, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4.000.000 төгрөг, үүн дээр өмнөх гэрээний 6,508,600 төгрөгийг нэмэхэд, нийт 34.206.354 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн.

Хариуцагч талын тайлбартай холбогдуулан нэмж тайлбарлая. Гүйцэтгэгч нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр манай компанийн нягтлан бодогч *******ын цахим шуудангаар ирүүлсэн ажлын гүйцэтгэлийн төсөвт өртөг гэх файлд зарим ажлыг огт хийгээгүйгээ хүлээн зөвшөөрч багасгасан боловч хийсэн гэсэн нь анхны гаргасан төсөвт өртгөөс илтэд зөрүүтэй, худал тооцоолол ирүүлсэн. Үүнд үндэслэн бид гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хавсралт болох л.дХХК-ийн гаргасан гэрээт ажлын төсөвт өртөгт анализ дүгнэлт хийж үзэхэд бидний барилгын ажлын мэдлэггүй, хэт итгэсэн байдлыг далимдуулан барилгын материалын хэмжээг хэт ихээр төсөвлөсөн, үүнийг зах зээлийн ханшнаас илүү тооцсон зарим төрлийн ажлын хөлсийг нэмсэн нөхцөл байдал илэрсэн.

Бид гүйцэтгэгчийн хийсэн ажлын хөлсийг өөрсдийнх нь гаргаж өгсөн төсөвт өртгийн дагуу илтэд худал хэмжээ гаргасан, үнийн дүн зөрсөн нь баримтаар нотлогдож байгааг нь л засч тооцсон ба барилгын материалын үнэ, ажлын хөлс, цэвэр ашиг нийт 37.216.151 төгрөг, НӨАТатвар 3.721.615 төгрөг, нийт үнэ 40.937.766 төгрөг болсон.

Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгөх байсан боловч хугацаандаа гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахааргүй байсан. Оффиссыг нэн яаралтай ажиллагаанд оруулах шаардлагатай байсан тул захиалагч өөр гүйцэтгэгчийг хөлслөн зарим ажлыг хийлгэж 2018 оны 08 сарын 22-ны өдөр дуусгасан.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т тохиролцсон хугацаандаа ажлаа дуусаагүй тохиолдолд хэтэрсэн 1 хоног тутамд төсвийн гүйцэтгэлийн ажлын үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцно гэж заасныг үндэслэн 29/2018.07.24-2018.08.22/-ны хоорондох хоногийн алданги 5.935.976 /40,937,766х0.5%=204,689х29 хоног/ төгрөгийг нэхэмжилсэн.

Зургийн гэрээгээр зургаа үзүүлж сонгуулна гэчихээд ямар ч зураг зураагүй үзүүлээгүй. Сая хурал дээр үзүүлээд байгаа зураг нь 2018 оны 02 дугаар сарын огноотой, хэрэгт хамааралгүй. Энэ зургуудаас зөвхөн дээд талыг нь зассан зургийг ярьж байсан, тэр нь зурсан зураг биш, интернет сайтынх байсан, яг манай нөхцөлд болохгүй гэдгийг хэлж, тооцоо сайн хийж зураад үзүүл, тэгээд зургаа батлуул гэж хэлсэн. Итгэж байна, битгий итгэл алдаарай гээд материалаа татаж авна гэхээр нь урьдчилгаа төлсөн.

30 хувийг нь гүйцэтгэсэн гэж байна. Гэтэл гүйцэтгэсэн зураг байхгүй. 2018 оны 06 дугаар сард захиалагчийн хүсэл, сонирхлын дагуу судалгаа хийж зургаа сонгуулахаар тохирч гэрээ байгуулсан. Үнэхээр хийсэн байсан бол анхнаасаа хэрэгт нотлох баримтаар өгөх боломж хангалттай байсан. Хэдэн жил өнгөрчихөөд байхад өнөөдөр хуралдаан дээр огт өөр огноотой хуулбар зураг үзүүлж байгаа нь үндэсгүй.Гэрээний 2.5-д гүйцэтгэгч тал зургийн гүйцэтгэлийн эхийг гаргах, хар зурагтаа захиалагч талын саналыг бүрэн тусгах бөгөөд тухайн ажилбар бүрийн шийдлийг 100 хувь урьдчилан санал болгосны үндсэн дээр хамтран ажиллах үүрэгтэй. Тийм санал авах шийдэл, хар зураг ч байхгүй. Барилгын зураг төсөл, интерерь дизайны ажлыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж хийх ёстой. Барилга.мн дээр тусгай зөвшөөрөлтэй гэх тодотголтой явдаг хэрнээ л.дХХК-д ямарч тусгай зөвшөөрөл байхгүй.

07 дугаар сарын 21-ний өдөр ажил дууссан байх ёстой гэтэл цонхнууд болохоо больсон, шалыг нь овоолоод хаячихсан, заалны голд хэдэн машин шороо овоолсон, хогоо цэвэрлээгүй хачин байдалтай орхичихсон байсан. Ажлаа хурдан хий, бид нар 08 дугаар сарын 01-ний өдөр ажил эхлэнэ,засварын ажил дуусч өөрийн ажлаа эхлэхгүй бол бидэнд өөр гэрээнүүдийн алданги тооцогдох учраас хурдал гэж хэлсэн. Дахиад 3 хоногийн дараа буюу 24-ний өдөр ороод иртэл хүн байгаагүй. Ажилчид нь чадвар муутай 4, 5 залуу байсан, ажлаа хийдэггүй, тамхи татаад суучихдаг, зүгээр сууж хоолны мөнгө авна гэдэг.

Сүүлдээ эдний хүмүүс ажиллахгүй гээд хаяад явсан, 1 хүүхэн, 2 залуу орж ирсэн, анх удаа шал нааж үзэж байна, биднийг зуун айлаас дуудаж ирээд хийлгэж байгаа гэж бидэнд хэлсэн. Уг нь бүтэн байгууллагын засвар, тааз, хана гээд бүгдийг нь хийнэ гэж тохирсон ч сүүлдээ тааз, хана гэдгийг бүгдийг нь байхгүй болгосон, таазны ажил хийгээгүй. Манай тааз яг хуучин байсан хэвээрээ байгаа. Цонх сольж амалгаа хийхдээ амалгаанууд нь хөндий цан цохингуут хуурч унахаар байсан тул хананы амалгаануудыг бүгдийг нь нурааж дахиад шинээр хийлгэсэн. Хана нь ч муухай болсон байсан. л.дХХК ажлаа хаячихсанаас арга ядаад өөр бригад авчирч засварын ажлаа хийлгэж дуусгасан. Овоолсон шороо хогийг бид өөрсдөө 4, 5 ажилчдаа дайчилж хүрздэж зөөж цэвэрлэсэн.

л.дХХК-ийн буруугаас байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. Харилцагчийн тоо маш их буурсан ч дам зүйл тооцоогүй, зөвхөн холбоотой зүйлээ л тавьж байна. 08 дугаар сарын 01-ний өдөр ажил орно гэж тохирсон ч 08 дугаар сарын 29-нд орсон. Бизнес хийж байгаа залуу хүн алдана гэдгийг тооцож ажлы нь явуулахыг бодсон.

Гэрээнд заасан нэлээд ажилд бид сэтгэл дундуур байсан ч гэсэн хүлээж авсан.-Коридорын заалны 3х5-ын хэмжээтэй таазны ажлыг хүлээж авсан. Цаад талын тааз хачин юм хийсэн байсныг бид өөрсдөө янзалсан. Бидний үйл ажиллагаа зогсчих гээд байсан учраас бараг ихэнх ажлуудыг өөрсдөө хийсэн, орж ирэх болгондоо төсвөө өөрчилдөг.

Шинэ бригад урд талын өрөөг нэг өдрийн дотор тэгшлээд, дээрээс нь яг энэ 5 давхартай тэнцүү 3 давхарт бас нэг байрыг бүтнээр нь засч, баннерыг нь хийж, хулдаас хийхэд 1 өдөр л зарцуулсан.

Засвар, засал чимэглэлийн ажил ч зураггүй байсан.Сүүлд Барилгын хөгжлийн төвөөс 2 шинжээч, сүүлийн шинжээч бас очиж шинжилсэн. Зураг төслийн ажлыг огт гүйцэтгээгүй, 30 хувийг гүйцэтгэсэн гэдэг нотлогдоогүй.

07 дугаар сарын 02-ны өдрөөс эхлээд 07 дугаар сарын 24-ний өдөр хүртэл наадмын 7-10 хоногийн амралтууд үргэлжилдэг, тайван үе. Энэ хугацаанд л.дХХК-г шөнийн цагаар ажиллуулаагүй гэдэг гомдол баримтгүй. Анхнаасаа барилгын засал хийхэд 7, 8 давхар оффист чимээ үүснэ гэдгийг гэрээндээ тусгаж болох байсан.

Тавилга нэг талд нь хураасан байсан бол бүрэн чөлөөлж өг гэж шаардах байсан, энэ нь баримтгүй. Хаалга болон цонхны амалгаа хийхэд тавилга хаана байх нь огт нөлөөлөхгүй.

Нэмэлт ажил буюу гэрээнд тусгагдаагүй ажлыг хийсэн гэж байна.

Сүүлд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай хамт өгсөн хэргийн 96-97 дугаар хуудасд авагдсан хүснэгтэд, л.дХХК-ийн анхны гаргаж өгсөн төсөв, явцын дунд өөрчилж 08 дугаар сарын 16-ны өдөр гаргаж өгсөн гүйцэтгэлээр нь тооцож, захиалагч ажил тус бүрээр харьцуулсан байдлаар гаргасан. Хийнэ гэж тохирчихоод хийгээгүйг л хассан. Анхны төсөвт ажлууд дээр нураах, шинээр хийсэн гипсэн хананы болон цахилгааны ажлын нэмэлт зардал нэмж орсныг тусад нь гаргасан. Нэмэлтээр хана нураалгаж, таазанд хийлгэсэн ажлуудыг хүлээн зөвшөөрч, нэмэлт цахилгааны ажил орсноор мөнгийг нь яг өөрсдийнх нь өгсөн төсвийн дагуу юү ч хасалгүй санхүүжилт өгсөн, өгөөгүй асуудал байхгүй.

Хамгийн гол нь пи ви си хулдаас 60,60-ын харьцаатай байх ёстой атал чанар стандартын шаардлага хангахгүй байсан. Наасан нь дандаа 43,5 миллиметрийн зөрүүтэй, амнууд нь нийлэхгүй зөрүүтэй арзайсан,булан нь сэтэрсэн, эмтэрсэн байдалтай, зургаар өгсөн. Шаланд пи ви си хулдаас наасан хөлсийг 464.9 м.кв талбайг 7000 төгрөгөөр наана гэж тооцсон. Чанарын шаардлага хангахгүй наасан тул тал үнээр буюу 3000 төгрөгөөр тооцсон.

л.дХХК цахилгааны ажилд 3 өнгийн цэнхэр, улаан, газардуулгын алаг утас 730 м утас орсон гэж ярьдаг, 730 метрээр 3 гэхээр 2190 метр утас орсон байх ёстой болно. 08 дугаар сарын 16-ны өдрийн гүйцэтгэл гарсны дараа ******* өөрөө захиалагчийн талаас Мөнхтүвшин, Пүрэвсүх 3 метр барьж хэмжихэд хана, шалаараа нийт 1416 метр буюу тус бүр 500 метрийн 3 утас орсон байсан тул 500-гаар тооцсон. Шинжээч ажлын зургаа аваад ир хэдэн метр утас орсныг тогтооё гэхэд баримт байхгүй гэсэн, тогтоолгоогүй.

л.дХХК 580,000 төгрөгийн үнэтэй 8 ширхэг цагаан хаалга суулгасан гэсэн, харин хаалга худалдсан газар нь 480,000 төгрөгөөр зараад тус компанийн хүмүүс нь манай Виста оффис дээр өөрсдөө ирж үнэгүй суурилуулж өгсөн гэдгээ хэлсэн тул мөнгө нэхэх үндэсгүй.

Хогийг сүүлд бид өөрсдөө ачиж зөөн тээвэрлэж арилгасан тул манайх 240,000 төгрөг төлөхгүй.

Энэ хаалга суулгах, хаалганы үнийн зөрүү, шаланд пи ви си хулдаас наах ажлын зөрүү, цахилгааны утасны зөрүү, хог ачих ажлын хөлсний зөрүү гарч байгаа. Түүнээс биш бусад засал, чимэглэл, хана суулгах, хийх зэрэг бүх ажлыг л.д ХХК-ийн гаргасан төсвөөр тооцогдсон.

8 хаалганы 800,000 төгрөг, хаалга суулгасан 280,000 төгрөг, цахилгааны утасны 230 метрийн зөрүүн дээр 345,000 төгрөг, хог ачих 240,000 төгрөг, шалны мөнгө гээд 4 төрлийн ажил дээр үнийн зөрүү гарч сүүлд гүйцэтгэлээр 57,913,701 төгрөгийн ажил хийсэн гэж 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Интерактив би айХХК-иас нягтлан бодогчид тооцоо явуулсан. Энэ үнээс дээрх зөрүүг хасахаар 40,937,766 төгрөг болно. Үүн дээр материалын зардал, үйл ажиллагааны зардал, ажлын хөлсний зардал гэж өөрсдөө 10 хувиар тооцсон байсан. Цэвэр ашиг 10 хувиар тооцсон нь орж байгаа. НӨАТ-ын албан татвар 3,700,000 төгрөгөөр ороод нийт 40,937,766 төгрөг.

Иймд л.дХХК-иас интерьер дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээний үүрэгт 6.508.600 төгрөг, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23.697.754 төгрөг, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4.000.000 төгрөг, нийт 34.206.354 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээ дэмжинэ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгэж үзэн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.3 доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулахгэж зааснаар гүйцэтгэгчид урьдчилан төлсөн төлбөрөөс 17.761.778 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг үндэслэн гэрээт ажлыг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй алданги болох 5.935.976 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5-д үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн хохиролд 4.000.000 төгрөг нийт 27.697.754 төгрөгийг, зургийн гэрээний 6508600 төгрөгийн хамт 34.206.354 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа:2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зураг төслийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа и.бХХК-ийн 60 орчим хувь ажилчдын саналаар зураг төслийн өнгө төрхийг тодорхойлж интернетээс хайлт хийсэн зургуудыг манайд өгсөн. Энэ зургуудын дагуу өнгө төрхийг тодорхойлж дизайн зураг төсөл хий гэсэн. Бид хийж байх явцдаа и.бХХК-ийн ажилтан Мөнхтүвшинд и-мэйлээр үзүүлсэн. Тухайн зургаар ерөнхий план зураг, 3 ди зураг зурж и.бХХК-ийн ерөнхий захирал Чимиддоржид гадаад явахаас нь 2, 3 хоногийн өмнө проектор дээр үзүүлэхэд өөр зураг төслөөр хийлгэнэ гэснээр дахиж хийхээр болсон. Гэрээнд 30 хувиас дээш зураг төслийг гүйцэтгэсэн тохиолдолд манай талд нэмэлт төлбөрийг төлөөд 3.4-т зааснаар хугацааг сунгаж тооцно гэсэн. Захирал нь гадаад явсны дараа зураг төслийг хариуцаад, саналаа хэлэх хүн олдоогүй. Чимиддорж захирлыг ирэхээр шийднэ гэсэн. Чимиддорж захирал ирээд танайх гүйцэтгээгүй тул зураг төслийн урьдчилгаа мөнгийг буцааж өг гэсэн шаардсан. Бид зөвшөөрөөгүй. Яагаад гэвэл олонхи ажилтнуудын гаргасан саналаар зураг төслийг хийсэн тул шүүхэд сөрөг нэхэмжлэх гаргаж үлдсэн 50 хувийг авна гэсэн. Манай талаас зураг төслийн ажлыг дууссан гэж үзэж байгаа. и.б ХХК-ийн зүгээс өөрөөр зуруулна гэсэн. Захирлын өөрчилсөн саналаар бол дахиж зураг зураагүй.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, 07 дугаар сарын 02-ны өдрөөс ажлыг эхэлнэ, 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ажил гүйцэтгэх талбайг бүрэн чөлөөлж өгнө гэсэн боловч талбайн баруун хэсгийг чөлөөлж өгсөн. Зүүн хэсэгт баруун хэсгийн тавилгуудыг хураасан байсан. Гэрээний 3.3-т гүйцэтгэлийн ажилд саад болохуйц аливаа үйлдэл хийхгүй байх гэж заасан.

Бид цахилгааны ажил хийхийн тулд шалны цутгалтыг ухаж цахилгаан хийх явцад дээд доод давхрынх нь байгууллагууд өдрийн цагаар ажлаа зогсоо, цагдаа дуудна гээд саад болж байсан. Шөнө ажиллах гэрээ байгуулаагүй ч ажиллах үе байсан. Наадмын өдрүүдэд манайх амарсан. Түүнээс өмнө баруун талын шалыг дуусгаад, шалны бандераа хийсэн байсан. 16-ны өдөр ирэхэд 15-ны өдөр нааж дууссан шалан дээр Чимиддорж захирлын хамаатан гэж Мөнхсүх шууд тавилгаа оруулж ирээд угсарч эхэлсэн. 17, 18-ны өдрүүдэд зүүн хэсгийг бүрэн чөлөөлж шалны цахилгааны монтажийг хийж эхэлсэн. Хананд цахилгааны ажил хийх гэрээ хийгээгүй. Хананы цахилгааны ажлыг материал худалдаж авч бид гүйцэтгэсэн. Гэрээнд ороогүй таазны ажлыг гүйцэтгэсэн. Мөнхсүх авчирсан заслын хүмүүс нь япон угсардаг дөрвөлжин модон шатыг хөлөнд нь хамгаалалт хийлгүйгээр пи ви си шалан дээгүүр чирснээс шал урагдаж, зурагдсан гэж үзэж байна.

Бид цонхны амалгааны батлагдсан хэсгийг хийнэ, хана барихад үүссэн хананы дам нурууны хагархай хэсгийг шавардаж, косметик засал, чимэглэл хийнэ гэж гэрээнд заасан. Гэтэл нэхэмжлэгч тал манайхыг гэрээнд бүтэн заслын ажлыг хийх ёстой байсан гэж шаардлага тавьсан. Чимиддорж захирал наадмын дараа гадаадаас ирмэгцээ энэ ажлыг хиймээр байна. Танайх үнийн саналаа өг гэсэн. Дараа нь үнийн санал өгөх гэхэд Мөнхсүх би хийх гэж байгаа чи үнийн санал өгөх хэрэггүй гэсэн.

Ажил удааширсан нь үнэн. Чимиддорж захирал нь уурлаж биднийг маш их сүрдүүлж доромжилсон.

План зургийг Чимиддорж захирал үүгээр хийлгэхгүй өөр зураг хийлгэе гэсэн, харин өөрчилж дахин зураг зураагүй.

Шалыг нь хуулсан гээд байгаа өрөөний гипсэн таазыг хийсэн. 07 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлөгдсөн талбайн пи ви си шалыг наахад бэлдээд цахилгаан монтажаа бүгдийг нь ашиглалтад оруулж, бэлэн болгоод шалаа нааж эхэлж байсан.

Маргаан үүссэн нь Чимиддорж захирал гадаад руу ажлаа хаяж явсан, хариуцлагагүй хандсан гэж үзэж байна. Бид богино хугацаанд ажлыг шахаад дуусгасан. Чимиддорж захирал зүй бусаар харьцсан. Хаалганы асуудал бол манайх энэ газартай 2014 оноос хойш хамтарч ажиллаж байгаа тул хаалгаа ав, үнэгүй суулгаж өгнө гэсэн эрх манайд өгсөн. Шалаа наагаад 72 цаг хатаах ёстой байтал Интерактив би ай ХХК ажлаа эхлүүлэх гэж яараад маргааш нь шууд тавилгаа оруулж угсарснаас шалны хотгор гүдгэр үүссэн. Тэр өрөөг дахиж хий гэсэн тул янзлахаар эхлээд хуулсан. Шалны баннер хатаагүй 2,3 хоног хатааж байгаад наамаар байна гэж Чимиддорж захирлын өрөөнд нь орж хэлэхэд над руу уурласан. Шалыг нь хуулж авах явцад эвдэрсэн шалыг нь буцааж шинэ шалаар сольсон. Гэтэл нөгөө шалны баннер нь гүйцэд хатаагүй байсан учраас дахиад хуурах, сөрдийх асуудал гарсан. Энэ асуудал нэхэмжлэгч талаас шалтгаалсан. Ажил хүлээлцсэн акт байхгүй. Бид пи ви си шалыг 22,000 төгрөгөөр авсан гэж төсөвт тавьсан. Тохиролцож чадаагүй учраас би болъё, шүүхээр учраа олоё гэж хаяад гарсан. Шал хуулж зассан төлбөрөө манайхаас нэхээд байгаа нь үндэслэлгүй гэв.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлээ дэмжиж гаргасан тайлбартаа: Манай компани нь и.бХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06/05/01 тоот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Виста цэнтр 58 давхарт байрлах, 464.9 м.кв талбайтай оффиссын интерьер дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээг 6.508.600 төгрөгийн үнийн дүнгээр, мөн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх 06/21/01 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 464,9 м.кв талбайд оффисын засварын ажлыг нийт 73.374.430 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Захиалагч нь интерьер дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээний үнэ 6.508.600 төгрөгийн 50% болох 3.254.300 төгрөг, мөн засварын ажлын үнийн дүнийн 80% болох 58.699.544 төгрөг, нийт 61.953.844 төгрөгийг манайд шилжүүлсэн.

Бид гэрээний дагуу заслын ажлыг гүйцэтгэсэн, ажлын явцад засварын ажлаас тодорхой ажлыг хийхгүй хасахаар харилцан тохиролцож заслын ажлын 73.374.430 төгрөгийн төсөвт өртгийг 65.859.356 төгрөг болгон бууруулсан.

Манайх 65.859.356 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээгээр тохирсон заслын ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч нь бүх ажил хийгдэж дууссаны дараа ийнхүү үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийн үндэслэлгүйгээр шаардаж байна. Бид зураг төслөө гүйцэтгэсэн байхад манайхыг дахиж гүйцэтгэ гэж шаардсан. Бид нэмэлт төлбөр авч зураг төслийн ажлыг дахиж гүйцэтгэх ёстой, хамтарч ажиллаж байсан учраас бид нар дахиж гүйцэтгэе гэж хүлээн зөвшөөрсөн. Зураг төслөө гүйцэтгээгүй гэж ойлгож болохгүй.

Бид шалыг хуулсан гээд байгаа өрөөнийх нь цахилгааны монтажийг төлөвлөлтийн дагуу хийсэн.

Нийт гүйцэтгэсэн ажил 65,859,356 төгрөг болсон, үүнээс авсан 58,699,540 төгрөгөө хасаад заслын ажлын үлдэгдэл төлбөр болох 7,159,812 төгрөг, зураг төслийн үлдэгдэл 3,254,300 төгрөгийн хамтаар 10,414,112 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна. Чанарын асуудал, дутуу орхисон ажил нь өөрсдөөс нь бас шалтгаалсан. 10,414,112 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 65,859,356 төгрөгийн өртөгт ажил хийсэн гэсэн нэг ч нотлох баримтгүй, нотлоогүй. Материал авсан, ажилчдын цалин өгсөн гэх нэг ч санхүүгийн баримтгүй.Гүйцэтгэлээ 65,859,356 төгрөг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргахаас өмнө болон нэхэмжлэл гаргасны дараа ч хугацаа хангалттай байсан. Энэ хугацаанд захиалагчтай тооцоо нийлэх харилцах боломж байсан. Энэ хооронд тооцоо нийлээгүй, нэг ч удаа гүйцэтгэлээ гаргаж, баталгаажуулаагүй.

Хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нягтлан *******ын цахим шуудангаар хийсэн ажил гэж 57,913,701 төгрөгийн дүнтэй имэйл явуулсан болохоос барьж ирээд уулзсан зүйлгүй. Нэг баримт өгөөгүй. 65,859,356 төгрөгийн ажил хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй.

Ажлаа өнөөдрийг хүртэл хүлээлцээгүй. Доголдлыг нь өөрт нь хэлээд арилга гэж захиалагч шаардлага тавьж байхад арилгаж өгөлгүй хаяад явсан. Ажлыг хүлээж авах боломж олгоогүй.

Доголдолтой байдал нь талуудын тайлбар үйл баримтаар нотлогдоно, ажил гүйцэтгэж байх 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө болохгүй, дутууг нь хэлж зарим ажлыг нь болиулж, зарим ажлыг нь нэмж хийлгээд явсан. 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш харилцаагүй.

Хууль болон гэрээнд зааснаар гэрээний зүйл ажлын үр дүн. Үр дүн ажил нь байхгүй байхад зургийн ажлыг гүйцэтгэсэн гэж үлдэгдэл 3,254,300 төгрөгийг төлбөр нэхэмжилсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Хийсэн зураг байхгүй, баталгаажуулсан нь байхгүй. Тиймээс хариуцагчийн 10,414,112 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.******* дүгнэлтийн үндэслэлээ тайлбарлахдаа: 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Виста оффисын 5 дугаар давхарт очиж и.бХХК-ийн оффисын засварын ажлын хэмжилтийг, и.бХХК-ийн нягтлан бодогч *******, админ Мөнхтүвшин, өмгөөлөгч *******, л.дХХК-иас Л.******* нарыг оролцуулж хийсэн. Хэмжилт хийхдээ анх гэрээ байгуулсан ажлын тоо, хэмжээ, нэмэгдэж хийгдсэн ажлууд дээр үндэслэсэн ба хийгдээгүй ажлуудын жагсаалтыг тус тус гаргаад 2 талаасаа зөвшөөрч гарын үсэг зурцгаасан.

Хэмжилт хийх үед 2 асуудалд маргаантай байсан. Нэгд, нийт 464,9 м.кв талбайд л.дХХК шалны тэгшилгээ хийж пи ви си хулдаас наах ажлыг 100 хувь хийсэн боловч үүнээс тусдаа 2 жижиг өрөө 60 м.кв талбайд хийгдсэн ажил нь чанаргүй байсан учраас хуулж, и.б ХХК дахин хийсэн байсан, үүнийг талууд зөвшөөрч гарын үсэг зурцгаасан.

******* хугацаа давчдуулж яаруулаад бандер тэгшилгээ хатаж амжаагүй байхад хулдаас наалгаснаас болоод чанаргүй болсон гэж тайлбарласан. 464.9 м.кв талбайн ажлын төсөв, 60 м.кв талбайд хулдаас хуулах, дахин шинээр наах төсвийг тусад нь гаргах ёстой байсан. Хоёрт, цахилгааны утас татах ажил дээр л.дХХК нийт 730 м.кв газарт 3 давхар утас татсан гэсэн. и.бХХК-иас 2 тал хэмжилт хийгээд 500 м.кв газарт утас татсан,3 давхар утас байсан учраас 3-аар үржүүлж нийт утасны хэмжээ гаргана гэсэн. Энэ хэмжилтийг хийхийн тулд гүйцэтгэлийн зургаа гаргаж өг гэж хариуцагч талаас шаардсан. Л.******* за гэж тохиролцоод явсан.

Би дүгнэлтэд тусгах бусад ажлуудаа 14 хоног гүйцэтгэж хийсэн ба энэ хугацаанд олон удаа зургаа явуул гэж шаардахад ирүүлээгүй тул Л.*******д өөрт нь хэлж байгаад, 05 дугаар сарын 22-ны өдөр дүгнэлтээ бичиж дуусгаад явуулсан. 23-ны амралтын өдөр 17 цаг өнгөрч байхад ******* фэйсбүүкийн чатаар холбогдож зургаа өнөөдөр явуулъя та хараад өгөөч гэсэн. Тэр зургийг би нээж үзэх боломжгүй амраад хотын гадна явж байсан, зураг нь авто кад дээр хийсэн зурган файл учир миний утсан дээр нээгдэхгүй заавал программтай компьютер дээр нээх шаардлага гарсан. 25-ны өглөө нэг дэх өдөр ажил дээр очоод нээж харсан боловч энэ зурагнаас хэмжээг нь тооцож гаргах боломжгүй, ямар ч тайлбаргүй байсан. Хананд цахилгааны монтаж явсан гэх хэсгийн монтажны зураг байхгүй. Зөвхөн өөрөө зурсан зураг байсан. Явуулсан зурагт 1500 гэж план дээр тасархай шугам зурсан байсан, би өөрөө автокадын программ дээр ажиллаад хэмжээг татаад гаргалаа ч гэсэн ханан дээр аль хэсэгт таазаар явсан утас нь хана руу доошоо буугаад хэдэн метр явсан, аль аль хананд явсан нь байхгүй тул миний дүгнэлтээ өөрчлөх үндэслэл болж чадахгүй байсан учир дүгнэлтээ өөрчлөхгүй гэдгээ хэлсэн.

л.дХХК-ийн нийт гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг 57,698,082 төгрөг болсон ба энэ нь 3 янзын төсөв байгаа. Нэгдүгээрт Интерактав биаиХХК-ийн оффисын байранд нийт хийгдсэн засварын ажлын төсөв. Өөр хүмүүс хийсэн нь орсон. л.д ХХК-ийн хийсэн ажил ч байгаа. Үүнээс л.дХХК-ийн гүйцэтгэсэн ажлынх нь төсөв 54,058,856 төгрөг.

60 м.кв талбайд хулдаас чанаргүй хийгдсэн байсныг хуулж өөр компаниар хийлгэсний төсөв нь 3,312,229 төгрөг болсон.

Тухайн үед л.дХХК хаалга тус бүрээс 100,000 төгрөг, угсралтын 35000 төгрөг тус тус хасуулна, утасны 345,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэсэн.Цахилгааны утсыг 1500-аар бодсон. Хаалга суулгасны төсвийг бодоогүй. Би зөвхөн хаалганы үнийг оруулах ч юм уу яг төсөв зохиоход тэгж хасах зүйл байхгүй. Хаалганы үнэлгээг л.дХХК-иас худалдаж авсан падаан баримт шаардахад харуулаагүй учраас зах зээлийн ханшаар 480,000 төгрөгөөр үнэлсэн.

Цахилгааны утасны үнэ дээр зөрүү гарсан. Хог ачихтай холбоотой асуудал бол яригдаагүй. Тухайн үед бүгдийг нь гараар бичсэн тэмдэглэл байгаа. Пи ви си хулдаасыг 60 м.кв талбайд сольсон байдал болон л.дХХК-ийн хийсэн хулдаасан дээр ажлын гүйцэтгэл чанарын хувьд ялгаатай харагдаж байсан. Хулдаасны чанарын хувьд би сүүлд 60 м.кв хийлгэсэн гэдэг хулдааснаас дээж авч барьж яваад барилгын материалын дэлгүүрүүдээр судалгаа хийсэн. Би өөрөө бас барилгын компанид ажилладаг, ажлынхаа хангамжийн менежерүүдээс туслалцаа аваад яг ийм хулдаасыг энэ үед ямар үнэтэй авч байсныг асууж судалсан. Манай оффис барилгад яг ийм хулдаас наасан. Үүний үнийг судалсны үндсэн дээр 22000 төгрөг гэж гаргасан. Би барилгын инженер, төсөвчин мэргэжилтэй.

Материалын чанар дээр бол нарийн дүгнэлт гаргахгүй. Холбогдох баримт нь байх юм бол харьцуулж харж байгаад дүгнэлт гаргаж болно. Ийм баримтгүй байсан.

Хулдаасны чанарыг тодорхойл гэсэн. Хулдаасны чанарыг тодорхойлох бичиг баримт, сертификат, лабораторийн дүгнэлт байхгүй тул чанартай, чанаргүй гэж гаргаагүй.

л.дХХК-ийн гүйцэтгэсэн тэгшилгээ хийсэн, пи ви си хулдаас наах ажлыг нүдээр харахад шалны тэгшилгээ нь овон товон тэгш бус байсан. Гэрэл зураг авч хавсаргасан. Ямар ч барилгын инженер харсан шалны тэгшилгээг нь муу чанаргүй хийсэн, муу тэгшилсэн шал дээр хулдаас нааснаас сэтэрч гэмтсэн байна гэж хэлнэ. Шалны тэгшилгээний асуудал ашиглалтын явцад үүсэхгүй. Харин хулдаасны хувьд ашиглалтын явцад гэмтсэн байж болно.Тэгшилгээний ажлыг дундчилж үзээд 20-30 хувь овон товонтой чанаргүй гэж нийт 464.9 м.кв-ын 20-30 хувь гэж тооцож гаргасан.

Хатаагүй байхад нь хулдаасаа нааж болохгүй. Тэр нь технологийн алдаа. Угаасаа бүрэн тэгширч бүрэн бэхжилт авсны дараа хулдаас наах технологитой. Технологи зөрчиж хийсэн бол шаардлага хангахгүй. Хулдаасны цавуунаас авсан чийгийг бүрэн хатаж бэхжилт авсны дараа ашиглана.

Төсөв бол барилгын ажлыг гүйцэтгэхийн тулд ямар хэмжээний зардал гарахыг урьдчилан тооцож гаргасан тооцоо ба бас гүйцэтгэлийн төсөв гэж хийчихсэн гүйцэтгэлээр бодитой гардаг. Урьдчилсан төсөв барилгын зурагт үндэслэж хийгддэг. Гүйцэтгэлийн төсвийг бодит хэмжилтэд үндэслэдэг. Бодит хэмжилтэд материалыг падаан, татвар дээр үндэслэж гаргах ёстой.

Хийсэн 3 төсөвт санхүүгийн ямар нэгэн баримт үндэслэж хийсэн зүйл байгаагүй.

Гаргасан төсөв дээр нэмэгдэл зардал 61 хувь гэсэн байгаа. Нэмэгдэл зардалд үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүх зардал ордог. Удирдлагын түвшний ажилчдын цалин, тухайн компани үйл ажиллагаа явуулахад янз бүрийн зардал гардаг. Бензин, бичиг хэрэг гэх мэт зардлууд ордог. Нормчлолын хувь 0.18 хувь гэдэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн барилга хөгжлийн ассоциацад төлдөг нормчлолын сангийн төлбөр юм. Зураг төсөл захиалагчийн зардал нь мөн зураг төсөл зохиогчийн инженер хяналт тавьж байгаа үед гардаг зардал. Магадлашгүй ажлын 2 хувь гэдэг нь төсөвт тусгагдаагүй ажил хийгдсэн тохиолдолд магадлашгүй ажлын зардал гарч байдаг.

Талбай дээр цахилгааны утсыг хэмжие гэхэд хаагуур утас явсныг заагаад өг гэхэд ******* мэдэхгүй байснаас хэмжилт хийх боломж олдоогүй. Ил харагдахгүй, хана таазны цаана далд орсон учир цахилгааны утас хаагуур явсан гэдгийг мэдэж хэмжих боломжгүй. 2 талыг байлцуулаад хэмжье гэхээр хоорондоо маргаад үгүй энд байсан энд явсан гээд байхаар нь гүйцэтгэлийн зураг гаргуулъя гэдэг шаардлага тавьсан, өгөөгүй.

Төсөвт өртгийн нэгдсэн товчооноос нормчлолын сан, захиалагчийн албаны зардал, зураг төслийн зохиогчийн хяналтын зардал, магадлашгүй ажлын зардал гэдгийг хасч тооцно, гүйцэтгэгчээс гараагүй зардал гэж тооцно.гэв.

Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан бичгийн баримтууд талуудын тайлбар зэргийг нэг бүрчлэн шинжлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч и.бХХК нь хариуцагч л.дХХК-д холбогдуулан,

-нэгдүгээр шаардлага, интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг гүйцэтгээгүй гэж үзэж олгогдсон хөлс 3 254 300 төгрөг, гэрээний үнийн дүнгийн 50 хувиар алданги тооцон 3 254 300 төгрөг, нийт 6,508,600 төгрөг гаргуулах,

-хоёрдугаар шаардлага, барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйгээс хариуцагч л.дХХК-иас нэхэмжлэгчид илгээсэн гэрээт ажлын гүйцэтгэлээр тооцоход гүйцэтгэсэн ажил нь 37 216 151 төгрөг болж, нэмүү өртгийн албан татвар 3 721 615 төгрөг нийт 40 937 766 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж, урьдчилгаанд төлсөн 58,699,544 төгрөгөөс 40,937,766 төгрөгийг хасч, үлдсэн 17,761,778 төгрөгийн хөлсийг ажил хийгдээгүй гэж үзэж буцаан гаргуулах, энэ гэрээний хугацаа 2018 оны 7 сарын 24-ий өдөр дууссан байхад 8 сарын 22-ны өдөр хүртэл хэтэрсэн 29 хоногийн алдангид 5 935 976 төгрөг нийт 23.697.754 төгрөг,

-гуравдахь шаардлага, гүйцэтгэгчийн буруугаас бусдаар хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 4 000 000 төгрөгийг гэрээнээс учирсан хохиролд тооцон бүгд 34,206,054 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд шаардлагаа бүрэн дэмжин оролцсон.

Хариуцагч л.дХХК интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелүүлсэн, ажилтнуудынх нь 60 гаруй хувийн саналаар сонгосон зургийн дагуу план,3D зураг хийж захиалагч талын удирдлагад үзүүлэхэд өөр зураг хийлгэе гэсэн, захирал нь гадаад явсан тул үзэж сонгох хүн олдоогүй, анхны сонголтоор зураг хийсэн тул гэрээгээр тохирсон хөлс 6 508 600 төгрөгийг авах эрхтэй гэж үлдсэн 3 254 300 төгрөгийг гаргуулж авах, мөн барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 464.9 м.кв талбайтай оффиссын засварын ажлыг нийт 73.374.430 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсоноос зарим ажлыг хасч 65.859.356 төгрөг болгон бууруулж тохирсон заслын ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн гэж нэхэмжлэлийг бүхэлд нь үл зөвшөөрч марган,

хүлээн авсан 58 699 544 төгрөгийн дутуу 7 159 812 төгрөг, зургийн гэрээний үлдэгдэл 3 254 300 төгрөгийн хамт бүгд 10,414,112 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган, итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт өмнөх тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцлоо.

Талуудын хооронд, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06/05/01 дугаартай Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 6 сарын 21-ий өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан.

1/. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06/05/01 дугаартай Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч л.дХХК нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж Виста оффис барилгын 5 давхарт байрлах 464,9 м,кв талбайтай оффисын интерьер дизайны зураг төсвийн ажил буюу тухайн объектын орон зайн төлөвлөлт, төлөвлөлтийн дагуу тухайлсан газруудад интерьер дизайны зураг төсөл захиалагч талын гаргаж өгсөн үндсэн санаа, даалгаврын дагуу зурж гүйцэтгэх, захиалагч ажлын хөлс НӨАТ орсон 6 508 600 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн,үүний 50 хувь болох 3 254 300 төгрөгийг гүйцэтгэгчид урьдчилж төлснөөр гэрээт ажил хийгдэж эхлэх,

гэрээний 1 дүгээр зүйлийн 1.7- зааснаар д зураг төслийн ажилд; ерөнхий төлөвлөлт ажлын 10%, ерөнхий төлөвлөлт батлагдсанаар 3D зургийн ажил эхлэнэ.

-3D зураг ажлын 60%, 3D зураг батлагдсанаар ажлын зураг эхлэнэ.

-Ажлын зураг буюу техникийн байгуулалт, тааз, хана, шал, гэрэлтүүлэг, тавилгын нарийн хэмжээст зураг ажлын 30%-ийг эзэлнэ. Үүгээр интерьер дизайны зураг төслийн ажил дуусахаар тохиролцсон.

Гэрээний 2-р бүлэгт гүйцэтгэгч нь захиалагчтай тохиролцсоны дагуу түүний үндсэн санааг тусган, захиалагчийн хүсэл сонирхлын дагуу судалгаа хийж, ажлыг мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, гүйцэтгэлийн явцыг захиалагчийн хүссэн үед нь саадгүй үзүүлж, ажлын явцтай танилцуулах, зургийн гүйцэтгэлийн эх хар зургийг гаргахдаа захиалагчийн саналыг бүрэн тусгах, тухайн ажил бүрийн шийдлийг 100 хувь урьдчилан санал болгосны үндсэн дээр хамтран ажиллах үүрэг хүлээсэн, хэрэв хугацаа алдсан нь гүйцэтгэгч талаас шалтгаалсан бол хугацаа хэтэрсэн хоног дутам 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.

2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрээний үнийн дүнгийн 50% болох урьдчилгаа хөлс 3 254 300 төгрөгийг л.дХХК-ид захиалагч и.бХХК төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Нэхэмжлэгч тал зургийн гэрээт ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгээгүй гэж,

хариуцагч анхны санал болгосон зургийг зурж гүйцэтгэсэн тул тохиролцсон ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж гэрээгээр тохирсон хөлсний үлдэгдлийг гаргуулахаар сөрөг шаардан, талууд Интерьер дизайны зураг төслийн гэрээт ажил гүйцэтгэгдсэн эсэхэд маргана.

2/. 2018 ны 6 дугаар сарын 21-ний өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хооронд календарийн 20 хоногт хийж гүйцэтгэх, хугацаа хэтэрвэл алданги тооцох, гүйцэтгэгч л.дХХК нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж Виста оффис барилгын 5 давхарт байрлах 464,9 м,кв талбайтай оффисын засварын гүйцэтгэлийн 73 374 430 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг мэргэжлийн өндөр түвшинд 1 жилийн баталгаатай хийж гүйцэтгэн захиалагч талд ямар нэгэн алдагдал, хохирол амсуулалгүйгээр ажлаа хугацаанд нь хүлээлгэн өгөх, захиалагч ажлын гүйцэтгэл, чанарт хяналт тавих, захиалагч нь гүйцэтгэгчтэй харилцан тохиролцож нэмэлт ажил хийлгэх эрхтэй, нэмэлт ажил гүйцэтгүүлсэн тохиолдолд ажлын хөлсийг 100 хувь нэмж төлөн ажил дуусах хугацааг тохиролцох, гүйцэтгэлийн ажил дууссаны дараа гүйцэтгэлийг хүлээн авах тус тус үүрэг хүлээж, захиалагч нь төсвийн дүнгийн 80% болох 58 699 544 төгрөгийг гүйцэтгэгчид төлснөөр гэрээт ажил хийгдэж эхлэх ба гүйцэтгэлийг хүлээн авахаар тус тус тохиролцсон.

Гэрээ хэрэгжиж, барилгын шалны тэгшилгээ, хулдаас наах, цонхны амалгаа, хаалга буулгах ажлыг хариуцагч тал гүйцэтгэсэн, мөн шалны тэгшилгээ, хулдаас наах ажил доголдолтой болсон талаар талууд маргахгүй байх ба нэхэмжлэгч ажлыг доголдолтой хийсэн, доголдлоо арилгаагүй, ажлаа хүлээлгэж өгөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэж шаардлагын үндэслэлээ болгож шаардсаныг хариуцагч шалны хулдаас наасан ажилд доголдол гарахад захиалагч тал хулдаас хатаагүй байхад тавилга зөөж байрлуулснаас болсон гэж талууд хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ болон гэрээгээр тохирсон ажлыг тохиролцсоны дагуу чанарын доголдолгүй хийж бүрэн гүйцэтгэсэн эсэхэд маргана.

Талуудын хооронд байгуулагдсан Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэрээнүүд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан хэлцлийн шинж, агуулга бүхий хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Нэхэмжлэгч талаас хэрэгт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ/хэргийн 6-8/, Ай би айХХК-ийн оффисын гүйцэтгэлийн төсөвт өртөг/xx-ийн 9-12/, Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ/хэргийн 13-15/, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн л.д ХХК-д 58 699 544 төгрөг төлсөн төлбөрийн даалгавар /xэргийн 16/, л.д ХХК-ийн нэхэмжлэх /xэргийн 17/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн л.д ХХК-д 3 254 300 төгрөг төлсөн төлбөрийн даалгавар /xэргийн 18/, л.д ХХК-ний нэхэмжлэх /xэргийн 19/, и.бХХК-ийн санхүүгийн тэмдэг дарагдсан засварын ажлын хийгдээгүй болон хийсэн тооцоо /xэргийн 20-21/, л.д ХХК-ний гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тооцоолол /xэргийн 96-97/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Г.Пүрэвсүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар батлуулсан хуулбар, хөлс 4 сая төгрөг төлсөн тухай 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн төлбөрийн даалгавар /xэргийн 100-101/ Нэхэмжлэгчээс Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ/хх 6-15/, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 774 тоот 58 699 544 төгрөг шилжүүлсэн төлбөрийн даалгавар/xx 16 дугаар хуудас/, л.д ХХК-ийн 58 699 544 төгрөгийн нэхэмжлэх/xx 17 дугаар хуудас/, 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3 254 300 төгрөгийн төлбөрийн даалгавар/xx 18 дугаар хуудас/, л.д ХХК-ийн нэхэмжлэх/xx 19 дүгээр хуудас/, засварын ажлын хийгдээгүй болон хийсэн тооцоо хүснэгт/xx 20-21 дүгээр хуудас/, л.д ХХК-ний гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тооцоолол /xx 96-97 дүгээр хуудас/, 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Г.Пүрэвсүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хөлс 4 сая төгрөг төлсөн тухай төлбөрийн даалгавар/xэргийн 100-101/гэсэн бичмэл баримтын шаардлага хангасан баримтууд ирүүлснийг хариуцагч тал баримтад маргаагүй, шүүх баримтуудыг үнэлж дүгнэлт хийх үндэстэй болно.

Харин хариуцагч тал мэтгэлцээний явцад маргаж буй үндэслэлээ нотлох баримт ирүүлээгүй ба шүүх хуралдаан дээр Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ий дагуу хийж гүйцэтгэсэн зураг гэж 20 хуудас бүхий өнгөт хэвлэсэн зургууд, үүний дотор тооцоолол хийж гүйцэтгэсэн ажлын зураг гэсэн бичвэртэй зураг тус тус ирүүлснийг нэхэмжлэгч тал маргаж буй гэрээнд хамааралгүй, талуудын гэрээний гүйцэтгэл зураг биш, интернетээс хэвлэсэн хуулбар зураг гэсэн тайлбараар үгүйсгэж байх ба эдгээр зургуудад зохигч талуудын тамга гарын үсэг байхгүй, нэг хуудас л.дХХК-ийн тамгатай зураг дээр 2018 оны 2 сарын 23 гэсэн огноо бичигдсэн байгаа нь маргаж буй 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд хамааралгүй, гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл гэх үндэслэл нотлогдохгүй тул нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэхгүй, эдгээр нь нотлогооны хэрэгсэл болохгүй, хариуцагч талын тайлбар нотлогоо болохгүй байна.

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1946 дугаартай шүүгчийн захирамжаар шинжилгээ хийж дүгнэлт гаргуулах шинжээчээр Барилгын хөгжлийн төв ХХК-ийг томилж шийдвэрлэсэн.

Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаагийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/66 дугаартай тушаалаар Барилга байгууламжийн захиалагчийн хяналтын хэлтсийн хяналтын инженер Ө.Мөнх-Отгон, барилга материалын хэлтсийн мэргэжилтэн Ц.Цэрэнбадам нарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргахыг даалгаснаар 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн/хэргийн 83-92 дугаар хуудас/.

Барилгын хөгжлийн төв ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэхийн дагуу нэхэмжлэгч компани 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинжээчийн үйлчилгээний төлбөрт 2.140.366,64 төгрөгийг шилжүүлсэн /xэргийн 131 дүгээр тал/.

Шүүхээс хариуцагч талын хүсэлтийн дагуу 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 13268 дугаар захирамжаар Барилгын төсөв үнэлгээчдийн холбоог шинжээчээр томилж уг захирамжийн дагуу Барилгын төсөвчдийн холбооны захирлын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 26/2 дугаартай тушаалаар төсөвчин Б.Цэрэн-Эрдэнийг шинжээчээр томилон ажиллуулсан, Барилгын төсөвчдийн холбоо 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлжээ. /xэргийн 163-198 дугаар хуудас/

Барилгын төсөвчдийн холбооноос шинжээчийн ажлын хөлсөнд 2.520.000 төгрөг шаардсаныг талууд төлөөгүй байна.

Хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримтууд, талуудын тайлбараар;

1. Хариуцагчийн и.бХХК-ийн 60 орчим хувь ажилчдын саналаар зураг төслийн өнгө төрхийг тодорхойлж интернетээс хайлт хийсэн зургуудыг манайд өгсний дагуу ерөнхий план зураг, 3 ди зураг зурж захиралд нь үзүүлсэн гэсэн тайлбарыг нотлох ямар нэг зураг баримтгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг үл зөвшөөрч гэрээгээр тохиролцсон зургийг гүйцэтгээгүй гэж буруутгаж байгаагаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Маргаж байгаа интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний үүргийг гүйцэтгэсэн эсэх талаар үнэлэх ямар нэг баримтгүй тул талуудын гэрээний тохиролцоонд үндэслэн үүргийн гүйцэтгэлийг тооцох үндэстэй.

2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06/05/01 дугаартай Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-гээр 464,9 м,кв талбайтай оффисын интерьер дизайны зураг төслийн ажил болох тухайн объектын орон зайн төлөвлөлт, төлөвлөгөөний дагуу тухайлсан газруудад, интерьер дизайны зураг төслийг захиалагч талын гаргаж өгсөн үндсэн санаа, даалгаврын дагуу судалгаа хийснээр зургийн зурж гүйцэтгэх, 1.7-д зааснаар ерөнхий төлөвлөлт ажлын 10%, 3D зураг ажлын 60%, ажлын зураг буюу техникийн байгуулалт, тааз, хана, шал, гэрэлтүүлэг, тавилгын нарийн хэмжээст зураг ажлын 30%-ийг эзлэх ажлыг 14 хоногт хийж гүйцэтгэхдээ гүйцэтгэгч зургийн гүйцэтгэлийн эхийг гаргахдаа захиалагч талын саналыг бүрэн тусгах бөгөөд тухайн ажилбар бүрийн шийдлийг 100% урьдчилан санал болгосны үндсэн дээр хамтран ажиллах гэж тохиролцсон үүргээ гүйцэтгэсэн гэх баримтгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.гэж заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

Зохигчдын тайлбараар, захиалагч зургийн үндсэн санаа, загвар гаргаж өгсөн ба харин гүйцэтгэгч зургийн гүйцэтгэлийн эх хар зургийг гаргах, зургийг зурж гүйцэтгэх гүйцэтгэлийн явцыг захиалагчийн хүссэн үед нь саадгүй үзүүлж, ажлын явцтай танилцуулах, захиалагчийн саналыг бүрэн тусгах, тухайн ажил бүрийн шийдлийг 100 хувь урьдчилан санал болгосны үндсэн дээр хамтран ажилласан гэх баримт байхгүй, гүйцэтгэгчийн үзүүлсэн зургийг үзээд захиалагч санал нийлээгүй, дахин өөр зураг зурж гүйцэтгэхээр талууд тохиролцсон боловч захиалагчид өөрчилж зурсан зураг үзүүлээгүй, өөрчилж зураагүй байна.

Энэ нь гүйцэтгэгчийг гэрээгээр тохиролцсон оффисын интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч и.бХХК нь 2018 оны 10 сарын 31-ий өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба гүйцэтгэгч л.дХХК энэ хугацаанд ажлыг гүйцэтгээгүй нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1., 350.1.2.-т заасан гэрээт ажлын мөн чанарт нийцүүлэн биечлэн гүйцэтгэвэл зохих ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тул хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.гэж зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзан, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл болох урьдчилгаанд олгогдсон хөлс 3 254 300 төгрөгийг буцааж шаардах эрхтэй.

Гүйцэтгэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзах хүртэл хугацааны гэрээний төлбөр тооцоо хэсгийн 4.5-д зааж тохирсон алдангийг хариуцах үүрэгтэй байх ба ажлыг гүйцэтгэж дуусах 2018 оны 6 сарын 19-ий өдрөөс хэтэрсэн хугацаагаар тооцоход гэрээний үнэ 6,508,600 төгрөгийн дүнгийн 50 хувиас хэтрэх тул Иргэний хуулийн 232 дугар зүйлийн 232.4.-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар хуульд нийцүүлэн алдангид 3 254 300 төгрөгийг хариуцах үүрэгтэй тул энэхүү гэрээний дагуу бүгд 6,508,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэлийг хангах үндэстэй.

2. Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-гээр гүйцэтгэгч нь Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө 17 гудамж, Виста оффис барилгын 5 давхарт байрлах, 464,9 м кв талбайтай оффисын засварын гүйцэтгэлийн ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж хугацаанд нь хүлээлгэн өгөх, захиалагч нь гүйцэтгэлийн ажил дууссаны дараа хүлээн авахаар талууд тохиролцсон.

Гэрээнд хийж гүйцэтгэх засварын ажлыг нэг бүрчлэн зааж тохиролцсон баримтгүй, харин л.дХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ийн 2018 оны 5 сарын 29-ий өдөр гаргаж, гэрээний санал болгон ирүүлсэн гэх гэрээгээр гүйцэтгэх ажлын төсөв, түүний өртөг гэж тооцон гаргасан төсөвт өртөг/хэргийн 9-12/, мөн нэхэмжлэгч компанийн санхүүд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр л.дХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ийн гаргаж илгээсэн гэх л.дХХК-ийн гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тооцоолол/хэргийн 96-97/ гэсэн баримтуудад талууд маргаагүй, эдгээр баримтуудад тайлбар гарган мэтгэлцсэн тул үүний дагуу ажлын гүйцэтгэл, түүний тооцоог талуудын тайлбарт үндэслэн гаргасан болно.

Талууд ажлын явцад зарим ажлыг хасч засварын гүйцэтгэлийн 73 374 430 төгрөгийн төсөвт өртгийг 65.859.356 төгрөг болгон бууруулж тохирсон, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар захиалагч нь гэрээний 73 374 430 төгрөгийн төсвийн үнийн дүнгийн 80% болох 58.699.544 төгрөгийг гүйцэтгэгч талд тохирсон хугацаанд хүлээлгэн өгсөн, ажил гүйцэтгэх хугацааг 2018 оны 07 сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл календарийн 20 хоногт хийж гүйцэтгэхээр тохиролцсон хугацаа хэтэрсэн талаар маргаагүй байх ба гэрээт ажил хэдий хүртэл үргэлжилсэн талаар баримтгүй тул талуудын тайлбараар нэхэмжлэгч компанийн санхүүд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр л.дХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******ийн гаргаж илгээсэн гэх л.дХХК-ийн гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тооцоолол, үүний дараа доголдолтой ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн гэсэн тул 2018 оны 8 сарын 20-ны өдөр өөр этгээдтэй гэрээ байгуулсан өдрийг хүртэл хугацаагаар гэрээ үргэлжилсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр л.дХХК-ийн гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тооцооллоор, засал чимэглэлийн ажлыг 5,175,340 төгрөг, цахилгааны ажлыг төсөвт өртгөөр 6,973,500 төгрөг, засал чимэглэлийн материалуудыг 3,439,550 төгрөгөөр, засал чимэглэлийн жижиг хэрэглүүр материалуудыг 195,200 төгрөгөөр, нурааж шинээр хийсэн гипсэн хананы цахилгааны ажлын нэмэлт зардал 372 650 төгрөг, бусад зардлын тооцоо болох тээврийн зардлын 400,000 төгрөг гэж тус тус тооцсоныг захиалагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Харин мужааны ажлыг хариуцагч нийт 3,254,300 төгрөгөөр тооцсоноос нэхэмжлэгч хаалга суулгах ажлыг гүйцэтгээгүй гэж 280,000 төгрөг, хулдаас наах ажлыг чанаргүй муу хулдаасыг доголдолтой наасан гэж нэгж үнийг 7000 төгрөгөөр тооцсоныг бууруулж 3000 төгрөгөөр тооцон мөн 464 м.кв талбайд наахаас 406,4 м.кв талбайд наасан гэж тооцож 1,219,200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж, мужааны ажлын нийт өртөг 4 639 650 төгрөгөөр тооцсоныг захиалагч 2,324,550 төгрөг гэж, мужааны ажлын материалуудын тооцооллоос тэлэгчийн үнэ 132000 гэснийг 77000 төгрөг, PVC шалны нэгж үнийг гүйцэтгэгч 22,000 төгрөгөөр тооцож нийт 10,969,939 төгрөг гэснийг захиалагч шинжээчийн дүгнэлтэд дурьдсан үнэлгээ болох нэгж үнийг 15,000 төгрөг, нийт үнийг 6,601,500 төгрөгөөр, шалны цавууг 1 570 800 гэснийг 616 000 төгрөг гэж тооцон, Герман хаалгыг гүйцэтгэгч нэгж үнийг 580,000 төгрөг, нийт 8 хаалгыг 4,640,000 төгрөгөөр тооцсоныг захиалагч худалдсан газар нь 480,000 төгрөгийн үнэтэй гэсэн гэж нэгж үнийг 480,000 төгрөг, нийт 3,840,000 төгрөгт тооцон 18 824 939 төгрөгийн төсөвт өртөг гэснийг 12 606 700 төгрөг болгож, цахилгааны ажлын материалуудаас цахилгааны утас 1x2,5 цэнхэр дан утас, 1x2,5 улаан дан утас, газардуулгын алаг дан утас зэргийг төсөвт өртгөөр нэгж үнийг 500 төгрөг, нийт 365,000 төгрөг буюу 1 095 00 төгрөг гэснийг захиалагч цахилгааны утасны тоо хэмжээг үндэсгүй нэмсэн гэх шалтгаанаар тус бүр 250,000 төгрөгөөр бууруулж, гүйцэтгэгч 4,835,000 төгрөгөөр тооцсоныг захиалагч 4,490,000 төгрөгөөр, хогны зардлын 240,000 төгрөгөөр тооцсоныг гүйцэтгэгч хийгээгүй, захиалагч хогийг өөрөө цэвэрлэж ачсан гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тооцон маргаж, нийт материал, ажлын хөлсний зардлыг гүйцэтгэгч 45,095,829 төгрөг гэснийг захиалагч 30,757,150 төгрөгөөр, үйл ажиллагааны зардлыг гүйцэтгэгч 2,766,734 төгрөг гэснийг захиалагч 3,075,715 төгрөг, цэвэр ашгийг гүйцэтгэгч 4,786,256 төгрөг гэснийг захиалагч 3,383,286 төгрөг, нийт дүн гүйцэтгэгч 52,648,819 төгрөг гэснийг захиалагч 37,216,151 төгрөгөөр, НӨАТ-т гүйцэтгэгч 5,264,882 гэснийг захиалагч 3,721,615, гүйцэтгэгч бүгд 57,913,701 төгрөг гэснийг захиалагч 40,937,756 төгрөгөөр тус тус тооцон маргаж байна.

Хариуцагч тал цонхны амалгаа, хаалга суулгах, шалны тэгшилгээ, хулдаас наах, бетонон шалны нарийн тэгшилгээг хийж гүйцэтгэснээс шалны тэгшилгээ, хулдаас наах ажил доголдолтой болсон гэж хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч тал 240,000 төгрөгөөр хог ачуулсан талаар үгүйсгээгүй, харин гэрээт ажлыг гүйцэтгэхэд хугацаа алдсан явдалд нэхэмжлэгч тал талбай бүрэн чөлөөлөөгүйгээс болсон, талууд тохиролцоогүйгээс тохирсон ажлаа бүрэн гүйцэтгэлгүй орхисон гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал талбайг бүрэн чөлөөлсөн, хариуцагч ажлаа хаяж явсан гэж маргасан, энэ талаар үнэлэх баримтгүй тул хариуцагчийн хугацаа алдахад нэхэмжлэгчийн буруу нөлөөлсөн гэх тайлбар нэхэмжлэгч талын тайлбараар үгүйсгэгдэнэ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11.барилгын ажил гэж бүх төрлийн барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэх талбайг бэлтгэх, бүрдэл хэсгийг угсрах, шинэчлэн барих, буулгах, засварын ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж суурилуулах үйл ажиллагааг заасан ба хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих, 40.1.2.барилгын ажлын ил, далд ажлын актыг баталгаажуулах, үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөх, барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, зураг төсөл зохиогч, захиалагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг болохыг хуульчилсан, хариуцагч энэ үүргээ нотлох баримт ирүүлээгүй тул хуулиар хүлээсэн үүргийг зөрчсөн гэж үзнэ.

Талуудын маргаж буй асуудлаар шинжээч Барилгын хөгжлийн төв-ийн дүгнэлтэд, л.дХХК-ийн гүйцэтгэсэн барилгын засварын ажлыг 15,789,882 төгрөг, ашигласан хавтанцар хулдаас MNS ISO 10581:2014, MNS ISO 10582:2014 техникийн шаардлага стандартад заасан шаардлага хангаагүй, шалны ажил БНбД 31-09-05-ын 2.1-д заасны дагуу шалны гадаргууг бүрэн тэгшилж бэлтгээгүй, дэвсгэр үе тавьж гадаргууг нарийн тоос шорооноос технологийн дагуу цэвэрлэж тоосгүйжүүлээгүй, хулдаасыг тулгаж наагаагүй, заадлыг даруулаагүй, ажлын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл хөтлөж, захиалагчаар баталгаажуулаагүй, шалны ажлын ил, далд ажлын акт үйлдээгүй, гүйцэтгэлийг баталгаажуулаагүй, ажилд хэрэглэсэн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т заасан олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангаагүй, гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй материал, бүтээгдэхүүн, ... хэрэглэхийг хориглоно., 40.1.11.барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах, 40.1.20. гарал үүсэл тохирлын гэрчилгээтэй барилгын материал хэрэглэх гэсэн заалтыг зөрчсөн, хэрэгжүүлээгүй байх тул PVC хулдаас гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материалын чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг хөндлөнгийн итгэамжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулаагүй чанарын шаардлага хангаагүй. Гүйцэтгэсэн ажилд барилгын ажил гүйцэтгэх ерөнхий нөхцлийг бүрдүүлэх нэмэдэл зардлыг оруулахгүй тооцоход 15,789,882 төгрөгийн зардал гарч байна.гэжээ.

Барилгын төсөвчдийн холбооны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 65/2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд;

2020 оны 5 сарын 8-ны өдөр ажил гүйцэтгэсэн газар дээр нь талуудыг байлцуулж хэмжилт хийн, оффисийн засварын нийт ажлын тоо, хэмжээ болон үүнээс л.дХХК-ийн гүйцэтгэсэн барилгын засварын ажлын тоо хэмжээний жагсаалт гарган акт үйлдэн баталгаажуулж, шаланд PVC хулдаас наах ажил нийт 464,9м.кв талбайд хийгдсэн боловч, 60м.кв талбайн хулдаасыг и.бХХК-ийн зүгээс чанарын шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар хуулж, өөр компаниар дахин наалгасан. Цахилгааны утас угсрах ажлын тоо хэмжээн дээр маргасан, уг ажлын гйцэтгэсэн далд ажлын акт, гүйцэтгэлийн зураг үйлдээгүй байсан тул тоо хэмжээг гаргах боломжгүй, л.дХХК зургаа ирүүлээгүй тул ажлын хэмжээг 1500 метрээр тооцсон. Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө гудамж Виста оффис барилгын 5 давхарт байрлах 464,9 м,кв талбайд гүйцэтгэсэн оффисын засварын нийт ажлын төсөвт өртгийг хууль тогтоомжид зааснаар тооцон гаргавал төсөвт өртөг 57,698,082 төгрөг, үүнээс л.дХХК-ийн гүйцэтгэсэн засварын ажлын төсөвт өртөг 54,058,856 төгрөг болж байна.

л.дХХК-ийн гүйцэтгэсэн 404,9м.кв талбайд хийгдсэн шалны тэгшилгээний ажлын 20-30 хувь нь овон товонтой, чанар стандартын шаардлага хангахгүй, PVC хулдаас наах ажлын 10-15 хувь нь хулдаас хоорондын заадал стандартаас өргөн, зарим ирмэг хэсгийн ирмэг булан сэтэрсэн. л.дХХК-ийн наасан PVC хулдаас нь гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материалын чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтгүй, ижил төстэй барааны судалгаа хийж үзэхэд 2018 оны ханшаар 1 м.кв нь 22000 төгрөгөөр борлуулж байсан байна гэжээ.

Нарийн мэргэжлийн шинжээч нарын дүгнэлтээр; талуудын маргаж байгаа, шалны тэгшилгээний ажлын 20-30 хувь нь овон товонтой, чанар стандартын шаардлага хангахгүй, PVC хулдаас наах ажлын 10-15 хувь нь хулдаас хоорондын заадал стандартаас өргөн, зарим ирмэг хэсгийн ирмэг булан сэтэрсэн байсан тул доголдолтой 60 м.кв талбайн хэсгийн ажлыг бусдаар гүйцэтгүүлсэн,

л.дХХК-ийн наасан PVC хулдаас нь гарал үүсэл, тохирлын гэрчилгээгүй, материалын чанар, аюулгүй байдлын техникийн үзүүлэлтүүдийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтгүй байсан ба ижил төстэй барааны судалгаа хийж үзээд 2018 оны борлуулж байсан ханшаар 1 м.кв нь 22000 төгрөг болох, цахилгааны 3 төрлийн утасны хэмжээ 1500 метр орсноор тооцсон байна.

Мөн шалны тэгшилгээг бүрэн тэгширч бүрэн бэхжилт авсны дараа хулдаас наах технологитой хатаагүй байхад нь хулдаас нааж болохгүй, тэр нь технологийн алдаа болох тул технологи зөрчиж хийсэн бол шаардлага хангахгүй гэж дүгнэсэн нь хариуцагчийн нэхэмжлэгч тал хатаагүй байхад тавилга тавьснаас болсон гэх тайлбар үгүйсгэгдэж, гүйцэтгэгчийн ажлын доголдол гэж үзэх үндэс болж байна.

Ажлын гүйцэтгэлд нэг хаалганы үнийг зах зээлийн ханшаар 480 000 төгрөгөөр тооцсон, 8 ширхэг хаалга суулгах ажлын хөлсийг нэхэмжлэгч өөрөө хийгээгүй гэж маргасан хэдий ч хариуцагчийн бизнесийн хамтрагчийн хувьд төлбөр авалгүй суулгаж өгсөн нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээнээс хасах үндэслэл болохгүй тул шинжээч гүйцэтгэлд оруулан тооцсоныг буруутгах үндэсгүй.

Эндээс үзэхэд; Талуудыг газар дээр нь биечлэн оролцуулан, нүдээр үзэж хэмжилт/хэргийн 172-173/ хийснээр, гүйцэтгэгч л.дХХК гэрээнд тусгагдаагүй 34,2м.кв талбайд дүүжин тааз буулгах, угтах хэсгийн дүүжин тааз 20,1 м.кв талбайд хийсэн, төслийн өрөөний гипсэн тааз 14,1 м.кв талбайд хийсэн, гэрээний дагуу цонхны амалгаа шавардах 34,54 м.кв, тоосгон хана буулгаж хаалганы проём гарган ялуу 1 ширхэг, угсрах 2 м.кв, хуучин хаалганы проём таглаж өрөх 2 м.кв, өрсөн хана шавардах, 4,4 м.кв, бетон шаланд нарийн тэгшилгээ хийх 464,9 м.кв, хана сунган давхар хавтантай гипсэн хана хийх 15,81 м.кв, 8 ширхэг хаалга суулгах, шаланд PVC хулдаас 404,9 м.кв талбайд наах, 464 м.кв талбайд шаланд уналт хийж 1500 м цахилгааны утас татах, разетка суулгах, салбар тоноглон угсрах ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь нотлогдож байх тул талуудын харилцан зөвшилцсөн ажлын тооцоололд дурдсан ажлуудыг оруулан тооцож, гүйцэтгэсэн ажил нэг бүр дээр төсөв гаргасан, зохигч талууд маргаагүй шинжээчийн дүгнэлтийг үндэслэн, гүйцэтгэгч л.дХХК нь 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/21/01 дугаартай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу бүгд 54,058,856 төгрөг /хэргийн 185-194/-ийн ажил гүйцэтгэсэн гэж үзэх үндэстэй байна.

Гүйцэтгэгч л.дХХК нь 2018 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл гэрээт ажлыг бүрэн хийж дуусгаагүй, доголдлоо арилгаагүй буруутай тул захиалагч үлдсэн ажлаа гүйцэтгүүлэх гэрээг иргэн Г.Пүрэвсүхтэй байгуулан гүйцэтгүүлсэн тул гэрээгээр тохирсон гэрээ дуусах хугацаа болох 2018 оны 7 сарын 25-ны өдрөөс 2018 оны 8 сарын 20-ны өдөр хүртэл хэтрүүлсэн 26 хоногт гэрээний 5.2-т заасан алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасанд нийцүүлэн 2 511 025 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 58 699 544 төгрөгөөс гүйцэтгэсэн ажлын хөлс 54,058,856 төгрөгийг хасч тооцон үлдэх 4 640 688 төгрөг, алдангид 2 511 025 төгрөг, бүгд 7 151 713 төгрөгийг л.дХХК-иас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

3. Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу гүйцэтгэсэн ажлаас шалны тэгшилгээ, хулдаас наах ажилд доголдол бий болсон талаар талууд хүлээн зөвшөөрсөн ба доголдолтой 60 м.кв талбайн хэсэгт тэгшилгээ хийж хулдаас наах ажлын гүйцэтгэсэн зардлыг 3 312 229 төгрөг гэж шинжээч дүгнэсэн хэдий ч 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн иргэн Г.Пүрэвсүхтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ажлын хөлсөнд бодитоор 4 сая төгрөг төлсөн тухай төлбөрийн даалгавар/xэргийн 100-101/ баримтуудаар 4 000 000 төгрөгийн зардал гарсан нь нотлогдож байх тул гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд гаргасан доголдлоо арилгаагүйгээс захиалагч өөрийн зардлаар арилгасан, гэрээнээс учирсан хохирол гэж үзэж 4 000 000 төгрөгийг хариуцагчид хариуцуулан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй болно.

Иймд нэхэмжлэлээс 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 06/05/01 дугаартай Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний төлбөрт урьдчилгаанд олгогдсон хөлс 3 254 300 төгрөг, гэрээ цуцлагдах хүртэл хугацааны алдангид 3 254 300 төгрөг бүгд 6 508 600 төгрөг, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу олгогдсон урьдчилгаанаас хийгдээгүй ажлын үнэ 4 640 688 төгрөг, алдангид 2 511 025 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 4 000 000 төгрөг бүгд 17 603 313 төгрөгийг хариуцагч л.дХХК-иас гаргуулж нэхэмжлэгч и.бХХК-ид олгож шийдвэрлэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд; Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч л.дХХК нь хийж гүйцэтгэсэн ажлын дутуу олгогдоогүй хөлс шаардах эрхээ нотлоогүй, харин гэрээний урьдчилгаа болгож 58 699 544 төгрөг төлсөн, 54,058,856 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул олгогдоогүй хөлс гэж шаардсан 7 159 812 төгрөг, мөн хариуцагч Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ажил гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй, гэрээт ажил болох зургийн ажлыг хийж гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон, хийгээгүй ажлын хөлс шаардах эрхгүй тул ажлын хөлсөнд шаардсан 3 254 300 төгрөг бүгд 10,414,112 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шинжилгээ хийсэн шинжээч Барилгын хөгжлийн төв ХХК-ийн ажлын хөлс ийг нэхэмжлэгч компани 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шинжээчийн үйлчилгээний төлбөрт 2.140.366,64 төгрөгийг шилжүүлсэн /xэргийн 131 дүгээр тал/ байх шинжээч Барилгын төсөв үнэлгээчдийн холбооны шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжилсэн 2.520.000 төгрөг төлөгдөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1.-д заасан шүүхийн зардал болох шинжээчийн ажлын хөлсийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна.гэж зааснаар 2 шинжээчийн ажлын хөлс 4,660,366.64 төгрөгийг талуудад хувааж хариуцуулах нь хуульд нийцнэ. Иймд талуудад тус бүр 2 330 183,32 төгрөгийг хариуцуулж тооцон, нэхэмжлэгчийн төлсөн 2,140,366 төгрөгийг хасч үлдэх 189 187 төгрөг, хариуцагчаас 2 330 183 төгрөг тус тус гаргуулж шинжээч Барилгын төсөв үнэлгээчдийн холбоонд 2.520.000 төгрөг олгов.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж, нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 343 дугаар зүйлийн 343.1., 349 дүгээр зүйлийн 349.1., 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар хариуцагч л.д ХХК-иас 17 603 313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Интерактив биайХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 16 602 741 төгрөг, хариуцагч л.д ХХК-ийн 10,414,112 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд ньтус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 245 967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 181 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар шүүхийн зардал болох 2 шинжээчийн ажлын хөлс 4,660,366.64 төгрөгийг талуудад хувааж тус бүр 2 330 183,32 төгрөгийг хариуцуулж тооцон, нэхэмжлэгчийн төлсөн 2,140,366 төгрөгийг хасч үлдэх 189 187 төгрөг, хариуцагчаас 2 330 183 төгрөг тус тус гаргуулж шинжээч Барилгын төсөв үнэлгээчдийн холбоонд 2.520.000 төгрөгийг олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ