Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2017/ШЦТ/35

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Л.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч С.Ганбат,

шүүгдэгч С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Бага догшид овогт Сүрэн-Ухны Отгонбаярт холбогдох 201708000039 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бага догшид овогт Сүрэн-Ухны Отгонбаяр /РД:ЕВ86010317/ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 2 дугаар баг, Булангийн бууц гэх газарт нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 16 дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 172/501 дэх шонгийн ойролцоо 69-97 УНЭ улсын дугаартай Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Эрдэнэбилэгийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчимд Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар өөрийн эзэмшлийн 69-97 УНЭ улсын дугаартай Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 16 дугаар зөрлөгийн ойролцоо 172/501 дэх шонгийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас явган зорчигч Б.Эрдэнэбилэгийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч С.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өглөө Бор-Өндөр сумаас гараад Зандангаравыг замаараа аваад 10 цагийн үед гарсан. 12 цагийн үед Баянтал суманд ирээд төв замд ороод хойшоо явсан. Явж байхад замын зүүн талд 3 машин байсан. Машинуудыг өнгөрч байтал машины хажуунаас гэнэт хүүхэд гүйж гарч ирсэн. Миний машиныг ирж мөргөөд шидэгдсэн. Тоормос гишгээд баруун гар тал руугаа дартал машин шарвасан. Зам руу нэг гараад буцаад зүүн гар тал руугаа дартал машин зүүн тийшээ харж зогссон. 2015 онд Бор-Өндөр суманд “Энх-Орчлон заяа” гэдэг жолооны курссыг төгссөн. Жолоо бариад 2 жил болж байна. Тухайн үед гадаа салхитай байсан. Зам халтиргаа гулгаагүй байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Талийгаач машины араас гэнэт гүйгээд гарч ирсэн байх. Арын машинд тулж ирээд 6-7 метр зайнаас хүүхэд гүйхийг харсан. Тэгээд жолоогоо баруун тийшээ дараад тоормос гишгэсэн. Машиныг зогсоож боломж байгаагүй. Өгсүүр зам байсан болохоор 70-80 км/цагийн хурдтай явж байсан. Би өөрөө жолоо барьж явсан. Оршуулгын зардалд 8 800 000 төгрөг өгсөн. Мөн уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний биеийг харгалзан үзэж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

 

2. Хохирогч Л.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие нь талийгаач Эрдэнэбилэгийн ээж Оюунгэрэл гэдэг хүн байна. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө гэр бүлээрээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу явах гэж байхад нөхрийн дүү Алтанцэцэг нь Сэлэнгэ аймгаас аав, ээжтэйгээ золгох гэж ирэх замдаа 16 дугаар зөрлөгийн хажууд машин нь эвдэрсэн гэж утсаар ярьсан. Бид нар гэр бүлээрээ сэлбэг хүргэж өгөх гээд явсан. Бид нарыг очиход манай нөхрийн дүү замаас машинаа чөлөөлөөд тавьсан байсан. Манайх мөн адил замаа бүрэн чөлөөлөөд Чойр луу машинаа харуулж тавьсан. Машины арын зааланд манай нөхөр, дүүгийн нөхөр хоёр машиныг янзалж байсан. Пивоны лааз хэрэг болох юм байна гэж байтал манай хүн миний хүү буугаад пивоны лааз олоод ир гэсэн. Машинаас буугаад л дуу чимээ гарахаар нь эргээд хартал манай хүү машинд мөргүүлээд хөөрөөд шидэгдэж байсан. Манай нөхөр, том хүү хоёр өргөж авч ирээд машинд суулгаад Чойрын эмнэлэг дээр авч ирсэн. Эмнэлэг дээр ирээд 19 цагийн үед нас барсан. Миний хүү 8 дугаар ангид сурдаг, 14 настай хүүхэд байсан. Сургуульд суралцаж байхдаа урлаг, спортын өндөр амжилтыг үзүүлж байсан. Зүүн бүсийн хөл бөмбөгийн тэмцээнд олон удаа аварга болж багийн шилдэг тоглогч авч байсан. Миний хүү нь олон, олон гавьяа шагнал авч ээж аав, ах дүү нараа баярлуулж байсан. Хүү минь айлын бага хүү, цаашдаа аав ээжийгээ авч явах, гэрийнхээ гал голомтыг авч явах хүү байсан. Отгонбаяр нь 80 километр цагийн хурдтай явж байгаад 20 метрийн цаанаас хурдаа хассан гэж мэдүүлсэн байсан. Хурдаа хасаад 50-60 километр цагийн хурдтай явж байхдаа хүн мөргөхөд үхэлд хүргэхгүй байсан байх. Тухайн үед хажуудаа жолооч авч явчихаад тэр хүнээрээ жолоогоо бариулсан бол өнөөдөр миний хүү амьд сэрүүн байж болох байсан. С.Отгонбаяр нь жолоо барьж байхдаа авахаалж самбаа дутаж зогсоох арга хэмжээ аваагүй, тоормос гишгээгүй байсан. Замын үзэгдэх орчин ямар ч даваа, уруу, хотгор газар байгаагүй. Тэгшхэн зам байсан. Машинаа зогсоож чадахгүй 60 метр яваад хажууд нь сууж байсан хүн жолоог нь татаж зүүн тийшээ харж машиныг зогсоосон. Тухайн үед би сандраад болсон зүйлийг сайн харж чадаагүй. Талийгаач машинаас зам тал руугаа буусан. Би хаалга нээж буулгасан. Машинаас буугаад хөлөө тавиад 2-3 алхаад л дуу чимээ гарсан. Оршуулгын зардалд 8800000 төгрөг өгсөн. 8 сая төгрөгийн үнэтэй хүний амь гэж юу байхав. Миний хувьд маш их харамсалтай байна. Маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролд 150 сая төгрөг нэхэмжилж байна гэв.

 

3. Гэрч С.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...16 дугаар зөрлөг өнгөрөөд хойшоо нэг их холгүй яваад манай дүүгийн нөхөр Төрөөгийн мөнгөлөг саарал өнгийн жижиг тэрэг замын баруун талд Чойр луу хараад зогсчихсон байсан. Тэгэхээр нь би очоод машинаа тэр машины ард замын баруун хэсэгт замаа чөлөөлж урагшаа харуулж зогсоосон. Машинд ороод хойд заалны хамгийн хойд хэсэгт машины сэлбэгийг Төрөө бид 2 янзалсан бөгөөд шарикны обьём нь томдоод лааз, нимгэн төмөр хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн хүү Эрдэнэбилэгийг нимгэн төмөр, лааз олоод ир гэхэд манай хүү за гэж хэлээд машинаас гарсан. Миний машин буруу талдаа жолооны хүрдтэй зөв талдаа заалны хаалгатай. Манай хүү заалны хаалгаар гадагш төмөр олж ирэхээр гараад удаагүй байхад л түс хийх чимээ гарсан. Цонхоор харахад манай хүү агаарт шидэгдэж байсан бөгөөд унахдаа эсрэг урсгалын буюу замын зорчих хэсгийн баруун талд засмал зам дээр унасан. Түүнийг мөргөсөн цагаан өнгийн Приүс 10 маркийн машин хойшоо яваад нэлээн хойно очоод зүүн тийшээ хөндлөн хараад зогсчихсон байсан. Би машинаас буугаад хүү рүүгээ гүйгээд очиход хүү маань толгой нь зүүн тийш харчихсан дээшээ хараад ухаангүй хэвтэж байсан. Мөргөсөн машины жолооч цаанаас 1 залуугийн хамт ирээд одоо яах вэ гэхээр нь машинаа аваад ир эмнэлэг оръё гэхэд миний машин болохгүй байна гэхээр нь замын машин зогсоогоод хүүгээ аваад том хүү Эрдэнэбатын хамт Чойр луу явсан. Чойрт ирээд эмнэлгийн хүлээн авахад хүлээлгэж өгөөд эмчилгээ хийлгэж байгаад 19 цаг өнгөрч байхад манай хүү Эрдэнэбилэг нас барсан. Би хүүгээ машинд мөргүүлж байхыг бол хараагүй. Чимээ гарахаар нь өндийгөөд цонхоор харахад манай хүү агаарт шидэгдэж байсан. Түүний цаагуур цагаан өнгийн Приүс 10 маркийн машин эрчээрээ давхиж байгаа харагдсан. Машины хойно тонгойгоод юм хийж байсан болохоор тэр машиныг ирж байхыг нь ч хараагүй. Замын яг аль хэсэгт мөргүүлснийг бол би хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

4. Гэрч Б.Баттөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Бид нар машины цапны шарик нурчихсан түүнийг янзалж байхад жийрэг хийх нимгэн төмөр хэрэг болсон бөгөөд Бат-Эрдэнэ талийгаач Эрдэнэбилэгийг ойр хавиас нимгэн төмөр, пивоны лааз олоод ир гэж хэлээд буулгасан. Бас зам хөндлөн гарахдаа машин сайн хараарай гэж хэлж байсан. Бат-Эрдэнийн унаж ирсэн машин буруу талдаа жолооны хүрдтэй хойд заалны хаалга нь зөв талдаа байсан. Би машин эвдрээд замаа чөлөөлөөд замынхаа баруун гар талд зогссон байсан. Бат-Эрдэнэ машинаа яг миний машины ард талд замаа чөлөөлөөд урагш нь харуулаад зогсоосон байсан. Эрдэнэбилэг нимгэн төмөр олж ирэхээр гарахдаа машины хойд заалны гүйдэг хаалгаар гарсан. Машинаас буугаад нэг их удалгүй машинд сууж байсан хүмүүс орилолдоод явчихсан. Тэгэхээр нь би цонхоор харахад Эрдэнэбилэг машинаас нилээн хойно зам дээр дээшээ хараад хэвтэж байсан. Машинд байсан хүмүүс буугаад түүнийг миний сууж байсан машинд оруулж ирээд хөдөлгөж болохгүй гээд байж байтал гадаа байсан хүмүүс замаар явж байсан жижиг тэрэг зогсоогоод аав, ах хоёр нь Чойр луу эмнэлэгт хүргэхээр аваад явсан. Машинд оруулж ирэхэд бол амьсгаатай, амнаас нь цус гарсан байсан. Эрдэнэбилэгийг Приүс 10 маркийн цагаан өнгийн машин мөргөсөн. Намайг машинаас буухад манай машинаас нэлээн хойно замаас гараад зүүн тал руугаа хараад зогсож байсан. Би тонгойгоод юм хийгээд сууж байсан болохоор тэр мөргөсөн машиныг  урдаас замаар ирж байхыг нь хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/

 

5. Гэрч А.Хишигжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Маргааш өглөө нь манай ээжийн ах Бат-Эрдэнэ сэлбэг аваад бид нар дээр ирсэн. Ирэхдээ микро шиг хүрэн ягаан өнгийн буруу талдаа жолооны хүрдтэй машинтай эхнэр хүүхдүүдтэйгээ ирсэн. Тэгээд аав болон Бат-Эрдэнэ ах хүүхдүүд нь аавын машины эвдэрсэн зүйлийг янзлаад арын машинд сууцгаасан. Харин би ээж, Нарангэрэл эгчтэй аавын машинд юм яриад сууж байтал түс хийх чимээ гараад хүмүүс орилолдох чимээ гарахад Нарангэрэл эгч машинаас эхэлж буугаад шууд орилохоор нь би дагаад араас нь буухад Эрдэнэбилэг зам дээр машинд мөргүүлчихсэн хэвтэж байсан. Түүнийг аав, ах хоёр нь өргөөд тэр хэдийн ирсэн машинд оруулаад удаагүй замын машин зогсоогоод эмнэлэг рүү аваад явсан. Аав машинаа эвдрэхээр нь замын баруун гар талд замаа чөлөөлөөд зогсоосон байсан бөгөөд Бат-Эрдэнэ ах аавын машины ард машинаа урагш нь харуулаад зогсоосон байсан. Эрдэнэбилэгийг цагаан өнгийн Приүс 10 маркийн машин мөргөсөн байсан. Эрдэнэбилэгийг машинаас буухыг нь болон машинд мөргүүлж байхыг, мөргөсөн машин нь урдаас ирж байхыг би хараагүй. Тэр өдөр хүйтэн салхитай байсан. Зам бол халтиргаа, гулгаагүй байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/

 

6. Гэрч С.Алтанцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Маргааш нь Бат-Эрдэнэ ах сэлбэг аваад 12 цаг өнгөрч байхад хүрэн ягаан өнгийн микро шиг машинтай эхнэр Оюунгэрэл, охин Нарангэрэл, хүргэн Ууганболд, хүү Эрдэнэбат, Эрдэнэбилэг, хоёр зээгийн хамт ирсэн. Би охин Хишигжаргал, Нарангэрэл нарын хамт эвдэрсэн машиндаа юм яриад сууж байсан. Харин манай нөхөр болон машинтай ирсэн хүмүүс арын машинд машины сэлбэгийг янзлаад сууцгааж байсан. Манай нөхөр эвдэрсэн машинаа замын баруун гар талд замаа чөлөөлөөд урагш нь харуулаад зогсоосон байсан. 16-р зөрлөгөөс нэг их холгүй байсан. Бат-Эрдэнэ ах унаж ирсэн машинаа манай машины араас урагш харуулаад зогсоосон байсан. Түүний унаж ирсэн машин буруу талдаа жолооны хүрдтэй заалны хаалга нь зөв талдаа байсан. Намайг урд машинд Нарангэрэлтэй юм яриад сууж байхад түс хийх чимээ гараад арын машинд байсан хүмүүс орилолдоод явчихаар нь машинаас буугаад хартал Эрдэнэбилэг арын хэдийн сууж байсан машинаас нилээн хойно зам дээр дээшээ хараад хэвтчихсэн амнаас нь цус гойжсон байж байсан бөгөөд түүнийг аав, ах хоёр нь өргөөд арын машинд суулгаад удалгүй замын машин зогсоогоод эмнэлэг рүү авч явсан. Эрдэнэбилэгийг мөргөсөн цагаан өнгийн Приүс 10 машин нь түүнээс нэлээн хойно замын зүүн гар талдаа зүүн тийшээгээ хараад тонгойгоод зогсчихсон байсан. Эрдэнэбилэгийг яг мөргөж байхыг нь би хараагүй. Мөргөсөн машин нь урдаас ирж байхыг нь ч хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34 хуудас/

 

7. Гэрч М.Зандангарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 16 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байтал замын эсрэг талд урагш харсан 2-3 машин зогсож байсан. Тэр хэдэн машины хамгийн хойд талд зогсож байсан улаан хүрэн өнгий буруу талдаа жолооны хүрдтэй зөв талдаа заалны хаалгатай машины тэндээс гэнэт нэг хүүхэд зам хөндлөн гарч ирээд миний сууж явсан машинд мөргүүлсэн. Тухайн үед би жолоочийн хажууд суудал дээр сууж явсан бөгөөд машиныг хүргэн ах Отгонбаяр жолоодоод арын суудал дээр эгч Хишиггарав хүүхдүүд болох Анар, Мөнх-Эрдэнэ, Оюунсувд нар сууж явсан. Машин ойролцоогоор 90-100 км/цагийн хурдтай явсан. Уг хүүхдийг гэнэт гүйгээд гараад ирэхэд нь жолооч Отгонбаяр жолооны хүрдээ баруун гар тал руугаа дараад машин нь замаас гараад буцаж засмалдаа ороод буцаад замаас гараад зүүн тийшээгээ хараад зогссон. Хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн бөгөөд жолоочид тоормос гишгэх хугацаа ер нь байгаагүй. Тоормос гишгэсэн бол тэр хүүхдийг машины хамраар мөргөх байсан. Харин баруун гар тал руугаа дарснаар машины зөв талын кырло, толь хэсгээр мөргөсөн. Тухайн үед машин урсгалдаа явж байсан бөгөөд мөргүүлсэн хүүхэд эсрэг урсгалаас цагаан зураас даваад бид нарын явж байсан замын урсгалд орж ирж мөргүүлсэн. Отгонбаяр эрүүл байсан. Хүүхэд машин дотроос гарч ирсэн байж магадгүй. Гэнэт л гүйгээд гараад ирсэн. Жолооч тоормос гишгэсэн үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун гар тал руугаа дарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 35 хуудас/

 

8. Гэрч М.Хишиггарав мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "Би нөхөр Отгонбаяр том хүү Мөнх-Эрдэнэ, охин Оюунсувд, бага хүү Анар нарын хамт 2017 оны 02 дугаар сарын 28-ны өглөө 9-10 цагийн үед Бор-Өндөр сумаас Улаанбаатар хот орж ганданд ном уншуулахаар хөдөлсөн. Замаараа манай их гэрээр дайрч миний төрсөн дүү  Зандангаравыг аваад хот руу 11-12 цагийн үед хөдөлсөн. Бид нар явахдаа манай нөхрийн 69-97 УНЭ улсын дугаартай Приүс 10 маркийн цагаан өнгийн машинтай явсан. Манай нөхөр машин бариад манай дүү хажууд нь суугаад би 3 хүүхэдтэйгээ арын суудал дээр суугаад явсан. 16 дугаар зөрлөг дөнгөж өнгөрөөд явж байтал эсрэг урсгалын замын хажууд 3 машин замаа чөлөөлөөд урагшаа хараад зогсчихсон байсан. Хамгийн ард зогсож байсан ягаан өнгийн микро шиг машины араар хүүхэд зам хөндлөн гарахаар зүүн тийш гүйгээд гараад ирсэн бөгөөд манай нөхөр машинаа баруун гар тал руугаа дарсан. Хүүхэд машины зөв тал хэсгээр мөргүүлсэн. Машинаа зогсоох гэхэд машин шарваад замаас гарч орж байгаад замын зүүн талд зүүн тийшээгээ хараад замаас гараад зогссон. Тэгээд манай нөхөр дүү хоёр машинаас гараад мөргүүлсэн хүүхэд дээр гүйгээд очсон. Би хүүхдүүдээ аваад машинаас гараагүй. Машин ойролцоогоор 80км/цагийн хурдтай явсан гэж бодож байна. Хүүхэд гэнэт гүйгээд гараад ирсэн бөгөөд жолоочид тоормос гишгэх хугацаа ер нь байгаагүй. Тоормос гишгэсэн бол тэр хүүхдийг машины хамраар мөргөх байсан. Харин баруун гар тал руугаа дарснаас машины зөв талын кырло, толь хэсгээр мөргөсөн. Хүүхэд бид нарын явж байсан урсгалд гүйж орж ирж машинд мөргүүлсэн. Манай нөхрийн унаж явсан машин нь түүний төрсөн дүү Сүрэн-Ухны Батбаярын нэр дээр байдаг бөгөөд уг машиныг 2016 оны 02 дугаар сард нөхөр маань дүүгээсээ 4 сая төгрөгөөр худалдан авч осолд орох хүртлээ унаж байсан. Машиныг худалдан аваад өөрийн нэр дээр шилжүүлээгүй байгаа. Цаг агаар хүйтэн салхитай байсан. С.Отгонбаяр эрүүл байсан. Би бол машины араар тойрч гарч ирсэн гэж бодож байна. Гэнэт л гүйгээд гараад ирсэн. Яг хаанаас гарч ирснийг бол хараагүй. Жолооч тоормос гишгэсэн үгүйг мэдэхгүй байна. Ямар ч байсан баруун гар тал руугаа дарсан. Машин дайвалзаад явчихсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-38 хуудас/

 

9. Гэрч А.Ууганболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Бид нар очихдоо машиных нь цапны шарик нурсан гээд түүнийг нь авч очсон. Машиныг гадаа янзалж байгаад даараад байхаар нь аавын машинд орж янзлахаар болсон. Тэгээд машинд ороод заалны хамгийн хойд хэсэгт манай хадам аав, Алтанцэцэгийн нөхөр Төрөө ах 2 машиныхаа цапыг нь тайлж авчраад янзалсан. Янзалж байгаад манай хадам аав гаднаас лааз олоод ир гэж хэлээд Эрдэнэбилэгийг машинаас гаргасан. Манай хадмын машин буруу талдаа жолооны хүрдтэй зөв талдаа заалны хаалгатай ба Эрдэнэбилэг заалны хаалгаар машинаас бууж лааз, нимгэн төмөр олж ирэхээр буусан. Машинаас Эрдэнэбилэг буугаад нэг их удалгүй пид хийх чимээ гарсан бөгөөд машинаас буугаад харахад түүнийг цагаан өнгийн Приүс 10 маркийн машин  мөргөчихсөн хойд талд замын хажууд зүүн тийшээгээ харчихсан зогсож байсан. Манай дүү Эрдэнэбилэг замын зорчих хэсгийн баруун гар талд уначихсан байсан. Намайг болон хадам аав бид хоёрыг очиход Эрдэнэбилэг ухаангүй байсан бөгөөд машинаас хойш 20 орчим метр газар шидэгдсэн байсан. Түүнийг замын машинаар Чойрын эмнэлэг рүү аав, ах хоёртой нь хамт цагдаа нар ирэхээс өмнө явуулсан. Явуулсныхаа дараа би цагдаа руу дуудлага өгсөн. Эрдэнэбилэгийг яг машинд мөргүүлж байхыг бол би хараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 хуудас/

 

10. Гэрч Б.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Бид нарыг Алтанцэцэг эгчийн байгаа газарт очиход машин нь 16 дугаар зөрлөгийн хойд талд эвдэрчихсэн замынхаа баруун гар талд урагшаа хараад замаа чөлөөлөөд зогссон байсан. Манай аав очоод тэр машины яг ард нь машинаа урагш нь харуулаад замаа чөлөөлөөд зогсоосон. Аав, хүргэн ах Ууганболд нар гадаа Алтанцэцэг эгчийн нөхөртэй хамт машиныг нь янзалж байгаад гадаа хүйтэн байна гээд аавын машин дотор орж ирж машины эвдэрсэн зүйлийг янзалсан. Цапны шарик нурсан байсан бөгөөд түүнийг янзалж байхад молоконы болон пивоны лааз, нимгэн төмөр хэрэг болоод байна гээд машинаас буугаад ойр хавьд байвал олоод ир гэж манай аав болон хүргэн ах Төрөө нар манай дүүг явуулсан. Манай аавын машин зөв талдаа заалны хаалгатай буруу талдаа жолооны хүрдтэй бөгөөд манай дүү лааз олж ирэхээр буухдаа машины заалны хаалгаар буусан бөгөөд яг засмал зам руу буусан. Буугаад нэг их удалгүй түс хийх чимээ гарахаар нь машины цонхоор харахад цагаан өнгийн Приүс машинд мөргүүлээд агаарт шидэгдээд унаж байхад нь би харсан. Намайг машинаас буухад манай дүү засмал замын зорчих хэсгийн баруун талд голын цагаан зураасны баруун талд зам дээр хэвтэж байсан. Түүнийг манай аав болон хүргэн ах нар очиж өргөж машинд авч ирсэн бөгөөд түүний биеийн байдал нь маш муу ухаан алдчихсан юм шиг байсан. Машинд оруулж ирээд хэвтүүлэхэд амнаас нь цус гараад байсан. Түүнийг би аавтай хамт замын машин зогсоогоод суугаад Чойрын эмнэлэгт авч ирсэн. Замдаа наашаа эмнэлэг рүү явж байгаад өөрийгөө хүчилж амьсгалаад амнаас нь цус гараад байсан. Хүчтэй салхитай хүйтэн өдөр байсан. Би яг зам хөндлөн гарч байхыг нь бол хараагүй. Машинаас буугаад шууд зам хөндлөн гарах гэж байхдаа мөргүүлсэн гэж бодож байна. Яагаад гэвэл манай дүү машинаас буугаад нэг их удаагүй түс хийх чимээ гараад харахад мөргүүлээд унаж байсан. Замын яг мөргүүлсэн хэсгийг бас хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор дүүгээ цагаан зураас давж эсрэг урсгалд орсон гэж бодохгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/

 

11. Гэрч Б.Нарангэрэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...16 дугаар зөрлөг өнгөрөөд жаахан хойшоо явж байтал замын баруун гар талд урагшаа хараад зогсчихсон жижиг саарал өнгийн машин байсан бөгөөд тэр нь манай аавын дүүгийн эвдэрсэн машин байсан. Тэнд очоод манай аав машинаа замын баруун гар талд урагш харуулж эвдэрсэн машины яг ар талд замаа чөлөөлж зогсоогоод орхисон. Манай аавын машин буруу талдаа жолооны хүрдтэй зөв талдаа заалны хаалгатай машин. Бид нар буугаад тэд нартай уулзаад машины сэлбэг өгөөд аав, Төрөө ахын хамт гадаа эвдэрсэн машины баруун талын урд дугуйны орчим машин янзлаад байсан. Би очсон машинаасаа буугаад эвдэрсэн машин руу орж суусан бөгөөд тэр машинд Алтанцэцэг, түүний охин Хишигжаргал хоёртой юм яриад суусан. Машинд сууж байтал гэнэт л хүмүүсийн бахирах чимээ гарахаар нь юу болов гээд машинаас буугаад харахад аавын машины нилээн хойно зам дээр манай бага дүү Эрдэнэбилэгийг аав, манай нөхөр тэврээд дүүгийн нүүрнээс цус гарчихсан Истана машин руу авч ирж байсан. Би түүнийг машинд мөргүүлсэн гэдгийг мэдсэн. Машин нилээн хойно замын зүүн гар талд замаас гараад тонгойгоод зүүн тийш хараад зогсчихсон байсан. Би яг дүүгээ машинд мөргүүлж байхыг хараагүй. Мөргөсөн машин нь Приүс 10 маркийн цагаан өнгийн машин байсан. Тэр машиныг урдаас замаар ирж байхыг нь би хараагүй. Осол 13 цагийн үед болсон. Манай бага дүүг аав, дүү Эрдэнэбат хоёр замын машинаар Чойрын эмнэлэг рүү авч явсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

12. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 тоот дүгнэлтэнд: Б.Эрдэнэбилэгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун талын 1,2,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал, 2, 6 дугаар хавирганы цээжний хөндий рүү нэвтэрсэн хугарал, зүүн талын 1, 2 дугаар хавирганы хугарал, хавирга завсрын зөөлөн эдийн тархмал цус хуралт, няцрал, баруун талын далны хугарал, баруун эгэмний хугарал, баруун уушигны урагдал, няцрал, тархмал цус хуралт, баруун цээжний хөндий дэх 500 мл цус хуралдалт, дотор эрхтний доргилт, өвчүүний дотор гадаргууны цус хуралт, уушигны угийн цус хуралт, үнхэлцэг хальсны цус хуралт, зүрхний гадаргууны цус хуралт, хүзүүний баруун талаарх цус хуралт, цагаан мөгөөрсөн хоолой, улаан хоолойн цус хуралт, тархины хатуу бүрхүүл доорх цус хуралт, тархины баруун зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, доод эрүүний хугарал, баруун бугалга ясны ил хугарал, баруун гарын 2-р хуруу, 3,4 дүгээр хурууны ар талаар өнгөц язрал, хэвлийн баруун хажуу талаар зулгаралт тус тус цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх учирсан гэмтлүүд нь биеийн баруун талаас мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд зэрэг үүссэн байх боломжтой. Б.Эрдэнэбилэг нь Ва /III/ бүлгийн харьяалалтай цустай байна. Талийгаачид урьд нь шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Б.Эрдэнэбилэгийн биед учирсан дээр дурьдагдсан гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлүүд байна. Б.Эрдэнэбилэг нь олон хавирганы хугарал, далны хугарал, баруун уушигны урагдал, няцрал, тархмал цус хуралт баруун цээжний хөндий дэх 500 мл цус хуралтын улмаас нас баржээ.

Ахлах зэргийн шинжээч эмч а/д Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 53-54 хуудас/

 

13. Шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 тоот дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн С.Отгонбаярын гэх цусанд спиртийн алкоголь илрэхгүй байна.  

Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Жаргалан гэжээ. /хх-ийн 73 хуудас/

 

14. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 07 тоот дүгнэлтэнд: Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гаргасан ослын акт хууль зүйн үндэслэлтэй байна. Тоёота приүс 10 маркийн 69-97 УНЭ дугаартай автомашины жолооч С.Отгонбаяр нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүи тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Эрдэнэбилэг нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р бүлгийн 3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тоёота приүс 10 маркийн 69-97 УНЭ улсын дугаартай автомашины жолооч С.Отгонбаяр нь хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй. Түүнчлэн анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсон. Мөн явган зорчигч Б.Эрдэнэбилэг нь замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн зам хөндлөн гараагүйгээс уг осол гарах шалтгаан болсон.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Равдан гэжээ /хх-ийн 68 хуудас/

 

15. Говьсүмбэр аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 15 тоот нэмэлт дүгнэлтэнд: Тоёота приүс 10 маркийн 69-97 УНЭ улсын дугаартай автомашины жолооч С.Отгонбаяр нь осол болох үед хэдэн километр цагийн хурдтай явж байсныг тогтоох боломжгүй. Шалтгаан нөхцөл нь: хэрэг учралын газарт анх явган зорчигч мөргөсөн “А” цэгийн орчим тухайн Тоёота приүс 10 маркийн 69-97 УНЭ улсын дугаартай автомашины тоормосны зам, дугуйн даралтын мөр байхгүй, дугуй чирүүлж тоормослосон мөр байхгүй зэргээс тогтоох боломжгүй.

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ц.Равдан гэжээ /хх-ийн 104 хуудас/

 

16. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /х.х-ийн 4-14 хуудас/

 

17. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 27 хуудас/

 

18. Цогцсонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-52, 56-60, 63-65 хуудас/

 

19. Бичиг баримт хураан авах тогтоол, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 107-108 хуудас/

 

20. С.Отгонбаярын хувийн байдлыг тодруулсан М.Хишиггаравын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, өрхөд тоологдсон малын тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар /х.х-ийн 36-37, 120, 122, 129-130, 133, 158 хуудас/

 

21. Яаралтай тусламж үйлчилгээний хуудас /х.х-ийн 115-116 хуудас/

 

22. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 109-110 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.Отгонбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд зааснаар тэнсэж хянан харгалзах хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд хорих ялыг тэнсэж хянан харгалзах үндсэн шалгуур нөхцлийг заажээ. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт "Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй", мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт "гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө" гэж тус тус заасан байх бөгөөд хүний амь нас хагацаасан нь анхны байдалд сэргэх боломжгүйгээс гадна түүнийг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй.

Шүүгдэгч С.Отгонбаяр нь оршуулахтай холбогдсон зардалд 8 800 000 төгрөг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байгаа боловч гэм хорыг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Л.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 150 сая төгрөг нэхэмжилж, маш их гомдолтой байгаагаа илэрхийлсэн нь түүнд учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч С.Отгонбаярыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчийн хэт хайхрамжгүйгээс гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч Л.Оюунгэрэлийн сэтгэл санааны хохирол 150 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдав.

 

Шүүгдэгч С.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, оршуулахтай холбогдсон зардалд 8 800 000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Отгонбаярын 933720 дугаартай А, В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын иргэдэд үйлчлэх төвд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 295-297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бага догшид овогт Сүрэн-Ухны Отгонбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасныг баримтлан шүүгдэгч С.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, оршуулахтай холбогдсон зардалд 8 800 000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Л.Оюунгэрэл нь сэтгэл санааны хохирол 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч С.Отгонбаярын 933720 дугаартай А, В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА