Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2017/ДШМ/07

 

С.Отгонбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

           Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч А.Сайнтөгс, О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

прокурор Б.Мөнхдөл,

шүүгдэгч С.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Г.Энхжаргал,

хохирогч Л.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч С.Ганбат

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Оюунсүрэн нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баттулга даргалж шийдвэрлэсэн, 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч С.Отгонбаярт холбогдох 201708000039 дугаартай 2 хавтас 256 хуудас бүхий эрүүгийн хэргийг эс зөвшөөрч хохирогч Л.Оюунгэрэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 06 сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бага догшид овогт Сүрэн-Ухны Отгонбаяр /РД:ЕВ86010317/ Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 1986 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Даланжаргалан сум, 2 дугаар баг, Булангийн бууц гэх газарт нутаглах, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй гэх С.Отгонбаярт холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2017 оны 06 сарын 06-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч С.Отгонбаяр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянтал сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 16 дугаар зөрлөгийн орчим Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замын 172/501 дэх шонгийн ойролцоо 69-97 УНЭ улсын дугаартай Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Эрдэнэбилэгийг мөргөж амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бага догшид овогт Сүрэн-Ухны Отгонбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасныг баримтлан шүүгдэгч С.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

шүүгдэгч С.Отгонбаяр нь цагдан хоригдоогүй, оршуулахтай холбогдсон зардалд 8 800 000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж,

хохирогч Л.Оюунгэрэл нь сэтгэл санааны хохирол 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч С.Отгонбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

шүүгдэгч С.Отгонбаярын 933720 дугаартай А, В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Отгонбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйгээр шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Отгонбаярын өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан С.Отгонбаяр нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхад анхан шатны шүүх С.Отгонбаяр нь оршуулгатай холбогдсон зардалд 8 800 000 төгрөг төлж барагдуулсан болох нь тогтоогдож байгаа боловч гэм хорыг бүрэн арилгасан гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл хохирогч Л.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 150 000 000 төгрөг нэхэмжилж, маш их гомдолтой байгаагаа илэрхийлсэн нь түүнд учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзээд С.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хүний амь насыг хохироосон тохиолдолд хор уршгийг арилгах ямар ч боломжгүй бөгөөд мөнгөөр дүйцүүлж төлүүлөх гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Иймд ялтан С.Отгонбаярын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ялтны хувийн байдал, эрүүл мэндийн байдал, тухайн хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзах ял болгон өөрчилж өгнө үү. Мөн шийтгэх  тогтоолын 5 дахь хэсэгт хохирогч Л.Оюунгэрэл нь сэтгэл санааны хохирол 150 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэжээ. Гэтэл хүний амь нас хохироосон тохиолдолд сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтооосон заавар, журам хууль байхгүй бөгөөд түүнийг гаргуулах ямар нэгэн хуулийн заалт байхгүй учир хохирогч Л.Оюунгэрэлийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Л.Оюунгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Тус шүүхээс С.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг ял хөнгөдсөн гэж үзэж маш их гомдолтой байна. Учир нь: Ялтан С.Отгонбаяр мэдүүлж байгаа, мөн түүний өмгөөлөгчийн тус давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдсанчлан уг зам нь өгсүүр зам байгаагүй, тэгш хуурай үзэгдэх орчин чөлөөтэй байсан болох нь хэрэг учралын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг, шинжээчийн дүгнэлт зэргээр бүрэн дүүрэн нотлогдож байхад өөрийн гэм бурууг булзааруулах зорилгоор бодит байдлыг мушгин гуйвуулж хэргээ үнэн зөвөөр мэдүүлэхгүй байсан зэрэг нь ямар нэгэн байдлаар гэмшихгүй өөрийгөө зөвтгөж байсанд үнэхээр гомдолтой байна.

Мөн ялтан С.Отгонбаяр нь оршуулгын зардалд 8.8 сая төгрөг өгсөн нь үнэн, бид үгүйсгээгүй, гэхдээ хүний амь нас гэдэг төрүүлж өсгөж өдий зэрэгтэй болгосон хүүгийн минь амь насыг хохироочихоод оршуулгын зардалд 8.8 сая төгрөг өгснөөрөө бидэнд учирсан хохирол, уй гашууг тайлсан бүрэн төлсөн гэж ойлгож та нарт илүү мөнгө төлж чадахгүй гэх зэргээр авирлаж байгаад туйлаас гомдолтой байна. Ялтан С.Отгонбаярын өмгөөлөгч Г.Энхжаргал “...оршуулгатай холбогдсон зардалд 8.8 сая төгрөг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Оршуулгын зардалд 8.8 сая төгрөг нэхэмжилснийг өгсөн ч хүүгийнхээ буяны ажилд зарцуулсан баримтыг дутуу бүрдүүлсэн, орхигдсон зүйл бий, үүнийг цаашид ч нэхэмжилнэ. Мөн нялх хүүгийн маань амийг хохироож, дахиж бидэндээ хэзээ ч эргэж ирэхгүйгээр явсан байхад төрөөс оногдуулсан гэм бурууд тохирсон ял шийтгэлийг биеэр эдэлж гэмших байх гэтэл тэнсэж өгөөч гэж гомдол гаргаж байгаа нь дэндүү хүний мөсгүй байгаагийн илрэл юм. Талийгаач хүүгийн гэр бүлийнхний зүгээс заавал ял шийтгэлийг биеэр эдлүүлнэ. Тийм ч учраас ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Гэмт хэргийн улмаас нэр төр, алдар хүнд, санаа сэтгэл, бие эрхтэн, эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ” гэж хуульчлан зааснаас үзвэл хохирогч миний бие ялтан С.Отгонбаяраас хуульд тусгагдаагүй, хууль бус зүйл нэхэж, нэхэмжлээгүй, харин хүн ёсны үүднээс бидэнтэй ирж уулзаад, хохирогч бидний сэтгэл санааг ойлгож, нэг ч удаа болов ярилцаад, үнэн сэтгэлээсээ уучлалт гуйгаагүйд маш их гомдолтой байна. Үрээ алдсан эцэг, эх дүүгээ алдсан эх, эгчийн сэтгэл ямар байгааг энэ хүмүүс хумсны толин чинээ ойлгож, ухамсарлахгүй байгаад харамсаж гомдож байна. Иймд: 1. Ялтан С.Отгонбаяр 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 35 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил, 1 сарын хугацаагаар хорих ял хөнгөдсөн гэж үзэж ял шийтгэлийг хүндрүүлж, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл  оногдуулж өгөхийг хүсч давж заалдах гомдол гаргаж байна.

2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус үндэслэн ялтан С.Отгонбаяраас миний хүүгийн амь насыг хохироосны улмаас учирсан бодит хохирол болон сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ. 

Прокурор Э.Нэргүй давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон прокурор Б.Мөнхдөл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал нь ялтан С.Отгонбаярт оногдуулсан ял шийтгэлийг тэнсэж хянан харгалзах талаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь ялтан С.Отгонбаяр нь тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, оршуулгатай холбоотой зардлыг төлж барагдуулсан байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд хорих ялыг тэнсэж, хянан харгалзахаар заасан ба хүний амь нас хохирсон асуудлыг анхны байдалд сэргээх боломжгүйгээс гадна түүнийг мөнгөөр дүйцүүлэн төлүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хохирогч Л.Оюунгэрэл нь шүүх хуралдаанд сэтгэл санааны хохиролд 150 сая төгрөг нэхэмжилж, маш их гомдолтой байгаагаа илэрхийлсэн нь түүнд учирсан гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэжээ.

 Шүүгдэгч С.Отгонбаяр нь Приүс 10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 дахь хэсэг "Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Эрдэнэбилэгийг мөргөж амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл анги тохирсон байх тул Говьсүмбэр  аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхэр  шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна гэж үзэв. Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн бөгөөд гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэл зарчимд нийцэх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны шинэчлэн найруулсан хуулийг буцаан хэрэглэж шүүгдэгч С.Отгонбаярт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй болно.

Тодруулбал анхан шатны шүүх шүүгдэгч С.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн  /2002 оны/ тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн бөгөө 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр                          үйлчилж эхэлсэн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар Автотээврийг хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ багассан тул шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан  хорих ялын хэмжээг шинэ хуульд нийцүүлэн хасах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалын “ялыг тэнсэж өгнө үү”, хохирогч Л.Оюунгэрэлийн “ ялыг хүндрүүлж өгнө үү’’ гэсэн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаарсарын 06-ныөдрийн 35 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч,1 жил 1 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж, шийтгэх тогтоолын 3 дугаар заалтыг  “Эрүүгийн хуулийн /2015 оны/ 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Отгонбаярт оногдуулсан 1 жил 1 сар 28 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шүүгдэгчийн өмгөөлөгч болон хохирогчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шийтгэх тогтоол гарсанаас хойш давж заалдах шатны магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч С.Отгонбаярын цагдан хоригдсон нийт 65 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.ТЭГШСУУРЬ

                                 ШҮҮГЧИД                                        Н.БАТЧИМЭГ

                                                                                         О.ОДНЯМАА