Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/01848

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Нямбазар, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01704 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ш.Д-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Н-од холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 27 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ч.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Д нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 8 сарын 30-ны өдөр Б.Н-од Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж 431а, 432б, 433а байрлалд баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орц, 14 давхрын 1405 тоот байрыг түүний саналаар худалдахаар тохирч орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний эзэмших эрхийг шилжүүлсэн. Уг байрыг Ш.Д- би Монтед төслийн гүйцэтгэгч “Өнгөт фасад” ХХК, борлуулагч “Хангарьд пропертийз” ХХК-тай 2016 оны 11 сарын 14-нд гурвалсан гэрээ байгуулан авсан бөгөөд уг эрхээ 2017 оны 9 сарын 01-нд өргөдөл бичиж, Б.Н-од шилжүүлсэн юм. Одоо Б.Н- нь уг байранд амьдарч байгаа юм. Уг байрыг эзэмших эрхийг шилжүүлэхдээ бид 73 000 000 төгрөгөөр өгч, авалцахаар харилцан тохирч Б.Н- нь 40 000 000 төгрөгийг хоёр хуваан шилжүүлж, 15 000 000 төгрөгийн “приус 30” маркийн автомашиныг төлбөрт нь оролцуулан өгч, нийт 55 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 18 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээ үйлдэн баталгаажуулж гэрээний дагуу төлөхөөр тохирсон боловч гэрээний үүргийн дагуу 18 000 000 төгрөгөө төлөлгүй харин ч эсрэгээрээ элдвээр дарамталж заналхийлэн ажил үүргээ ашиглан мөрдөж мөшгөн мессэж бичиж утсаар дарамтлан өнөөг хүрлээ. Би Б.Н-оос төлбөрөө авч чадалгүй 2 жил хохирч байна. Б.Н-ыг төрийн албаны цагдаагийн хүн ухамсартайгаар мөнгөө гүйцээн төлөх байх гэж хүлээсээр өдийг хүрч аргагүйн эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг алдангийн хамт нийт 27 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б,Насантогтох нь Ш.Д-аас 2017оны 8 сард Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Монтед 84 айлын орон сууцанд 14 давхарт 50.5 м.кв байрыг 73 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үүнд 40 000 000 төгрөг бэлнээр 15 000 000 төгрөгийн “приус 30” маркийн автомашин өгсөн. Үлдэгдэл 18 000 000 төгрөгөө дараа төлөхөөр гэрээ байгуулсан нь үнэн. Ш.Д- нь байраа зарахдаа 2017 оны 9 сарын 10-нд ашиглалтад орно, 10 сард гэрчилгээ гарна гэж хэлсэн. Түүгээр барахгүй барилгын компанийн захирал Мөнхбаттай, хуурай ах дүүс учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж амаар баталсан. Гэвч байр нь ашиглалтад ороогүй 2017 оны 10 сарын 23 хүрсэн болохоор бид Ш.Д-тай холбогдож байр ашиглалтад орохгүй байна Мөнхбат утсаа авахгүй байна гэж ярихад би мэдэхгүй гэж мэлзэж эхэлсэн. Тэгэхээр нь наймаагаа буцаая мөнгөө авъя гэж утсаар ярьсан. Нэхэмжлэгч нь тэгье мөнгийг чинь 10 сарын 26-нд буюу пүрэв гарагт буцааж өгье гэж хэлээд ахиж утсаа авахгүй уулзъя гэж мессэж бичихэд уулзахгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн. Хүргэн нь миний зарсан машинтай зөрөөд өнгөрөхөд нь аав чинь утсаа авахгүй байна. Зогсож бай уулзъя гээд утсаар ярихад зугтаад байсан. Сүүлдээ байр ч байхгүй мөнгө ч байхгүй утсаа авахгүй байсан. Үүний үр дүнд миний бие болон эхнэр (давхар биетэй) 3 настай хүүхэдтэйгээ айлын түрээсийн байраар олон сар явсан. Аргагүйн эрхэнд лифтгүй, усгүй байранд харуулаас нь түлхүүр авч 2018 оны 01 сард тавилгаа оруулж нүүж орсон. 2018 оны 4 сар болтол лифт ашиглалтад ороогүй. Түүгээр барахгүй одоо ч тухайн байрыг улсын комисст хүлээлгэн өгөөгүйн улмаас байрны тог, ус, дулаан зэрэг нь Мөнхбаттай холбоотой сар бүр тасалдал үүсдэг. 2018 оны 3 сард барилгын компанийн захирал Мөнхбат нь байр улсын комисс хүлээн авлаа. Гэрчилгээ гаргаж өгнө гэж оршин суугчдыг дуудаж уулзсан. Тухайн үед би гэрчилгээ авахаар Мөнхбаттай уулзахад танайд гэрчилгээ гаргаж өгөхгүй гэж хэлсэн. Анх Ш.Д- нь надтай 18 000 000 төгрөгийн гэрээ хийгээд л байрны гэрчилгээ чиний нэр дээр гарна гэж хэлсэн боловч байрны гэрчилгээ гаргаж өгнө гэж Мөнхбат дуудахдаа Ш.Д-д мөнгөө өгсний дараа гэрчилгээг өгнө гээд анх ярьснаас зөрөөд эхэлсэн. Харин ч Ш.Д- бичиг хийж өгөхгүй бол гэрчилгээ Ш.Д-ын нэр дээр гарна гэж хэлсэн. Ш.Д- руу тухайн үед залгасан боловч утсаа авахгүй мөнгөө аваач гэж мэссэж бичихэд над руу залгасан. 2018 оны 4 сард зээл аваад Ш.Д-д өгөх мөнгөө дансандаа байрлуулж бэлдээд Ш.Д-тай ярихдаа Мөнхбат гэрчилгээ гаргана гээд хүмүүсийг дуудаж байна миний гэрчилгээг гаргаж өг гэхэд би бичиг хийж өгнө гэсэн. Тэгэхээр нь мөнгөө бэлдчихээд мөнгөө ав надад гэрчилгээ гаргаж өг гэхэд би бичиг л хийж өгнө гэрчилгээ надад хамаагүй гэхэд нь би танд итгэхгүй байна. Анхнаасаа хэлсэн үг болгон чинь худлаа байна, дандаа худлаа хэлж байгаа гэхэд чи муу мөнгө өгч чадахгүй байж битгий худлаа хэлээд залгаад бай гээд тасалсан. Үүнээс маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 27 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоогийн байдлаар бид 55 000 000 төгрөгийг Ш.Д-д өгсөн боловч бидэнд байр эзэмших, ашиглах гэрчилгээ байхгүй, цаашдаа ч гэрчилгээтэй болох эсэх нь баталгаагүй байна. Нийт 73 000 000 төгрөг өгсөн ч Ш.Д-ын нэр дээр гэрчилгээ гарах магадлалтай юм байна гэж ойлгоод гэрчилгээ авсны дараа мөнгөө төлье гэж Ш.Д-тай ярьсан. Гэрчилгээгээ авмаар байна гэсэн шаардлагыг Ш.Д-д тавихад надад хамаагүй гэх, Мөнхбат нь болохоор Ш.Д-тай учраа ол гээд байгаа. Байрны гэрчилгээгээ хүлээн авсан тохиолдолд тохиролцооны үлдэгдэл мөнгийг Ш.Д-д төлөхөд бэлэн байна. Байрны худалдан авах гэрээн дээр 2017 оны 9 сарын 30-наас хойш гэрчилгээ өгөөгүйн хоног тутамд 0.3 хувийн алданги төлнө гэсэн байгаа. Тухайн үнийн дүнгээр хариу нэхэмжлэх гаргах болно. Иймээс эрхэм шүүгч та миний байгаа байдлыг харгалзан үзэж байрны гэрчилгээтэй болсны дараа тухайн мөнгийг төлүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Б.Н- нь Ш.Д-тай Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж, 431 а, 432б, 433а байрлалд баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орц, 14 давхрын 1405 тоотод байрлах 50,5 м.кв орон сууцыг 73,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд 2017 оны 8 сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг бэлнээр өгч, өөрийн “приус 30” маркийн автомашинаа 15 000 000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн. Үлдэгдэл 18 000 000 төгрөгийг дараа төлөхөөр тохирсон бөгөөд нотариат дээр очиж, баталгаа болгон дүр үзүүлсэн зээлийн гэрээ хийж гарын үсгээ зурсан болно. Тухайн үед Ш.Д- нь уг орон сууц 2017 оны 9 сарын 10-нд ашиглалтад орно, гэрчилгээ нь 10 сард гарна гэж хэлсэн. Мөн барилгын компанийн захирал Б.Мөнхбаттай би хуурай ах дүүс учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж итгүүлэн 2017 оны 9 сарын 01-ний өдөр орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гурвалсан гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэтэл тохирсон хугацаанд байр ашиглалтад ороогүй төдийгүй өнөөдрийг хүртэл барилгыг улсын комисс хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, байрны гэрчилгээ ч гараагүй намайг хохироож байна. Ш.Д-аас байрны гэрчилгээ хэзээ гарах, гэрчилгээгээ авах талаар ярихад надад хамаагүй мэтээр тайлбарлаж байгаа нь намайг хуурч, мэхлэн мөнгө авч залилсан гэж үзэхээр байна. Иймд Ш.Д- нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т зааснаар 2017 оны 8 сарын 30-ны өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу надаас үүрэг шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Бид орон сууц худалдах худалдан авахаар тохирч байрны үлдэгдэл төлбөрийг төлөх баталгаа болгон дүр үзүүлсэн зээлийн гэрээ байгуулсан. Харин мөнгө шилжүүлж өгсөн, авсан зүйл огт байхгүй. Гэтэл Ш.Д- нь намайг хууран мэхэлж байрны гэрчилгээ гаргаж өгөхгүй төдийгүй цаашид би үлдэх төлбөрөө өгсөн ч өмчлөх эрх шилжих эсэх нь тодорхойгүй байдалд оруулж намайг хохироож байна. Бидний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах хэлцэл байгуулагдсан. Дээрх зээлийн гэрээ нь худалдах худалдан авах хэлцлийг халхавчилж хийсэн хэлцэл юм. Иймд Ш.Д-, Б.Н- нарын хооронд 2017 оны 8 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Н- нь дүр үзүүлсэн гэрээ хийсэн гэж нэхэмжлэлдээ дурджээ. Өөрөө цагдаа, хүчний байгууллагад ажилладаг хууль эрх зүйн бүрэн мэдлэгтэй төрийн албан хаагч хүн, иргэн намайг ирээдүйд ингэх гэж уг гэрээг өөрөө санаачлан хийсэн нь энэ нэхэмжлэл ийм маргаан гаргахаар санаатай бүр эхнээсээ залилан мэхлэх үйлдэл гаргасан гэдгээ тов тодорхой батлан харуулж байна гэж үзэж байна. Би энэ хүнд байраа захиалагчийн гэрээг ийм байдлаар шилжүүлнэ гэсэн борлуулагч болон гүйцэтгэгчийн тайлбарласнаар шилжүүлж цаашид энэ хүн тус борлуулагч болон гүйцэтгэгчтэй харьцах бусад эрхийг шилжүүлэн өгсөн төдийгүй одоо энэ хүн тус байранд орчихсон амьдарч байгаа боловч харин ч эсрэгээрээ хуулийн зүйл заалтыг ашиглан залилан мэхлэх гэмт үйлдлээ нууж үлдэгдэл төлбөрөө өгөхгүй саатуулах үйлдэл гаргаж үүндээ өмгөөлөгч ашиглан хуулийн тайлбарыг мушгин гуйвуулж байгаа нь зохисгүй хэрэг юм. Би захиалагчийн гэрээнд заагдсан эрхээ Б.Н-од шилжүүлж Насантогтох ч уг байранд одоог хүртэл амьдарч байгаа мөртлөө хохирох магадлалтай гээд байх юм. Харин би үлдэгдэл мөнгөө авч чадахгүй төрийн албан хаагч хүний хууль мэддэг мөртлөө залилан мэхлэх үйлдэлд хохирч байна гэж ойлгож байна. Иймд миний нэхэмжлэлийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргасан нь харин нууж байсан залилан мэхлэх оролдлогоо илрүүллээ гэж үзэж байна. Ер нь Б.Н- нь энэ байрыг авч орсноосоо хойш чи тарвага, самар олж өг гэх зэргээр дарамталж мөрдөн мөшгөж байсныг нь баталгаажуулсан мессэжийг хүргүүлсэн зэргийг дахин дурдах нь зүйтэй гэж бодож байна. Өнгөн дээрээ хохирох гээд байгаа дүр үзүүлсэн боловч дарамталж сүүлдээ бүр залилан мэхлэх гэж байна гэж иргэн хүний хувьд ойлгож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь заалтыг баримтлан хариуцагч Б.Н-оос 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 000 000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Б.Н-ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н-оос 247 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Д-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч хариуцагч нар 2017 оны 8 сарын 30-ны өдөр үйлдсэн зээлийн гэрээндээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө буюу нэхэмжлэгч 2017 оны 8 сарын 30-ны өдөр Б.Н-од Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Алтай 14 дүгээр гудамж, 431а, 4326, 433а байрлалд баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орц, 14 давхрын 1405 тоот, байрыг 73 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, нийт 55 000 000 төгрөгийг төлж, орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний эзэмших эрхийг шилжүүлэн үлдэгдэл 18 000 000 төгрөгийг 2018 оны 8 сарын 30-ны өдөр төлж барагдуулахаар хэрвээ энэ хугацаа хэтэрвэл гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги хоног тутамд тооцож зээлдүүлэгчид төлөх үүргийг бичгээр байгуулсан гэрээгээр хүлээсэн байна. Дээрх зээлийн гэрээг байгуулсан шалтгаанаа нэхэмжлэгч, хариуцагч нар шүүхэд тайлбарласан байдаг бөгөөд энэ тухай шүүхийн шийдвэрт зөв ойлгож тусгасан байтал анз тооцсон зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байна гэсэн нь шийдвэрийн үндэслэлтэйгээ зөрчилдөж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 8 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 263 дугаар зүйлд зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийг тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хүү, алданги болох 9 000 000 төгрөгийг нэмж гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

                 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Ш.Д- нь хариуцагч Б.Н-од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 18 000 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 27 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Д- нь 2016 оны 11 сарын 14-ний өдөр “Өнгөт фасад” ХХК, “Хангарьд профертийз” ХХК-тай орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай 14 дүгээр гудамжид баригдсан орон сууцны барилгын 1 дүгээр орцны 14 давхрын Е айл, 50.5 м.кв талбайтай, 1405 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 68 175 000 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон байна. /4-7-р тал/

 

Улмаар нэхэмжлэгч Ш.Д- нь дээрх орон сууцыг хариуцагч Б.Н-од 73 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 15 000 000 төгрөгт “приус 30” маркын автомашин, бэлнээр 40 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийг авсан байх бөгөөд 2017 оны 8 сарын 30-ны өдөр үлдэгдэл 18 000 000 төгрөгт зээлийн гэрээ байгуулж, хариуцагч Б.Н- нь 18 000 000 төгрөгийг 2018 оны 8 сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон ба тус орон сууцанд хариуцагч Б.Н- амьдарч байгаа үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 15-р тал/ 

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 8 сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 18 000 000 төгрөг, уг гэрээний 2.7-д зааснаар 9 000 000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан боловч талууд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулаагүй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 хэсэгт зааснаар 18 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч Ш.Д- нь  хариуцагч Б.Н-од шилжүүлээгүй байх тул талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Алданги нь үндсэн үүргийн биелэлтийг хангахад чиглэсэн нэмэлт үүрэг бөгөөд үндсэн үүрэг болох зээлийг буцаан төлөх үүрэг үүсээгүй байхад нэмэлт үүрэг буюу алданги төлөх үүрэг үүсэхгүй, энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул алдангийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

Харин хариуцагч Б.Н- нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Д-д төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь уг мөнгийг шаардах эрхтэй. Иймд хариуцагч Б.Н-оос 18 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Д-д олгож, нэхэмжлэлээс 9 000 000 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Хариуцагч Б.Н- нь талуудын байгуулсан 2017 оны 8 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, хариуцагч нь энэ талаар гомдол гаргаагүй болно.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

                        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/01704 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 158 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.     

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Н.БАТЗОРИГ                                         

                                         ШҮҮГЧИД                                         Д.НЯМБАЗАР

                                                                                                 

                                                                                                     Г.ДАВААДОРЖ