Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/01704

 

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 06сарын22өдөр

181/ШШ2020/01704

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Д /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Н /РД:/-д холбогдох

 

27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байна.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Д миний бие ам бүл 3, эрхэлсэн тодорхой ажилгүй, өвчний учир группт байдаг. Би 2017 оны 08 сарын 30-ны өдөр Б.Нод Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж ФФФФФФ байрлалд баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орц 14 давхрын УУУУУУ тоот байрыг түүний саналаар худалдахаар тохирч Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ-ний эзэмших эрхийг шилжүүлсэн. Уг байрыг Ш.Д би Монтед төслийн гүйцэтгэгч Өнгөт фасад ХХК, борлуулагч ******* ХХК-тай 2016 оны 11 сарын 14-нд гурвалсан гэрээ байгуулан авсан байсан бөгөөд уг эрхээ 2017 оны 09 сарын 01-нд өргөдөл бичиж Б.Нод шилжүүлсэн юм. Одоо Б.Н нь уг байранд амьдарч байгаа юм. Уг байрыг эзэмших эрхийг шилжүүлэхдээ бид 73 сая төгрөгөөр өгч авалцахаар харилцан тохирч Б.Н нь 40 сая төгрөгийг хоёр хуваан шилжүүлж 15 сая төгрөгийн приус 30 автомашиныг төлбөрт нь оролцуулан өгч нийт 55 сая төгрөгийг төлж үлдэгдэл 18 сая төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож зээлийн гэрээ үйлдэн баталгаажуулж гэрээний дагуу төлөхөөр тохирсон боловч гэрээний үүргийн дагуу 18 сая төгрөгөө төлөлгүй харин ч эсрэгээрээ элдвээр дарамталж заналхийлэн ажил үүргээ ашиглан мөрдөж мөшгөн мессэж бичиж утсаар дарамтлан өнөөг хүрлээ. Б.Н нь уг байранд орсон боловч ордерыг нь надаас гаргуулах нэрээр халхавчлан би хариуд нь тэр ордерыг улсын бүртгэлийн газар, барьсан компани нь мэдэх ёстой гэхэд ална хядна ах дүүстэйгээ очно чи муу пизда банди гэх зэргээр сүрдүүлж тэр ч бүү хэл тарвага олж ирж өг, самар авч өг манай ах Хэнтийгээс надаар самар оруулж ирдэг би цагдаа учраас хаалтгүй хот руу оруулж борлуулдаг юм. Тэрэн шиг ажиллаж ашгаараа өрнөөсөө хагасламаар байна гэх зэргээр дарамт шахалт үзүүлж намайг дээрэлхэн хориотой зүйлс хууль бусаар хийхийг шаардаж надад хамааралгүй байрны ордерыг нэхэж шалтаглан үлдсэн төлбөрөө гэрээний дагуу төлөлгүй өнөөг хүрлээ. Мөн үүгээр зогсохгүй манай хүргэнийг зах болон 1 дүгээр хорооллын арын замаар явж байхад нь удирдлагын төвийн камераар харж тэнд энд явна уу чи гэх зэргээр сүрдүүлж байсан зэрэг зарим мессэжийг баримтжуулан хавсаргасан болно. Би ******* төлбөрөө авч чадалгүй бодитойгоор 2 жил хохирч байна. Б.Ныг төрийн албаны цагдаагийн хүн ухамсартайгаар мөнгөө гүйцээн төлөх байх гэж хүлээсээр өдийг хүрч аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд гэрээний дагуу 18 сая төгрөгийн алдангийг тооцвол маш их тоо гарч байгаа тул алдангийг гэрээний үнийн дүнгийн тавин хувиар тооцож хариуцагч ******* үндсэн төлбөр 18 сая төгрөг, алданги 9 сая төгрөг, нийт 27 сая төгрөгийг гаргуулан өгнө үү. гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б,Насантогтох нь ******* 2017оны 08 сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Монтед 84 айлын орон сууцанд 14 давхарт 50.5 м.кв байрыг 73.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүнд 40,000,000 төгрөг бэлнээр 15,000,000 төгрөгийн приус 30 маркийн автомашин өгсөн. Үлдэгдэл 18,000,000 төгрөгөө дараа төлөхөөр гэрээ байгуулсан нь үнэн. Ш.Д нь байраа зарахдаа 2017 оны 09 сарын 10-нд ашиглалтад орно. 10 сард гэрчилгээ гарна гэж хэлсэн. Түүгээр барахгүй барилгын компанийн захирал Мөнхбаттай, хуурай ах дүүс учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж амаар баталсан. Гэвч байр нь ашиглалтад ороогүй 2017 оны 10 сарын 23 хүрсэн болохоор бид Ш.Дтай холбогдож байр ашиглалтад орохгүй байна Мөнхбат утсаа авахгүй байна гэж ярихад би мэдэхгүй гэж мэлзэж эхэлсэн. Тэгэхээр нь наймаагаа буцаая мөнгөө авъя гэж утсаар ярьсан. Нэхэмжлэгч нь тэгье мөнгийг чинь 10 сарын 26-нд буюу Пүрэв гарагт буцааж өгье гэж хэлээд ахиж утсаа авахгүй уулзъя гэж мессэж бичихэд уулзахгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн. Хүргэн нь миний зарсан машинтай зөрөөд өнгөрөхөд нь аав чинь утсаа авахгүй байна. Зогсож бай уулзъя гээд утсаар ярихад зугатаад байсан. Сүүлдээ байр ч байхгүй мөнгө ч байхгүй утсаа авахгүй байсан. Үүний үр дүнд миний бие болон эхнэр (давхар биетэй) 3 настай хүүхэдтэйгээ айлын түрээсийн байраар олон сар явсан. Аргагүйн эрхэнд лифтгүй, усгүй байранд харуулаас нь түлхүүр авч 2018 оны 01 сард тавилгаа оруулж нүүж орсон. 2018 оны 04 сар болтол лифт ашиглалтад ороогүй. Түүгээр барахгүй одоо ч тухайн байрыг улсыг комисст хүлээлгэн өгөөгүйн улмаас байрны тог ус дулаан зэрэг нь Мөнхбаттай холбоотой сар бүр тасалдал үүсдэг. 2018 оны 03 сард Барилгын компанийн захирал Мөнхбат нь байр улсын комисс хүлээн авлаа. Гэрчилгээ гаргаж өгнө гэж оршин суугчдыг дуудаж уулзсан. Тухайн үед би гэрчилгээ авахаар Мөнхбаттай уулзахад танайд бол гэрчилгээ гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Анх Ш.Д нь надтай 18 сая төгрөгийн гэрээ хийгээд л байрны гэрчилгээ чиний нэр дээр гарна гэж хэлсэн боловч байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж Мөнхбат дуудахдаа Ш.Дд мөнгөө өгсний дараа гэрчилгээг өгнө гээд анх ярьснаас зөрөөд эхэлсэн. Харин ч Ш.Д бичиг хийж өгөхгүй бол гэрчилгээ Ш.Дын нэр дээр гарна гэж хэлсэн. Ш.Д руу тухайн үед залгасан боловч утсаа авахгүй мөнгөө аваач гэж мэссэж бичихэд над руу залгасан. 2018 оны 04 сард зээл аваад Ш.Дд өгөх мөнгөө дансандаа байрлуулж бэлдээд Ш.Дтай ярихдаа Мөнхбат гэрчилгээ гаргана гээд хүмүүсийг дуудаж байна миний гэрчилгээг гаргаж өг гэхэд би бичиг хийж өгнө гэсэн. Тэгэхээр нь мөнгөө бэлдчихээд мөнгөө ав надад гэрчилгээ гаргаж өг гэхэд би бичиг л хийж өгнө гэрчилгээ надад хамаагүй гэхэд нь би танд итгэхгүй байна. Анхнаасаа хэлсэн үг болгон чинь худлаа байна, дандаа худлаа хэлж байгаа гэхэд чи муу мөнгө өгч чадахгүй байж битгий худлаа хэлээд залгаад бай гээд тасалсан. Үүнээс маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар бид 55,000,000 төгрөгийг Ш.Дд өгсөн боловч бидэнд байр эзэмших ашиглах гэрчилгээ байхгүй, цаашдаа ч гэрчилгээтэй болох эсэх нь баталгаагүй байна. Нийт 73,000,000 төгрөг өгсөн ч Ш.Дын нэр дээр гэрчилгээ гарах магадлалтай юм байна гэж ойлгоод гэрчилгээ авсны дараа мөнгөө төлье гэж Ш.Дтай ярьсан. Гэрчилгээгээ авмаар байна гэсэн шаардлагыг Ш.Дд тавихад надад хамаагүй гэх, Мөнхбат нь болохоор Ш.Дтай учраа ол гээд байгаа. Байрны гэрчилгээгээ хүлээн авсан тохиолдолд тохиролцооны үлдэгдэл мөнгийг Ш.Дд төлөхөд бэлэн байна. Байрны худалдан худалдан авах гэрээн дээр 2017 оны 09 сарын 30-наас хойш гэрчилгээ өгөөгүйн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэсэн байгаа. Тухайн үнийн дүнгээр хариу нэхэмжлэх гаргах болно. Иймээс эрхэм шүүгч та миний байгаа байдлыг харгалзан үзэж байрны гэрчилгээтэй болсны дараа тухайн мөнгийг төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н нь Ш.Дтай Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж, НННННН байрлалд баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орц, 14 давхрын УУУУУУ тоотод байрлах 50,5 м.кв орон сууцыг 73,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн приус 30 маркийн автомашинаа 15,000,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 18,000,000 төгрөгийг дараа төлөхөөр тохирсон бөгөөд нотариат дээр очиж баталгаа болгон дүр үзүүлсэн зээлийн гэрээ хийж гарын үсгээ зурсан болно. Тухайн үед Ш.Д нь уг орон сууц 2017 оны 09 дүгээр сарын 10-нд ашиглалтад орно, гэрчилгээ нь 10 сард гарна гэж хэлсэн. Мөн барилгын компанийн захирал Б.Мөнхбаттай би хуурай ах дүүс учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж итгүүлэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гурвалсан гэрээ-нд гарын үсэг зуруулсан. Гэтэл тохирсон хугацаанд байр ашиглалтад ороогүй төдийгүй өнөөдрийг хүртэл барилгыг улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, байрны гэрчилгээ ч гараагүй намайг хохироож байна. ******* байрны гэрчилгээ хэзээ гарах, гэрчилгээгээ авах талаар ярихад надад хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь намайг хуурч мэхлэн мөнгө авч залилсан гэж үзэхээр байна. Иймд Ш.Д нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу надаас үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Бид орон сууц худалдах худалдан авахаар тохирч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх баталгаа болгон дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Харин мөнгө шилжүүлж өгсөн, авсан зүйл огт байхгүй. Гэтэл Ш.Д нь намайг хууран мэхэлж байрны гэрчилгээ гаргаж өгөхгүй төдийгүй цаашид би үлдэх төлбөрөө өгсөн ч өмчлөх эрх шилжих эсэх нь тодорхойгүй байдалд оруулж намайг хохироож байна. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээ нь худалдах худалдан авах хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл юм. Иймд Ш.Д, Б.Н нарын хооронд 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.Д би Б.Нын нэхэмжлэлтэй танилцаж үзээд тайлбар гаргаж байна. Б.Н нь нэгдүгээрт дүр үзүүлсэн гэрээ хийсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Өөрөө цагдаа, хүчний байгууллагад ажилладаг хууль эрх зүйн бүрэн мэдлэгтэй төрийн албан хаагч хүн, иргэн намайг ирээдүйд ингэх гэж уг гэрээг өөрөө санаачлан хийсэн нь энэ нэхэмжлэл ийм маргаан гаргахаар санаатай бүр эхнээсээ залилан мэхлэх үйлдэл гаргасан гэдгээ тов тодорхой батлан харуулж байна гэж үзэж байна. Би энэ хүнд байраа захиалагчийн гэрээг ийм байдлаар шилжүүлнэ гэсэн борлуулагч болон гүйцэтгэгчийн тайлбарласнаар шилжүүлж цаашид энэ хүн тус борлуулагч болон гүйцэтгэгчтэй харьцах бусад эрхийг шилжүүлэн өгсөн төдийгүй одоо энэ хүн тус байранд орчихсон амьдарч байгаа боловч харин ч эсрэгээрээ хуулийн зүйл заалтыг ашиглан залилан мэхлэх гэмт үйлдлээ нууж үлдэгдэл төлбөрөө өгөхгүй саатуулах үйлдэл гаргаж үүндээ өмгөөлөгч ашиглан хуулийн тайлбарыг мушгин гуйвуулж байгаа нь зохисгүй хэрэг юм. Би захиалагчийн гэрээнд заагдсан эрхээ Б.Нод шилжүүлж Насантогтох ч уг байранд одоог хүртэл амьдарч байгаа мөртлөө хохирох магадлалтай гээд байх юм. Харин би үлдэгдэл мөнгөө авч чадахгүй төрийн албан хаагч хүний хууль мэддэг мөртлөө залилан мэхлэх үйлдэлд хохирч байна гэж ойлгож байна. Иймд миний нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан нь харин нууж байсан залилан мэхлэх оролдлогоо илрүүллээ гэж үзэж байна. Ер нь Б.Н нь энэ байрыг авч орсноосоо хойш чи тарвага, самар олж өг гэх зэргээр дарамталж мөрдөн мөшгөж байсныг нь баталгаажуулсан мессэжийг хүргүүлсэн зэргийг дахин дурдах нь зүйтэй гэж бодож байна. Өнгөн дээрээ хохирох гээд байгаа дүр үзүүлсэн боловч дарамталж сүүлдээ бүр залилан мэхлэх гэж байна гэж иргэн хүний хувьд ойлгож байна. гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Нод холбогдуулан 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба нэхэмжлэгчид холбогдуулан Ш.Д, Б.Н нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Шүүх хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийг оролцуулан хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг болон хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ш.Д нь Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай 2016 оны 11 сарын 14-ний өдөр 47 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ /хх-4-7 тал/-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны ФФФФФФ тоот байршил дээр баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 14 давхрын УУУУУУ тоот, 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 68,175,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон бөгөөд 2017 оны 08 сарын 30-ны өдөр Ш.Д нь Б.Нтой өөрийн Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай байгуулсан гэрээний дагуу захиалан бариулж буй орон сууцыг түүнд 73,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож, 40,000,000 төгрөгийг ******* авч, 15,000,000 төгрөгт приус 30 маркын автомашиныг тооцон авч, үлдэх 18,000,000 төгрөгийг Б.Н нь 2018 оны 02 сарын 29-ний өдрийн дотор 11,000,000 төгрөг, 2018 оны 08 сарын 30-ны өдөр 7,000,000 төгрөг төлөх байдлаар Ш.Дд төлж барагдуулахаар тохиролцож, улмаар Ш.Д болон Б.Н нар нь 2017 оны 08 сарын 30-ны өдөр хоорондоо 18,000,000 төгрөгийн дүн бүхий зээлийн гэрээ /хх-15 тал/-г байгуулж, уг гэрээг байгуулсны дараа Б.Н нь Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай 2017 оны 09 сарын 01-ний өдөр 47 дугаартай дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээ /хх-10,11 тал/-г байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны ФФФФФФ тоот байршил дээр баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 14 давхрын УУУУУУ тоот, 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 73,000,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна.

Шүүх уг орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх лавлагааг улсын бүртгэлийн байгууллагаас авахад орон сууцны өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа талаарх лавлагаа /хх-113 тал/-г улсын бүртгэлийн байгууллагаас шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Өнгөт фасад ХХК-ийн захирал Б.Мөнхбат, ******* ХХК-ийн борлуулалтын менежер Ж.Отгонжаргал нарын мэдүүлгээр Ш.Д нь Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай 2016 оны 11 сарын 14-ний өдөр 47 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ нэртэй гэрээг байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 14 дүгээр гудамжны ФФФФФФ тоот байршил дээр баригдаж буй орон сууцны барилгын 1 дүгээр орцны 14 давхрын УУУУУУ тоот, 50.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 68,175,000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, уг орон сууцны төлбөр тооцоог бүрэн барагдуулсан, улмаар Ш.Д болон Б.Н нарын хүсэлтээр уг орон сууцыг захиалан бариулах гэрээг Б.Нтой шинээр байгуулсан, Ш.Д нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн тул Б.Нтой байгуулсан гэрээнд заасан 73,000,000 төгрөгийн төлбөрийг төлөгдсөнд тооцсон, уг орон сууц нь баригдаж дууссан боловч улсын комисс хүлээж аваагүй байгаа, Б.Н уг орон сууцанд амьдарч байгаа болох нь тогтоогдсон.

Дээрх үйл баримтаас шүүх Ш.Д болон Б.Н нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа байна гэж дүгнэлээ.

Учир нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дахь заалтад Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд Ш.Д нь Б.Нод өөрийн Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай байгуулсан орон сууц захиалах гэрээний захиалагчийн эрхийг худалдсан байх тул Ш.Д нь Б.Н нарын хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалт болон эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх Иргэний хуулийн заалтууд хамаарна.

Ш.Д нь Өнгөт фасад ХХК болон ******* ХХК нартай байгуулсан орон сууц захиалах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон тул Ш.Дыг орон сууц захиалах гэрээний захиалагчийн эрхийг шударгаар эзэмшигч гэж үзэх бөгөөд шилжүүлсэн эрх доголдолтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь заалтад Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, Ш.Д нь Б.Нод орон сууц захиалах гэрээний захиалагчийн эрхийг шилжүүлсэн, шилжүүлсэн эрх доголдолтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Ш.Дыг худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх ба Б.Н худалдах худалдан авах гэрээний дагуу төлбөр төлөх үүргээс 18,000,000 төгрөгийг төлөөгүй байх тул худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч ******* худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч ******* алдангид 9,000,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба алданги шаардах үндэслэлийг талуудын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээнд үндэслэсэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дахь заалтад зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Ш.Д болон Б.Н нарын хооронд зээлийн гэрээний бус худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, 2017 оны 08 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Ш.Д нь Б.Нод 18,000,000 төгрөгийг зээлдүүлээгүй, бодитоор шилжүүлэн өгөөгүй тул Ш.Д болон Б.Н нарын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй.

Ш.Д болон Б.Н нарын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй тул Ш.Д нь ******* уг зээлийн гэрээг үндэслэн алданги шаардах эрхгүй байна.

Хэдийгээр Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан, уг зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7 дахь заалтад талууд зээл болон зээлийн хүүг төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь заалтад заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлага, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтад заасан алдангийн зохицуулалтад нийцсэн мэт байх боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад заасан шаардлага хангахгүй, байгуулсанд тооцогдохгүй, талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээний хувьд бичгээр байгуулагдаагүй, алданги тохиролцоогүй тул Ш.Дын гаргасан ******* алдангид 9,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Хариуцагч Б.Н нь Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагаа үндэслэж буй хууль зүйн үндэслэл, тайлбар нь хүчин төгөлдөр бус байх хэлцэлтэй холбоотой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болон, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлтэй холбоотой байна.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж байгаа бол уг хэлцлийн үр дагаварт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчээс юу шаардсаныг хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тодруулахад уг зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчид зээлийн төлбөр алданги төлөх ёсгүй гэдгийг нотлох үүднээс уг сөрөг шаардлагыг гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагчийн зүгээс хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж буй Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь заалтад заасан шаардлага хангахгүй, байгуулсанд тооцогдохгүй гэж шүүх үзсэн тул хариуцагч Б.Нын гаргасан Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч ******* 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 9,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч Б.Нын нэхэмжлэгч Ш.Дд холбогдуулан гаргасан Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч ******* 18,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 9,000,000 төгрөгийн шаардлага, хариуцагч Б.Нын нэхэмжлэгч Ш.Дд холбогдуулан гаргасан Ш.Д болон Б.Н нарын хооронд 2017 оны 08 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 11 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* 247,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Дд олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР