Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02734

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02734

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Д.С-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МУИС-д холбогдох,

 

Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.Ц, Б.Э, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Б, гэрч Б.З, О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбөартаа:

Миний бие 1981 онд МУИС-ийн номын санд номын санч албан тушаалд томилогдож, 1992 оны 12 сараас эхлэн МУИС-ийн номын сангийн эрхлэгчээр томилогдон 2014 он хүртэл 22 жил ажиллаж байгаад 2014 оны 6 сарын 25-ны өдрөөс номын сангийн эрхлэгчийн ажлаа хүлээлгэн өгч ахлах номын санчийн албан тушаалд ажиллаж байгаа болно.

Миний бие улсад 31 жил, МУИС-д 29 жил ажиллаж байгаа бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилга хариуцлагын алдаа дутагдал зөрчил гаргаж байгаагүй болно.

МУИС-ын захирлын 2017 оны 8 сарын 22-ны өдрийн Б/330 дугаар ажлаас чөлөөлсөн тушаалыг дараах үндэслэлүүдээр эс зөвшөөрч байна.

а/. Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заалтыг үндэслэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Монгол Улсын дээд шүүхийн 2006.07.03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4.2-т ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэж заажээ. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн гэрээг заавал байгуулах үүрэг нь ажил олгогчид байх бөгөөд номын сангийн эрхлэгч Г.Ц надтай 2016.01.04-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэдэг ба энэ талаар ажилтанд мэдэгдээгүй, ажил олгогч нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй /МУИС-ийн захирал/, ажил олгогч талаас хөдөлмөрийн гэрээ байгуулсан талаар 2017 оны 4 сарын 07-ны өдөр надад мэдэгдэж гарын үсэг зуруулсан нь Улсын дээд шүүхийн тогтоолд дурдагдсан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна гэсэн заалтыг зөрчсөн.

б/. Мөн 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ны хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан гэх шалтаг заасан байдаг. Миний бие үе мөчний үрэвсэл өвчтэй ажлын бус цагаар эмнэлгийн байгууллагаар эмчилгээ хийлгэдэг ба гормоны эмчилгээний улмаас гарын арьс ард болон урд хэсэгтээ хуулардаг бөгөөд дээрх шалтгааны улмаас хурууны хээгээр бүртгэх төхөөрөмж зарим тохиолдолд хурууны хээг бүртгэж уншаагүй тохиолдол байдаг. Миний бие нийгмийн ухааны салбар сургуулийн номын санд өглөө 08:30 20:30 цагт 2 ээлжээр өөр нэг номын санчийн хамт ажилладаг болно. Хэрвээ би энэ олон өдөр ажил тасалж номын сан хаалттай байсан бол оюутнууд болон багш нараас гомдол санал тухайн цаг үед гарах байсан бөгөөд миний нэр дээр уншигчдаас ирсэн санал гомдол гарч байгаагүй.

в/. Ажлын хэсэг гэх бүрэлдэхүүн 2017.08.09-ний өдөр Д.С-н тухай дүгнэлт гаргажээ. Уг ажлын хэсэг хэтэрхий нэг талыг баримталсан дүгнэлт гаргасан байна гэж үзэж байгаа бөгөөд ажлын хэсгийн хурлын протоколыг үзэхийг шаардсан боловч надад үзүүлээгүй болно. Мөн түүнчлэн уншигчдыг амарч байх хугацаанд энэ асуудлыг зориудаар гаргаж ирсэн бөгөөд миний ажлаа таслаагүй, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллаж байсныг уншигчид нотлох болно.

г/. 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ны өдрийн хооронд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 16 хоног ажил тасалсан нь тухайн үедээ тогтоогдсон бол хариуцлага тооцох боломжтой байсан. Мөн түүнчлэн нийт номын сангийн ажилтнуудын цагийн бүртгэлийг бүх хүмүүсээр нь авч дүгнэлт хийвэл зөрчил гарах нь тодорхой бөгөөд хурууны хээгээ огт уншуулдаггүй хүмүүс ч бас байдаг. Гэтэл миний цалинг 7 сарыг дуустал бүтэн олгосон.

Миний бие улсад 31 жил МУИС-ийн номын санд 29 жил үүнээс 22 жил номын сангийн эрхлэгч гэх хариуцлагатай албан тушаалд ажиллаж байсны хувьд ийм олон хоногоор ажил таслаж оюутан сурагчдад ном хэвлэлээр үйлчлэх үүргээ умартах ёс суртахууны алдаа гаргах ухамсар надад байхгүй болно. 2019 онд өндөр насны тэтгэвэртээ гарах байсан.

Энэ байгууллагад тогтвортой удаан жил үр бүтээлтэй ажилласан миний хөдөлмөр зүтгэлийг үнэлэхгүй хувийн шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйлдэлд миний бие маш их гомдолтой байна.

Иймд Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах шаардлагыг гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2017 оны 7 сарын 24-ний өдөр МУИС-ийн Номын сангийн захирал Г.Ц-с ахлах номын санч Д.С-г удаа дараа ажил тасалж буй тул ажлаас халах тухай хүсэлт ирсэн. Үүний дагуу 2017 оны 8 сарын 01-ний өдөр МУИС-ийн захирлын А/232 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан.

Тус ажлын хэсэг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны сургуулийн ахлах номын санч Д.С нь ажил тасалж, албан үүрэгтээ хайнга хандаж, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан эсэхийг тогтоох зорилгоор дүгнэлт гаргаж ажилласан.

Д.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.1.5-д Ажилтан нь ажлаас хоцрохгүй, таслахгүй байх, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөөх, ажилдаа ирэх, явах үедээ цаг бүртгэх автомат машинд хурууны хээгээр бүртгүүлэх, 3.1.6-д Ажилтан тогтоосон цагт, мөн ажлын нэг өдөр ба түүнээс дээш хугацаагаар ажилдаа ирэх боломжгүй болсон тохиолдолд шалтгаан хугацааг шууд удирдах албан тушаалтанд мэдэгдэж чөлөөний зөвшөөрөл авах үүрэгтэй гэж заасан байдаг.

Хэдийгээр Д.С нь биеийн эрүүл мэндийн улмаас хүндэтгэх шалтгаантай байсан гэж тайлбарладаг боловч эмнэлгийн акт, дүгнэлт ирүүлдэггүй байсны зэрэгцээ тухайн үед шууд удирдах дээд албан тушаалтанд огт мэдэгдэж байгаагүй, Номын сангийн захирлаас 2017 оны 4 сарын 11-ний өдрийн 5а/872 дугаар албан бичгээр сануулга өгч байсан боловч дахин 16 өдрийн ажил тасалсан байсан.

Д.С-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажилтан нь 3 ба түүнээс дээш хоног ажил тасалсан тохиолдолд ноцтой зөрчил-д тооцно гэж Хөдөлмөрийн гэрээнд тухайлан зааж өгсөн байсан. Иймээс Д.С нь бичгээр сануулга өгсөөр атал удаа дараа ажил тасалсан тул ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.

МУИС-ийн захирлын 2017 оны 8 сарын 22-ны өдрийн Б/330 дугаар тушаалаар ахлах номын санч Д.С-г ажлаас чөлөөлсөн бөгөөд уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчлийг гаргасан нь талуудын хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т нэрлэн заасан хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгохоор тохиролцсон ноцтой зөрчлийг гаргасан нь хангалттай тогтоогдсон явдал юм.

Мэдээлэл технологийн албанаас баталгаажсан цагийн бүртгэл болон МУИС-ийн захирлын А/232 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтэнд зааснаар Д.С нь 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд 16 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан нь хөдлөшгүй нотлох баримтуудаар тогтоогддог.

Ажилтан болон ажил олгогчийн харилцан тохиролцон байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Д.С нь ажлын цагийг хурууны хээгээр бүртгүүлэх, ажилдаа ирэх боломжгүй тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй байсан. Гэвч ямар нэгэн мэдэгдсэн зүйлгүй удаа дараа тасалсан учраас хөдөлмөрийн гэрээний дагуу 5.3.2-т тусгаснаар ажилтан ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан учраас ноцтой зөрчилд тооцох үндэслэл болсон.

Д.С нь ажиллаж байх хугацаандаа нийт 118 ном буюу 574,659 төгрөгийн номыг үрэгдүүлсэн, шаардлага тавьсан боловч 5 ширхэг номыг буцааж өгөөд үлдсэн 113 ширхэг номыг буцааж өгөөгүй. Номын санчийн үндсэн үүрэг нь уншигчдад үйлчлэхээс гадна номуудын бүрэн бүтэн байдлыг хариуцах ёстой байтал үүргээ зөрчин ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан.

МУИС-ийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрмийн 58-д Бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, үг хэлээр дайрч доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлах хориглох, 148-д Ямар албан тушаалд ажиллаж байгаагаас үл хамаарч бие биетэйгээ шударга, хүндэтгэлтэй харилцах гэж заасныг зөрчин Д.С нь номын санчдыг загнаж, үг хэлээр доромжлон ёс зүйгүй, бусдыг үл хүндэтгэсэн харилцаа их гаргадаг байсан нь бусад ажилчдын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С нь Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч Монгол Улсын Их Сургууль бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.С нь 2014 оны 6 сарын 23-ны өдөр Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн Ахлах номын санчийн ажилд томилогдож, улмаар Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 8 сарын 22-ны өдрийн Б/330 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

 

Ахлах номын санч Д.С-г ажлаас чөлөөлж, ажил хүлээлцэх тухай Б/330 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6, 5 дугаар зүйлийн 5.3.2, Ажлын хэсгийн 2017 оны 8 сарын 09-ний өдрийн дүгнэлт, Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн захирлын 2017 оны 7 сарын 24-ний өдрийн хүсэлт, ахлах номын санч Д.С-н цагийн бүртгэлийг тус тус үндэслэсэн байх бөгөөд уг тушаалд ...нийлбэр дүнгээр Хөдөлмөрийн гэрээний 5.3.2-т заасан хязгаараас хэтрүүлэн ажил тасалсан нь Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон тул хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан байна гэж үзэж 2017 оны 8 сарын 22-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсүгэй хэмээн дурджээ.

 

Нэхэмжлэгч Д.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь өөрийн шаардлага, түүний үндэслэлийг ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчийн үүрэг байтал хөдөлмөрийн гэрээг хожим 2017 оны 4 сарын 07-ны өдөр байгуулсан, ажилаа тасалж байгаагүй, үе мөчний үрэвсэл өвчний улмаас хурууны арьс хуулардаг учир төхөөрөмж хурууны хээг заримдаа уншиж чаддаггүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь өөрийн татгалзал, түүний үндэслэлийг *******т бичгээр сануулга өгсөөр байтал 16 өдрийн ажил тасалж, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, Д.С нь ажилчидтай зүй бусаар харьцдаг, ажиллаж байх хугацаандаа нийт 113 ширхэг ном дутаасан гэж тайлбарлан маргадаг.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 01 сарын 04-ний гэх огноотой Хөдөлмөрийн гэрээ-г ажил олгогчийг төлөөлж Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн захирал Г.Ц болон ажилтан Д.С нар байгуулсан байх ба гэрээний огнооноос 7 хоногийн дараа ажилтан гарын үсэг зурсан гэж хариуцагч тал, 2017 оны 4 сарын 07-ны өдөр гарын үсэг зурсан гэж нэхэмжлэгч тал тус тус харилцан адилгүй тайлбарлаж байна.

 

Ажил олгогчийг төлөөлж хөдөлмөрийн гэрээ байгуулах эрх Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн захиралд олгогдсон эсэх талаар зохигч талууд маргадаггүй ба тус хөдөлмөрийн гэрээг хожим 2017 оны 4 сарын 07-ны өдөр байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байхаас гадна гэрч О.Н-н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр няцаагддаг.

 

Хариуцагч тал нь Д.С Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хэмээн тайлбарладаг, мөн Монгол Улсын Их Сургуулийн захирлын Б/330 тоот тушаалаар ажлын цаг тасалсан ажилтны үйлдлийг хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болгосон байх тул Д.С нь ажиллаж байх хугацаандаа 113 ширхэг ном дутаасан эсэх, Д.С нь номын санчдыг загнаж, үг хэлээр доромжлон ёс зүйгүй, бусдыг үл хүндэтгэсэн харилцаа гаргасан эсэх талаар шүүхийн зүгээс дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд энэ нь маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.

 

Монгол Улсын Их Сургуулийн ахлах номын санч Д.С-н 2017 оны 4 сарын 01-ний өдрөөс 2017 оны 6 сарын 30-ны өдөр хүртэлх цагийн бүртгэлийг үзэхэд ажилтан Д.С нь энэ хугацаанд нийт ажлын 16 хоног тасалсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ нь Монгол Улсын Их Сургуулийн захирлын 2017 оны 8 сарын 01-ний өдрийн А/232 тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт болон номын сангаар үйлчлүүлэгч оюутан сурагчдад номоор үйлчилсэн тухай Коха бүртгэлийн системийн тайлангаар давхар нотлогдож байна.

 

Үе мөчний өвчний улмаас гормоны эмчилгээ хийлгэдэг, хурууны арьс хуулардаг учир зарим тохиолдолд төхөөрөмж хурууны хээг уншдаггүй гэх нэхэмжлэгч Д.С-н тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь, Д.С-н зүгээс эрүүл мэндийн шалтгааны улмаас хурууны хээ уншигдахгүй байгаа талаар байгууллагын удирдлагад мэдэгдэн, өөр арга хэрэгслээр цагийн бүртгэлээ хийлгэх тухай хандаж байгаагүйгээс гадна хурууны хээ бүртгэлийн төхөөрөмж нь хуруу дарж бүртгэхээс гадна кодоор бүртгэх боломжтой талаар төхөөрөмжийг нийлүүлсэн гэх ИБИ ХХК-ийн албан бичиг хэрэгт авагдсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.2-т Ажлын 3 өдөр буюу нийлбэрээрээ 24 цагийн ажил тасалсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд хамаарахаар заажээ.

 

Ажилтны ажил тасалсан үйлдэл нь ноцтой зөрчилд хамаарах эсэх асуудал нь талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.

 

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээнд ямар үйлдэл, эс үйлдэхүйг ноцтой зөрчилд хамааруулан тооцох талаар зааж өгсөн нь хангалтгүй бөгөөд тухайн үйлдэл, эс үйлдэхүйн шинж чанар, үр дагавраас шалтгаалан үнэхээр ноцтой зөрчил-д хамаарч чадаж байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлох шаардлагатай.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил-д ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгох ноцтой үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулан ойлговол зохино.

 

Ажилтан Д.С-н ажил тасалсан үйлдлийн улмаас ийнхүү эд хөрөнгийн хохирол учирсан, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, ажил олгогчийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц үр дагавар бий болсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

113 ширхэг ном дутаасан гэх Д.С-н үйлдлийг ажил тасалсны улмаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм.

 

Шүүхээс ажил тасалсан Д.С-н үйлдлийг зөв зүйл гэж үзэхгүй байгаа боловч ажил тасалсан үйлдэлд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, улмаар ажлаас халах хүртэлх хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж болох байтал хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох үндэслэл болгохоор Хөдөлмөрийн гэрээнд тусгасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хөдөлмөрийн аятай таатай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах иргэний эрхийг шууд хөндөх зохицуулалт болжээ гэж дүгнэв.

 

Түүнчлэн, хариуцагч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Монгол Улсын Их Сургуулийн Номын сангийн захирлын 2017 оны 4 сарын 11-ний өдрийн 5а/872 тоот сануулга хүргүүлэх тухай албан бичгийг сануулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Учир нь, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зохицуулсан байдаг.

 

Иймд Д.С-г Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.

 

Ажилд эгүүлэн тогтоосонтой холбоотойгоор нэхэмжлэгчийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гэж 1,862,000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

0426223 тоот Нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд Д.С-н нэг сарын цалин хөлс 1,075,000 төгрөг болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас 1,075,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 787,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.      Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Д.С-г Монгол Улсын Их Сургуулийн Төв номын сангийн ахлах номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,862,000 төгрөгийг хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас гаргуулан нэхэмжлэгч Д.С-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Монгол Улсын Их Сургуульд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 787,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол Улсын Их Сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 30,350 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР