Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01336

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01336

 

 

ИБА ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04ий өдрийн 181/ШШ2020/02231 дугаар шийдвэртэй, ИБА ХХК-ийн нэхэмжлэлтэй Л ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 34 206 354 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 10 414 112 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч ИБА ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Л ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээнд хана, шал, тааз, цахилгааны ажлуудыг иж бүрнээр нь засварлах ажлыг 73 374 430 төгрөгөөр, интерьер дизайн зураг төслийн ажлыг 6 508 600 төгрөгөөр тус тус тооцож, 2018 оны 7 дугаар сарын 24-ний дотор хийж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч гэрээт ажлыг хугацаандаа бүрэн гүйцэтгээгүй, мөн чанарын шаардлага хангаагүй тул гэрээг цуцалж зарим ажлуудыг зогсоосон боловч дахин өөрчлөлт хийж ирүүлээгүй, ажлын зураг, төсөвт өртөг тооцож өгөх үүргээ огт биелүүлээгүй. Гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, 350.1.6-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1-д гүйцэтгэгч нь захиалагчтай тохиролцсоны дагуу захиалагчийн үндсэн санааг тусган, гэрээт ажлыг мэргэжлийн өндөр төвшинд хийж гүйцэтгэнэ гэсэн үүргээ тус тус биелүүлээгүй ба гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн байхгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт авсан 3.254.300 төгрөгийг буцаан төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн гэрээний 4.5-д ..гүйцэтгэгч талаас шалтгаалан хугацаа хэтэрсэн бол хоног тутамд гүйцэтгэгч тал 0,5 хувийн алданги төлнө гэж заасан ба гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тул алданги төлөх үндэслэлтэй. Гэрээт ажлын үнийн дүн 6.508.600 төгрөг, гүйцэтгэгч нь захиалагчид ямар ч үр дүн шилжүүлээгүй тул гэрээнд заасан үүргээ бүхэлд нь гүйцэтгээгүй гэж үзэн алдангийг тооцвол 6 508 600х0,5%=32 543х131хоног/2018,06,21-ний өдрөөс 2018.10.30/=4.263.133 төгрөг, үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-д тэнцүүлж 3 254 300 төгрөг болгон тооцсон. Гэрээний 4.1-д гэрээт ажлын нийт төсвийг нэмүү өртгийн албан татвар орсон дүнгээр 73 374 430 төгрөг гэж тооцсон, энэ нь хариуцагч компаниас 2018 оны 05 сарын 29-ний өдөр гаргаж ирүүлсэн төсөвт өртгөөр нь тооцооллыг үндэслэсэн.

Манай компани гэрээний 4.2-т заасан үүргийг зохих ёсоор гүйцэтгэж 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нийт үнийн дүнгийн 80% болох 58.699.544 төгрөг шилжүүлсэн. Гүйцэтгэгч нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 24-ний хооронд 20 хоногийн дотор заслын ажлыг гүйцэтгэнэ гэсэн тул манай компани ажилтнуудаа нэгдсэн журмаар амрааж гүйцэтгэгчийн ажил гүйцэтгэх боломж нөхцлийг ханган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр талбайг бүрэн чөлөөлсөн. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрээт ажлыг хүлээлгэн өгөх болоход ажил хангалттай хийгдээгүй байсан тул манай компанийн зүгээс өөр нэмэлт ажилчид авч цонхны амлагаа, хананы засал зэргийг гүйцэтгүүлсэн. Иймээс гэрээт ажлыг хугацаа хэтрүүлсний алданги тооцон 5 935 976 төгрөг, ингээд барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 23 697 754 төгрөг, гэрээт ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 4 000 000 төгрөг, үүн дээр өмнөх гэрээний 6 508 600 төгрөгийг нэмэхэд, нийт 34 206 354 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцон нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа: : Манай компани нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зураг төслийн гэрээ байгуулсан. Гэрээгээр ИБА ХХК-ийн 60 орчим хувь ажилчдын саналаар зураг төслийн өнгө төрхийг тодорхойлж интернетээс хайлт хийсэн зургуудыг манайд өгсөн. Энэ зургуудын дагуу өнгө төрхийг тодорхойлж дизайн зураг төсөл хийхээр тохиролцсон. Бид хийж байх явцдаа ИБА ХХК-ийн ажилтан Н.М-д и-мэйлээр үзүүлсэн. Тухайн зургаар ерөнхий план зураг, 3 ди зураг зурж ИБА ХХК-ийн ерөнхий захирал Чимиддоржид гадаад явахаас нь 2, 3 хоногийн өмнө проектор дээр үзүүлэхэд өөр зураг төслөөр хийлгэнэ гэснээр дахиж хийхээр болсон. Гэрээнд 30 хувиас дээш зураг төслийг гүйцэтгэсэн тохиолдолд манай талд нэмэлт төлбөрийг төлөөд 3.4-т зааснаар хугацааг сунгаж тооцохоор тохиролцсон. Захирал нь гадаад явсны дараа зураг төслийг хариуцах, санал хэлэх хүн олдоогүй. н.Чимиддорж захирлыг ирэхээр шийднэ гэсэн боловч захирал нь ирээд танайх гүйцэтгээгүй тул зураг төслийн урьдчилгаа мөнгийг буцааж өг гэж шаардсан. Бид зөвшөөрөөгүй учир нь олонхи ажилтнуудын гаргасан саналаар зураг төслийг хийсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь ИБА ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 06/05/01 тоот Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө 17, Виста цэнтр 58 давхарт байрлах, 464.9 м.кв талбайтай оффиссын интерьер дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээг 6 508 600 төгрөгийн үнийн дүнгээр, мөн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх 06/21/01 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж 464,9 м.кв талбайд оффисын засварын ажлыг нийт 73 374 430 төгрөгийн төсөвт өртгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Захиалагч нь интерьер дизайны зураг төслийн ажлыг гүйцэтгэх гэрээний үнэ 6 508 600 төгрөгийн 50% болох 3 254 300 төгрөг, мөн засварын ажлын үнийн дүнийн 80% болох 58 699 544 төгрөг, нийт 61 953 844 төгрөгийг манайд шилжүүлсэн. Бид гэрээний дагуу заслын ажлыг гүйцэтгэсэн, ажлын явцад засварын ажлаас тодорхой ажлыг хийхгүй хасахаар харилцан тохиролцож заслын ажлын 73 374 430 төгрөгийн төсөвт өртгийг 65 859 356 төгрөг болгон бууруулсан.

Манайх 65 859 356 төгрөгийн төсөвт өртөг бүхий гэрээгээр тохирсон заслын ажлаа бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч нь бүх ажил хийгдэж дууссаны дараа ийнхүү үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийн үндэслэлгүйгээр шаардаж байна. Бид зураг төслөө гүйцэтгэсэн байхад манайхыг дахиж гүйцэтгэ гэж шаардсан. Бид нэмэлт төлбөр авч зураг төслийн ажлыг дахиж гүйцэтгэх ёстой, хамтарч ажиллаж байсан учраас бид нар дахиж гүйцэтгэе гэж хүлээн зөвшөөрсөн. Зураг төслөө гүйцэтгээгүй гэж ойлгож болохгүй.

Нийт гүйцэтгэсэн ажил 65 859 356 төгрөг болсон, үүнээс авсан 58 699 540 төгрөгөө хасаад заслын ажлын үлдэгдэл төлбөр болох 7 159 812 төгрөг, зураг төслийн үлдэгдэл 3 254 300 төгрөгийн хамтаар 10 414 112 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 65,859,356 төгрөгийн өртөгт ажил хийсэн гэсэн нэг ч нотлох баримтгүй, нотлоогүй. Материал авсан, ажилчдын цалин өгсөн гэх нэг ч санхүүгийн баримтгүй.Гүйцэтгэлээ 65,859,356 төгрөг гаргаж байгаа нь ойлгомжгүй. Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргахаас өмнө болон нэхэмжлэл гаргасны дараа ч хугацаа хангалттай байсан. Энэ хугацаанд захиалагчтай тооцоо нийлэх харилцах боломж байсан. Энэ хооронд тооцоо нийлээгүй, нэг ч удаа гүйцэтгэлээ гаргаж, баталгаажуулаагүй. Хамгийн сүүлд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр нягтлан Н-ын цахим шуудангаар хийсэн ажил гэж 57,913,701 төгрөгийн дүнтэй имэйл явуулсан болохоос барьж ирээд уулзсан зүйлгүй. Нэг баримт өгөөгүй. 65,859,356 төгрөгийн ажил хийсэн нь нотлогдохгүй байгаа учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Ажлаа өнөөдрийг хүртэл хүлээлцээгүй. Доголдлыг нь өөрт нь хэлээд арилга гэж захиалагч шаардлага тавьж байхад арилгаж өгөлгүй хаяад явсан. Ажлыг хүлээж авах боломж олгоогүй. Доголдолтой байдал нь талуудын тайлбар үйл баримтаар нотлогдоно, ажил гүйцэтгэж байх 08 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө болохгүй, дутууг нь хэлж зарим ажлыг нь болиулж, зарим ажлыг нь нэмж хийлгээд явсан. 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойш харилцаагүй.

Хууль болон гэрээнд зааснаар гэрээний зүйл ажлын үр дүн. Үр дүн ажил нь байхгүй байхад зургийн ажлыг гүйцэтгэсэн гэж үлдэгдэл 3,254,300 төгрөгийг төлбөр нэхэмжилсэн нь ойлгомжгүй, үндэслэлгүй. Хийсэн зураг байхгүй, баталгаажуулсан нь байхгүй. Тиймээс хариуцагчийн 10,414,112 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хангах хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар хариуцагч Л ХХК-иас 17 603 313 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Интерактив биайХХК-д олгон, нэхэмжлэлээс үлдэх 16 602 741 төгрөг, хариуцагч Л ХХК-ийн 10 414 112 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 985 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 245 967 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн хураамжид төлсөн 181 580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.-т зааснаар шүүхийн зардал болох 2 шинжээчийн ажлын хөлс 4 660 366.64 төгрөгийг талуудад хувааж тус бүр 2 330 183.32 төгрөгийг хариуцуулж тооцон, нэхэмжлэгчийн төлсөн 2 140 366 төгрөгийг хасч үлдэх 189 187 төгрөг, хариуцагчаас 2 330 183 төгрөг тус тус гаргуулж шинжээч Барилгын төсөв үнэлгээчдийн холбоонд 2 520 000 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бидний тохиролцоо бол зураг төсөл гаргаж тухайн зургийн дагуу оффисын засварын ажлыг хийх байсан. Бид ажилчдын олонхийн саналаар гаргасан зургийн дагуу засварын ажлыг эхлүүлсэн. Хэрэв бидний зураг бэлэн болоогүй зурагдаагүй байсан бол ямар зургаар ямар өнгө төрх бүхий засварын ажил хийгдэх нь тодорхойгүй байсан бол засварын ажил эхлэх боломжгүй, эхлүүлэх ч үгүй байх нь ойлгомжтой. Мөн нэхэмжлэгч ажил гүйцэтгэгчийг зургийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэж гэрээнээс татгалзсан бол тийнхүү гэрээнээс татгалзсанаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алданги тооцох нөхцөл байхгүй. Иймд нэхэмжлэгчийн зургийн ажилд шилжүүлсэн 3 254 300 төгрөгийг алданги гэх 3 254 300 төгрөгийн хамт нийт 6 508 600 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн биднийг ажлаа эхлэхэд талбайн зүүн хэсгийг гэрээний 3.3-д заасны дагуу бидний ажилд саад учруулсан. Бидний хийсэн ажлыг олон сарын дараа шинжээч үзэн дүгнэлт гаргаж байгаа зэргийг харгалзан үзээгүй. Өөрөөр хэлбэл доголдол нь анхнаасаа стандарт дүрэм журмын дагуу хийж гүйцэтгээгүйгээс болсон эсэх, эсвэл ашиглалтын улмаас үүссэн гэмтэл болох аль нь болох нь тодорхойгүй энэ талаар баримт байхгүй байхад ажил гүйцэтгэх гэрээний доголдол гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Иймд үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ИБА ХХК нь хариуцагч Л ХХК-нд холбогдуулан Интерьер дизайны зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс болох 3 254 300 төгрөгийг анз 3 254 300 төгрөгийн хамт нийт 6 508 600 төгрөг гаргуулах , засварын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн ажлын хөлс 17 761 778 төгрөг, алданги 5 935 976 төгрөг, доголдлыг арилгахад гарсан зардалд 4 000 000 төгрөг нийт 34 206 354 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2 төрлийн гэрээ байгуулагдсанд маргаангүй байна. Үүнд:

Л ХХК нь нэхэмжлэгчид Интерьер дизайны зураг төсөл хийж өгөхөөр үүрэг хүлээж, зураг төслийн ажлын хөлсний 50% болон 3 254 300 төгрөгийг нэхэмжлэгч Л ХХК-ийн Төрийн банк дахь 383000045567 тоот дансанд төлсөн үйл баримтын хувьд талууд маргаангүй.

 

Мөн зохигч 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гйүцэтгэх хугацаатай засварын ажлын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 58 699 544 төгрөгийг Л ХХК-ийн Төрийн банк дахь 383000045567 тоот дансанд төлсөн үйл баримт дансны хуулга, талуудын тйалбараар тогтоогдсон./хх6-19/

 

Гэрээнд анзын талаар заасан болох нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тогтоогдсон. /хх7/ Гэрээт ажил хугацаандаа гүйцэтгэгдээгүй, явцын дунд гэрээ цуцлагдсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Мөн хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд ...шалны тэгшилгээ нь чанарын шаардлага хангахгүй овгор товгор энд тэндээ овойсон, хулдаасны цаанаас мэдэгдэхээр байсан, хулдаас нь стандартын шаардлага хангаагүй буюу мм-ийн зөрүүтэй, наахад ам нь зэрэгцээггүй, хагарч эмтэрсэн, стандарт хулдааснаас жижиг м.кв хэмжээтэй байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үйл баримтын хувьд хариуцагч үгүйсгээгүй. Хариуцагч нь ...нэхэмжлэгч тал өөрсдөө хүнд овортой тавилгуудыг чирч зөөснөөс доголдол үүссэн гэж тайлбарласан ч энэ талаарх баримтыг хэрэгт гаргаагүй байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээг цуцалж, гүйцэтгэгчийн ажилд үүссэн доголдол буюу 70 гаруй м.кв талбайтай 2 жижиг өрөөний гүйцэтгэгчийн хийсэн PVC шалыг хуулж иргэн Г.Пүрэвсүхтэй гэрээ байгуулан дахин сайн чанарын PVC шалыг наалгаж ажлын хөлсөнд 4 000 000 төгрөгийг Г.Пүрэвсүхэд төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, фото зургийн үзүүлэлт, мөнгөн шилжүүлэг зэргээр нотлогдсон./1-р хх 59-61, 100/

 

Нэхэмжлэлээс ажлын хөлсөнд холбогдох 16 602 741 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй байна.

 

Талууд нийт хийж гүйцэтгэсэн ажлын төсөв, Л ХХК нь нэхэмжлэгчид Интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн эсэх асуудлаар маргаантай байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ. Интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч буюу захиалагчид хүлээлгэн өгсөн гэдгээ нотлохоор хариуцагч талаас зураг төсөв шүүхэд нотлох баримтаар гаргасан боловч уг зураг гэрээ байгуулагдахаас өмнөх огноотой тул тухайн маргаанд хамааралгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгч буюу захиалагч нийт хийж гүйцэтгэгдсэн ажлыг 40 937 766 төгрөг гэж үзсэн бол хариуцагч 65 859 356 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэж үзэж сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлсний зөрүүд 7 159 812 төгрөгийг шаарджээ./ нийт авсан хөлс 58 699 544- 65 859 356/. Талууд маргаантай байсан тул анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон хийсэн ажлын хэмжээ, төсвийг тодорхойлуулсныг буруутгахгүй.

 

Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтэд заасан 54 058 856 төгрөгийн гүйцэтгэсэн ажлын хэмжээнээс хариуцагчийн урьдчилан авсан ажлын хөлс болох 58 699 544 төгрөгийг хасч зөрүү 4 640 688 төгрөгийг анз 2 511 025 төгрөгийн хамт нийт 7 151 713 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаархи хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Хариуцагчийн Бидний хийж гүйцэтгэсэн ажлын нийт өртөг 65 859 356 төгрөг болсон. Үүнээс бид гэрээний дагуу 58 699 540 төгрөг авсан бөгөөд заслын ажлын үлдэгдэл төлбөр болох 7 159 812 төгрөгийг авах эрхтэй гэх шаардлага, үндэслэлээ хэрэгт баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дах хэсэгт зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлсэн, захиалагчид мэдэгдсэн гэх баримтыг ч гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд анз 2 511 025 төгрөг тооцсоныг буруутгахгүй.

 

Хариуцагч Интерьер дизайны зураг төслийг хийж гүйцэтгэн нэхэмжлэгч буюу захиалагчид хүлээлгэн өгсөн гэдэг нь нотлогдоогүй, талууд гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд өгсөн авснаа буцаах үр дагавартай юм. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар урьдчилан шилжүүлсэн ажлын хөлс 3 254 300 төгрөгийг буцаан шаардсан нь зөв боловч анз 3 254 300 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж энэ хэмжээгээр хариуцагчийн давж заалдах жрумаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Талууд Интерьер дизайны зураг төсөл гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, засварын ажил гүйцэтгэх гэрээг цуцласан байна. Гэрээний нэг талын гэм буруутай үйлдлээс болж харилцан итгэлцэл үгүй болсон бөгөөд гэрээний зорилго биелэх бараг боломжгүй болсон тохиолдолд нөгөө талаас гэрээгээ баримтлахыг шаардах нь илт хохиролтой байхаар бол үүнийг ноцтой зөрчил гэж үзэх юм. Нэхэмжлэгчийн ажил гүйцэтгэгчийн ажилчид нь чадвар муутай, ажил удаашралтай, чанаргүй хийж байсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүйгээс гадна талууд гэрээ цуцлагдсан үйл баримтын хувьд маргаангүй байна. Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд тухайн маргаанд хамааралтай заалт болох Иргэний хуулийн заасныг баримтлаагүй байгааг залруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дах хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна.

 

Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно. Хэргийн баримтаас үзэхэд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрт хариуцагч 2021 оны 6 дугаар сарын 14-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргажээ./2-р хх 39/

 

Давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тохиолдолд давж заалдах шатны шүүхээс гомдлыг хүлээн авахаас татгалзах үр дагавартай боловч хэргийн 2-р хавтасны 32-р талд шүүгчийн туслах дээрх шийдвэр 2021 оны 5 дугаар сарын 25-нд бичгээр албажсан болохыг тэмдэглэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.8 дах хэсэгт зааснаар шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас энэ хуулийн 119.4-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд энэ хуулийн 119.7 дахь хэсгийн заалт хамаарахгүй. Энэ тохиолдолд шийдвэрийг энэ хуулийн 119.5-д заасан журмын дагуу хүргүүлж, хугацааг энэ хуулийн 119.6-д заасны дагуу тоолно гэсний дагуу давж заалдах гомдол хугацаандаа гарсан гэж үзсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг 3 254 300 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ. Холбогдох улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээнд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 04ий өдрийн 181/ШШ2020/02231 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т тус тус зааснаар хариуцагч Л ХХК-аас 14 349 013 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ИБА ХХК-д олгож, нэхэмжлэгч ИБА ХХК-аас 3 254 300 төгрөгийг гаргуулж хариуцагч Л ХХК-нд олгож, үндсэн нэхэмжлэлээс үлдэх 19 857 041 төгрөг, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 7 159 812 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.2 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328 985 төгрөг, хариуцагчаас төлсөн 181 580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 229 695 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 67 018 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 427 547 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД